Шээс долоохоо боль!
Улсын баяр наадам өндөрлөж түрүү бөхийн хөлсийг долооцгоосон юм. Шорвог ч гэсэн амттай байсан биз ээ. Төд удалгүй өнөөх хөлсөө долоолгосон эр өөрийн бяр чадал, уран мэхээр бус дэлхийд хориглосон хүч тамир оруулдаг бодис хэрэглэсэн болох талаар Монголын Үндэсний Бөхийн Холбоо хэвлэлийн хурлаар зарлав. Түрүү бөх ч дуугүй байсангүй. Сошиал орчинд өөрийн байр сууриа илэрхийлэн бичлэгээ цацах нь тэр. “Миний шээсийг сольсон байна…”, “Хууль хяналтын байгууллага шалгаж өгнө үү…!” “Бөхчүүд лайв хийж надруу дайраад байна…” “Гуравдагч оронд шээсээ шинжлүүлмээр байна…” “Төр засаг хүлээж авна уу…” хэмээн үг заалгасан хүүхэд мэт ээрч мууран мэдэгдэл хийв. Мэдэгдэл хийсэн даруйд Монгол эрчүүдийн хэрүүл түймэр мэт асаж эхэлсэн билээ. Монгол эрчүүд нутгархсан, талцсан хэрүүлийн чадал чансаагаараа бүсгүйчүүдийг хол хаяснаа ч батлаад авав. Хамгийн их хэрүүлийн бузартай группээр “Бөх сонирхогчдын” группүүд шалгарсан юм.
Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн түрүү бөхийн шээс өндрөө авах нь тэр. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн, гишүүд болох Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайдын анхааралд орж “Шээсийг шиншлэх хурал” зарлав. Бөхийн шээс ҮАБЗ-ийн ширээн дээр залардаг цөвүүн цагт бид амьдарч байгаагаа мэдрэв. Монголчууд бидэнд бөхийн шээс шинжлэх талаар хуралдах нь чухал уу? Хүнсний аюулгүй байдлын асуудлаар хуралдах нь чухал уу? Хариулаад өгөхийг хүсье.
Шээс долоохоо боль!!! Өвөл айсуй...
Хүндэтгэсэн, Цахим Эмч