Дэлхийн видео тоглоомын ертөнцөд сүүлийн үед ихэд алдаршаад байгаа “battle royale” жанрын тоглоом Энэтхэгийн хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
PUBG буюу "PlayerUnknown’s Battlegrounds" тоглоом нь алдарт "Hunger Games" зохиолын хэв маягийг агуулсан цуст өрсөлдөөн бөгөөд автомат буу, байлдааны винтовоор зэвсэглэсэн 100 тоглогч сүүлчийн хүн тэсэж үлдэх хүртэл хоорондоо тулалддаг. Хятадын "Tencent Holdings" тус тоглоомыг үнэгүй тоглох нөхцөл бүхий мобайл хувилбарыг зах зээлд гаргаснаас хойш "PUBG" дэлхийд ухаалаг утасны хамгийн алдартай тоглоом болсон юм.
Уг тоглоомыг Энэтхэгийн хэд хэдэн хотод хориглож, баруун Энэтхэгт цагдаа нар хоригийг зөрчин "PUBG" тоглосон 10 оюутныг баривчилсныг "The Indian Express" мэдээлжээ. Өмнө нь Энэтхэгийн хүүхдийн эрхийн комисс хүчирхийлэл сурталчилж буй тоглоомыг хориглох санал тавьсан юм.
PUBG нь хүүхдүүдийг “манороги” буюу гаж донтон болгон хувиргагч “тахлын” аюултайг хинди хэлээр гардаг Энэтхэгийн нэгэн сонин шүүмжилжээ. “Тоглоомын хожмын үр дагавар маш аюултай. Олон хүүхдийн оюуны тэнцвэр хэдийн алдагдаж гүйцлээ” хэмээн "Navbharat Times" гуравдугаар сарын 20-ны дугаартаа бичсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн жил БНХАУ компьютер тоглоомыг хязгаарлах эрс арга хэмжээ авч, шинэ тоглоомд олгох зөвшөөрлөө цөөрүүлж, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнд нь хяналт тавих хуультай болсон юм. "Tencent" компани Хятадад 13-аас доош настай тоглогчдод PUBG тоглохыг хориглож, тоглоомд жинхэнэ нэрээрээ бүртгүүлэх зэрэг хязгаарлалт тогтоосон байна.