Дэлхийг нарны хэт ягаан туяанаас хамгаалж байдаг озоны давхаргын цоорхой битүүрч эхлээд байгааг НҮБ-аас хийсэн шинэ мэдэгдэлдээ дурджээ. Аерозол цацлага, хөргөлтийн шингэн зэрэгт агуулагддаг химийн нэгдлүүдээс болж 1970-аад оны эцэс үед хоёр туйл орчмын озоны давхаргад томоохон нимгэрэл үүссэн билээ. Үүнээс хойш дэлхий нийтээрээ озоны давхаргад анхаарал хандуулах болж цоороход нөлөөлдөг химийн бодисуудын хэрэглээг бүр мөсөн хориглоод байсан юм.
Энэ хэвээр үргэлжилбэл дэлхийн хойд хагас дахь озоны давхарга 2030 он гэхэд бүрэн эдгэрч, Антарктидын дээрх озоны цоорхой 2060 онд бүрэн битүүрнэ хэмээн Эквадорын Кито хотод 11-р сарын 5-нд болсон НҮБ-ын хуралдаан дээр мэдэгдсэн байна.
Стратосферийн давхарга дунд байх "озон" нь хүн амьтанд арьсны хорт хавдар үүсгэх, ургац тарианд гэмтэл учруулах зэрэг олон аюултай нарны хэт ягаан туяаг өөртөө шингээдэг. 20-р зуунд хүний үйл ажиллагаанаас бий болсон нүүрстөрөгч, хлор, фтор бүхий органик нэгдэл нь хлор, бромыг их хэмжээгээр ялгаруулж, улмаар озоны давхаргыг задалж эхэлжээ. 1987 онд дэлхийн орнууд "Монреалын протокол"-д нэгдэж тус хорт нэгдлийн хэрэглээг хорьсон юм.
Озоны цоорхой нь хэмжээгээ байнга өөрчилдөг ба ес, аравдугаар саруудад хамгийн том хэмжээндээ хүрээд, арван хоёрдугаар сарын сүүл гэхэд алга болдог байна. Энэ жил өмнөд туйл дахь озоны цоорхой хамгийн ихдээ 24.8 сая хавтгай дөрвөлжин километр хүрч томорсон байна. Энэ нь 2006 онд озоны цоорхой бүх цаг үе дэх хамгийн том буюу 29.6 сая хавтгай дөрвөлжин километр хүрсэн тохиолдлоос 16 хувиар бага гэсэн үг юм.