"Реал Мадрид" талбайдаа бут ниргүүлж Аваргуудын лигийг орхилоо
Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигт сүүлийн 3 жил дараалан түрүүлсэн Испаний эзэн хааны "Реал Мадрид" клуб урьд шөнө "Сантьяго Бернабеу" цэнгэлдэхдээ Нидерландын "Аякс" клубт 4:1-ийн харьцаатай хожигдсоноор лигийн хасагдах шатны эхний даваанаас тэмцээнээ өндөрлүүлжээ.
Хоёр долоо хоногийн өмнө "Аякс"-ын талбайд зочлон тоглосон эхний учраандаа 2:1-ийн харьцаатай хожил аваад байсан "Реал"-чууд энэ удаа шар хуудас авсны улмаас нэг тоглолт өнжихөөр болсон багийн ахлагч Серхио Рамосгүйгээр тоглож бут ниргүүлсэн нь энэ аж.
Тоглолт дөнгөж эхлээд байх үед Хаким Зиекийн оруулсан гоолын ачаар "Аякс" тэргүүлж эхэлсэн бол 18 дахь минутанд бразил тоглогч Давид Нерес 2:0 болгож гоолын зөрүүгээр багаа илүү гаргасан байна.
Лукас Васкез болон Винисиус Жуниор нар гэмтэл авсны улмаас эхний хагаст хоёр ч сэлгээ хийгээд байсан "Реал Мадрид"-ын хаалганд 62 дахь минутанд Душан Тадич багийнхаа гурав дахь гоолыг оруулж тэргүүллээ улам баталгаажуулжээ. Харин сэлгээгээр орж ирсэн Марко Асенсио тоглолт дуусахаас 20-иод минутын өмнө гоол оруулж "Реал Мадрид"-д бага ч гэсэн найдлага төрүүлсэн боловч 72 дахь минутад "Аякс"-ын Лассе Шоне чөлөөт цохилтоор гайхалтай нэгэн гоолыг хийснээр тоглолтын цэгийг тавьсан байна.
"Аякс" клубт хожигдсоноор эзэн хааны клуб өөрийн талбайдаа гурав дараалан хожигдсон бараан цувралаа үргэлжлүүлжээ. Өнгөрсөн бямба гарагт "Реал"-чууд дотоодын лигтээ мөнхийн өрсөлдөгч "Барселона"-д ялагдал хүлээсний дараа дасгалжуулагч Сантиаго Солариг халах асуудал хурцаар яригдаж эхэлсэн юм.
Харин "Аякс" клуб 2003 оноос хойш анх удаа Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдэж байгаа нь энэ аж.