Архангай аймгийн Засаг даргыг огцруулахад оролцсон гурван гишүүнд хариуцлага тооцно
Ардчилсан намын ээлжит мэдээллийн цагаар Улс төрийн намын хуультай холбоотой Улсын дээд шүүхийн бүртгэл, иргэнээ зодсон цагдаа болон Архангай аймгийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Саяхан Архангай аймагт АН-ын зарим нэг хүмүүс эрх баригчидтай нийлж Засаг даргаа хууль бусаар огцруулсан. Энэ гурван хүнд хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. Өмнө нь урваж байсан хүмүүс дахиж урвадаг юм байна. АН өөрийн гэсэн дүрэмтэй. Үндсэн дүрмийн хороо холбогдох арга хэмжээ авах ёстой. Цаашид ийм зүйл гаргуулахгүй байх ёстой" гэлээ.
Түүнчлэн "Монгол Улсад хамгийн үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөө. Иргэнийхээ эрхийг зөрчдөг, тэрний хажуугаар дуугүй өнгөрдөг төр засагтай. Урьд нь хоёр ялтан нэгнээ зодоход УИХ-ын гишүүд, тэр үеийн ХЗДХ-ийн сайд "ямар бузар булай аймшигтай зүйл вэ" гээд сууж байсан. Гэтэл ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх хугацаанд буюу 2019 онд хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, иргэдийг тамлан зовоосон, цагдаагийн албан хаагчдыг тэр хүн мэдээгүй байсан байж таарах гэж байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй" гэлээ.
Эх сурвалж: zms.mn