Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулснаас хойш нэг жил өнгөрч буй. Түгжрэл үүсгэлээ, үргүй мөнгө цацлаа гэж шүүмжлэх хүн олон байсан ч залуусын очих дуртай, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хамгийн сайхан газар болсон гэдэгтэй санал нийлдэг хүн түүнээс олон болов уу. Машины замаа хаагаад ч болов хүүхэд залуусаа эрхлүүлж байдаг хотын дарга маань бас овоо доо.
Уг нь намар, өвлийн улиралд ч гэсэн “Гэрэлт гудамж”-нд залуус болзохыг хүсдэг л юм билээ. Дараа дараагийн жилээс тийм боломж бүрдүүлээд зогсохгүй, Улаанбаатарын үдшийн өнгөлөг гудамжийг нэгээр тогтохгүй олон болгоосой гэж боддог.
Гэрэлт гудамжны өнөө жилийн нээлт оройн 20.00 цагаас болох юм байна. Зуны үзвэр үйлчилгээгээр цангасан залуусыг олон сюрприз хүлээж байгааг зохион байгуулагчид хэлж байна. Тухайлбал, нээлтийн арга хэмжээний үеэр DJ BTB, UB Drum бөмбөрийн хамтлаг, реппер Don Dior, реппер Thunder, Compass, Redline, Жазз хамтлаг, дуучин AM-C, Ата Боргужин, DJ Дөлгөөн, дуучин Aкo нар ая дуугаа өргөх бол "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг "Мөнгөлөг хүн", битбокс болон гудамжны бүжиг сонирхогч залуус үзүүлбэрээ толилуулна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэгээн хайр, үерхэл нөхөрлөлийг илэрхийлэх "LOVE" хөшөөг өнөөдөр Гэрэлт гудамжинд байршуулсан. "LOVE" гэсэн бичиг бүхий зүрхэн хэлбэртэй, хайрын цоож зүүх чимэглэлийн хөшөө нь хотын гудамж талбайн өнгө төрхийг нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болсныг зарим хүн магтана лээ.
Монголын анхны автомашингүй шөнийн Гэрэлт гудамжинд олон сонирхолтой арга хэмжээнүүд, урлаг соёлын үзвэр сонирхож амтат хоол зооглохоос гадна чөлөөт уран бүтээлчдийн болон үндэсний урчуудын бүтээлийг худалдан авах боломжтой. Гэрэлт гудамж долоо хоног бүрийн баасан гаригийн 20.00 цагаас даваа гаригийн 06.00 цаг хүртэл ажиллах юм байна.