Өмнөд Солонгос Японы "Мандах нар" далбааг хас тэмдэгтэй зүйрлэн, олимпод ашиглахыг эрс эсэргүүцэж байна
Өмнөд Солонгос Японы "Мандах нар" далбааг ирэх оны Токиогийн олимпод хэрэглэхийг хориглох компанит ажлыг улс орон даяар эрчимжүүлж байна.
Өнгөрсөн 9-р сард, Өмнөд Солонгосын Спортын яам Олон улсын олимпийн хорооноос Японы милитаризм ба колоничлолын засаглалын бэлгэдэл гэж үздэг тугийг хэрэглэхийг хориглохыг хүсжээ.
Гэхдээ ОУОХ амлалтаа биелүүлж чадаагүйн улмаас Өмнөд Солонгосын парламентын гишүүд саяхан олимпод тус далбааг ашиглахыг хориглохыг уриалах компанит ажлын төлөвлөгөөг гаргаж, үүнийг хас тэмдэгтэй зүйрлэн тодорхойлжээ.
Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрх баригч Ардчилсан намаас сонгогдсон парламентын гишүүн Ан Мин-Сук "Дайныг бэлгэдсэн туг Олимпийн наадамд тохирохгүй. Энэ нь Азиуд тэр дундаа Солонгосчуудын хувьд чөтгөрийн бэлгэ тэмдэгтэй адил зүйл юм. Өөрөөр хэлбэл, нацистуудын бэлгэдэл хас тэмдэг нь Европчуудад түрэмгийлэл, аймшгийг санагдуулдагтай адил" гэж хэлсэн байна.
Харин Токиогийн олимпийн зохион байгуулагчид наадмын үеэр тус далбааг ашиглахыг хязгаарлах төлөвлөгөөгүй байгаа гэдгээ мэдэгдээд, үүнийг Японд өргөн дэлгэр ашигладаг ба энэ нь улс төрийн ямар ч ач холбогдолгүй гэж мэдэгджээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы эзэн хааны флотын ашигладаг байсан "киокүжицуки" тугийг хожим 1954 онд тэнгисийн цэргийн хүчнийхэн зөвхөн ашиглах болсон юм.
Энэ долоо хоногт Японы Гадаад хэргийн яам Өмнөд Солонгосын компанит ажлын хариуд тус далбааныхаа тайлбарыг шинэчилнэ гэж мэдэгджээ. Яамны вебсайтад уг тугийг Японы соёлын нэг салшгүй хэсэг бөгөөд үүнийг "Олон улсын хамтын нийгэмлэгт өргөнөөр ашигладаг" гэж тайлбарласан байна.
Төрийн далбааны зөрчил нь хоёр талын харилцаанд нөлөөлж буй анхны тохиолдол биш юм.
Гэхдээ Олимпийн дүрэмд: "Олимп зохион байгуулагдаж буй газар нутагт жагсаал цуглаан зохион байгуулах, хүмүүсийг улс төр, шашин шүтлэг, арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно" гэж заажээ. Одоогоор ОУОХ ирэх жилийн наадамд тус дүрмийг зөрчсөн байж болзошгүй асуудлыг шийднэ гэж мэдэгдсэн байна.