ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10-р сарын 22-нд Сочи хотод Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хэлэлцээр хийнэ гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ТАСС-т мэдэгджээ.
Тэрбээр "Би дээд хэмжээний уулзалт 10-р сарын 22-нд Сочи хотод болно гэдгийг баталж чадна" гэж хэлэв.
Өмнө нь Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газраас Эрдоганы Сочи хотод хийх айлчлалыг 10-р сарын 22-нд болно гэдгийг мэдээлж байсан.
Тэгвэл 10-р сарын 15-ны өдөр Путин Эрдогантай утсаар ярих үеэрээ түүнтэй Сири дэх цэргийн ажиллагааны талаар ярилцаж, ойрын өдрүүдэд Орост айлчлахыг урьсан байна.
Хоёр орны удирдагчид Сири дэх ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжиж, 10-р сарын сүүлээр Женевт НҮБ-ын Үндсэн хуулийн хороог хуралдуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Кремлиэс “Ерөнхийлөгчид Арабын Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрийн халдашгүй байдлыг хангах үүрэгтэйгээ дахин нотоллоо” гэж мэдэгджээ.
10-р сарын 9-нд Анкара Сирийн хойд хэсэгт цэргийн ажиллагаагаа явуулж, курдуудын цэргийн ангиудад агаараас цохилт өгч эхэлсэн.
Харин Сирийн SANA мэдээллийн агентлаг, Олон улсын хамтын нийгэмлэг Анкарагийн тус ажиллагааг түрэмгийлэл гэж үзэн, буруушаасаар байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Их Британи, Герман, Франц улсууд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.