Америк-Хятадын худалдааны дайн өндөрлөх дөхсөнтэй зэрэгцэн Азийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж байна
АНУ, Хятад хоорондын зөрчил дуусгавар болж, хоёр тал худалдааны шинэчилсэн гэрээ үзэглэхэд хэдхэн алхам дутуу байгаа энэ үед Азийн хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд өсөлттэй гарч байгааг "Ройтерс" агентлаг мэдээлсэн байна.
Энэ сарын сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар уулзаж худалдааны гэрээнд гарын үсэг зурсны дараа Вашингтоноос Бээжинд тавьсан ихэнх татвараа буулгах магадлалтай болохыг "Wall Street Journal" сонин онцолжээ.
Өнгөрсөн долоо хоногт Дональд Трамп худалдааны хэлэлцээр амжилттай урагшилж, ахиц дэвшил гарч байна гэж үзээд Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс авах татвараа тэглэхийг Хятадын талаас хүссэн юм. Түүнчлэн тэрээр гуравдугаар сарын нэгэнд дуусах байсан худалдааны дайнд "түр гал зогсоох” буюу Хятадын бараанд 25 хувиас илүүгүй татвар ноогдуулах гэрээний хүчинтэй хугацааг сунгасан юм.
Эдгээр эерэг арга хэмжээнүүдийн нөлөөгөөр америкийн "S&P500" болон "Dow Jones" индексүүд даваа гарагийн арилжаагаар тус бүр 0.4 хувийн өсөлттэй гарсан байна. Харин Азийн зах зээлд Хятадын гол индексүүд хамгийн ихдээ 3 хувийн өсөлттэй, Австралийн индексүүд 0.4 хувь, Японы "Nikkei" 1 хувийн, Хонконгийн "Hang Seng" индекс 0.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.