Хонконг электрон янжуур болон ердийн тамхийг орлодог бусад электрон бүтээгдэхүүн худалдаалахыг бүрэн хориглолоо гэж "South China Morning Post" хэвлэл мэдээллээ.
Сонинд бичсэнээр бол нутгийн захиргаанаас ердийн тамхи татахыг хязгаарласан шиг электрон тамхинд ч мөн хязгаар тогтоож байгаа юм байна. Хэрвээ эмч нар ингэх шаардлагатай гэж үзэж байгаа л бол энэ хязгаарлалтыг улам чангатгах ёстой гэж Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.
Харин өмнөх засгийн үед электрон тамхийг бүрэн хориглох нь хэрэгжүүлэхэд хүнд асуудал гэж үзээд бүрэн хориглох шийдвэр гаргаагүй байсан юм. Түүнчлэн 2016 онд ч гэсэн хэсэгчилсэн хориг тавихаар тооцоолж байсан ч судлаачид хэрэгжүүлэх боломжгүй зүйл гэж хэлсээр байсан юм.
Засаг захиргааны энэ шийдвэр нь ийм бүтээгдэхүүний нууц худалдаа ихсэж, насанд хүрээгүй хүүхдүүдэд нөлөөлөх вий гэж үйлдвэрлэгчдийн зүгээс үзэж байгаа юм.
Энэ шийдвэр олон иргэд, үйлдвэрлэгчийн хувьд гэнэтийн байсан. Ийм шийдвэр гаргахын өмнө эхлээд электрон тамхийг насанд хүрээгүй хүүхдүүдэд худалдахыг хязгаарлах хэрэгтэй байсан гэж "South China Morning Post" тэмдэглэсэн байна.
АНУ-ын Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд электрон янжуур нь хүний амны хөндий дэх эс дэх ДНК-г гэмтээх, хавдар үүсгэх аюултай хэмээн өнгөрөгч наймдугаар сард мэдээлж байсан юм.