Энэ оны эхээр Пакистаны Ратодеро хотод 900 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Үүний улмаас эцэг, эхчүүд маш их бухимдаж байсан бөгөөд дөрөвдүгээр сард тэдгээр хүүхдүүийн онош тодорхой болж бүх зүйл орвонгоороо эргэсэн юм.
Учир нь тэд ХДХВ-ийн халдвар авсан байжээ. Харин эрүүл мэндийн ажилтнууд тус ХДХВ-ийн дэгдэлтийн бурууг нэг эмч дээр тохож, түүнийг тариураа олон дахин хэрэглэсэн гэж мэдэгдэв.
Тэр цагаас хойш 1100 орчим иргэн буюу 200 оршин суугч тутмын нэг нь вирусийн халдвар авсан байна. Үүний бараг 900 нь 12-аас доош насныхан байгаа юм.
Халдвар авсан хүүхдүүдийн олонх нь нэн ядуу гэр бүлийн хүүхдүүд байгаа бөгөөд хамгийн балчир 14 сартай Рида, 3 настай Самеена нар харамсалтайгаар нас баржээ.
Тариурыг олон дахин ашигласан хэмээн буруутгагдсан Гангро гэх эрийг цагдаа нар санаатайгаар бусдын амь насанд хохирол учруулсан хэргээр баривчлан саатуулжээ. Гэхдээ тэр хараахан яллагдаагүй байгаа бөгөөд "Нью Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, тариурыг хэзээ ч дахин ашиглаж байгаагүй гэжээ.
Эхэндээ засгийн газар Ратодерогийн халдварын дэгдэлтэд хариу үйлдэл үзүүлэхгүй байсан тул олон улсын эрүүл мэндийн ажилтнуудын баг хотод туслахаар очиж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэдэн зуун шинжилгээний иж бүрдэл хандивлажээ.
Тэд шинжилгээний төвүүдийг засгийн газрын барилга байгууламжуудад байрлуулж иргэдийг сайн дурын шинжилгээнд хамруулж байв.
Гэсэн хэдий ч хотын нийт хүн амын дөрөвний нэг нь вирусийн сорил өгөөгүй ба албаны хүмүүс халдвар авсан хүмүүсийн бодит тоо нь батлагдсан 1112-оос хамаагүй их байгаа гэж эмээж байгаа аж.
НҮБ-ын халдварын чиглэлээр мэргэшсэн НҮБ-ын ажлын албанаас 2010-2018 оны хооронд Пакистанд ХДХВ-тэй хүмүүсийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж 160.000 орчим болжээ. Энэ хугацаанд шинэ халдварын тоо 38 хувиар өссөн байна.
Тус улс ХДХВ-ийн эсрэг тэмцэхэд маш бага хүчин чармайлт зарцуулдаг.
Энэ талаар НҮБ-ын ДОХ, ХДХВ-ийн нэгдлийн Пакистан, Афганистан дахь захирал Мариа Елена Филио-Борромео “ДОХ, ХДХВ-ийн асуудал засгийн газрын мөрийн хөтөлбөрийн ард бичигдэж байна "гэж хэлжээ.
2016 онд халдвартай биеэ үнэлэгчидтэй бэлгийн хавьталд орсон 1.500 орчим насанд хүрсэн эрчүүд ХДХВ авч байсан.
Харин энэ жилийн хувьд Ратодеро хотод анх удаа бага насны хүүхдүүд үй олноороо хохирч байна.
Дэгдэлтийг зогсоохын тулд 5-р сард Пакистаны эрх баригчид шаардлага хангахгүй байгаа цусны төвүүдийг хаасан бөгөөд тэдгээрийн ихэнх нь тариурыг олон дахин ашиглаж байгаа нь тогтоогджээ.
Гэвч хэдэн сарын дараа дахин нээгдсэн төвүүд тариураа дахин ашиглаж байна гэж нутгийн иргэд ярьсан байна.