Дээвэр дээрээ сагс, хөлбөмбөгийн талбайтай анхны сургууль
Нийслэлийн хамгийн олон хүн амтай гэгддэг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо буюу Зүүн салаанд байрлах 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга гурван сарын өмнө ашиглалтад орсон билээ. 640 хүүхдийн хүчин чадал бүхий энэхүү өргөтгөлийн хичээлийн байрны дээвэр дээр хүн унаж бэртэхээс бүрэн хамгаалсан торон хашаа бүхий байгууламж бий болгож, тэндээ хөлбөмбөг болон сагсны талбай байгуулсныг та харж байна.
104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр “Фүжи Алтай” ХХК ажиллаж, энэ оны хоёрдугаар сард барилгыг хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Эс Жи Ай Франтиеэ Капитал”, “Баяат Фаундэйшн”, “Премиум Групп” ХХК, “Мехлопат” ХХК зэрэг гадаад, дотоодын таван компанитай хамтран, 87 сая төгрөгийн өртгөөр тус сургуулийн дээвэр дээр энэхүү спортын талбайг байгуулж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, тус сургуулийн дээврийг мини-хөлбөмбөг, сагсан бөмбөг, уулзалтын талбай, чийрэгжүүлэх тоглоомын талбай болгон тохижуулжээ. Дашрамд сонирхуулахад 104-р сургууль Сонгинохайрхан дүүргийн 2010, 2016 оны тэргүүний байгууллагаар шалгарч байсан аж.