Газын зурвасаас пуужин харваснаар Израилийн өмнөд нутгийн томоохон хот болох Бер-Шива/Beer Sheva/ агаарын түгшүүр зарлалаа хэмээн армийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлсэн байна.
Палестины зэвсэгт дайчдын харвасан пуужин орон сууцны байшингийн дэргэд дэлбэрсэн ч хүмүүс амь үрэгдэж, гэмтэж шархдаагүй байна. Тийрэлтэт сум орон сууцны хоёр давхар барилгын өмнөх цэцэрлэгт унаж байгаа гэрэл зураг дүрс бичлэг интернетээр таржээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр иргэд сандралдаж, зарим нь эмнэлгийн тусламж авахад хүрсэн байна.
Шөнө дунд зарласан агаарын түгшүүрээр хотын 200 мянга орчим иргэний нэг хэсэг нь бөмбөгдөлтөөс хорогдох байранд орсон бол нөгөө зарим нь гэр гэртээ өөрсдийгөө хамгаалжээ.
Тус үйл явдалтай холбогдуулан газын зурвасыг хянаж байгаа "ХАМАС" бүлэглэлийн түрэмгий үйлдлийг таслан зогсоохын тулд “хатуу цохилт” өгөх хэрэгтэй гэж Израилийн Батлан хамгаалахын сайд, Ерөнхий сайд нар сүүлийн үед мэдэгдээд байгаа юм.