Ерөнхийлөгч Дональд Трамп: Цагаачдаас мэндэлсэн хүүхдэд АНУ-ын иргэншил олгох гажуудлыг өөрчилнө
Хууль бус цагаачид АНУ-ын газар нутагт хүүхэд төрүүлбэл төрж буй хүүхэд нь албан ёсоор АНУ-ын иргэншилтэй болдог билээ.
Тэгвэл уг хуулийг цуцлахаар төлөвлөж буйгаа Ерөнхийлөгч Дональд Трамп "Axios" сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн талаар "CNN" агентлаг мэдээлэв.
Ерөнхийлөгч Трамп "Манай улсад мэндэлсэн хүүхэд бүр АНУ-ын иргэншил авдаг. Би энэ гажуудлыг өөрчлөхийн тулд бүхнийг хийх болно" гэж хэлжээ.
150 жилийн тэртээ АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, “АНУ-ын газар нутагт мэндэлсэн хүн бүр Нэгдсэн улсын иргэнд тооцогдоно” хэмээн заасан байдаг. Гэхдээ уг хуулийг цуцлахад Ерөнхийлөгчийн бүхэн эрх ч багадах ба эрх зүйн хүндхэн сорилтуудтай нүүр тулах нь тодорхой юм.
АНУ-д мэндэлж, тус улсын иргэншил авсан хүүхэд 21 нас хүртлээ иргэний эрхээ эдэлж гадаадын иргэншилтэй эцэг эхээ АНУ-ын иргэн болгох боломжтой таатай нөхцөлтэй аж. Гэхдээ эдгээр иргэд ял шийтгэл эдэлж байгаагүйгээс гадна иргэншил хүсэхээсээ өмнө эх орондоо 10 жил амьдарсан байх ёстой гэнэ.
Өдгөө дөрвөн сая хууль бус цагаач АНУ-д мэндэлсэн хүүхэдтэйгээ хамт тус улсад амьдарч байна. Хууль бус цагаачдаас жилд дунджаар 297,000 хүүхэд нэгдсэн улсад мэндэлдэг аж.