Өмнөд Солонгост "Митаг" хар салхи дэгдэж хэд хэдэн хүний амь эрстжээ
Пүрэв гарагт "Митаг" хар салхи дайран өнгөрч 9 хүн амиа алдлаа гэж Өмнөд Солонгосын засгийн газар мэдэгдсэн болохыг Ройтерс мэдээллээ.
Амиа алдсан 9 хүнээс гадна 5 хүн ор сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад багтжээ. Үүнээс гадна 7 хүн бэртэж гэмтсэн бөгөөд одоогоор тэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Энэ жилийн 18 дахь далайн хар салхи Митаг нь нутгийн өмнөд хэсгээр хүчтэй аадар бороо оруулсан ба орон нутгийн цагаар 01:30 минутын байдлаар зургаан хүн нас барж, дөрвөн хүн шархадлаа гэж Дотоод, аюулгүй байдлын яамнаас мэдэгдсэн байна.
Нас барсан хүмүүсийн зарим нь барилгын нурангид дарагдсан бол зарим нь усанд живж үхжээ.
Гамшгийн улмаас 100 гаруй барилга байгууламжууд үерт автсан ба зүүн өмнөд хэсгийн бүс нутгуудад 1500 гаруй байшинг суллаж 320 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Түүнчлэн хар салхины нөлөөгөөр зарим нэг тодорхой чиглэлийн нислэгүүд цуцлагдсан ба хэд хэдэн сургуулиудын үйл ажиллагааг зогсоожээ.
Үүнээс гадна 44,045 орчим байшин, барилга цахилгаангүй болж, 83% нь дахин эрчим хүчээр хангагдсан болохыг Солонгосын Цахилгаан эрчим хүчний корпораци мэдэгдэв.