Хангай нутгийг зорьсон тэмдэглэл

Хангай нутгийг зорьсон тэмдэглэл

Дэлхий дэлгэнэж, нар хур тэгширсэн зуны дэлгэр сайхан цаг. Их хотын хөл хөдөлгөөн, тоос шороо, элдэв дуу шуугианаас холдох гэсэн хүмүүс цэвэр агаар, идээ цагаа, нутаг усаа бараадсаар хөдөө тийш чиглэн нүүдэллэнэ. Ингэж л хотынхон ирэх улирлуудад амь тээх хүч тэвээр, энергиэ нөөцөлдөг гэлтэй.

Улаанбаатараас ургахын улаан нартай уралдан гарсан бид Төв аймгийн Лүн, Эрдэнэсант өнгөрөөд үд голлох үед Булган аймгийн Рашаант суманд дөрөө мултлав. Ийнхүү 258 километрийг ажралгүй туулсны эцэст замынхаа талд ирлээ. Нэг үеийг бодоход зам харгуй элдэв саад тотгор, эвдрэл үгүй дардан болжээ. Рашаант сумыг хүмүүс Сансар сангийн аж ахуйгаар нь илүүтэй мэдэх тул “Сансар” хэмээн нэрийдэх нь бий. Төрөл бүрийн цайны газрууд замын хоёр талаар байрлах бөгөөд үүгээр дайран өнгөрөх улсад хоол ундаар үйлчилж, нутгийн ард ийнхүү аж амьдралаа залгуулдаг байна. Хүнээр үл тасрах энэ газар нь Баруун болон Төвийн аймгууд уруу чиглэх замын голдож болсон цэг учир хооллож, амрахад мөн тохиромжтой аж.

Говь хангайн хослол

Говь хангайн хослол

Түм түжгэнэж, бум бужигнасан их хотын эрээн мяраан элдэв өнгө, зай завсаргүй баригдсан барилга байшин, хэрүүл шуугиан, нам талцал, хов живнээс гарч амар амгалан уужим тал нутаг, цэнхэртэн суунаглах уул ус, ургамал ногоо, хөх тэнгэрт аясаар нүүх хөвөн цагаан үүлс энэ бүгдийг ажиглан явах юутай таатай. Бид цааш явсаар Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Элсэн тасархай дээр ирлээ. Үзэсгэлэнт сайхан элсэн манхан бүхий говь, эргэн тойронд нь хүрээлэн орших уулс, хангай бүхий байгалийн энэ цогцолборын зүүн талд алдарт Хөгнө хаан, өмнө талд түүхт олдворын өлгий Батхаан, баруун талд нь Эрээн уул сүндэрлэж өмнө талд нь Дөлгөөн хайрхан сүглийж харагдана. Хангайн нуруунаас эх авч урсах тарнын голын нөлөөгөөр элсэн доороо чийглэг байх бөгөөд бургас, том үрт хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ихээр ургажээ. Говийн элсэнд алхахад доороос халуу төөнүүлэх нь ядаргаа тайлж, бие амраах шиг болно. Элсний ширхэг эгц дээрээс тусах нарны туяанд алмаз адил гэрэлтэн гялтганаж, салхи зөөлөн сэвэлзэж элс нүүдэллэнэ. Говийг элсгүйгээр ийнхүү төсөөлөхгүй шиг тэмээгүйгээр ч төсөөлөх боломжгүй билээ. Тиймдээ ч говийн хөлөг онгоц хэмээгдэх сүртэй том бие, тайван амгалан харцтай хос бөхт тэмээг ч мөн эндээс харж болно. Дэлхийд байдаг нийт тэмээний ерэн хувийг ганц бөхт, үлдсэн арван хувийг хос бөхт тэмээ эзэлдэг. Хятадын хойд говь, Монгол Улс, Халимаг, Казахстан, Кыргыз улс хос бөхт тэмээтэй гэдгээрээ алдартай. Өөрөөр хэлбэл дэлхийд ховорхон байдаг хос бөхтэй тэмээний удмын үндсэн санг Монгол Улс хадгалан үлдсэн цөөн орны нэг юм. Тийнхүү харахад сүртэй мөртөнгөө цаанаа л зөөлхөн ааш авиртай хос бөхт тэмээг гадаад дотоодын жуулчид мөн ч их сонирхоно. Тиймийн учир эндэхийн иргэд жуулчдад хөтөлгөө тэмээ унуулж, тэмээтэй зураг авахуулах зэрэгт төлбөр авдаг ажээ. Хөтөлгөө тэмээ унахад 8000 төгрөг бол, тэмээн дээр сууж зураг авахуулахад 3000 төгрөг гэсэн тус бүрийн үнэтэй байдаг байна. Машин зогсуут морьтой давхин ирж “Тэмээ унах уу” хэмээн асууна. Арван хоёр орчим насны саравчтай малгай, саарал дан дээлтэй нэгэн хүү сэргэлэн зангаар бусдаасаа урьтаж ирсэн нь тэр аж. Хоорондоо бас хүнээ булаацалдаж, өрсөлдөх шинжтэй гэнэ. Тэднийх таван тэмээтэй. Тийнхүү дунд ахтайгаа нийлж зуны дэлгэр цагт жуулчдад хөтөлгөө тэмээ унуулдаг байна. Орлого сайтай үе ч, муутай үе ч бий гэх бөгөөд орлогын дийлэнх хувийг гадаадын жуулчдаас олдог гэж ярив. Бусдаасаа сэргэлэн, хэлэмгий доломгой, цайлган энэ хүү мөнгөний үнэ цэн, амьдрахын төлөөх өрсөлдөөнийг мөнхүү мэдэрчээ. Үеийн олон нь мөнгийг ургадаг юм шиг санаж, үрэн таран хийж байхад олсон мөнгөөрөө сургуулийнхаа бэлтгэлийг хангана гэж ярих энэ хүү хэзээ ч мөнгийг дэмий зүйлд үрэхгүй нь лавтай. Тэмээн дээрээс наран ойрхон гэгчээр тэмээн дээр мордоход үнэхээр сүрдэм өндөр юм. Дээр хөх тэнгэр, доор элсэн манхан, эргэн тойронд сүндэрлэх уулс хангай, зөөлхөн сэвэлзэх сэвшээ салхи, амар тайван мэдрэмж юутай гайхамшигтай. Байгалийн сайхныг шагшран бишрэх ялдамд энд тэнд хөглөрөх элдэв бусын хог нүднээ үзэгдэв. Сэтгэл сэвтүүлэм дүр төрх тэнд үүсчээ. Төв зам дагуу байрлах элсэн тасархайг замд явж буй улс үзэхийн ялдамд хооллож, ундаалдаг аж. Түүнийх нь үр жимс нь энд бугларах хог. Хогийн савгүй газар очиж буйгаа мэдсээр байж идэж ууж, хэрэглэсэн зүйлийнхээ хогийг уутанд хийгээд аваад явах сэтгэл тэдэнд байсангүй. Бут бургасны наахантаа архи, пивоны шил, гялгар уут, чихэр жимсний уут хөглөрчээ. Салхинд жижиг хогууд нь нааш цааш хийсэж, холхилно. Эмх замхгүй байр байдал. Үүнд шаардлага тавьж, анхаарал хандуулсан хүн тэнд алга байв. Ядаж хог хаяхыг хориглоно гэсэн самбар ч алга. Шаардлага тавьж, хэлж, зандрахгүй л бол тоож хэлэлцэхгүй байгаль орчноо бохирдуулах тэр сэтгэлтүүдэд цаг тутам сануулж, хянахгүй л бол болдоггүйг яалтай. Эрүүл цэвэр, амар тайван орчинд амарч зугаалахыг хүссэн хирнээ эргээд түүнийгээ өөрсдийн гараар сүйтгэж байгаагаа мэддэггүй бололтой. Харахгүй өнгөрөхийн аргагүй тийм нэгэн дүр зураг байгалийн өнгө төрхийг алдагдуулахын зэрэгцээ хор хөнөөл учруулж байна. Бидний хэдэн монголчууд хэдий хүртэл ийм хэнэггүй байх вэ. Хэн үүнд шаардлага тавьж, анхаарал хандуулах вэ. Ийнхүү тэнд хаягдсан хэд хэдэн том хогуудыг уудалж аваад бид цааш хөдөллөө.

Эх түүхийн гэрч Эрдэнэ зуу хийд

Эх түүхийн гэрч Эрдэнэ зуу хийд

Хязгаар нь үл мэдэгдэх энхэл донхолтой замаар болгоомжлон давхисаар нэг л мэдэхэд Хархоринд ирлээ. Уруудан явахад Хархорин сумын төв бүхэлдээ харагдана. Сумын төвд засмал зам тавигдаж, хөгжил дэвшлийн эх үнэртэж байв. Сумын төвөөр дайран өнгөрч түүх, соёлын үнэнч гэрч Хархорумын туурийн хажууд байрлах Эрдэнэ зуу хийдээр зочлов. Хийдийн үүдэнд үргэлжлүүлэн зассан ширээн дээр шашны эд хэрэглэлтэй холбогдох бүхий л үнэт зүйлсийг нутгийн улс зарж байх аж. Тус бүр өөр өөрийн гэсэн үнэтэй байх бөгөөд жуулчдын илүүтэй сонирхон авах зүйл нь муу бүхнээс харж хамгаалах сахиус зүүлт гэнэ. Уран чамин хийцтэй, шашны эд хэрэглэлээс хүмүүс ихээр сонирхон авч харагдана. Бид ч мөн энд ирсний гэрч болгох гэсэн шиг тус бүр сахиус зүүлт авав. Ийнхүү гадаахтай танилцаж аваад цааш хана хэрмээр хүрээлэгдсэн хийд рүү зүглэлээ. Нар салхинд ээгдэж, хана туурга нь холцорч, халцайн харагдах аж. Дотор орж үзвээс эл хуль, аниргүй байлаа. Хэдэн Солонгос эмэгтэйчүүд зөрөн гарч яваатай таарснаас биш өөр хүн үл харагдана. Учир нь засвар хийгдэж байсантай холбоотой ажээ. Түүхийн үүднээс авч үзвэл Эрдэнэ Зуу бол Монгол оронд оршин тогтнож байсан төв Азийн нүүдэлчин төрт улсуудын өлгий болох Монгол улсын нийслэл Хархорум хотын буурин дээр 1586 онд байгуулагдсан байдаг. Нийт 60 сүм дугантай байснаас 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр ихэнх сүм дугануудыг нурааж устгасан бөгөөд одоогоор 20 орчим байгууламж устгалгүйгээр үлдсэн байна. Эрдэнэ зуу бол үеийн үед монгол орны аялал жуулчлалын шилдэг төвийн нэг байсаар ирсэн. Жуулчлалын компанийн сайн сурталчилгааны ачаар одоо ч хэвээрээ жуулчид мөн ч их ирнэ. Төдий чинээ харамсдаг гэнэ. Учир нь жуулчдын компанийн сурталчилгаа, Эрдэнэ зуу хийдийн бодит байдал хоёр ялгаатайд байдаг байна. Одоогоос хэдэн жилийн өмнө Японы хэдэн жуулчид Хархорин хотод байрлах Эрдэнэ зуу хийдийг үзэхээр жуулчны компанийн фургон машинаар Улаанбаатараас 360 километрийн дэгэн догонтой, бартаат замыг туулан очоод Эрдэнэ зуу хийдийг үзсэн 75 настай Япон өвгөн газарт тэрийхээрээ хэвтээд “ Үгүй ээ! Ийм зүйл үзүүлэх гэж өдий төдий тэр холын бартаат замыг туулуулан байж хөгшин намайг авчирсан юм гэж үү” гээд цааш үг ч хэлэлгүй цурхиран уйлсан гэдэг. Одоогийн нөхцөл байдлын мөн чанарыг илтгэсэн мөнхүү үнэн хийгээд гунигтай түүх. Үнэндээ өнөө л Өгэдэй хааны ордон, бүрээ татаж буй сахиусан тэнгэр бүхий мөнгөн мод, төмөр тогоо, сүм дуган зэргээс өөр нүд хужирлах зүйл алга байлаа.

Аялал жуулчлал гэдэг бол тухайн улсын эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур болсон салбар юм. Аялал жуулчлал нь хэдийгээр нэг талаас хувь хүний амралт, чөлөөт цагаа өнгөрүүлж буй хэлбэр мэт харагдаж байгаа ч дэлхий дээрх сая сая хүний энэхүү хэв маяг нь нөгөө талаас сая сая амралт чөлөөт цагийг өнгөрүүлэхэд зориулагдсан үйлчилгээнүүдийг зах зээл дээр бий болгож байдаг. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр хөгжиж буй орнуудын хувьд өөрийн орны хөгжлийн хурдыг хурдасгах, үйлдвэрлэлийн хэмжээнд тэргүүлэгч байх боломжууд нээгдэх боломж бүрэлддэг. Гэтэл ийм байдалтай бид яаж жуулчдын тоогоо нэмэгдүүлэх вэ. Мөнгө, цаг зав, богинохон амралтаа Монголын тал нутгийг үзэхэд зориулсан гадаадын жуулчдыг хэдий болтол хохироох вэ. Хархорин, Эрдэнэ Зууг жинхэнэ утгаар нь соёл, аялал жуулчлал, мөргөлийн иж бүрэн төв болгож, авто болон агаарын замыг нь тэгшрүүлж, эдийн засгийн хөгжлийн нэгэн хөшүүрэг болсон аялал жуулчлалаа төр засаг хэзээ дэмжих вэ. Ийм хэдэн асуултаар дүүрэн бид цааш хөдлөхөөр машин уруугаа явлаа. Биднийг явж байхтай зэрэгцэн мөн л нэгэн ногоон фургоноос хэдэн гадаад бууж харагдана. Үгүй ээ. Яасан хэцүү вэ.

Унасан газар угаасан ус

Унасан газар угаасан ус

Хангайн модод нь өндөр уулсыг ногоорон бүрхэж, тунгалаг гол мөрөн нь хээр талыг эмжин урсах тэр л хүн зоны сэтгэл тавиун, мал сүргийн зоо тэнийсэн сайхан нутгийн бараа суунаглана. Хувьтай хүн хур борооноор гэгчээр биднийг очихтой зэрэгцэн хур бороо орж, бүгчим халуун түр ч атугай үргэлээ. Үүлний цаанаас урган гарах нарны эхний цацрагаас өнгийн солонго тэвхийтэл татаж уужим хөндий бүхэлдээ солонгын өнгөнд тодорч үзэгдэнэ. Ийнхүү бүдчин явсаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ирлээ. Хэдэн өдөр бороо зогсолтгүй орсон гэнэ. Гудамж талбай нэлэнхийдээ шавар шалбаагт автаж, гол ус үерлэжээ. Гудамж талбайгаар явахад тун бэрх болсноос үүдэж энд тэндгүй эв зүйгээр тойрч явахыг хичээх машинууд. Зарим нэг нь шалбаагт суучихсан машинаа гаргах гэж хичээн ядна. Гудамж бүрт дэлгүүр хоршоо ажиллана. Айл бүрийн хашаан дотор гэрийн мод хатааж харагдана. Угаас нутгийн иргэдийн дийлэнх нь дэлгүүр хоршоо, гэрийн мод бэлтгэх ажил эрхэлдэг байна. Сумын төвөөр цааш дайран өнгөрөөд Онгоцот хэмээн нэрийдэх хөндийд ирлээ. Тэртээ дөчөөд жилийн өмнө нутгаасаа гарч хот газар луу зүглэсэн аавын минь төрсөн газар аж. Энэ хөндийд л төрж, түүнийхээ шим тэжээлээр өсч өндийсөн аав минь газар шороондоо хөрвөөв. Хэн боловч нутаг уснаасаа хол газар суухдаа төрөлх хөндийдөө эргэн очиж бие болоод сэтгэлийн тэнхрэл, уужрал авахын хүслэн болдог гэлтэй. Хүй орчлонд хүн болж төрөхөд өлгийдөж угтаад, хаа явсан газар нь салхиараа үг дайх шиг болж харж хамгаалдаг нутгийнхаа хөх уулс, хөрс шороондоо эргэн очиж бэтгэрсэн бие, сэтгэлээ дэвтээх гэдэг нутгаасаа холдсон хэн хүний цээжинд уяатай байдаг болов уу. Бид бүгд л байгаль дэлхийтэй хүйн холбоотой. Түүнээс ургасан ургамал билээ.

Наран хэдийн хэлбийж, зах нь үл харагдах тэнгэрийн хязгаар улаан туяагаар бүрхжээ. Орхон голын уснаасаа толгой түрүүгээ шавшаад бид амрахаар айлын зүг мордлоо. Үдшийн бүрий нөмөрч хөх тэнгэр, ногоон дэлхий бараантан бараантсаар харанхуй болов. Үүлгүй шөнийн тэнгэрт түгсэн түм буман одод нүдний өмнө сувд адил тодхон гялтганана. Хөдөө талын шөнө хот айлын хонь ямаа майлж, нохой хаа нэг хуцахыг эс тооцвол туйлын анир чимээгүй, амар амгалан аж.

Улаан цутгалан

Улаан цутгалан

Өглөөний жиндүүг арилгасаар уулын оройгоос алтан наран мандаж, нүд гялбам хурц туяагаараа хангай нутгийг бүхэлд нь гийгүүлнэ. Айлын эхнэр дээл хувцас, малгай юугаа өмсөөд ургах наранд цай сүүнийхээ дээжийг өргөж харагдана. Долоон бурхан оддод зөвхөн өөрийгөө даатгаж залбирч болдоггүй заавал бусдын сайн сайхны төлөө залбирах ёстой байдаг бол өглөөний наранд өөрсдийгөө даатган залбирч болдог гэдэг. Иймийн учир өвөг дээдэс маань өглөөний нарандаа, сүндэрлэн орших хөх уулсдаа цай сүүнийхээ дээжийг өргөн үр хүүхдийнхээ сайн сайхныг даатгаж ирсэн байдаг аж.

Хангай нутгийн ногоон хилэн дэвсгэр дээр орших танан цагаан хэдэн гэр гол дагуу зурайн харагдана. Эмэгтэйчүүд нь үнээгээ сааж, эрчүүд нь адуугаа хураахаар явснаар хөдөөгийн зав чөлөөгүй уртаас урт өдрийн ажил эхэллээ. Харин бид өглөөний шинэхэн ундаа уучхаад цааш аялалдаа гарав. Тийнхүү Бат-Өлзий сумын баруун хойш зүтгүүлсээр алдарт Улаан цутгалангийн зүг явлаа. Хүрмэн чулуу газраар дүүрэн учир тийш явахад багагүй хүндрэлтэй байдаг аж. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван километр зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэсэн байдаг. Ийнхүү бартаат замыг туулсны эцэст хорин дөрвөн метрийн өндрөөс урсдаг Монголын хамгийн том хүрхрээ болох Улаан цутгалан дээр ирлээ. Улаан цутгалан нь Улаан голоос эх авч цутгадаг бөгөөд хүмүүс Орхон голоос эх авдаг гэж багагүй эндүүрэх нь бий. Улаан цутгалангийн нэгэн домог яриаг сийрүүлэн хүргэвээс урьд цагт Улаан гол болон Улаан цутгалангийн аль аль нь ямар ч усгүй, зөвхөн хайрга л байсан гэдэг. Дайны үед Монголын хэдэн цэрэг гамингуудад хөөгдөж амь дүйж яваад хайрган дээгүүр гарчээ. Тэдгээр монгол цэргүүд дунд явсан нэгэн "номтой" цэрэг "улааны гол минь улаанаар урс" гэж дуу алдан орилоход, улаан голын дагуу улаан туяарсан үер орж ирэн гамингийн цэргүүдийг аван одсон байдаг. Тэрхүү их үерт үйсэн дайсны цэргүүдийн цогцос нэгэн тохойд хуралдсан тэрхүү газрыг “Хүүртийн тохой” гэж нэрлэсэн аж. Хожим нь тэр газарт нь хүн мал эндээд байсан тул “Үүртийн тохой” гэж нэрлэсэн бөгөөд одоо ч энэ нэрээрээ байдаг билээ. Ийнхүү улаан цутгалан бол хэдэн үеэрээ шүтэж, ургахын улаан нартай уралдан цайны цацлаа өргөсөн бидний өвөг дээдсийн түүх шингэсэн газар юм. Мөн зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэгт тооцогддог бөгөөд Монгол Улсад айлчлан ирж байгаа нийт жуулчдын 25 хувь буюу 90000 гаруй жуулчин улаан цутгалангаар дайран гардаг аж. Тиймдээ ч биднийг очиход түм түжгэнэж, бум бужигнаж байв. Хүрхрээний намуухан урсах урсгалын чимээ ядаргаа тайлж, түүнээ дор татсан солонгын гялбаа нүд баясгаж, эргэн тойронд орших байгалийн өнгө, төрх сэтгэл сэргээм сайхан. Үзэсгэлэнт хүрхрээг харан ийн зогсохын ялдамд өөр нэгэн сэтгэлд торсон зүйл бас ажиглагдав. Хүрхрээний тархи болсон хэсэгт хүмүүс сууж, үс гэзэг, хүүхдийнхээ хувцсыг угааж байв. Хүрхрээний тархи хэсэг хамгийн ариун цэвэр байх ёстой ч хүмүүст энэ нь энгийн үзэгдэл болчихсон хойно буруу үйлдэл гэж хэдийнээ санагдахаа больсон мэт байв. Хаа очсон газраа байгаль дэлхийг эмтэлж, сүйтгэх, бохирдуулах өнөөх жишээ бас л энд харагдана. Хүрхрээний эргэн тойронд халцархай галын буурь, элдэв хог хаягдал, архи, пивоны шил, лаазаар дүүрчээ. Уг нь Улаан цутгалан бол хангай бүсийн тусгай хамгаалалттай газарт тооцогддог хэдий ч хамгаалж, арчилж байгаа зүйл үгүй байгаа нь бодит байдлаас харагдана. Өөрсдөө баясаж, цэнгэж, амарч зугаалж байвал бусад нь хамаагүй гэх аминч зан чанар эндээс сэнх хийнэ. Ирээдүйг бодолцох биш зөвхөн өнөөдрөөрөө амьдрах улсаас гарах авир. Гадаадын жуулчид бидний эх нутгийг биднээс илүү хайрлаж байх жишээтэй. Тэд хэзээ ч хог хаяж, хэзээ ч хүрхрээний тархинд үсээ угааж, хэзээ ч газар шатааж халцайлгаж орхисонгүй. Аялж сурсан хүмүүс цаанаа л өөр юм. Хэзээ бидний монголчууд аялж сурах вэ. Хэзээ эх дэлхийгээ бид хайрлах вэ. Хожим хойно харамсахгүйн тулд бусдаас суралцах, бусдаас үлгэрлэх шаардлага зайлшгүй бидэнд хэрэгтэй байна.

Төвхөн хийд

Төвхөн хийд

Зуны налгар шаргал наран эгц дээрээс халуунаар төөнөж, салхи зөөлөн сэвэлзэнэ. Бид цааш явсаар Бат-Өлзий сумын төвөөс 13 километр зайтай Шивээт-Улаан хэмээх аглаг ногоон ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн түшлэгт суудал мэтээр тогтсон байц хадны дундах багавтар тавцан дээр орших Төвхөн хийдийн бэлд ирлээ. Уулын бэл хүртэл машин явах бөгөөд цааш машинаар өгсөх боломжгүй байдаг. Төвхөн хийд уруу очихын тулд уулын бэлээс дээш таван километр алхах эсвэл мориор өгсөх гэсэн хоёр сонголттой байна. Бид алхахыг илүүд үзэн ой дундуур зурайн харагдах жимээр алхлаа. Шөнийн жихүүнд царцаж, жижиг талст болон газарт цайран бүрхэх хяруу газрыг чийглэж чийг үнэртэх нь таатай хэдий ч усны гуталтай явахгүй л бол хөл нэлэнхийдээ норох аж. Өвдөг шүргэм өндөр өвс, ургамал дундуур туучин явна. Ойн дундуур алхан явахад туйлын анир чимээгүй. Хаа нэг хөхөө шувуу донгодож, царцаа дэвхрэгийн чимээ сонстох нь туйлын амар амгаланг мэдрүүлнэ. Хэсэг хугацааны дараа хойноос хөтөлгөө морьтой хүмүүс ирж яваа нь сонстож эхлэв. Харвал хэдэн Солонгос эмэгтэйчүүд байх ба торон гивлүүртэй малгай өмссөн харагдана. Нар салхи, элдэв шавьж шумуулаас хамгаалсан бололтой. Үүгээр өнгөрсөн хөтөлгөө морьтой улсын дийлэнх нь гадаадын жуулчид байх аж. Морь унах нь тэдэнд илүүтэй сонирхолтой байдгаас тэр биз. Харин дотоодын жуулчид алхалж харагдана. Уул өөд аахилан алхаж явахад доош уруудан явж байгаа хүн туйлын жаргалтай харагдана. Дээш өөд алхах амаргүй байсан ч хийдийг үзэх хүсэлдээ хөтлөгдсөөр зорьсон газартаа ирлээ. Төвхөн хийд нь далайн түвшнээс дээш 2600 метр өргөгдсөн байх ба бүхэлдээ ой модоор хүрээлэгдсэн, өвөрмөц тогтоц бүхий газар ажээ. Анхдугаар Жавзандамба хутагт, өндөр гэгээн Занабазар 1651 онд энэхүү газрын тогтоц тун таатай санагдсан учир Төвхөн хийдийг бариулсан гэдэг. Мөн тэнд сууж байхдаа Соёмбо үсгийг зохиосон байдаг байна. Төвхөн хийд нь хурлын дуган, Очирдарь, Гомбогүр бурхдын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, хүрдний саравч бүхий арван дөрвөн сүм дугантай байдаг аж. Хийдийн арын хориод метр өндөр эгц хадны дээд талд “Эхийн хэвлий” байх бөгөөд тийш хадан хавцлаар дээш өгсөн тун чиг бэрх газраар явсаар тийн хүрнэ. Бороотой, халтиргаа ихтэй үед дээш гарахад тун аюултай. Эхийн хэвлий гэдэг бол гулсаж ороод эргэж буцаж гарах жижиг агуй юм. Энэ агуйд нэг удаа мөлхөж ороод дотор нь эрэгтэй хүн бол баруун тийш эмэгтэй хүн бол зүүн тийш эргэн буцаад толгойгоороо мөлхөн гарахад тэр хүн ариусан сая эхээс төрсөн мэт болдог гэлцдэг. Дотогш орвол тун зай муутай байх бөгөөд эргэх арга эвээ олохгүй бол гацаж ч мэдэхээр байдаг. Хэрвээ тэнд гацвал тухайн хүн энэ насандаа муу үйл үйлджээ гэж үздэг гэнэ. Ийнхүү шинээр төрсөн бид түүний баруун гар талд байрлах “Өлгий” хэмээх хүн зогсоогоороо таардаг ухмал хад уруу орно. Мэдээж дөнгөж сая шинээр мэндэлсэн учир өлгий дотор тийнхүү орох учиртай. Цааш хад уруу дээш авиран гарахад нэгэн овоо байх бөгөөд эрэгтэй хүн л тэр овоог эргэнэ. Харин эмэгтэй хүн зүүн талын овоог нь эргэн тойрдог байна. Ийнхүү доош буувал хийдийн эргэн тойронд Өндөр гэгээний амарч суудаг байсан суудал, морины нь уяа гэгдэх холбоо хоёр мод, нүдний рашаан зэрэг түүхт дурсгалууд байрлана. Тийнхүү Төвхөн хийдтэй танилцаж, хүсэл юугаа шивнэв. Угтаа Төвдийн Утаа Гүмбэн, Дорноговь аймгийн Хамарын хийд, энэхүү Төвхөн хийд гурав хоорондоо уялдаа холбоо, шүтэлцээтэй гэдэг. Төвхөн хийдэд мөргөхөд Утаа Гүмбэн, Хамарын хийдэд мөргөсөнтэй адил гэнэ. Байгалийн зүй тогтол, уялдаа холбоо гэдэг юутай гайхамшигтай вэ.

Хятрууны Рашаан

Хятрууны Рашаан

Тэртээ хязгаарт харагдах тэнгэрийн энгэрээс цахилгаан гялалзан цахилж, сүрдэм дуугаар өргөн их хөндийн нутагт сүр хүчээ үзүүлж нүргэлэх нь сонстоно. Харин энд цэлмэг тэнгэрээс наран ээнэ. Удахгүй тэр үүл салхины чигээр наашлах нь тодорхой. Ийнхүү борооноос урьтан аяллын эцсийн зогсоол болох Хятрууны Рашаан зүг салхи татуулан давхилаа. Энэхүү рашаан нь Бат-Өлзий сумаас нэг өртөө газрын зай буюу 46 километрийн зайд ойн цоорхойн дунд оршдог. Мөн л дээшээ машинаар явах боломжгүй эгц өндөр ууланд орших тул бэлээс нь дээш арван таван километрийг мориор туулах шаардлагатай аж. Бэлд очвоос морь унуулах айлууд бэлэн байх бөгөөд нэг хүний гурван мянгаар гардаг байна. Морьд нь ч номхон бөгөөд нааш цааш явсаар замаа хэдийн мэддэг болжээ. Биднийг тийнхүү хатирч явах үест өнөөх бараан үүл наашилсаар тэнгэр нүргэж, 
аадар бороо шаагьж гарав. Модны нөмөрт бороо зогсохыг хүлээн хэсэг зогслоо. Айхтар бороо арван таван минутын дараа зогссон ч зам харгуй нэлэнхийдээ шавар болж, халтираа үүсжээ. Бидний явах зам эгц дээшээн дээр хад асга ихтэй тул тун аюултай аж. Морьдоо эвтэйхэн газраар чиглүүлсээр болгоомжлон удаан явцгаав. Тийнхүү хол хийгээд бартаат замыг туулсаар хүслэн болсон газартаа ирлээ. Байгаль дэлхийн уран тансаг, бишрэм сайхан зохилдолгоог эндээс харна. Шигүү ногоон хөвч хангайн ойн цоорхойн дунд рашаанд орохоор ирсэн нутгийн болон хотоос ирсэн хүмүүсийн арваад майхан байрлажээ. Халуун, хүйтэн энэ рашаан хүний бүх дотор эрхтэн төдийгүй нүдний хараа, харшил зэрэгт сайн учраас хол, ойроос хүмүүс ийнхүү зорин ирдэг байна.

Хятрууны рашаан нь ухаа цайвар өнгөтэй боржин хаданд дотроос ундарч Хятрууны гол нийлдэг аж. Гайхамшигтай зүйл нь энэ халуун, хүйтэн рашаан нь нэг эхээс ундарч гарч ирж, холилдон урссан ч энд ирээд тус тусдаа салдаг байна. Хятрууны рашааныг одоогоос 170 гаруй жилийн тэртээгээс сувилалд ашиглаж байсан бөгөөд энэ рашаанд Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн Ноён хан Т.Намнансүрэн, түүний хатны ордог байсан хаш чулуун онгоц, хавтгай хадан суудал, мөр хад өнөөг хүртэл байдаг. Халуун рашаан нь үнэхээрийн халуун гэж жигтэйхэн байх бол хүйтэн булгийн рашаан нь хага ташим хүйтэн байх аж. Хүйтэн рашаан зууны аагим халуунд ч цэл хүйтнээрээ байх бол халуун рашаан өвлийн тэсгэм хүйтэнд ч халуунаараа байдаг байна. Байгаль дэлхий юутай гайхамшигтай вэ. Түүнд ямар их нууцлаг зүйл оршино вэ.

Буцах цаг

Өтгөн ногоон уулсын бэлд манан будан хөшилдөж, хөхөөн дуу бүдэгхэн сонстож, тунгалаг голын урсгал мяралзан урсана. Бидний буцах өдөр ийнхүү болжээ. Эргэнд тойронд орших саглагар өндөр моддын мөчрийн салхинд найгах чимээ, цуурайтан сонстох шувуудын жиргээ, тэртээд боргилон урсах урсгал голын хөндий шуугиан нэгэн зэрэг чихнээ сонстох нь цэнгэлийн диваажинг мэдрүүлэх мэт. Юм бүхэн учир шалтгаантай, үүх түүхтэй байдаг. Бидний мэдээгүй, сонсоогүй зүйлийн хариу байгаль дэлхийд л оршдог аж. Эх орноо, эх нутгаа, үүх түүхээ мэдэхийн тулд эх орноороо аялах хэрэгтэй. Хожмоо харин гадаад улсаар аялж болох биз. Гэхдээ байгаль дэлхийн сайхныг мэдэр, зугаал, тань гэснээс биш сүйтгэ, эвд, хэмхэл гэсэнгүй билээ. Эх орон, эх нутаг, байгаль дэлхий гэдэг юутай сайхан бэ.

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим 
II түвшний оюутан С. Насанцацрал

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417