Хятад улс Хонконгийн удирдагч Кэрри Ламыг солих талаар хэлэлцэж байна
Хятадын засгийн газар Хонконгийн удирдагч Кэрри Ламыг солих төлөвлөгөөг боловсруулж байгааг Foxnews мэдээллээ.
Хэрэв Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпин өөрийн төлөвлөгөөний дагуу урагшлахаар шийдсэн бол Кэрри Ламыг сольж дараагийн удирдагчийг 3-р сар гэхэд сонгож, 2022 он хүртэл ажиллуулна гэж эх сурвалжууд мэдэгдэж байна.
Financial Times сонинд мэдээлснээр Хятад улс Хонконгийн удирдлагын шийдвэрийг гаргахаас өмнө нөхцөл байдлыг тогтворжуулахыг хүсэж байгаа аж.
Харин жагсагчид эсэргүүцлээ зогсоохгүй гэдгийг мэдэгдсэн юм.
Кэрри Ламын бодлого таван сарын турш хүчтэй эсэргүүцлийг өдөөж, зургадугаар сараас хойш хэдэн зуун мянган хүн гудамжинд гарч, улс төрийн шинэчлэл хийхийг шаардсаар байна.
Үүнтэй холбоотойгоор долдугаар сард Кэрри Лам огцрох санал тавьснаа мэдэгдсэн боловч Бээжин түүнийг үргэлжлүүлэн ажиллахыг албаджээ. Хонконг, Хятадын засгийн газрууд хоёулаа түүнийг огцрохыг хүсэж байгааг няцаасан юм.
10-р сарын 4-нд Кэрри Лам онцгой байдлын хүчийг ашиглаж олон нийтийн жагсаалын үеэр эсэргүүцэгчдийг маск зүүхийг хориглож, зөрчсөн тохиолдолд нэг жил хүртэл хорих ял шийтгэх хуулийг батлав. Энэ алхам нь эсэргүүцлийн жагсаалыг улам хурцадмал байдалд оруулж, Хонконгийн бүх төмөр замын сүлжээ 48 цагийн турш хаагджээ.