"Исламын улс" бүлэглэл Дональд Трампаас өшөө авна гэдгээ амлажээ
"Исламын улс" бүлэглэл өөрсдийн удирдагч Абу Бакр аль-Багдадигийн үхлийг хүлээн зөвшөөрч, дараагийн удирдагчаа зарласныг BBC мэдээллээ.
Тэд "Telegram" мессенжерийн үйлчилгээнд Абу Ибрахим аль-Хашеми аль-Курашийг бүлгийнхээ шинэ удирдагч болгосныг албан ёсоор мэдэгдсэн байна.
АНУ-ын тусгай хүчин өнгөрсөн амралтын өдрүүдэд Сирийн баруун хойд нутагт Исламын Улс террорист байгууллагын тэргүүн Абу Бакр Аль Багдадийг устгах ажиллагаа явуулсан. Улмаар Иракт төрсөн 48 настай, Аль Багдади занганд орж өөрийгөө буудан амиа хорлосон юм.
Мөн АНУ, Сирийн Курдын хүчнийхний Сирийн хойд хэсэгт хийсэн хамтарсан ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абу аль-Хасан аль-Мухажир нас барсан ба тэд шинэ хэвлэлийн төлөөлөгчөөрөө Абу Хамза аль-Курашийг тавьсан байна.
"Исламын улс" бүлэглэл лалын шашинтнуудыг өөрсдийн шинэ удирдагч болох Абу Ибрахим аль-Хашемид андгай тангараг өргөхийг уриалжээ.
Түүнчлэн "Исламын Улс" бүлэглэлийн гишүүд удирдагчийг нь "нохойн үхлээр үхсэн" гэж доромжилсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас өшөө авахаа амласан байна.
Тэд “Баярлах болоогүй. Америкчуудаа! Шинэ удирдагч та нарын амжилтыг дуусгаж, Аль Багдадигийн цаг үеийг эргүүлэн авчирна” хэлжээ.