Цөмийн материал хар зах дээр гаргаж байна гэж АНУ Оросыг буруутгав
“Литвиненкогийн хэрэг”–ээс үзэхэд Оросууд цөмийн материалыг хар зах дээр хууль бусаар эргэлдүүлж Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллага МАГАТЭ-ийн цөмийн хэрэгслийг хууль бусаар наймаалах, аюулаас сэргийлэх хөтөлбөрт аюул учруулж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Кристофер Форд мэдэгдлээ.
Мэриленд мужид болсон цөмийн материалын хууль бус наймаатай тэмцэх бага хурал дээр Форд цөмийн материалын хууль бус наймаа, төрөл бүрийн халдлагын тухай МАГАТЭ-гийн тусгай мэдээллээс сануулаад “Энэ бол цөмийн материал, радио идэвхит бодисыг хянах дэлхий дээрх цор ганц хөтөлбөр” гэсэн байна.
Гэтэл энэ хөтөлбөрт Оросын талаас аюул учруулж байгаа нь Александр Литвиненког хөнөөхийн тулд Кремль 2006 онд радио идэвхит полони ашигласнаас тодорхой харагдаж байна. Гэхдээ Форд МАГАТЭ-гийн энэ хөтөлбөрт Орос ямар аюул учруулж байгааг тодорхой хэлсэнгүй.
Форд бас радио идэвхит бодис хууль бусаар наймаалах явдал хуучин ЗХУ-ын газар нутагт, ялангуяа Гүрж, Молдавт 2000-аад оны үед гарч байсан гэж сануулжээ.
“Оросын Чеченийн бүлэглэл радио идэвхит бодис ашиглаж бүтээсэн “бохир бөмбөг” ашиглах гэж хоёр ч удаа оролдсон ч амжилтгүй болсон. ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнууд, Орост энэ талаарх аюулгүй байдлыг сахиулах гэж хүйтэн дайны дараагаар АНУ-ын тусламжтай хөтөлбөр хэрэгжүүлэн нэлээд ажил хийсэн ч радио идэвхит бодис, цөмийн хэдий хэмжээний материал хар зах дээр эргэлдэж байгааг бид хэлж мэдэхгүй, итгэлгүй байна” гэж Төрийн нарийн бичгийн даргын туслах тэмдэглэжээ.
Форд бас энэ асуудлаар Төрийн департаментад хандана гэдгээ хэлсэн байна. Фордын ийн хэлснийг Төрийн департаментын албан ёсны сайтад даваа гарагт нийтэлжээ.
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны офицер байсан Александр Литвиненко Их Британид зугтаж гаран амьдарч байгаад 2006 оны арваннэгдүгээр сард британийн харьяалал авсныхаа дараахан амь алдсан юм. Оросын иргэн Андрей Луговой, Дмитрий Ковтун нартай уулзаж хамт цай уусныхаа дараа түүний бие муудаж эхэлсэн байдаг.
Литвиненког нас барсны дараагаар түүний биед радио идэвхит полоний-210 тодорхой хэмжээгээр байсныг шинжилгээгээр тогтоосон юм. Литвиненкогийн хэргийг мөрдөн шалгасан Британийн алба Оросын бизнесмэн, депутат Луговойг голлон сэжиглэдэг юм. Луговой үүнийг няцааж, зүгээр л “жүжигчилсэн тоглолт” гэж нэрлэжээ.
Харин Москва эрүүгийн энэ хэрэг бол улстөржсөн үйлдэл, мөрдөн шалгаж байгаа нь ч тодорхой биш гэдэг юм.