Энэ баасан гарагийн шөнө Өмнөд Калифорнид дахин хүчтэй газар хөдлөлт боллоо. Хоёр хоногийн дотор болсон газар хөдлөлт энэ удаа 7.1 баллын хүчтэй байжээ. Риджкрест хотоос 11 милийн зайд 10 метрийн газрын гүнд голомт нь бүртгэгдсэн байна. Үүнээс өмнө пүрэв гарагт 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.
Байгалийн гамшгийн улмаас их хэмжээний гал түймэр гарч, барилга байгууламж хүчтэй чичирхийлж, хана нь цуурч, нурсан гэж онцгой байдлын албанаас мэдээлсэн байна.
Баасан гарагийн газар хөдлөлт Лос Анжелес хотод хүчтэй мэдрэгдсэн гэнэ.
“CalTech” хүрээлэнгийн судлаач Люси Жонсын хэлснээр, баасан гарагийн газар хөдлөлт пүрэв гарагийнхыг бодвол арав дахин хүчтэй, 11 дахин илүү эрчимтэй байсан гэнэ. Судлаачид дахин газар хөдлөлт болохыг үгүйсгэхгүй байна.