2019 онд Украины сэтгүүлчид рүү халдсан 55 тохиолдол бүртгэгджээ
Украины Сэтгүүлчдийн Үндэсний Холбооноос гаргасан "Украины сэтгүүлчдийн бие махбодийн аюулгүй байдлын индексийн тайлан"-д энэ оны 9 сарын байдлаар Украинд сэтгүүлчдийн эсрэг түрэмгийлэл үйлдсэн 50 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Украинд суугаа НҮБ-ын Хүний эрхийн Ажиглагчдын газрын орлогч дарга Бенжамин Моро өнгөрсөн долоо хоногт Украин дахь сэтгүүлчдийн аюулгүй байдалд халдсан, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилчдын эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй байгаад санаа зовж байгаагаа Верховна Радагийн эрх чөлөөний хорооны хуралдаан дээр илэрхийлэв.
2019 оны оны эхний хагаст Украинд сэтгүүлчдийн эсрэг 36 халдлага үйлдэгдсэн бол харин 7, 8, 9-р сард 19 удаагийн дайралт хийгджээ.
2019 оны 3-р улиралд хэвлэл мэдээллийн ажилтнууд руу халдсан хүчирхийллийн ихэнх нь Киев хотод бүртгэгдсэн бол Одессад 4 тохиолдол гарсан юм. Нийт 9 сарын хугацаанд Украины сэтгүүлчдийн бие махбодь руу халдсан 55 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн байна.