Улсын өмгөөлөгч төлбөрийн чадваргүй иргэдэд төлбөргүй үйлчилнэ
Гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэд маань өөрийн амьдарч байгаа сум, дүүрэг, аймгийнхаа Хууль зүйн туслалцааны төвд хандан улсын өмгөөлөгчөөс үнэ төлбөргүйгээр хууль зүйн зөвлөгөө авч, өмгөөлүүлэх бүрэн боломжтой болсон байгаа юм.
Эрхэм уншигчдынхаа эрх зүйн мэдлэгт зориулж Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг танилцуулж байна.
-Гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэд хууль зүйн туслалцаа авахын тулд хаана хандах ёстой вэ?
-Төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль батлагдсанаар Хууль зүйн туслалцааны төв гэх төрийн байгууллага шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ төв нь төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй юм.
Хууль зүйн туслалцааны төв нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг болон хүн ам ихтэй зарим сумыг хамруулан нийт 33 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Тиймээс гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэд өөрийн оршин суугаа сум, аймаг, дүүргийнхээ “Хууль зүйн туслалцааны төв”-д хандаж хууль зүйн туслалцаа авах боломжтой болсон. Хэрэв амьдарч байгаа сумд нь энэ төвийн салбар байхгүй бол аймгийнхаа төвд байгаа Хууль зүйн туслалцааны төвд хандах буюу эсвэл тус төвийн Улаанбаатар хот дахь захиргаанд хандаж болох юм.
Улсын өмгөөлөгч гэж хэн бэ?
Сонгон шалгаруулалтын үндсэн дээр Хууль зүйн туслалцааны төвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, цалин хангамж авч байгаа “Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх” үндсэн үүрэг бүхий өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мэргэжлийн хуульчийг Улсын өмгөөлөгч гэж нэрлэж байна. /Төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 3, 16 дугаар зүйл/
Улсын өмгөөлөгч нь төлбөрийн чадваргүй яллагдагчаас өөр хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхгүй
Улсын өмгөөлөгч нь төлбөрийн чадваргүй яллагдагчаас өөр хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхгүй бөгөөд үүнийг хуулиар хориглосон төдийгүй давхар ажил эрхлэхийг нь ч мөн хориглосон. Тэгэхээр Улсын өмгөөлөгч нь зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн хууль зүйн үйлчилгээг дагнан эрхэлж байгаагаараа чанартай сайн үйлчилгээ үзүүлж үр дүнтэй ажиллах бүрэн боломжтой юм.
-Улсын өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан тохиолдолд хаана хандах вэ?
-Улсын өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан эсвэл өмгөөллийн үйлчилгээ үзүүлээгүй буюу зохих ёсоор үзүүлээгүй бол дараах журмын дагуу гомдолоо гаргаж шийдвэрлүүлнэ.
Улсын өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан тохиолдолд Эрх зүйн туслалцааны төвд гомдол гаргана.
Улсын өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлээгүй буюу зохих ёсоор үзүүлээгүй бол Хуульчдын холбоонд гомдол гаргана.
Харин Эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны талаарх гомдлыг Хууль зүйн яаманд гаргана.
Хууль зүйн туслалцааны төвд хандаснаар ямар үйлчилгээ авах боломжтой вэ?
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцаа гэдэгт төлбөрийн чадваргүй яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэгжүүлэх зорилгоор улсын өмгөөлөгчөөс үзүүлж байгаа хууль зүйн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээг ойлгоно.
Тодруулбал, гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэд маань өөрийн амьдарч байгаа сум, дүүрэг, аймгийнхаа Хууль зүйн туслалцааны төвд хандан улсын өмгөөлөгчөөс үнэ төлбөргүйгээр хууль зүйн зөвлөгөө авч, өмгөөлүүлэх бүрэн боломжтой болсон байгаа юм.
Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн зөвлөгөө өгөх гэдэгт тухайн иргэний холбогдсон гэмт хэрэгтэй холбоотой бүхий л асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, мэдээлэл өгөх, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулж туслахыг ойлгоно.
Энгийнээр хэлбэл, төлбөрийн чадваргүй иргэд маань холбогдсон гэмт хэргийнхээ нөхцөл шалтгааныг үнэн зөв тогтоолгож шийдвэрлүүлэх зорилгоор өөрийн зүгээс хийж хэрэгжүүлэх, эсвэл хийх шаардлагатай, мөн түүнчлэн хийж болох үйлдэл, үйл ажиллагааныхаа талаар зөвлөгөө авах, холбогдох хууль тогтоомжийг гаргуулах буюу эсвэл хууль тогтоомжийн зохицуулалтын талаар тайлбар мэдээлэл авах, шүүх, цагдаа, прокурорын байгууллага, албан тушаалтанд гаргах өргөдөл, гомдол, хүсэлтийнхээ эхийг боловсруулуулах зэрэг үйлчилгээг авч болно.
Төлбөрийн чадваргүй яллагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэдэгт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөх ажиллагаа болон гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчөөр оролцохыг ойлгоно
Өөрөөр хэлбэл, төлбөрийн чадваргүй иргэд маань гэмт хэрэгт холбогдон сэжигтэн буюу яллагдагчаар татагдаж эхэлсэн цагаасаа эхлэн тухайн хэргийг шүүхээр шийдвэрлүүлж дуусах хүртэл хугацаанд өөрийн хууль ёсны эрхийг улсын өмгөөлөгчөөр хамгаалуулна гэсэн үг юм.
Төлбөрийн чадваргүй яллагдагч гэж хэн бэ?
Төлбөрийн чадваргүй яллагдагч гэдэгт гэмт хэрэгт холбогдсон дараах хүн хамаарна:
Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны төвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн;
Дээрх өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон хүн;
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд.
Улсын өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахыг хүссэн иргэн төлбөрийн чадваргүй гэдгээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрвээ хуурамчаар материал бүрдүүлсэн бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ. Улсын өмгөөлөгч нь төлбөрийн чадваргүй иргэний төлбөрийн чадваргүй гэдгийг нотолсон материалд хяналт шалгалт хийх эрхтэй.