Археологичид Египетийн Луксор хотоос 20 гаруй эртний авс олсон гэж Египетийн Соёлын яамнаас мэдэгдсэнийг CNN мэдээллээ.
Нилийн баруун эрэгт оршдог эртний дурсгалт газар болох Аль-Асасифаас олдсон эдгээр авснуудыг 2 давхар бунханд эгнүүлэн хийсэн байв. Тус газар нутаг нь эртний Тебес хотын нэгэн хэсгийг бүрдүүлж байсан юм.
Тэр үеийн эрх мэдэлтэй, язгууртан хүмүүсийг Аль-Асасифт оршуулдаг байжээ. Тэндэхийн бунхнуудаас өмнө нь Египетийн 18-р гүрний үеийн археологийн олдворуудыг илрүүлж байсан аж.
Авснуудыг яг хэдэн жилийн настай болохыг тогтоогоогүй байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг бямба гарагт Луксор хотод болох хэвлэлийн бага хурлын үеэр зарлах төлөвтэй байна.
Ямартай ч албаны хүмүүс тус олдворыг "Сүүлийн хэдэн жилийн хамгийн том, хамгийн чухал нээлтүүдийн нэг" гэж тодорхойлжээ.
Мөн өнгөрсөн Пүрэв гарагт Соёлын яамнаас хааны булшнуудаас гоёл чимэглэлийн зүйлс, тавилга, ваар үйлдвэрлэхэд ашигладаг байсан эртний зүйлсийг олсон болохыг мэдээлжээ.