Apple компанийн гүйцэтгэх захирал Хятадын засгийн газрын албаны хүмүүстэй нягт хамтран ажиллана
Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук нь Хятадын Цинхуа их сургуулийн эдийн засаг, менежментийн сургуулийг сурталчлахаар Хятадын засгийн газрын албаны хүмүүстэй нягт хамтран ажиллахаар болжээ.
Тим Кук нь Бээжингийн Цинхуа их сургуулийн Эдийн засаг, менежментийн сургуулийн (SEM) удирдах зөвлөлийн шинэ даргаар томилогдсон болохыг Taiwannews мэдээлэв. 2013 оноос хойш тус албан тушаалыг АНУ-ын Breyer Capital группын үүсгэн байгуулагч Жим Брэйер хашиж байжээ.
Цинхуа их сургуулийн олон нийтийн WeChat хаягт мэдээлснээр, 10-р сарын 18-нд Бээжингийн кампуст болсон 35 гишүүн оролцсон удирдах зөвлөлийн 20-р хуралдааныг Кук даргалсан байна.
Тэрбээр 2019-2022 он хүртэл тус сургуулийн хөгжлийг ахиулж, дэлхийн хэмжээний эдийн засгийн менежментийн сургууль болгохыг зорьж ажиллах аж.
Удирдах зөвлөл нь 2000 онд байгуулагдсан бөгөөд үүнд бизнес эрхлэгчид, бизнесийн сургуулийн деканууд, эрдэмтэн судлаачид, Хятадын Коммунист намын дарга, санхүүгийн хэлтсийн дарга нар багтдаг юм.
Удирдах зөвлөлийн хурлын өмнөх өдөр Кук Бээжин дэх Хятадын Зах зээлийн зохицуулалтын газрын захирал Сяо Я-Чинтай уулзаж Хятадын хөрөнгө оруулалт, бизнесийг өргөжүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, компанийн нийгмийн хариуцлагыг өргөжүүлэх чиглэлээр яриа өрнүүлсэн байна.