Вьетнам улс ачааны машинд амиа алдсан хохирогчдыг олж тогтоохоор ажиллаж байна
Их Британи өнгөрсөн долоо хоногт ачааны машинд амиа алдсан 39 хүний дөрвийг нь олж тогтоохын тулд Вьетнамаас тусламж хүссэн болохыг Ройтерс мэдээллээ.
Ачааны машины жолооч, 25 настай, Морис Робинсон нь 39 хүний аллагад сэжиглэгдэн баривчлагдсан ба Британийн цагдаа нар хохирогчдын цөөн хэд нь албан ёсны үнэмлэхтэй байсан гэж хэлэв.
Тэд нас барсан хүмүүсийг хурууны хээ, шүдний хэв, ДНХ, түүнчлэн найз нөхөд, хамаатан садных нь гэрэл зургаар дамжуулан таних боломжтой гэж мэдэгджээ.
Харин Вьетнамын засгийн газрын вебсайтад Гадаад хэргийн дэд сайдын орлогч Буй Тхан Сон "Нийгмийн аюулгүй байдлын яам Их Британиас ирсэн 4 хүний хавтаст хэргийг шалгаж байгаа ч одоо болтол хохирогсдын дунд Вьетнамын иргэд байсныг батлах үндэслэл алга байна" гэжээ.
Цагдаагийнхан эхэндээ амиа алдагсдыг хятадууд гэж үзэж байсан ч тэдэн дунд Вьетнамын иргэд байж болзошгүй байгаа аж. Одоо Хятад, Вьетнамын албаныхан Британийн талтай хамтран ажиллаж байна.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань "Вьетнам дахь БНХАУ-ын элчин сайдын яам энэ хэрэгтэй холбоотойгоор Вьетнамын засгийн газартай нягт холбоотой хамтран ажиллаж байгаа ч бүх зүйл нарийвчлан тогтоогдоогүй байна" гэж хэлжээ.
Мөрдөн байцаалтын ажиллагаатай холбогдуулан баривчлагдсан гурван хүнийг батлан даалтад гаргалаа гэж Британийн цагдаа нар ням гарагт мэдэгдэв. Тэд гурвуулаа аллагын хэрэгт сэжигтнээр татагдсан юм.
Их Британид 2009-2016 оны хооронд хууль бусаар хил нэвтэрсэн Вьетнам иргэдийн 70 хувь нь каннабисын тариалан, хумсны салон зэрэг газруудад хөдөлмөр эрхэлж байсныг Их Британийн засгийн газраас өнгөрсөн онд мэдэгдэж байжээ.