Дунд болон ойрын тусгалын пуужинг устгах тухай хэлэлцээрийг зөрчсөн тохиолдолд Оросын пуужинг АНУ устгахад бэлэн байна гэж Умард Атлантын цэргийн эвсэл НАТО-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Кей Бэйли Хатчисон мэдэгдлээ хэмээн Reuters мэдээллээ.
Москва ингэж хэлэлцээрт заасан далавчит пуужин нууцаар бүтээсээр байх юм бол Вашингтон тэр зэвсгийг нь бэлэн болохоос өмнө цохилт өгөх хувилбарыг авч үзнэ гэж мэдэгджээ. “Тийм тохиолдолд бид манай орнуудын аль нэгэд цохилт өгч мэдэх пуужинг устгах хувилбарыг судалж үзэх болно” гэж байнгын төлөөлөгч хэлсэн байна.
Түүнийхээр бол АНУ “Орос хэлэлцээрийг зөрчиж байна гэдгийг мэдээд хэдэн жилийн туршид тандан судалсан” тэгээд ч нотолгоо олсон гэнэ. Холбоотнууд нь Москвад хариу өгөхөд нь тусалж тэр цагт Вашингтон асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх болно гэж Хатчисон хэлжээ.
АНУ-ын тусгай төлөөлөгчийн энэ мэдэгдэл Оросын талаас ямар нэг тайлбар хийгээгүй байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн наймдугаар сард гарын үсэг зурж баталсан АНУ-ын 2019 оны Батлан хамгаалах төсөвт үндэсний батлан хамгаалах нийт зардлыг 716 тэрбум доллараар тусгасан юм.
Өмнөх жилүүдийн төсөвт дурддаг шигээ энд мөн л Оросыг дунд, ойрын тусгалтай пуужинг устгах тухай хэлэлцээрийг зөрчиж байна гэж буруутгасан юм.
1987 онд гарын үсэг зурсан, Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай хэлэлцээр нь талуудад 500-гаас 5,5 мянган км-ийн тусгалтай, далавчит болон газрын баллистик пуужингуудыг хориглосон юм. ОХУ, АНУ хоёр улс энэ хэлэлцээрийг зөрчиж байна хэмээн байнга нэг нэгнийгээ буруутгадаг юм.