Хятадад дэлхийн хамгийн том "хөвдөг" нарны цахилгаан станц ашиглалтанд орлоо
Хятадын төрийн өмчит "CECEP" компани Францын "Ciel & Terre" компанитай хамтран Анхуй муж дахь хуучин нүүрсний уурхайн бүсэд 70 мВаттын хүчин чадалтай дэлхийн хамгийн том усан дээрх нарны цахилгаан станцыг барьж ашиглалтанд оруулжээ.
140 гектар талбай бүхий 13 хиймэл арал дээр байрлах станцын барилгын ажил 2018 онд дууссан бөгөөд энэ сард цахилгааны холболт, тест хийж, комисст хүлээлгэж өгөх ажил явагджээ.
Станцын инженерчлэл, хангамж, барилгын ажлыг "China Energy Conservation Solar Technology" төрийн өмчит компани болон "Shanxi Electric Power Design" компаниуд гүйцэтгэсэн аж. Түүнчлэн цахилгаан түгээлтэнд зориулж 18 км урттай, 110 вольтийн хүчдэл бүхий өндрийн шинэ шугамыг станцтай холбосон байна.
Тус цахилгаан станц эхний жилдээ 77,693 мВатт цаг буюу 21,000 өрхийн хэрэглээг хангах хэмжээний цахилгааныг үйлдвэрлэх тооцоотой байгаа аж.
Анхуй муж дахь уг цахилгаан станц нь одоогоор төрөл дундаа дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа ч Хятадын "Three Gorges New Energy" фирмийн бүтээж буй 150 мВаттын хүчин чадалтай, мөн адил Анхуй мужид байрлах цахилгаан станц бүрэн ашиглалтанд орвол дэлхийн хамгийн том хөвдөг цахилгаан станц гэж тооцогдох юм байна.