Япон улсын гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро, гэргий Коно Каори нар энэ оны 6 дугаар сарын 15-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Гадаад хэргийн сайд Коно Таро, гэргий Коно Каори нарыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон албаны бусад хүмүүс угтав.
Энэхүү айлчлал нь Япон Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад хэрэгжүүлж буй албан ёсны 4 дэх удаагийн айлчлал юм.
Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийнэ.
Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Монгол-Япон Сургалтын Эмнэлгийн нээлтийн ёслолд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно оролцох болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.