АНУ болон Канад улсын эрүүл мэндийн яамдууд салатанд хийдэг "ромэн" (romaine lettuce) төрлийн байцаанаас шулуун гэдсэнд халдварладаг "E. coli" бактери илэрч байгаа тул тус байцааг хэрэглэхгүй байх албан ёсны анхааруулга гаргажээ.
Америкийн 11 мужид 32 хүн, Канадын Онтарио, Квебек мужуудад 18 хүн "E. coli" бактериас халдварлаад байгааг АНУ-ын хүнс, эм бэлдмэлийн аюулгүй байдлын газраас мэдээлсэн байна. Үүнтэй төстэй тархалт өнгөрсөн онд жирийн салатны навчнаас үүдэн гарч байв. Бактерийн тархалтын эх үүсвэрийг олж тогтоох хүртэл ресторанууд болон дэлгүүрүүдийг ромэн байцааг буцаах, иргэдийг гэртээ байгаа байцаагаа хаях зөвлөмжийг хүнсний аюулгүй байдлын газраас өгөөд байгаа юм байна.
Халдвартай байцааг угаасан ч хортой бактерийг нь устгах боломжгүй байдаг ажээ.
"E. coli" бактерийн халдвар авсан хүнд гэдэс хүчтэй өвдөх, суулгах, огих шинж тэмдэг илэрдэг. Өвчтөн ихэвчлэн долоо хоногийн дараа хөл дээрээ босдог боловч зарим тохиолдолд зовиур улам хүчтэйгээр удаан хугацаанд үргэлжлэх боломжтой ажээ.