Өчигдөр буюу лхагва гарагт Бельгиэс Их Британид ирсэн хөргүүртэй ачааны машинаас цагдаа нар 12 хүнийг эсэн мэнд гаргаж авсныг BBC мэдээллээ.
Жимс, хүнсний ногоо тээвэрлэж явсан тус ачааны машинаас 12 хүн олдсоны 11 нь Сирийн иргэд байсан бол нэг нь Суданы иргэн байжээ.
Тодруулбал, ачааны машиныг жолоодож явсан жолооч ачаанд нь хүн байж магадгүй гэж сэжиглэж цагдаа нарт мэдэгдсэн байна.
Жолооч нар Их Британи руу ачаа тээвэрлэхдээ хууль бус цагаач зөөсөн хэрэгт орох нь нэмэгдсэн бөгөөд хэрвээ ачаанаас нь хүн гарч ирвэл хүн тус бүрийн тоогоор 2,000 фунтийн торгууль төлдөг аж.
Хууль бус цагаачид ачаа тээвэрлэж буй машинд нуугдаж хил нэвтэрдэг нь энэ төрлийн ачааг шалгах нь бага байдагтай холбоотой аж.
Гэхдээ өнгөрсөн долоо хоногт гарсан 39 хүн амиа алдсан хэргээс хойш хилийн шалган нэвтрүүлэх цэгийн хяналт чангарч, жолооч нар ч анхаарал болгоомжтой байх болжээ.