"Facebook", "YouTube" компаниудыг Шинэ Зеландын халдлагын бичлэгийг түгээсэн гэж үзэн шүүхэд өгөв
Франц дахь мусульманчуудын хамгийн том нийгэмлэгээс "Youtube", "Facebook" компаниудыг арваад хоногийн өмнө Шинэ Зеландын Крайстчерч хотод болсон халдлагын бичлэгийг цахим орчинд хориглолгүй байрлуулж, нийгэмд хүчирхийллийн сэдэл төрүүлж байна гэж буруутган шүүхэд өгсөн болохыг "Ройтерс" агентлаг мэдээлжээ.
"Францын муслим сүсэгтнүүдийн зөвлөл"(CFCM)-ийн мэдэгдсэнээр дээрх компаниуд терроризмыг өөгшүүлж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлд хор учруулах сэдэл бүхий материалыг түгээн дэлгэрүүлсэн аж.
Энэ сарын 15-нд Шинэ Зеланд дахь исламын хоёр сүмд Брендон Таррант гэгч этгээд гал нээж 50 хүний амийг хөнөөсөн юм. Үйлдсэн халдлагаа тэрээр фэйсбүүкээр шууд дамжуулсан бөгөөд сүм рүү машинтайгаа очиж, жирийн иргэд рүү гал нээж буйг нь харуулсан тэрхүү 17 минутын урттай бичлэг тэр даруйдаа олон нийтийн сүлжээ, форумуудаар маш хурдтай тархсан байна.
Фэйсбүүкээс тус бичлэгийн сая гаруй хувилбарыг устгасан гэж компаний удирдлагууд өмнө нь мэдээлж байв. Гэхдээ халдлага болсноос хойш хэдэн цагийн турш Фэйсбүүк, Твиттер, Youtube-ээс тэрхүү бичлэгийг олж үзэх боломжтой хэвээр байсныг олон хүмүүс баталсан байна.
CFCM-ийн ерөнхийлөгч Абдаллах Зекригийн мэдэгдсэнээр тус байгууллага өчигдөр буюу даваа гарагт "Youtube", "Facebook" компаниудын эсрэг албан ёсоор Францын шүүхэд зарга мэдүүлжээ. Харин компаниудын зүгээс уг явдалтай холбоотой хариу мэдэгдэл одоогоор хийгээгүй байна.