Мөнгөтэй түрийвчийг хоослох увидас
Манай үйлчилгээний болон худалдааны байгууллагуудад дутагддаг ганц зүйл бол инээмсэглэл. Наад зах нь дэлгүүрт ороход л худалдагч нь бохь зажлан дээгүүр харж, асуусан асуултанд ч хариулахгүй, хялалзан байх дүр зураг цөөнгүй тохиолддог.
Гэтэл зочид буудал, дэлгүүр, хоолны газруудад мөнгөтэй хүний түрийвчийг хоослох гол увидас нь инээмсэглэл байдаг хэмээн зохиолч, сэтгүүлч Л. Түдэв “Барын таван тамир” тэмдэглэлдээ онцолжээ.
Тэрээр Хонконгийн нисэх онгоцны буудлаас хөөрөхөөр онгоцонд суухад техникийн саатал гаран гурван цаг хүлээжээ. Харин онгоцонд байсан орон орны олон үйлчлүүлэгчийг тийм удаан хүлээлгэж, тогтоон барьж чадсан зүйл нь үйлчлэгч бүсгүйчүүдийн инээмсэглэл байв. Энэ бүхнээс үзэхэд хэдий зорчигчид бүгд өөр хэлтэй, өөр соёл иргэншилтэй, өөр өөр зан араншинтай ч инээмсэглэл хэн бүгдэд адил тэгш үйлчилдэг байна.
Ингээд зорчигчид инээмсэглэлд хууртагдан гурван цаг хүлээсэн ч эцэст нь онгоц хөөрөхөө болин хойшлогдсон байна. Тэрээр энэ талаар бичихдээ “Тийм гунигт үгийг ч гэсэн хөгжилтэй, инээвхийлэн хэлэхэд нь хэн ч уурлаж чаддаггүй юм билээ. Инээмсэглэлийн ид шид ч хоосонгүй юм байна лээ” гэжээ.
Мөн Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үнэт цаас арилжигч, нэрд гарсан Стейнхард хэлэхдээ өглөө бүр эхнэр рүүгээ харан дулаанаар инээмсэглэж, гэрээсээ гарахдаа орц, цахилгаан шат гээд таарсан хүн бүртэй инээмсэглэн мэндэлдэг гэсэн юм. Мөн тэрээр миний өрөөнд “Би инээмсэглэдэггүй хүнтэй уулзаад түүнд инээмсэглэл бэлэглэв” гэсэн бичиг өлгөөтэй байдаг. Надтай ярилцаж , сэтгэлээр унагаахаар ирсэн хүнийг ч инээмсэглэн угтаж, тэдний яриаг инээмсэглэн сонссоноор тэдэнтэй хялбархан ойлголцож байгаагаа мэдэрдэг. Инээмсэглэл надад сая сая доллар авчирч байгааг ойлгож, мэдэрдэг болсон. Энэ бүхэн амьдралд минь том эргэлт болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Үүнээс хойш би үнэхээр өөр хүн болж, илүү баяр баясгалантай, олон анд нөхөдтэй, аз жаргалаар дүүрэн, баян нэгэн болсон гэж ярьжээ.
Тийм ч учраас эдийн засаг, зах зээлд бол инээмсэглэл гэдэг зүйл бараа бүтээгдэхүүний чанар, орчны тав тухтай байдлаас ч чухал ажээ. Харин манайд барууны соёл, маркетинг менежмент гээд бүгд нэвтэрч, бизнес эрхлэгчид түүнийг чадварлагаар ашиглаж байгаа ч хамгийн энгийн, үнэгүй хэрнээ үр ашгаа харамгүй өгдөг “инээмсэглэл” гэдэг зүйлийг л мартаад байна.