Путин Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй 54 орны удирдагчдыг хүлээн авч уулзлаа
Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын анхны нэгдсэн хуралдаан Сочид эхэлснийг ТАСС мэдээллээ.
Хуралдаан эхлэхийн өмнө угтан авах ёслолын ажиллагаа болж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин форумд оролцож буй 54 орны төрийн тэргүүнүүдтэй зургаа татуулсан байна.
Үүний дараа Владимир Путин болон Африкийн холбооны одоогийн дарга Египетийн Ерөнхийлөгч Абдель Фатх ас-Сиси нар хурлын танхимд үг хэлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин чуулганыг нээж "Орос улс нь Африк тивийн улс орнуудыг өрийн дарамтаас гаргах санаачилгад идэвхтэй оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 тэрбум гаруй ам.долларын өрийг цайруулаад байна" гэж хэлээд Африк тив нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол төвүүдийн нэг болж байгааг нэмж дурдав.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Египетийн төрийн тэргүүн Абдел Фаттах ас-Сиси нарын 10-р сарын 23-24-нд Сочи хотод зохион байгуулж буй Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтад Африкийн найман томоохон интеграцийн холбоо, бусад томоохон байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.
Мөн үүнтэй давхцан эдийн засгийн чуулга уулзалт болж байгаа юм.