Солонгосын f(x) охидын хамтлагийн гишүүн асан Сулли даваа гарагт (10-р сарын 14) Кёнги мужийн Сонгнам дахь байшиндаа нас барсан байдалтайгаар олджээ.
Түүний жинхэнэ нэрийг Чой Жин-Ри гэдэг бөгөөд дуучин, жүжигчин тэрбээр 25 настай байсан юм. Өмнөд Солонгосын цагдаа нар түүний үхлийн шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байгаа болохыг хэвлэлийнхэн мэдээлэв.
The Korea Herald-ийн мэдээлснээр түүний менежер даваа гарагийн үдээс хойш Суллиг байшингийнхаа хоёр давхарт нас барсан байхыг харжээ. Тэрбээр ням гарагийн орой Суллитэй утсаар ярьснаасаа хойш ахиж холбогдож чадахгүй байсан учир гэрт нь очсон байна.
Цагдаагийн ажилтан "Чой гэртээ ганцаараа амьдарч байсан бололтой" гэх хэлээд түүнийг амиа хорлосон байх магадлалтай гэж үзэв.
Сулли анх 2005 онд Ballad Of Seodong цуврал киноны Шилла улсын гүнж Сеонхвагийн дүрд тоглож алдаршиж байжээ.
Дараа нь 2009 онд f (x) охидын хамтлагт элсэж, хүмүүсийн таагүй сэтгэгдлийн улмаас 2015 онд албан ёсоор хамтлагаасаа гарсан боловч SM Entertainment-д харьяалалтайгаар үлдсэн байна.
Түүний үхлийн талаарх мэдээ K-попын шүтэн бишрэгчдийг цочирдуулжээ.
Тус хэрэг нь 2017 оны 12-р сард 27 настайдаа амиа хорлосон өөр нэг SM Entertainment-ийн уран бүтээлч Shinee хамтлагийн Jonghyun-ийн үхлээс хоёр жилийн дараа гарч байгаа юм.
Jonghyun нас барахаасаа өмнө сэтгэл зүйн хямралд өртсөн байв. Өмнөд Солонгос нь өндөр хөгжилтэй орнуудын дунд амиа хорлолтоороо хамгийн өндөрт бичигддэг бөгөөд энэ нь алдартүй хүмүүст ч тохиолдох нь бий.
Жүжигчин Жон Ми Сон энэ оны зургадугаар сард амиа хорлосон бол Пак Ён-ха 2010 онд өөрийгөө егүүтгэжээ.
Өмнөд Солонгос дахь К-поп уран бүтээлчдийг интернетэд гадаад төрх, тэр байтугай өмсдөг хувцсаар нь шүүмжилж, доромжлох нь элбэг байдаг.