Нэн туранхай 30 гаруй мянган бог мал нядалжээ
Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, МҮХАҮТ хамтран “Малчдад ээлтэй төр” хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн малчдаас онд орох найдваргүй, нэн туранхай малыг нь 30 мянган төгрөгөөр худалдан авахаар төлөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, ган гачгаас үүдэн тарга тэвээрэг аваагүй, хорогдох магадлалтай малыг эдийн засгийн эргэлтэд оруулах санаачилга гэсэн үг.
Төслийн хүрээнд дээрх аймгуудаас 30 гаруй мянган толгой бог мал худалдан авчээ. Уг төслийг өнгөрсөн сарыг дуустал хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан аж. Гэвч коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаар төслийг зогсоосон байна. “Малчдад ээлтэй төр” төслийнхөн малчдад 10 хувийнх төлбөрийг өгөөд, үлдсэнийг нь зээлж байгаа аж. Малын түүхий эдийг борлуулсны дараа буюу зургаан сарын дотор үлдсэн төлбөрийг шилжүүлэх гэнэ. Уг нь гурван аймгаас 60 орчим мянган мал худалдаж авахаар төлөвлөсөн байжээ.
Төслийнхөн Баянхонгор аймгаас 23 мянган бог авсан байна. Нядалсан малын арьсыг “Дархан арьс ширний цогцолбор” компани худалдан авч, боловсруулан экспортлохоор ажиллаж буй гэнэ. Хүнсэнд хэрэглэх боломжгүй махыг устгаж, боломжтой заримыг нь хөлдөөгөөд байгаа аж.
Эх сурвалж: Unuudur.mn