Их Британийн Эссэкс гүнлигийн Ватерглэйд аж үйлдвэрийн парк орчимд ачааны машин дотроос цагдаа нар 39 хүний цогцос олжээ. Талийгаачдын дунд хүүхдүүд ч байсныг BBC мэдээлэв.
Цагдаа нар энэхүү аймшигт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэгдэж буй ачааны машины жолооч, хойд Ирландаас гаралтай, 25 настай Мо Робинсон гэх эрийг баривчилсан ба өсвөр наснаас эхлээд 38 нас хүртэлх бүх цогцоснуудыг шүүх эмнэлгүүдэд шилжүүлжээ.
Ачааны машин Бельгийн Зийбрүггээс өнгөрөгч Мягмар гарагийн 16:30-д хөдөлж, Англид өчигдөр 12:30 цагт ирсэн гэж цагдаа нар үзэж байна. Ачааны машины Зийбрүггээс өмнө хаана байсан нь одоогоор тодорхойгүй байна.
Эссэксийн цагдаагийн газрын орлогч дарга Пиппа Миллс "Хохирогчдын хэн болохыг олж тогтоох нь хамгийн чухал бөгөөд шалгалтын үйл явц удах төлөвтэй байна" гэж хэлэв.
Харин гэмт хэргийн үндэсний агентлаг нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг олж илрүүлэхэд туслах ажилтнуудаа илгээсэн гэж мэдэгджээ.
Авто замын тээврийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ричард Барнетт хэлэхдээ хөргүүртэй чиргүүлийн хэм -25-аас доош байсан төдийгүй нөхцөл байдал маш аймшигтай байсан гэжээ.
Болгарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч ачааны машиныг тус улсад бүртгэлтэй болохыг баталсан боловч цагдаагийн байгууллагаас цогцоснуудыг Болгар хүмүүс байх магадлал багатай гэж мэдэгджээ.