Еврейчүүдийн хорих лагерийн харуул байсан 93 настай эрийн шүүх хурал үргэлжилж байна
Еврейчүүдийн хорих лагерийн харуул байсан 93 настай эрийн шүүх хурал магадгүй Германы дайны гэмт хэрэгтнүүдийн сүүлийн шүүх хурал байж мэдэх юм.
Бруно Д. /Хуулийн шалтгаанаар түүний овгийг дэлгэх боломжгүй/ нь Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн саруудад болсон 5230 аллагын хэрэгт холбогдсон гэж буруутгагдаж байгаа юм.
Прокуроруудын хэлж буйгаар тэр одоогийн Польшийн Гданьск хотын ойролцоох Штуттоф хорих лагерийн харуул байсан аж. Тэрбээр гэмт хэрэг үйлдэх үедээ үед 17, 18 настай байсан тул түүнийг насанд хүрээгүйчүүдийн хуулиар шийтгэх юм.
Шүүгдэгч нь Гамбургын шүүх хурлын танхимд тэргэнцэртэй орж ирсэн ба нүүрээ улаан хавтсаар халхлахыг оролджээ.
Зургаан жилийн хугацаанд хэдэн зуун мянган хүн, тэр дундаа еврейчүүд тус хорих лагерийн байранд нас барж байжээ. Тэдний зарим нь хорт хийн камерт амиа алдаж байсан бол зарим нь өлсгөлөн, өвчнөөс болж үхэж байсан юм.
Түүнчлэн амьд үлдсэн хүмүүсийн үр хүүхэд, хамаатан садан шүүх хуралдаанд оролцох аж. Прокурорууд түүнийг хамгаалагчаар ажиллаж байхдаа 1945 онд чөлөөлөгдсөн хамгийн сүүлчийн хорих лагериас зугтаж байсан хоригдлуудыг зогсоох нэрийдлээр аллага үйлдсэн гэж үзэж байгаа юм.
NDR телевизийн нэвтрүүлгээр Герман улсад Холокостын хэрэгт холбогдсон, Адольф Гитлерийн нацист дэглэмд 6 сая гаруй еврейчүүдийг хөнөөсөн гэж буруутгагдаж буй 29 орчим шалгагдаж байгаа хэрэг байгаа гэж мэдээлжээ.