Катар улс "ОПЕК"-оос гарснаар газрын тосны зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ?
Персийн булангийн Катар улс дараа жил дэлхийн газрын тос экспортлогч орнуудын холбоо буюу "ОПЕК"-оос гарна гэдгээ зарлаад байгаа билээ. Тус улсын эрх баригчид зах зээлд эрэлттэй болоод буй байгалийн хийн үйлдвэрлэлд илүүтэйгээр анхаарал хандуулах болсноос шалтгаалж ийм шийдвэр гарсан гэж АНУ-ын Хьюстон хотын их сургуулийн профессор, судлаач, "XXI зууны эрчим хүч" номын зохиогч Сюзан Сакмар Оросын "РИА Новости" агентлагт ярилцлага өгөхдөө дурджээ.
Түүний үзсэнээр Катар улс байгалийн хийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаа ч "ОПЕК"-д байснаар тийм боломж төдийлөн олдохгүй, газрын тосноос олох ашиг нь ч бас хангалттай бус байгаа аж. "ОПЕК"-оос гарснаар Катар улс тус холбооны албан бус удирдагч болоод байгаа Саудын Арабын ямар нэг зааваргүйгээр хүссэн хэмжээгээрээ газрын тос үйлдвэрлэж, худалдаалах боломжтой болох юм.
Катар улсын шийдвэр "ОПЕК"-ийн олон улсын тавцан дахь байр суурийг ганхуулах магадлал бага ч газрын тосны зах зээлийн бусад жижиг тоглогчид энэ жишээг дагавал тус холбоонд хүндхэн нөхцөл байдал учрах боломжтой.
Газрын тос үйлдвэрлэгч орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, газрын тосны үнэ, нийлүүлэлт, үйлдвэрлэлтийн хэмжээг хянах зорилготой байгуулагдсан "ОПЕК"-ийн бүрэлдэхүүнд Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб, Иран, Ирак, Кувейт, Нигери гэх мэт дэлхийн газрын тосны нийт нөөцийн 2/3-ийг эзэмшдэг улсууд ордог. Харин Катар улсын газрын тосны үйлдвэрлэл өнгөрсөн онд "ОПЕК"-ийн нийт үйлдвэрлэлийн 1.85 хувийг эзэлж байжээ.