Том, Жерри хоёр уран сайхны киногоор эргэн ирнэ
"Варнер Брос"(Warner Bros. Studios) кино компани "Том Жерри хоёр" хүүхэлдэйн цуврал дээр үндэслэсэн шинэ бүрэн хэмжээний кино бүтээхээр найруулагч Тим Стори(Tim Storey)-той хэлэлцээр хийж эхэлснийг "Variety" сэтгүүл даваа гарагт мэдээлжээ. Тус бүтээл нь хүүхэлдэйн элементийг агуулсан адал явдалт төрлөөр хийгдэх аж. Өөрөөр хэлбэл муур, хулгана хоёрын адал явдал бодит ертөнцөд өрнөх юм байна. Зураг авалтыг 2019 онд эхлэхээр төлөвлөжээ.
Мөн "Варнер Брос" нь "Scooby-Doo" хүүхэлдэйн киног дахин дэлгэцийн бүтээл болгохоор төлөвлөж "Гэртээ ганцаараа"(Home Alone) кинон дээр ажиллаж байсан продюсер Крис Колумбус(Chris Columbus)-ыг уриад байгааг хэвлэлүүд мэдээллээд байна. Тус компани нь "Warner Animation Group"-ийг 2013 онд байгуулснаасаа хойш хүүхэлдэйн кинонд гол анхаарлаа хандуулж байгаа юм. 2014 онд тус компаний бүтээсэн "The LEGO Movie" хүүхэлдэйн кино нь дэлхий дахинд 468 сая ам.долларын ашиг олж Британий дэлгэцийн урлагийн академиас "Шилдэг хүүхэлдэйн кино" шагналыг хүртэж байжээ.
Найруулагч Тим Сторигийн хувьд бүрэн хэмжээний арван кино найруулж байсан туршлагатай бөгөөд тэдгээрээс "Fantastic Four" (2005) болон "Fantastic Four: Rise of the Silver Surfer" (2007) бүтээлүүд нь хамгийн нэртэй нь юм.