Шинэ Зеландын сүмийн халдлагын бичлэг Фэйсбүүкээс 1.5 сая удаа устгагджээ
"Фэйсбүүк" компани өнгөрсөн баасан гарагт Шинэ Зеландын Крайстчерч хотын исламын сүмд гал нээж, 50 гаруй хүний амийг хөнөөсөн этгээдийн "live streaming" бичлэгийг халдлага гарснаас хойш 24 цагийн дотор нийт 1.5 сая удаа сүлжээнээсээ устгасан болохоо мэдэгджээ.
"24 цагийн дотор бид 1.5 сая бичлэгийг устгаж, дахин 1.2 сая бичлэгийг цацагдахаас нь өмнө хориглосон" хэмээн тус компани жиргэсэн байна.
Халдлагыг үйлдсэн австрали эр машинтайгаа сүм рүү очиж, улмаар залбирал үйлдэж байсан иргэд рүү автомат буугаар галлаж эхэлсэн үйл явцаа фэйсбүүк дээр шууд дамжуулсан байна. Үүний дараа олон нийтийн бүхий л сүлжээ, онлайн форумууд дээр тэрхүү 17 минутын урттай бичлэгийн бүтэн болон богино хувилбарууд асар хурдтайгаар тархаж эхэлсэн юм.
Шинэ Зеланд улсад тэрхүү бичлэгийг хадгалсан, тараасан иргэдийг баривчилж, хуулийн хариуцлага хүлээлгэж эхлээд байгаа аж. Түүнчлэн бусад орнууд халдлагаас болж хохирсон иргэдэд хүндлэл үзүүлэх, мөн нийгэмд хортой сэдэл төрүүлэхгүйн тулд тус бичлэгийг үзэхгүй, тараахгүй байхыг иргэддээ сануулсан байна.