Ким Жон Ун, Помпеотой уулзахдаа цөмийн байгууламжуудынхаа нэрсийг хэлсэнгүй
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун аравдугаар сарын эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой уулзах үеэрээ Солонгосын 1950-1953 оны дайн дууссан тухай тунхагт гарын үсэг зураагүй, тэгээд ч Пеньянд тавиад байгаа хоригоо цуцлаагүй байхад цөмийн байгууламжуудынхаа нэрийг дэлгэхээс татгалзсан байна. Энэ талаар Yomiuri Shimbun сонин дипломат эх сурвалжаас авснаа даваа гарагт мэдээллээ.
Хэвлэлийн мэдээлснээр бол Помпео аравдугаар сарын 7-нд Пеньянд айлчлах үеэрээ Ким Жон Унд хандаж “цөмийн байгууламжуудынхаа ядаж хагасыг нь ч болов нэрлээч” гэхэд Умард Солонгосын удирдагч татгалзсан хариу өгчээ.
“АНУ, БНАСАУ-ын хооронд итгэлцсэн харилцаа тогтоогүй тохиолдолд бид ийм жагсаалтаа өгөхгүй, АНУ ч үүнд итгэхгүй “гэж Ким Чен Ун хэлснийг хэвлэл иш татсан байна.
Тэр бас “Цөмийн зэвсэггүй болох арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхэд юуны түрүүнээ Вашингтон, Пеньяны хооронд харилцан итгэлцэл бий болгох ёстой” гэсэн байна. Түүнийхээр бол энэ хүрээнд эхлээд Солонгосын дайн төгссөн тухай тунхагт гарын үсэг зурах, дараа нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг хурдасгах ёстой гэнэ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео аравдугаар сарын 7-нд Пеньян, Бээжинд айлчилсан юм. Америкийн дипломат цөмийн зэвсгийг хураах асуудлаар ажлын хэсэг байгуулах, америк-умард солонгосын хоёр дахь дээд хэмжээний уулзалт зохиох боломжийн талаар Ким Чен Унтай тохиролцсон юм.
АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон юм. Энэ уулзалтын үр дүнд Дональд Трамп, Ким Жон Ун хоёр хамтарсан мэдэгдэл гаргаж Пеньян нь Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгох, харин АНУ нь БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа гаргах үүрэг хүлээсэн юм. Гэсэн хэдий ч сингапурын дээд хэмжээний уулзалтын эцсийн үр дүн бас нэг их тодорхойгүй байгаа юм.