Шинэ Зеланд улс байлдааны зориулалттай галт зэвсгийг бүрэн хориглоно
Өнгөрсөн долоо хоногт Крайстчерчийн исламын сүмд гарсан халдлагатай холбогдуулан Шинэ Зеланд улс байлдааны зориулалттай бүх төрлийн хагас автомат галт зэвсгийг хориглох болсныг тус улсын ерөнхий сайд Жасинда Ардем мэдэгдсэн байна.
Брентон Таррант гэгч этгээд автомат буугаар зэвсэглэн исламын хоёр ч сүмд гал нээж, 50 гаруй хүний амийг хөнөөсний дараа Шинэ Зеланд улсын галт зэвсгийн хяналтын хууль хэрхэн өөрчлөгдөх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байв.
Ерөнхий сайд Ардерний өгүүлснээр галт зэвсгийг хориглох шинэ хууль ирэх сарын 11-нээс хэрэгжиж эхлэх аж. Ингэснээр төр дээрх төрлийн галт зэвсэг эзэмшиж буй иргэдээс зэвсгийг нь нөхөн төлбөр олгон хурааж авах бөгөөд цаашид худалдаанд гарахаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авах болохыг "BBC" мэдээлсэн байна.
Түүнчлэн жирийн бууг хагас автомат болгон өөрчлөхөд хэрэглэгддэг сэлбэгүүд, багтаамж ихтэй магазинууд хориглогдох аж.
Буу эзэмшигч иргэдэд нөхөн төлбөр олгоход 100-аас 200 сая ам.долларын хөрөнгө зарцуулагдах тооцоотой байгааг Ардерн мөн өгүүлжээ.