Өнгөрсөн жил буюу 2017 оны санхүүгийн жилд АНУ-ын Төрийн департамент 75,6 тэрбум долларын зэвсэг худалдаалахыг зөвшөөрсөн байсан ч худалдаалсан зэвсэг нь 41,93 тэрбум долларт хүрч байсан юм. Харин АНУ-аас гадаад улс орнуудад зардаг зэр зэвсэг болон цэргийн техник 2018 оны санхүүгийн жилд 33 хувиар өсч 55,6 тэрбум долларт хүрсэн үзүүлэлт гарсан байна.
Мөн энэ онд Саудын Араб зенит пуужингийн "THAAD" цогцолбор авахаар 15 тэрбум долларын гэрээ хийсэн нь цэргийн техникийн зах зээл дэх мөнгөн урсгалын хамгийн ихэд тооцогдоод байгаа юм.
Харин хоёрдугаарт Польш улс 2017 оны арван нэгдүгээр сард агаараас эсэргүүцэн хамгаалах, пуужингийн эсрэг Patriot системийг 10,5 тэрбум доллараар авахаар гэрээлснээр, гуравдугаар байрт Бельги улс сөнөөгч бөмбөгдөгч F-35 Lightning II онгоц авахаар 6,53 тэрбумын гэрээ хийснээр тус тус жагсжээ. Харин удаах байруудад Швед улс Patriot, Япон улс радио локацаар тоноглосон онгоц авахаар гэрээ хийснээрээ орж байна.