С.Эрдэнэ: Би О.Цогтгэрэл шиг "намын дарга" гэчихээд хүнд үзүүлэх зүйлгүй суухгүй

2021-12-06, 10:22 Улс төр 499 6
С.Эрдэнэ: Би О.Цогтгэрэл шиг "намын дарга" гэчихээд хүнд үзүүлэх зүйлгүй суухгүй

АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

"ӨДРИЙН СОНИН"

 

-Ардчилсан намд үүсээд байгаа одоогийн нөхцөл байдлын талаар та юу хэлэх вэ. Хэзээ, юунаас үүдэлтэй энэ үл ойлголцол, хуваагдал бий болчихсон юм бол?

Нэгдүгээрт,Ардчилсан намд ямар нэг хагарал, хуваагдал байхгүй. Өнөөдөр манай намыг хоёр нам болчихсон мэтээр харагдуулах сонирхол их байх шиг байна. Юу гэнэ вэ. О.Цогтгэрэлийн Ардчилсан нам ч гэх шиг. Монгол Улсад О.Цогтгэрэлийн нам гэж байхгүй. Ямар эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэрээр, хаана ямар бүртгэл хийгдээд,ямар эрх зүйн боломж олгогдоод О.Цогтгэрэлийн Ардчилсан нам байгуулагдчихсан юм бэ. Монголд ганцхан л Ардчилсан нам байгаа. Уг намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй цорын ганц намын дарга нь Содномзундуйн Эрдэнэ миний бие хэвээрээ байгаа. Улсын дээд шүүхийн 2017 оны ..... тоот тогтоолоор Ардчилсан намын дарга хэмээн бүртгэж авсан Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ асуудлаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн маргаан, мэтгэлцээн гараагүй.

Одоо надад байгаа Ардчилсан намын тамга хүчин төгөлдөр хэвээрээ. Би танд энэ бүхнийг хэлээд байгаа нь бидэнд буй эрх зүйн баримтын талаар яриад байгаа юм. Тэгвэл нөгөө талд ямар эрх зүйн баримт, эрх бүхий ямар байгууллагын шийдвэр, улсын бүртгэл, ямар тамга тэмдэг байгаа юм. Юу ч байхгүй. Тэгэхээр байхгүй юмыг байгаа мэтээр ярьдгаа л одоо больчихмоор юм. Товчхондоо, нэг л Ардчилсан нам бий. Энэ нам цул хэвээрээ байгаа. Ардчилсан нам өнөөдөр хүртэл хуваагдаагүй. Тэгэхээр хуваагдалтай мэтээр ойлгуулахыг, болж өгвөл хуваачих сонирхолтой улс төрийн нам хүчнүүд, хүмүүс бий л дээ. Тэд нарын хүслээр тийм амархан хуваагдчих нам Ардчилсан нам биш.

-Хэдийгээр АН нэгдсэн нэг цул нам гэж байгаа ч хуваагдчихсан байгаа нь маргаангүй. Үүний шалтгаан юм юм бол?

-Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал бол тодорхой хэсэг бүлэг улстөрчдийн хувийнхаа ашиг сонирхлыг л хангах гэсэн үйл ажиллагаанаас үүдэлтэй. Яг нарийн ярих юм бол 2016 оны арванхоёрдугаар сараас миний бие Ардчилсан намын даргын ажлыг хүлээн авсан. Тухайн үед УИХ-д хамгийн цөөн буюу есөн гишүүнтэй бүлэг манай нам байсан. Эрх баригчид 65-уулаа байсан. Энэ том бүлэг, эрх баригчидтай ажиллана гэдэг маш хүнд шүү дээ. Намын даргын албыг хүлээж авснаас хойш хамгийн анхны улс төрийн том сорилт бол Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох байсан. Тухайн үед Ардчилсан намаас Х.Баттулгыг дэвшүүлсэн. Бидэнд ямар нэгэн эрх мэдэл, мөнгө хөрөнгө байгаагүй. Маш хүнд сонгууль байсан. Ялалт байгуулах боломж 80:20 хувьтай л байсан. Бид бүх боломжооо ашиглаж нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулсан. Хоёр удаагийн санал хураалтаар итгэл төгс ялалт байгуулсан. Энэ ялалт тухайн үеийн Ардчилсан намын хувьд түүхэн ялалт байсан. Дараагийн том ялалт, юу байсан юм гэхээр тухайн үед эрх барьж байсан 65 гишүүнтэй эрх баригч намын Засгийн газрыг буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газартай хариуцлага тооцож, огцруулж чадсан. Энэ үйл явдал сөрөг хүчний хувьд бол маш том ололт байсан. Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг өөрчлөлт, шинэчлэлт хийх юм байна гээд тодорхой итгэл найдвар хүлээлгээд дэмжсэн. Гэтэл жилийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагагүй алхмууд хийсэн учраас Засгийн газрыг огцруулах асуудлыг Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс шийдвэрлэн үүнийг нь УИХ-д би танилцуулсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх шийдвэр гаргах торгон мөчид буюу санал хураалт болохоос нэг хоногийн өмнө надад “Ерөнхийлөгч танай бүлгийн дөрвөн гишүүнд та нарын эсрэг санал өгүүлэхээр үүрэг даалгавар өгчихсөн байна” гэсэн мэдээлэл ирсэн. Яг тэр мөчөөс эхлээд Ардчилсан нам доторх үл ойлголцол эхэлсэн л дээ.

-Та өөртөө итгэлтэй хэлж байхыг бодоход тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас энэ талаар лавлаж асуусан гэж ойлгож болох уу?

-Уг мэдээллийг авсны дараа би Ерөнхийлөгч дээр орсон. “Ийм мэдээлэл авлаа.Ерөнхийлөгч өө, та хэрвээ ийм чиглэл,үүрэг даалгавар өгсөн бол үүнийгээ боль. Нэгдүгээрт, та Монгол Улсын төрийн тэргүүний хувьд намын харьяалалгүй ч, Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон. Хоёрдугаарт, та хариуцлагын асуудлыг хамгийн их ярьдаг мөртлөө У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох эсэхийг шийдэх торгон мөчид ийм байр суурь барьж болохгүй” гэж хэлсэн.Ерөнхийлөгч “Би тийм үүрэг даалгавар өгөөгүй, оролцоогүй гэж хариулсан. Би “Таныг оролцсон гэдгийг чинь мэдэж байна. Та боль оо” л гэсэн.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга та хоёр өөд өөдөөсөө хараад ярьсан хэрэг үү?

-Улаан нүүрээрээ өөд өөдөөсөө хараад сууж байсан. Би ер нь хэн нэгэн хүнээс нүүрээ нуудаг хүн биш шүү дээ. Миний занг та нар андахгүй байх. Би хаана ч, хэнд ч хэлэх гэсэн үгээ нүүр рүү нь харж байгаад хэлчихдэг.Тэрнээсээ л болж их алдсан хүн шүү дээ. Ерөнхийлөгч над руу харж байгаад “Би маргааш хөдөө явлаа. Тэгээд санал хураалтын дүнгээр шийдэгдэх биз. Би ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй” гээд ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байсан л даа. Маргааш нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулсан. Санал хураалтад Я.Санжмятав, Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат гэсэн дөрвөн гишүүн Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгсөн. Ингээд хоёр саналын илүүгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар суурин дээрээ үлдсэн. Энэ мөчөөс эхлээд бидний хоорондын зөрчил эхэлсэн. Мөн энэ мөчөөс Х.Баттулга Ерөнхийлөгч эрх баригч намтай нийлээд Ардчилсан намыг гутаах, харлуулах, Ардчилсан намын удирдлагуудыг, тэр дотроо намайг янз бүрийн байдлаар гүтгэх кампанит ажлыг эхлүүлсэн. Энэ кампанит ажил гурван жил гаруй хугацаанд явсан. Тэд зорилгодоо ч бараг хүрсэн байх.

-Тэгэхээр та УИХ болоод Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын кампанит ажлын нөлөө их байсан гэж боддог юм уу?

-Угаасаа л тийм шүү дээ. Монголын ард түмэн мэднэ. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа олонх болж чадаагүй учраас Ардчилсан намын дүрмийн дагуу намын дарга хариуцлага хүлээх ёстой. Иймээс миний бие үүрэгт ажлаа тухайн үеийн Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Ингээд “Наймдугаар сарын 23-нд намын 10 дугаар их хурлыг хуралдуулна. Түүний наана намын даргын сунгааг явуулаад хамгийн олон санал авсан хүнд энэ тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөөрэй” гэдэг чиг үүргийг Ц.Туваанд өгөөд тамгаа түр хадгалуулсан. Гэтэл Ц.Туваан миний өгсөн үүрэг даалгаврыг шууд үгүйсгээд наймдугаар сарын 23-нд болох байсан намын их хурлыг цуцлаад, намын даргын сунгааг зогсоогоод, өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг дүрмийн бус албан тушаалд өргөмжилсөн. Ямар ч тийм тогтоол шийдвэр гараагүй. Улмаар өөрт нь хэн нэгнийг томилох эрх байхгүй байхад арваннэгдүгээр сард одоо АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар П.Нүрзэдийг томилсон. Улсын дээд шүүхийн иргэний танхимд П.Нүрзэдийн гарын үсэгтэй “Намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллаж байгаа учраас түүнийг Ардчилсан намын даргын бүртгэлд бүртгэж өгнө үү” гэх бичиг очсон. Уг бичгийг үндэслээд Улсын дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр шууд тэр хяналтын картны булан дээр “Нүрзэдийн ирүүлсэн бичгийн дагуу С.Эрдэнийг хасч, Ц.Тувааныг бүртгэх цохолт хийгээд Тамгын газар руугаа өгсөн. Ингээд Ардчилсан намын дарга гэсэн цонхонд байсан С.Эрдэнэ гэдгийг арилгаад Ц.Туваан гэдэг бичилт хийсэн. Эндээс чинь гол маргаан үүссэн. Цахим мэдээллийн сан дээр Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан гэж байна. Хууль ёсны намын дарга нь Ц.Туваан юм байна гэсэн мэдээлэл тархсан.

-Шүүхээс гаргасан 04 тоот тогтоол дээр ямар шийдвэр байсан юм бол?

-Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд С.Эрдэнийг хасч Ц.Туваан гэж бичсэн бичилт нь өөрөө хууль бус байгаа учраас Ц.Тувааныг хаслаа. С.Эрдэнийн Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд байсан хуучин бичилтийг сэргээх үндэслэлийг хангахаас татгалзсугай" гэж байгаа юм. Яагаад хангахаас татгалзаж байгаа юм гэсэн чинь “Танай намын дотоод маргаан зөрчилтэй байгаа учраас энэ асуудлаа шийдүүлсний дараа уг асуудлыг дахин тавьж болно” гэж байгаа юм. Гэтэл улс төрийн намын тухай хуулийн 13.9-д “Тухайн улс төрийн намын хууль, дүрэм журмын дагуу явуулж байгаа аливаа үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй” хэмээн заасан. Тэр намын дотоод, дүрэм журамтай холбоотой гарсан маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй. Тухайн асуудлыг уг улс төрийн намын дотоод эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ гэдэг хуультай. Улсын дээд шүүх улс төрийн намын даргын бүртгэлийг хийхдээ зөвхөн бүртгэлийн байгууллагын л үүрэг гүйцэтгэдэг. Эрүү, иргэн, захиргааны хэргийг хянан хэлэлцэж байгаа бол Дээд шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн дагуу тухайн хэрэгт хэн нь гэм буруутай, хэн нь гэм буруугүй вэ гэдгийг тогтооно шүү дээ. Бүртгэл дээр бүрдүүлбэр хангагдаад ирсэн байх юм бол тэр улс төрийн намыг, тухайн улс төрийн намын даргыг бүртгэх л үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар улс төрийн нам дотоод асуудалтай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэх эрх шүүхэд байхгүй. Одоо болтол АН-ын даргын сонгуульд хамгийн өндөр санал авсан М.Тулгат даргыг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд гурвантаа хүсэлт хүргүүлсэн. Нэг удаа үндсэн дүрмийн өөрчлөлтбүртгүүлэх санал хүргүүлсэн. Дөрвүүлэнд нь “Танай намын 04тогтоолд дурдсан дотоод зөрчил арилаагүй байгаа учраас бүртгэх боломжгүй” гэдэг хариулт Дээд шүүхээс өгсөн. Манай намын дотоод зөрчил Дээд шүүхэд ямар хамаатай юм. Дотроо зодолдоно уу, барилдана уу энэ бол улс төрийн намын дотоод асуудал байхгүй юу. Дээд шүүх ганцхан хуульд нийцэж байна уу, хуульд нийцэхгүй байна уу гэдгийг хянаж үзээд, нийцэж байх юм бол Улс төрийн намын хуулийн дагуу шийдвэр гаргаад, бүртгэл хийх үүрэгтэй. Бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх хуультай байгууллага байхгүй юу. Иймээс үүссэн нөхцөл байдал, энэ бүгдийг би шууд улс төрийн зорилготой гэж хардаг.

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дүрэмд заасны дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-нд Ардчилсан намын Онц их хурал хуралдаж 21 аймаг, 330 сумаас төлөөлөгч оролцсон. Энэ үеэр О.Цогтгэрэлийг намын даргаар батламжлахаар төлөөлөгчид тамга тэмдгээ дарсан учраас түүнийг АН-ын албан ёсны даргаар батламжлуулах хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлчихээд байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Манай намын Үндсэн дүрэмд тийм заалт байхгүй.Намын үндсэн дүрэмд намын бүх шатны хурал буюу их хурлыг зохион байгуулах чиг үүрэг нь дотоод сонгуулийн хороонд байдаг. Үндсэн дүрмээр батлагдсан бүх шатны намын байгууллагын хурал, хуралдааны Дэгийн тухай журам гэж бий. Уг дүрмийн дагуу сонгогдсон гишүүд хуралд төлөөлөгчөөр оролцох эрхтэй хэмээн заасан. Ер нь бод доо. МАН-ын 1000 гишүүн цуглаад “Бид нар 1000-лаа хуралдлаа. Ингээд намын даргаараа энэ хүнийг сонголоо. Энэ хүнийг намын даргаар бүртгэж өгнө үү гээд Улсын дээд шүүхэд асуудлаа тавья л даа. Тэр цугласан хүний тоо нь 5000 байсан ч Дээд шүүх бүртгэж авах уу. Яаж ч эрүүл ухаанаар бодоод энэ чинь ямар ч боломжгүй асуудал. Тэд нарт хурал хийх эрх бий юү. Харин иргэнийхээ хувьд жагсаж, цуглаж, хуралдах нь тэд нарын эрхийн асуудал. Ганцхан тэндээс гарч байгаа аливаа шийдвэрийг хууль ёсны шийдвэр мэтээр эрх бүхий байгууллагад тавих боломжгүй шүү дээ. Толгойтой болгон нь ингээд дур зоргоороо аашлаад байх юм бол энэ улс оронд чинь хууль, дүрэм, журам гэж байгаад яадаг юм. Онц их хурал зарлах эрх зүйн чадамж О.Цогтгэрэлд байхгүй. Тэд тийм эрх зүйн чадамжтай байсан юм бол Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй яасан юм. Яагаад Ерөнхийлөгчийн сонгуулиар Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэл дээр, Улсын дээд шүүхийн тогтоол дээр Ан-ын даргаа Содномзундуйн Эрдэнэ гэдэг бүртгэлтэй байна гэдэг баталгаа, тайлбар гаргаж өгсөн юм. Мөн нөхөн сонгууль боллоо. Яагаад О.Цогтгэрэлийн талаас дэвшүүлсэн хүмүүсийг өрсөлдүүлээгүй юм. Үүнээс эрх зүйн чадамж нь хаана байгаа нь тодорхой харагдаж байна шүү дээ. Хамгийн сүүлд тохиолдсон нэг жишээ хэлье л дээ. Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллого болж өнгөрлөө. Тэр тооллогоор 8488916 регистрийн дугаартай Ардчилсан нам арваннэгдүгээр сард тоологдсон. Хууль ёсны дагуу бүх бичиг баримт, даргынхаа нэртэй дурайж байгаа. Тэгэхээр хэн нь хууль ёсных гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Бүх зүйл баримттайгаа байна. Би худлаа яриагүй. Би О.Цогтгэрэл шиг “Би намын дарга” гэчихээд хүнд үзүүлэх зүйлгүй суухгүй.

-Үүсээд байгаа асуудалтай холбоотойгор та бүхэн нэгдэж, зөвшилцөлд хүрэх оролдлого хийсэн үү?

-Зөвшилцөл гэдэг чинь юу гэсэн үг вэ. Би хэнтэй зөвшилцөх юм. Ямар ч эрх зүйн чадамжгүй хүмүүстэй би зөвшилцөж яах юм. Та нар нөгөө талаас очоод Улсын бүртгэлийн гэрчилгээ байна уу асуу л даа. Аль нь ч байхгүй. Ямар нэгэн эрх зүйн чадамжгүй хууль бус үйлдэл хийгээд байдаг. Энэ чинь нэг ёсны гэмт хэрэг шүү дээ. Байгууллагын нэрийг хуурамчаар ашиглаж, хүчингүй тамга тэмдэг ашиглаж байна гэдэг чинь гэмт хэрэг.

-Хууль журмаараа ойлголцдоггүй юм бол нэгэнт хоёр хуваагдаж харагдаад байгаа АН-ынхныг нэгдсэн цул болгох алхам аль аль талаасаа хийх ёстой биз дээ?

-Тэд нар чинь тодорхой санаа зорилготой шүү дээ. Ямар ч хамаагүй аргаар Ардчилсан намын тамга, эрх мэдлийг гартаа оруулж авах гэсэн эцсийн зорилго тэд нарт байгаа. Дараагийн сонгуулиар өөрсдөө эрх мэдэл, албан тушаалд хүрэх хамгийн ашигтай шат гишгүүр нь Ардчилсан намыг гээд харчихсан. Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө улайрч байгаа шүү дээ.

Эрх мэдэл, албан тушаалын төлөө энэ намыг зорилгодоо хүрэх шат гишгүүр болгох гээд улайрчихсан этгээдүүдтэй бид ойлголцох гэдэг бол боломжгүй л дээ. Намын эв нэгдлийн төлөө, цаашдын ололт амжилт, ялалтын төлөө би хэнтэй ч нэгдэхэд бэлэн, хэнтэй ч ярилцахад бэлэн. Зааланд мянган хүн цуглуулснаараа олонх болчихдог юм уу. Би ч бас чадна. Бүр 10,20,30 мянгыг цуглуулж чадна.

-Хагарал хаанаас эхэлснийг та өөрийнхөө өнцгөөр хэллээ. Тэгвэл хаана дуусах бол?

-Дуусна л даа. Дахиад л хэлчихье, АН-д хагарал гэж байхгүй. Хэсэг бүлэг этгээдүүдийн дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаа удахгүй дуусгавар болно. Аливаа нэг юманд хэмжээ гэж бий. Албан тушаалтай, эрх мэдэлтэй байх үеийн хуучин Ерөнхийлөгчийн үед шүүх, прокурорт нөлөөлөх замаар тодорхой хэсэг бүлэг этгээдүүд нам дотор зориуд, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж намын эрх мэдэл, тамга тэмдгийг булааж авах оролдлого жил гаруй хугацаанд явуулаад Х.Баттулга гэдэг хүн бараагүй. Би өгөөгүй.Надад эрүүгийн хэрэг хүртэл үүсгүүлж, яллах гэж оролдсон. Тэр битгий хэл үүсгэсэн эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгочихоод “Одоо тамга, тэмдгээ өг” гэхэд нь ч би “Үгүй” гэсэн. Гэтэл буцаагаад эргүүгийн хэргийг сэргээчих гээд байгаа юм. Тухайн үед би “Шударга бусын хонгил гэж байдаг юм байна” гэдгийг иргэдэд мэдээлж байсан.Тэрнээс болж Нийслэлийн зарим прокурорууд хариуцлага хүлээсэн.

-Монголд ардчилал бий болоод 30 жил боллоо. Төдийгөөс өдий болтол та бүхний бүтээсэн өнөөгийн ардчилсан нийгмийн өндөрлөгөөс “Одоо ахмад үеийнхэн хэрэггүй. Зүгээр зайгаа тавиад зайлаад өг” гэсэн байдлаар хандах хүн олон байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Энэ нам чинь Ардчилсан нам юм байгаа биз дээ. Хүний эрхийн хувийн өмчийг хамгаалахын төлөө, парламентын засаглалыг дэмжсэн баруун төвийн, либерал Ардчилсан нам. Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг нас хүйс, шашин шүтлэг, ажил мэргэжил, ажил албан тушаал гээд янз бүрийн хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглосон. Тэгвэл Ардчилсан намын гишүүдийг хөгшин, настай байна, “Та нар зайлаад өг” гэдэг чинь юу гэсэн үг юм. Энэ ардчилсан зарчимтай нийцэх үү. Хэний эрхийг хэн хязгаарлаад байгаа юм. Өнөөдөр 45-аас дээш насныхан хүн биш юм уу. Тэр хүмүүс чинь дор хаяж дахиад гуч дөчин жил амьдарна шүү дээ. Тэд нар ялтан юм уу. Ямар ял хийчихсэн юм. Өндөр нас насалсан нь ял юм уу.

Энэ нийгмийг байгуулахын төлөө, ардчиллыг бий болгохын төлөө бүхий л амьдралаа зориулсан нь тэд нарын ял, буруу юм уу. Хэний хүчинд хэн болчихоод, хэний хүчээр "хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрчихээд" өмнөх үерүүгээ нулимж байна. “Ахмадууд зайгаа тавиад зайл” гэж яаж хэлж чадаж байна. Өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй Америк, Англи, Япон, Хятад, ОХУ-ын удирдагчид 70,80 насандаа улс төрийн манлайлал үзүүлж байна. Дональд Трамп 2024 онд 82 насандаа нэр дэвшихээр бэлтгэлээ хангаад явж байна. Ардчилал хөгжсөн улс орнууд хэн нэгнийг нас сүүдрээр нь яагаад ялгаварлахгүй, хөгжөөд байгаа юм. Нөгөө мерит зарчим чинь хаана байна. Шууд крандаад л дарга сайд болох ёстой юм уу. Залуучууд тодорхой хэмжээнд амьдрал үзэж, туулж, шалгуур давж байж эрх мэдэл, албан тушаалд хүрэх ёсгүй. Өнөөдөр ардчиллаа ч ойлгоогүй, улс төрөө ч ойлгоогүй залуучууд“Ахмад үеийнхэн зайлаад өг” гэж байна. Тэд нарт хөөгдөх гэж бид улс төрд ороогүй.Тийм чадалтай юм бол шударгаар өрсөлдөөд үгээрээ, үйлдлээрээ, ухаан боловсролоороо гарч ирээд бид нарыг зайлуул л даа.

-Ирэх сонгуульд оролцох АН-ын дүр төрхийг юу гэж харж байна?

-Гэгээлгээр харж байгаа. Иргэд одоо ер нь ойлгосон байх. Сүүлийн жилүүдэд коммунизм гэдэг дарангуйлал бий боллоо. Цар тахал, өвчин эмгэгээр иргэдээ айлгадаг, үүгээр далимдуулж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрхийг нь хязгаарладаг, 70, 80 жил дарлаж хэдэн арван мянгаар нь хяддаг тогтолцоонд шилжих нь. Тэгсэн мөртлөө эрх барьж байгаа намынхан одоо хүний эрх ярьдаг болчихож. Үнэхээр эрх баригчдад баяр хүргэмээр байна. Хүний эрхийг ойлгодог, дээдэлдэг болчихож. Хүний эрхийн төлөө эрх зүйн зохицуулалт хийх гэж байгаа юм байна. Эрх баригчдад хүний эрхийг ойлгуулж чадна гэдэг бол агуу том өөрчлөлт, ардчиллын асар том ялалт.Үүнийг ойлгуулах гэж 30 гаруй жил Ардчилсан нам тэмцсэн.

-Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хэр ойр дотно байна вэ. Намынхаа ирээдүйн талаар ярилцах юм уу?

-Бид хоёр журмын сайхан нөхөд. Өнөөдөр ч хэвээрээ л байгаа. Хааяа нэг утсаар ярьж, баяр ёслолын үеэр мэнд мэдэх зэргийн харилцаатай. Тэр бүр уулзаад байж чаддаггүй. Намын үндсэн үйл ажиллагаанд Ц.Элбэгдорж даргын одоогоор гүн гүнзгий оролцоо байхгүй.

-Тантай нэгэнт уулзсаных хүүгийн тань талаар асуухгүй байж чадахгүй нь. Танай хүү Монголын нийгэмд нөлөө бүхий "Шүгэл үлээгч" болж байна. Сүүлд хорих ангид өлсгөлөн зарлаад бие нь нэлээд муудсан. Хүүгийнхээ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Би ер нь нэг зарчимтай л даа. Миний хүү байна уу, хэний хүү байх нь гол биш. Монгол Улсын иргэнийхээ хувьд хүнд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх нь бий. Түүнээс биш Эрдэнээгийн Одбаяр байлаа гээд би үзэл бодолд нь нөлөөлөх, эсвэл хязгаарлаад байж болохгүй шүү дээ. Би хүүгийнхээ үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг. Би долоон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Хүүхдүүддээ хэзээ ч ямар нэгэн үзэл санаа, үнэт зүйлийнх нь талаар зааж, зааварлаж хязгаарлалт тавьж байгаагүй. Манай хүүхдүүд дотор ер нь улс төр хөөсөн нь ховор. Том нь нэг хэсэг улс төр гэж явж байснаа л больчихно лээ. Бизнес рүү орчихсон. Харин Одбаяр өөрийнхөөрөө л явж байна. Заримдаа хаана, ямар нөхцөлд үзэл бодол, үгээ яаж илэрхийлж байгаа гэдгээ сайн бодож байгаарай. Өнөөдөр ямар ч үед, ямар ч байдлаар хүнийг хэлмэгдүүлдэг технологи хажууд чинь байгаа шүү гэж анхааруулдаг. Эцэг хүний л хувьд.

-Баригдаж хоригдоод, сүүлдээ олон хоног өлсгөлөн зарлаад эрүүл мэндийн байдал нь дордох үед танд амаргүй л байсан байх?

-Эцэг хүний хувьд сэтгэл санаа тайван байна гэж байхгүй юм билээ. Хүү маань шорон гянданд, өлсгөлөн зарлачихсан байхад нойргүй л хононо шүү дээ. Гэхдээ төр гэж байдаг бол, хууль, шүүхийн байгууллага гэж байгаа бол асуудлыг шударгаар шийднэ хэмээн итгэж хүлээцтэй хандсан. Ямар нэгэн байдлаар орилж хашхираад яваагүй. Намайг өөрөө асуудалд орчихсон учраас дуугарч чадахгүй байна гэж хардаж байсан. Миний хувьд нэгэнт миний хүү бие даасан үзэл бодолтой хувь хүн учраас өөрийн туулах ёстой зам мөрөөр явж байхад би нөлөөлөөд яах вэ л гэж бодсон. Үнэхээр байдал улам хүндэрч хүүгийн минь эрүүл мэнд, амь насанд ноцтой байдал үүссэн бол дуугүй байж чадахгүй байсан.Сүүлд 10 гаруй кг хасаад, бөөрний дутагдалд орох үеийг хараад, хүнийг үхлүүт болтол зодчихсон хүн гадуур эрх чөлөөтэй явж болоод байхад, үзэл бодлоо идэрхийлсэн хүнийг гэм буруутай эсэхийг шүүх тогтоох хүртэл яагаад заавал хорих ёстой юм хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн.

Эрдэнэ гэдэг хүнийг харлуулж, гүтгэх гэж Эрдэнэ гэдэг хүнийг улс төрийн тавцнаас зайлуулах гэж хүний өөрийнгүй бүгдээрээ л зүтгэлээ шүү дээ.Аливаа юм чинь цаг хугацаатай. Надад өөрийнхөө төлөө, эрх мэдэл албан тушаалын төлөө яваагүй. Би төрийн түшээ байхдаа ч хийх ёстой ажлаа хийж байсан. Улстөрчийн хувьд ч хийх ёстой ажлаа хийж байсан. Надаас ухаад, ухаад идсэн уусан юм юу ч гарахгүй. Би уул уурхай, тэр ашигт малтмал, төсөл тендертэй холбоотой ямар ч асуудалд хэзээ ч оролцож яваагүй. Улстөрчийн хувьд цэвэр ариун байх ёстой гэдэг зарчмыг л барьж ирсэн.

-Та цаашдын улс төрийн карьераа юу гэж хардаг вэ?

-Би өөрийнхөө үйл хэргийн төлөө л явна. Надад дахиад ямар хугацаатай улс төр үлдсэн гэдгийг хэлж мэдэхгүй шүү дээ. Ямартаа ч би эцсээ хүртэл явна. Шаардлагатай бол ямар ч үүрэг хүлээхэд бэлэн, ямар ч ухралт хийхэд бэлэн. Ардчиллын төлөө үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө би хэзээ ч ухрахгүй.

-Заримдаа илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө үнэт зүйл, үзэл баримтлал ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө явсан энэ амьдралдаа харамсдаг уу. Жирийн нэг Эрдэнийн амьдралаар амьдрахгүй яав даа гэж бодох үе байсан уу?

-Амьдрал гэдэг амаргүй. Би чинь амьдралаа үхэхээс бусдыг л үзлээ. Хань ижлээ алдлаа. Хамгийн хайртай хүмүүс болох аав минь, төрсөн дүү маань бурхан боллоо. Үхэл, хагацлын зовлонг бол хангалттай үзсэн.Арав гаруй жил би чинь ганц бие аав байж, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх гэж зүтгэсэн. Ёстой нөгөө гадаа гарч эр, дотор орж эм болж явсан. Бурхан бас хардаг л юм байна лээ. Сайхан хань заяасны буянд өнөөдөр сайхан л амьдраад л явж байна. Энгийн тайван сайхан амьдрахыг хүн бүхэн л хүснэ. Улс орон тайван байгаад, бидний анхны зорьсон хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм бүрдчихсэн бол би заавал улс төрд ороод, дарга хийгээд ч байх хэрэг алга. Ц.Хулангийн “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах юмсан” гэдэг шиг би ч бас нэг уулын мухарт, модны хаяанд тайван сайхан амьдармаар байна.Хэн ингээд өөрийгөө зовоогоод байхыг хүсэх вэ дээ. Ний нуугүй хэлэхэд, хүнийг хийгээгүй үйлдлээр нь буруутгах гээд, бодоогүй юмыг нь бодсон болгож харагдуулах гээд,аль болох харлуулах, гутаах, улс төрийн тавцангаас арчих гээд хүний өөрийнгүй хэсэг бүлэг нөхдүүд дайраад байх тусам нь миний гэдэн хөдлөөд байгаа байхгүй юу. Тэр тусмаа би үнэт зүйлийнхээ төлөө зогсмоор санагдаад байгаа юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ОХУ-д авсан эдийн засгийн хоригийг 15 дахь удаагаа сунгалаа

2022-01-14

Казахстан дахь Энхийг сахиулах ажиллагаа дууслаа

2022-01-14

Хятадын Цагаан хэрмийн хэсэг газар хөдлөлтөд нуржээ

2022-01-13

Казахстанд онц байдлыг цуцлав

2022-01-13

Жилд 200 гаруй хүн сүрьеэгээр нас барж байна

2021-12-23

“С” витамин халдварыг дарангуйлдаг

2021-12-22

ЗӨВЛӨМЖ: Хүүхдээ гар утас, зурагтын дэлгэцээс холдуулж, цэвэр агаарт тоглох боломж олгоорой

2021-12-21

Утаа, коронавирус улаанбаатарчуудын уушгийг тэсгээх үү...

2021-12-09

Дэлхийн анхны өнгө өөрчилдөг машин

2022-01-14
5:30

Монголын крипто койн хэрэглэгчид

2022-01-14

Төмөр Майк Тайсоны хамгийн агуу ялалтууд

2022-01-14

Манж Чин улсын төрийн дуулал

2022-01-13

Омикроны дараах хүндрэл: Сульдана, мартамхай болно

2022-01-17

ЭМЯ: 2010 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа

2022-01-14

ЭМЯ: Ковидын 2279 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барав

2022-01-13

Макроны “залхаалт” манайд тохирох юм биш үү?!

2022-01-13

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

Савада Хидеогийн гомдлоор Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэв үү?

2022-01-17

Агаарын бохирдол багасахгүй байгаагийн бодит шалтгаан

2022-01-17

Жүжигчин Н.Ононг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо

2022-01-14

"Coachella 2022" наадамд The HU хамтлаг оролцоно

2022-01-14

Г.Амартүвшин: Банкууд орлого талынхаа зээлийн хүүг бууруулах сонирхол байхгүй байна

2022-01-14

Эрээнээс дундын зуучлагчгүйгээр ачаа бараагаа татан авах боломжтой юу?

2022-01-13

Шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 78.5 хувиар өсчээ

2022-01-11

Өрхийн орлогын 398 мянган төгрөгийн 63 хувийг тэтгэмж бүрдүүлдэг

2022-01-07

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

Д.Баярхүү: Нийгмийн хонзон

2022-01-17

Сөрөг хүчингүй байсны гор буюу Казахстаны үймээн

2022-01-17

Хүүхдийн ₮100,000-аас хагацлаа, баяртай...

2022-01-14

“Google”, “Adobe” компанид ажилладаг, ажиллаж байсан туршлагатай инженер залуусын зөвлөгөө

2022-01-13

Монголын нялх Назарбаевууд уншигтун!

2022-01-06

Манайх хүн алхахад их ээлгүй сонин хот юм байна...

2022-01-06

Лусын жолоо, уулын дом, тэнгэрийн засал, газрын суудал, талын эзэд мину...

2021-12-25

Б.Жаргалсайхан: Түүнийг араатан болгох, чихгүй толгой болох зам руу та бид түлхсэн

2021-12-24

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монголчууд биднийг мунгинасаар байтал...

2022-01-11

Орос: Бээжин чимээгүй байна, хий шинэ замаар ази руу гарах уу?

2022-01-04

Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ?

2022-01-04

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Голомт цогцолбор сургуулийн захиралд хариуцлага тооцох санал гаргажээ

2021-11-18

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Ямар ч нэмэгдэл хэрэггүй байгалиас өгөгдөлтэй хүн гэж Э.Оюунболдыг ойлгодог юм

2021-12-15

Мэдрэмжээрээ гоёхуй: “Out of comfort zone”

2022-01-20

Төрийн банкны “Хүндэтгэлийн аян - 2022” урамшуулалт аян эхэллээ

2022-01-18

Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд “Монгол Улсын Гавьяат Эдийн засагч” цол хүртлээ

2022-01-14

“Витамин ₮” урамшуулалт аяны сүүлийн супер азтан тодорлоо

2022-01-14

Сонгогчдын 10 хувийн саналаар төлөөлөгчдийг эгүүлэн татах эрх үүснэ

2022-01-17

Г.Занданшатар: Ардчилсан намыхныг нэг өрөөнд оруулаад цоожилдог юм уу

2022-01-14

Д.Мандах: Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчим тууштай сайхан хэрэгжсэн

2022-01-12

Нийгмийн шилжилт яагаад гажуудав?

2022-01-10

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,034

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,617

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

411

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

608