Хойд Солонгос Вашингтоны сануулгыг үл харгалзан хоёр пуужин харважээ
Хойд Солонгос пүрэв гарагт Солонгосын хойг ба Япон хоорондын далай руу хоёр удаа пуужин харвасан гэж Ройтерс мэдээллээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өмнө нь болсон цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээрт Вашингтонтой зөвшилцөлд хүрээгүйгээс хойш улсынхаа пуужингийн туршилтыг идэвхжүүлээд байгаа юм.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч "Бид Хойд Солонгосын пуужин харвасан талаар мэдэж байгаа бөгөөд нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж, Япон, Өмнөд Солонгос дахь холбоотнуудтайгаа нягт зөвлөлдөж байна" гэж хэлсэн байна.
Харин шинжээчид "Ким, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын гурван уулзалтын дараа улс орнууд урьд өмнө байгаагүй дээд түвшний харилцаатай болсон ч Хойд Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөртэй холбоотой аливаа тохиролцоонд хүрч чадаагүй" гэдгийг онцлов.
Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг KCNA баасан гарагт "Пуужингийн өөр нэг туршилт амжилттай боллоо. Гэхдээ туршилт нь хөрш Япон, Өмнөд Солонгос улсуудын эсэргүүцлийг өдөөж байна" гэж мэдээлжээ.
Тэд туршилтын үр дүнг даруй мэдээлсэн бөгөөд Ким эрдэмтэддээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, баяр хүргэсэн байна.
Мөн пүрэв гарагт харвасан пуужин нь “тасралтгүй галлах систем”-ээр дайснуудаа “бүрмөсөн устгах” чадалтай гэж KCNA мэдээлэв.
Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга "Хойд Солонгосын пуужингийн туршилтууд НҮБ-ын тогтоолыг зөрчиж байгаад харамсаж байна. Бид Хойд Солонгост пуужин харвасантай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлсэн" гэж хэлжээ.
АНУ-ын Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенатор Кори Гарднер "Хойд Солонгосын энэхүү түрэмгийллийг зогсоож Трампын засаг захиргаа Кимийн засгийн газрын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах шаардлагатай байна" гэж мэдэгдэв.
Гэсэн хэдий ч Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чун Еи Ён " Хойд Солонгосын пуужин харвалт нь ноцтой аюул учруулахгүй. Манай пуужингийн довтолгооноос хамгаалах систем, пуужингийн чадал тэднийнхээс хамаагүй дээр" гэж хэлсэн байна.