БНСУ-ын ГХЯ: Цөмийн зэвсэггүй болоход нь БНАСАУ-ыг дэмжих хэрэгтэй байна
БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болоход нь туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна гэж Бүгд найрамдах Солонгос улсын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Умард Солонгосын нөхцөл байдлын талаар үг хэлэхдээ мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам баасан гарагт мэдээллээ.
“Сайд цөмийн зэвсэггүй болох явц, ялангуяа АНУ, БНАСАУ-ын яриа хэлэлцээрт дэмжлэг үзүүлэхийг уулзалтад оролцогсдод уриаллаа” гэж мэдээлэлд дурджээ.
БНАСАУ нь энэ чиглэлд хэд хэдэн практик алхам хийсэн. Тухайлбал Пунгери дэх цөмийн талбайгаа хааж, Сохэ дэх пуужингийн полигоноо өөрчлөх төлөвлөгөө гаргасан гэж Кан Гён Хва тэмдэглэсэн байна.
Гадаад хэргийн сайдын хэлснээр бол БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун улс орныхоо эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэхийн тулд цөмийн зэвсэггүй болох гэж хичээж байгаа гэнэ.
АНУ, БНАСАУ-ын тэргүүнүүдийн уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон. Дональд Трамп, Ким Чен Ун нарын уулзалтаас хамтарсан мэдэгдэл гаргасан дотор Пеньян, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн бол АНУ үүний хариуд БНАСАУ-ын аюулгүй байдалд баталгаа өгөхөө мэдэгдсэн юм.
2017 оны арваннэгдүгээр сард БНАСАУ балластик пуужин харвасны нь хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл арванхоёрдугаар сард БНАСАУ-ын эсрэг ээлжит хатуу хориг тавьсан юм. Энэ хоригоор тус улсад түүхий нефть, нефть бүтээгдхүүн оруулах, бусад улс орнууд умард солонгосны хөдөлмөрийн цагаачдыг 24 сарын дотор буцаах гэсэн заалтууд байгаа юм. Мөн БНАСАУ-д үйлдвэрлэлийн тооног төхөөрөмж, хүнд техник, тээврийн хэрэгсэл оруулахыг хязгаарласан юм.