Тахигдаагүй бурхан

Тахигдаагүй бурхан

Шөнө үзэгдсэн хүн ирсэн шигээ гэнэт алга болсонд хамбын хавь ойрын хүмүүс цөм гайхжээ. Үүний учрыг хамба ганцаар мэдэж байлаа. Гэвч тэдний нэгэн адил гайхсан царай үзүүлэх нь хачин.
Хамба ойр дотны гэсэн хүмүүс рүүгээ нар ханын толгойд ирэх үеэс элч зарлагаа явуулав.
Дуудагдсан бүхэн хамбын өргөөнд тал бүрээсээ ирж цуглав.
Да лам Гэндэн, сойвон лам Жалба, донир Сугар, хутагт агсан Чойжил, хувилгаан лам Жамьян, гэсгүй Гончиг, гэлэн Дамба бүгд л морилов.
Хамба ирэх ёстой хүмүүсийнхээ хэн хэн нь ирж вэ хэмээн бүртгэх мэт хүн бүрийг харснаа цөм байгаад сэтгэл өөдрөг, санасан хэрэг бүтэх нь ээ гэж дотроо билэгшээнэ.
Хамба хэсэгхэн зуур бодлогоширлоо.
“Өнгөрсөн шөнө оройн дээд очир гэгээн Ванчин эрдэнийн бие туслагч түшмэдтэй уулзлаа. Түүнтэй би байнгын холбоотой байх болсон. Тэр туслагч биднийг Ванчин эрдэнэтэй холбох хүн боллоо шүү.

Туслах, надад цаашид хийх ажил төрлийн тодорхой заавар даалгавар өглөө. Үүнийг оройн дээд гэгээн оюун ухаандаа тунгааж хэлүүлсэн хэрэг. Та нарыг цуглуулсан учир энэ. Өгсөн үүрэг даалгаврыг нь яаж биелүүлэх талаар та бүхэнтэйгээ зөвлөх гэсэн юм шүү дээ. Энэ хүний аврал, тусламжаар бид эрх дархтай байсан хуучин төрөө сэргээх ёстой.

Энд, тэнд эхэлсэн хэрэг явдлууд эцсээ үзэж чадаагүй ч хэн нэгнийх нь хэзээ нэгэн цагт бурхны хүчээр бүтнэ гэж эртнээс дотор бодлоор буу сум, сэлэм шийдэм нилээдийг цуглуулж хийдийнхээ хэрмэн хашаан дотор булж билээ. Түүнийг булалцсан хүмүүсээс чинь энд лав донир Сугар, гэсгүй Гончиг хоёр байх шив. Гол нь бидэнд буу зэвсэг, гэвч түүнээс өөрцгүй үнэнч нөхөд, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Хүн хүч, хөрөнгө мөнгө байвал энэ хоёрын хүч, шидээр юуг ч хийж болно. Сүсэгтэн олны сүсгийг ашиглая. Гэхдээ ямар арга хэрэглэе дээ. Эд нартайгаа зөвлөе. Дүнчүүр маань хуруулж цөвтэй цагийг зөөлрүүлнэ гэх үү...

Одоогийн Ардын засаг манай шашин шүтлэг, хутагт хувилгаадад туйлын хортойгоор зогсохгүй биднийг ихэд хавчиж, эд юмсыг хурааж эцэст нь баривчилж бараг дууслаа. Эсэргүүцэж боссон бүхэн дарагдлаа. Үүнийг бид тэвчих гэж үү. Зүгээр сууж хэрхэвч болохгүй. Ардын засгийг устгах л хэрэгтэй. Бид санаа шулуудсан хойно зорьсноо гүйцээх ёстой. Ванчин эрдэнэтэй  найдвартай  холбоотой боллоо. Өөр юу хэрэгтэй юм бэ? Та нар л  дотны итгэлт нөхөд, бурхны сайн шавийн хувиар хүн бүхэн хүчин зүтгэж, бодол саналаа нэмэрлэ, нэгтгэ.

Та нар надад итгэ. Ванчин богддоо мөргө. Би хэн билээ? Намайг та нар мэдэхгүй ээ! Олон жилийн өмнө би Түвдийн Дашлхүмбэ хийдэд шавилан сууж байлаа. Гэтэл Ванчин эрдэнийн бодолд багтжээ. Тэр намайг Халх Монголд Жавзандамба богдын жавтий тавигчаар яв гэлээ. Тэгээд би Монголд ирж найман жил болоод эргэж Түвддээ очсон.

Тэгтэл монголд очих замын тоо бас гүйцээгүй байжээ. Монголын арван гуравдугаар онд буцаж Монголд ирлээ. Тэгэхэд Ванчин богд болон английн талын түвд Чанран гэлэн биечлэн уулзаж, “Халх Монголын Ардын засгийн цэрэг зэвсгийн тоо, ард түмний байр байдал, амьдрал ахуй, зан үйл, бурхан шашныг хэрхэн үзэж байгаа, гадаадын харьяат нарыг хэрхэн үздэг, ялангуяа түвдүүдийг урьдын адил эрх дураар байлгах эсэх, монголын ард түмэн хаашаа их талтай болж байгаа, хилийн хамгаалалт хир зэрэг болох, Оросоос Монголын дотор ямар ажил хийдэг, энэ бүхнийг мэдэх даалгавар өгч билээ.

Дараа нь Ванчин эрдэнэ надтай ганцаарчлан уулзаж “Халхын дотор бурхан шашныг ихээр мандуулах, өөрийн нөлөөг тарааж, шашныг тэтгэн дэлгэрүүлэх” хоёр зүйлийн тусгайлсан даалгаврыг нэмэн тохоож тэрхүү даалгавраа хутагт хувилгаад, ихэс ноёд, лам нартай хүчин хавсарч, тэднийг өөртөө татаж, тэднээр дамжуулан сайтар мэдэж биелүүлэх аргыг зааж зөвлөж билээ.

Ингэж л би энэ хүрээнд хамбын албанд сууж билээ. Та нар надад итгэ. Намайг та нар яаж мэдэх вэ?”
Энэ бол хамбын яриа биш бодол нь байлаа. Түүний өргөөнд морилсон хүмүүс юу ярихыг нь хүлээж цөхсөн янзтай. Тэр яриагаа эхэллээ. Сайхь бодсоноо ярилаа. Гэхдээ өөрийгөө хэн болох талаархи бодлоосоо ер цухуйлгасангүй.

Тэд удаан ярилцсаны эцэст нэгд татлаа түтлээгүй, хоёрт лам хувраг явсан, гуравт бас ч аминдаа тулсан аюулаас тойроод гарчихаж магадгүйгээр нь Ванчин богдын туслагч түшмэдийн дэргэд байх холбоочноор Намдагийг явуулах санал гаргаж, энэ санал дээрээ тогтов.

Намдагийн хувьд хамба сэтгэл дундуур төдийгүй юу л бол гэж бодож байсан боловч нийтээрээ дэмжсэн болохоор нэг их цааргалж олон юм яриад яахав гэж боджээ. Олны саналыг нь Намдаг зөвшөөрсөнгүй. Харин ч хамбад дургүйцсэн үгээ Намдаг хэлэн “Намайг дахин битгий гоочлоод байгаарай. Ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрах минь” гэж хэлжээ.

Хамба шөнө орой болтол ятган яриад ч нэмэр болсонгүй.
Өөрийн нь ярьсан “ирээдүйн” сайхан өмнө нь байгаад Намдаг итгэх сэтгэл үгүй гэдгийг нэгэнт мэдсэн хамба “Энэ золигийн талаар хүмүүсийн ярилцах үг лав ортой боллоо. Чи байгаад бидний мууг үзэх гэдэг болоо бий гэж бодлоо.

Хэнд ч хэлж болохооргүй хамаг чухал нууц ажлаа Намдагийг хийх байх гэж итгэн задалсан болохоор иш мухаргүй хараан зүхэж дайрах тэнхээ хамбад байсангүй.
Эвтэйхэн ярьж явуулчихаад эцэст нь нэгийг хийхээр санаад,
-Намдаг минь, би бодож үзлээ. Чиний зөв байна. Ариун цагаан хөдөлмөр хийж аав ээжээсээ өнчин хоцорсон дүүгээ харж асаръя гэсэн чиний бодол хүний л бодол. Тэгэхээр чамд юу гэх вэ?

Уг нь бидэнд нэг хүн ч асар их хэрэгтэй болоод байгаа цаг гэдгийг чи бэлхнээ мэдэж байгаа. Чи бол сүм хийдэд шавилан сууж байсан лам хувраг хүн.

Тэгэхлээр түс тас дургүйлхэж байгаа ч гэсэн эрхбиш биднээс ор сураггүй холдоно гэж санахгүй байна.
Чиний хэлсэн үгийг бид уучилж болноо. Чамайг энэ удаад болилоо шүү. Чамд зовлон гачигдал аргагүй бий. Үүнийг би сонссон. Саяны яриаг би хэлж чи сонссон болохоор бид хоёроос өөр хэн ч мэдэх учиргүй. Энэнийг хатуу санаж яв. Тэр ажлыг хийж чадах хүн чи л байсан юм. Одоо яахав. Ийм шив дээ” гээд Намдагийг гарахад хамба, “Зусар үг хэрэгтэй л гэдэг. Чамд хэрэг ч үгүй байхаа даа. Хорвоогийн шороо хөдөлгөх хоногийн тоогоо өөрөө ингэж гүйцээх гэж байдаг аа. Ариун цагаан хөдөлмөр гэнэ үү. Энэ чинь юу гэсэн үг бэ? Ариун санваартны амнаас гардаг үг лав биш. Чиний ажил хийхийг харъя даа. Амьсгалах тоогий нь маргааш гүйцээе. Хэнийг явуулдаг билээ. Аа тийм шүү. Ловон гэдэг хүн бий. Түүнийг авчруулъя” гэж бодоод өргөөнөөсөө гарахад шөнө орой болсон байлаа.


*      *      *

Жин үдийн нохой гаслам халууныг хоёр эр юманд эс бодсон аятай мордон хойд чигийг барин хөдлөв. Тэдний бие байдлыг харвал нас тогтож, намба сууцгаасан ажээ. Өмссөн зүүсний нь ажвал төрийн хар хүмүүс болов уу гэмээр.
Өргөн сайхан ташаатай, урт шанхтай нарийхан тасам хар мориндоо ихэд зохицсон хүрэн гөлөмтэй, боржигон эмээл дээрээ үл мэдэг хазгай суусан нүүр хавьдаа арай илүү махлаг өндөр эрийн нэрийг Даш гэнэ. Нөгөөг Намдаг гэдэг.

Мордсоноос хойш хэн хэн нь дуу шуугүй хэсэг явлаа. 
Амгай булаасан хашин хээр мориндоо мөнөөхөн хазгай суусан Намдагийг угийн яриа хөөрөө ихтэй болохоор нь ч тэгсэн үү, эхэлж яриа өдөх болов уу гэж бодсон нь харин ч талаар болж үүрэглэх аятай болоход “Мань хүний сэтгэл тавгүй бололтой. Урьд шөнө нойр хагаслаж дээ. Сайн эрийн шинжтэй морин дээрээ унтдаг шүү” гэж Даш бодон өмнөө униартан зэрэглээтэх өргөн талыг хэзээ барна даа гэсэн юм шиг явна.

Тэр хоёр нилээд явлаа. Намдаг үүрэглэсэн хэвээр. Морь нь унгалдаж зогсоо зайгүй сүүлээ шарвавч цочих янзгүй. Дашид бодож санах юм их л байлаа.

Гэвч уудам талыг харахад ухаан санаанд бодох бодол төвлөрөх шинжгүй. Дахиад л хэсэг явлаа.
Нойрмоглож явсан Намдагийг хэнгэнтэл санаа алдахад эргэн харвал амаа байдгаар нь ангайн нүднээсээ нулимс гартал нь эвшээж байлаа.

Тэгэхэд нь сая Даш ам нээж,
-Чи ч аргагүй сайн эрийн шинжтэй дэг ээ гэхэд
-Арав гаруй настайгаасаа Арын хүрээнд шавилсан надад юуны сайн эрийн шинж байх вэ дээ. Дээрх нар, урдах заманд буруу өгөлтэй биш. Хэсэг сайхан зүүрмэглэчихжээ. Газар овоо хорогдсон биш үү гэвэл Даш
-Овоогоор барах уу, одоохон хоёр тийшээ салах болчихоод байна. Чи өнгөрсөн шөнө өөдтэйхэн амраагүй юмаа даа гэж хэлэхэд Намдаг
-Уг нь ч унтана гэдэг санаагаар байдаг сан. Өөрөө шөнөжин унтахгүй ч гэсэн өглөө, өдөр нь ингэж золигтдоггүй сан гэхэд “Тийм шүү, тэгэхлээр мань хүн өөрөөсөө болж нойр хугаслаагүй байх нь ээ” гэж бодсон Дашийг
-Намдаг аа, саяных чинь юу гэсэн үг вэ гэвэл Намдаг сайхь үгээ булзааруулах гэсэн илэрхий аясаар
-Санаандгүй дэмий юм хэлчихжээ гээд дуугүй болов.

Даш энэ үгэнд их юм санасангүй, “Тэгээ л биз” гэж бодоод өнгөрөв.
Тэр хоёр нэг хэсэг дахиад л бие биесээ танихгүй хүмүүс мэт чимээгүй явав.
Дашид Намдагтай ярих юм байлаа.

Намдагийг ямар бодолтой явааг мэдэх хэрэг байв. Гэхдээ энэ нь цаанаа ямар нэгэн зорилгогүй, зөвхөн л сонирхох гэсэн төдий хэрэг. Намдаг бодлогоширсон бололтой, хараа алсад явна. Хараад байхад өөртэй нь ярих хүслэн үгүй баймаар. Юу ч болсон асуугаад үзье гэж санаад Даш

-Улс амьтан янз янзаар ярих юм. Учрыг нь олоход хэцүү болоод байна гэхэд Намдаг, Даш өөд нэг сүрхий харахчаа болоод
-Олж ойлгож цөхөх юм алга даа

Би тэдний ямар санаатайг тун сайн мэдсэн. Эдний л дүвчигнөж байгаа нь тэр. Гэвч чи ямар бодолтой байгаа юм, хэн мэдэх вэ гэвэл Даш
-Юу гэхэв дээ. Хамба, дэд лам хоёр угийн нэр төртэй улс сан. Хийх хэргийн тухайд харин юу л бол. Байдлы нь харна байгаа гэхэд Намдаг

-За чи ийм байж. Би болиноо. Ахуй амьдрал сайхан байна. Ардын засаг төрөө дагая. Бод л доо. Эдний хэрэг явдал бүтэлтэй гэж яаж санах юм бэ! Бүтэх, болох байсан юм бол эхлэхээсээ өлзийтэй өөдрөг байхгүй яав гэж. Өмнө нь ийм хэрэг бишгүйдээ гарлаа. Тэд цөм яалаа. Хоосон яриа, хий үзэгдэл болоод өнгөрснийг бид үзэж, дуулж сонссон биш үү. Явцгүй юм тийм л байдаг даа. Эрэгдэндагва, Галсандаш, Самбуу Дүвчин, Лувсанхаймчиг нарын удирдсан хэргийг үүсэж байхад энэ хоёр дуу алдаж зөвшөөрч, талархан дэмжигчдийн нэг байсан. Чи мэднэ дээ гэж цаанаа зуунгитай өгүүлэхэд “Мань эр ч үнэхээр тэднээс холдсон догоо. Санаа бодлоо нуух юмгүй солилцож болох болжээ” гэж бодсон Даш,

-Тийм нь ч тийм ээ! Тэр тусмаа хүн байна, санаа авмаар юм аа даа. Хачин юм шүү. Түрүүчээсээ дарагдаж ялагдаад байхад дахин үүсгэн байгуулах гэж ядаад байдаг. Би яадаг хэрэг вэ. Чи ч шийдсэн хүн байж гээд Дашийг асуусан маягтай харахад Намдаг,

-Чамд би юу гэж зөвлөх вэ дээ. Төрийн хар дүрдээ шууд ор гэлтэй биш. Ийм үед хүн ятгаад хэлээд хэрэг байхгүй. Чиний санаа мэднэ. Миний хувьд эргэж хургах юм алга гэлээ.

Морьтон хоёр цааш зах хязгааргүй үргэлжлэх салаа замын уулзварт ирж хэсэг азнан, хэлэлцсэн ч үгүй бие биесийг ажиж байгаад хэн, хэндээ найр тавин инээмсэглээд хоёр тийш явлаа.

Энэ хоёр эр бол нэг гол усны унаган нөхөд аргагүй мөн бөгөөд хоёул бага наснаас хүрээ хийдэд шавилан сууж хурал номын манз цавнаас хуваалцаж явсан, бага залуудаа дарвин дүрсгүйтэж тохь томоотой лам нарын дургүйг хүргэж зүггүй банди гэгдсэн андууд ажээ.
Гэвч тэр хоёрт ахуй  бага залуугийн аль болох, болохгүйг хийж хөгөлж байснаа санан ярих бодол хэн хэнд нь энэ удаа байсангүй билээ.


*      *      *

Манаран хийссэн улаан шороо арайхан намжив. Янхир хөх ат унасан эр орчин тойрноо сая сайтар ажлаа. Нүдэнд юу ч үл өртөнө. Хаврын хавсарганд аяншиж борлосон царай нь өнөө хир хэвээр, улам ч тос даасан гүжирмэг байдлыг харваас бядлаг эр. Дээлээ хөөргөн бүсэлж энгэр заамаа задгай орхисон нь танхай дүрийг оруулжээ. Түүний өмссөн хувцас хунар, барьсан ташуурыг ажсан хэн боловч хамаа намаагүй, дамын панзчин гэмээр. Тэрээр зорьж гарсан хийдээсээ зүүн тийш нилээд явсан боловч замд юм таарсангүй. Тэр бүү хэл бүртийх бараа харагдаагүйд санаа зовон цааш жонжуулан нар хэвийх үед Таван толгойн хөндийд орж ирлээ. Тэртээд тэмээн ачаа хөвөрч байхыг хараад сая амсхийх шиг болж “Бараа нь харагдсан хойно болох нь тэр” гэж бодов. Гэвч гүйцэн очихыг яарлаа. Дөхөн хүрвэл арван тэмээ ачаатай долоон эр тоогоороо байна.

Тэд араасаа хүн ирж явааг мэдсэн бололтой. Хөндийд хөвөрсөн хөсгийн цуваа түр зогсов. Сайхь эрийг очиход бирдаан, усан вамлий үүрч, өмссөн зүүсэн нь чинээлэг, чадал хүчтэй баймаар тэдгээр хүмүүс түүнийг болгоомжилсон янзтай хүйтэн царайлж мэндийн төдий солиотой угтав. Хэдий ийнхүү дуугаа хураасан улс мэт харагдавч чухамдаа ирсэн хүн хэн болохыг дор бүрдээ мэдэх гэж хүсэцгээж байлаа.

Басхүү ирсэн хүний байдал төрхийг хараад явдлын замд тус хүргэхийг яаж мэдэх вэ гэж бодоцгоосон ажээ. Тэдний нэг нь яриа өдөж,
-За, залуу хаа зорьж явна?
-Зорьсон газар уг нь зайтай.
-Аль нутгийн, алдар хэн гэгч билээ дээ?
-Түшээт вангийн Дамба гэгч дээ. Харин та бүхэн хаанаас хаа хүрэх гэж яваа улс вэ?
-Бид Балдан засгийн унаган хөвгүүдээ.
Нэг их холдохгүй санаатай. Санаагаар болох болохгүйг бүү мэд.
-Наймаа панзаар л яваа шив дээ.
-Тийм санаатай. Болдог үгүйг бас л бүү мэд болоод байна.
Хэлэлцээ таарвал гажих юу байх вэ?
-Чамд юу хэрэгтэй вэ?
-Цай, дүнсэн тамхи.
-За тэр яахав, залуугийн ачаа бараа алив дээ?
-Зах хүрч бараатайгаа залгана. Ахынд бэлэн байгаа. Тэндээсээ цааш явна.
-Ахынх чинь хаана юм бэ?
-Өлзийтийн усны зүүхэн талын баян Доржийн хуучин хаваржаа хавьд.
-Баян Доржийнх хаагуур нутаглаж байгаа вэ?
-Загал борвит гэлцсэн. Би бас очих ёстой юмсан. Олох л байгаа гэж бодох юм.
-Ямар хэргээр баян Доржийн босго алхах болоов?
-Бууны авлагатай юм аа.

Энэ үгийг сонсоод түрүүчийн яриа өдсөн хүний нүд сэргэхийг ажсан сайхь эр “эмзэг газры нь олж барилаа” гэж бодов.

-За тэгвэл, залуу хүүтэй яриа тохиролцъё. Бид чиний адил хэргээр яваа юм.
Арьс нэхий, унгас ноос, ангийн үс зэрэг аравхан тэмээ ачаатай. Тэгэхээр чи баян Доржийнд биднийг саадгүй газарчилна даа. Бид ч бас түүнээс хурдан буу хоёрыг, жаал “хоолтой” нь авах учиртай улс.
Тэгээд хамтдаа цааш явж наймаа хийе.
Санаа нийлбэл ганзага аяндаа нийлнэ гэв.
-Та бүхнийг зөвшөөрвөл зам гажихгүйгээр нь эхлээд ахынхыг дайръя. Бидний улаан замд байгаа.
-Болно болно. Харин хил хир чанга байгаа бол тэр тухайд мэдсэн юм байна уу?
-Ойрдоо ер яваагүй. Худал хэлэлтэй биш.
Хэсэг чимээгүй явж байснаа өнөөх эр

-Бидний хэн нь ч гэсэн болгоомжлох юм бий дээ. Чи мэдэх үү, үгүй юу? Тэр бол “Хамгаалахын Цамба”. Ёстой амьдаар турсгыг нь хуулж хаямаар нохой хуна.

Энэ чигийн аль сүвд яваа бол гэхээс айдас хүрэх юм. Уг нь бид Улаан дэлээр хил нэвтэрдэг байлаа. Тэнд нэг босоо ороолон бий болж урдуур хойгуураа улаан хөлтэй юм өнгөрөөдөггүй боллоо. Тэгсэн чинь улаан намын гишүүн юм гэнэ. Тэгээд ямар сайндаа ингэж явах вэ дээ гэхэд замын хань болсон эр “Чи л яриад явах юм. Эднийгээ захирч яваа ухааны хүн юм уу даа. Хамгаалахын Цамбыгаа танихгүй л хүмүүс бололтой. Улаан дэлд гарсан урдуураа улаан хөлт өнгөрөөдөггүй чинь миний танил төдийгүй эдний тухай өчигдөр надад хэлсэн Саманд байх нь” гэж бодоод дотроо инээмсэглэнгээ

-Тэгээд тэр Цамба, намын гишүүн хоёрын чинь хэн нь сүрхий болж байна даа. Би ийм айхавтар хүмүүсийн тухай ер сонсоогүй юм байна гэвэл нөгөө хүн
-Аль аль нь аюултай.
-Миний бодлоор бол та нарыг наашаа зүглэснийг чинь санахаар цаадахаасаа Цамба нь гайгүй юм болов уу гэж бодмоор.
-Тийм биш. Цамба чинь хамгаалахын хүн. Гэхдээ учир бий. Бид энүүгээр олон удаа гарч ороогүй. Бие биенээ мэдэх ч үгүй. Гай газар дороос гэгчээр гэнэт улайм цайм тулгарчихгүй бол гайхал тэр биднийг ингэж явааг зүүдлэх ч ёсгүй. Учир нь үүнд байгаа юм гээд эв хавгүй хөхрөв.

Зорьсон газраа нэгэнт хүрч чадахааргүй боллоо. Замын нөхөр тэднийг бүрий бараагаар нэгэн айлын гадаа шууд газарчилж ирлээ.
-Айл тааралдсан дээр гэрэл бараадаж энд амаръя. Ахынх хүрэхэд арай л зайтай байна гэхэд өнөөдүүл дуртайяа зөвшөөрч ачаа бараагаа буулган өдөржин явсан унаа хөсгөө амраан тавьж, унд хоол болон ид тавтай байх үед хэдэн хүн дээр нь буухад замын нөхөр хөөргөж бүсэлсэн дээлийн өвөрт гараа хийн боссоноо, ирсэн хүмүүст хандан,

-Уулзах газраа урдаар би “эдэнтэйгээ” ирлээ. Та нар ч хэлсэндээ хоцорсонгүй гэснээ өнөөх долоо руу эргэж
-Эрхмүүд минь эндээсээ одоо бидэнтэй буцна даа. Хамгаалахын Цамба гэдэг чинь би биеэрээ байна даа гэж ёжлонгуй хэлэхэд өнөөх эр газар нулиман босов.
Юун амрах вэ. Арван тэмээ ачаа бараатай долоон хүн хөсгийн түрүүг нутгийн гүн тийш эргүүлэн залав.

 

*      *      *

Үүрийн гэгээ хэдийнээ орсон боловч хүчит салхитай ширүүн бороо цутгасаар ажээ. Шонгоос уяатай хул морь шуургат усархаг бороог уруудан толгой гудайлган зогсоно.

Уяанаас холгүй ядуувтар бололтой айлын бага таван ханатай, эсгий бүрээстэй бор гэр байна.  Гэрт бүгтхэн гэрэлтэй. Өрх нь салхинд өөрөө бүтээгдсэн янзтай. Яндангаа авч өрхөө татаагүйг бодоход хүнгүй ч юм шиг. Гэрийн хаалга ялимгүй онгорхой. Энэ бол Намдагийнх ажээ. Зүүн талын модон орон дээр арав гаруй насны хүүхэд хөвөнтэй хүрэн дээл өрөөлдөн нөмөрч бөх нойрсоно. Зуухны хавь газар яндан дагаж орж ирсэн ус тунарчээ.
Гэрт энд тэндгүй дусаал дусаж под под хийх чимээ гарна.

Хүүхдийн хэвтэх орны тушаа чанх дээрх үжирсэн эсгий дээврийн цоорхойноос дусах ус нь унь даган багадаа үлд гарсны гэрч болон үлдсэн түнжгэр толгой дээр нь дусахад жаал хүү хажуу тийш эргэн хэвтэж дуслаас зайлав. Тэгэхэд хүүгийн саарьтсан багахан биед баймгүй том хөл дээлийн завсраар цухуйна.

Жаал ингэж байж хэдийнээ сурсан бололтой. Ганцаар унтахаас айж ичихээ ч байжээ.
Ловонг босго алхаж давхар хүрмээ тайлж, үүдэнд усыг нь сэгсрэх чимээгээр жаал хүү сэрж ирсэн хүнийг хараад ахыгаа гэж саналаа.
Тэгтэл
-Энэ бороог уу? гэж тээршаасан байдлаар амандаа бувтнах дорой дууг сонсоод өөр хүн гэдгийг мэдэв. Тэр дуу нэг л танил дуу байлаа.

Дөхөн ирэхэд нь Амар, Ловонг гэж танив. Ловон модон орон дээрээ өндийн хучсан дээлээрээ нүцгэн биеэ хулдан суусан Амарын урд очиж өмнө нь дэвссэн нас бие гүйцсэн бүдүүн үхрийн адсаганаа бохирч суугаад хүн дуулчих вий гэсэн мэт болгоомжлох байртайгаар хөмсөг зангидаж оочин сахлаа имрэн

-За дүү минь, одоо яана гэх вэ? Итгэсэн нөхөд дайсан болж хувирсан цаг хойно. Хэний нь бүү мэд. Нэг нь ахыг чинь хороочихсон бололтой догоо. Уурын мунхагаар хүн хэзээ хол явж байлаа. Бие сэтгэлээ сайн барих хэрэгтэй. Хүнд усан нүдэлж бүү үзэгд. Юм болоогүй юм шиг бай. Тэвчсэн сэтгэл тавирах нэгэн цаг мөд ирнэ. Цагийг нь болохоор яахыг чамд би хэлээд өгнө. Тэр болтол өнгөн дээрээ инээж л яв.

Энэ үгийг сонссон Амарын царай барайж, хоолой нь зангирч ирсэн боловч бяцхан ухаандаа Ловонгийн хэлсэн үгийг санаад шазуур зуун тэсэж чичирхийлсэн дуугаар арай ядаж,
-За, ах минь гэлээ.
-Хичээ, миний дүү. Эр хүн хэлсэндээ хүрдэг ёстой юм гэнэ билээ.
-Чи одоо энэ гэрийг толгойлох эр хүн боллоо. Урин дулаан цаг хойно одоо хир юу алзах вэ?
Цагийн аятай цаашлахад олон ч юм бодогдож тэвдэж сандрах хэрэг гарна.
Бэрхшээлийг давж хүн амьдрах учиртай юм гэдэг. Яахав болно байгаа. Амьтан ах дүү тусална биз. За ийм байна. Ах нь явлаа.
-Та яв даа, би босъё.
-Дүү минь! Юмыг яаж мэдэх вэ? Хүн амьтан ирж элдвийн юм асууж юуны магад.
Дотоод Яамны төлөөлөгч Цамба лав ирнэ байлгүй. Тэр муу хүн шүү. Ахад чинь тэдний л хорлол хүрсэн. Тэгэхлээр юу ч битгий хэлээрэй. Ахыгаа ирсэн гэж хэлж ер болохгүй шүү. Сайн санаалаад ирж хэлсэн юм. За явлаа.
-Тэг дээ. Би юу ч гэж хэнд ч хэлэхгүй.
Эр хүний ёсоор андгайлъя.
-Зөв, хүү минь. Буруу номтноос тойрч, бурхан шүтээндээ залбирч яв.
Ловонг явснаас хойш гэр нь нэг л их хачин санагдаад явчихав. Хорвоо дээр ганц санаж сарвайж явсан ахыгаа байхгүй болсон гэж бодохоос, дотор харанхуйлан өөрийн эрхгүй нулимс унагавч сэтгэлээ барихыг бодно.
Уржигдар шөнө хэн нэгэн хүн ахыг нь дуудан мордсоноос хойш ах нь ирсэнгүй.  Ийм хэрэг болно гэж яаж санах вэ? Явж л байдаг, ирж л байдаг байлаа.
Бороо орсоор... Тэнгэрийн байдал мөд онгойх янзгүй. Амарын сэтгэл ч тавгүй. Юуны түрүүнд төлөөлөгч Цамбыг саналаа. Бодох бүр хачин санагдлаа.
Хаа нэг хүн амьтангүй газар түүнийг ахтайгаа жигтэй уулзаж байсныг Амар нэг биш харжээ. Энэ үед Ловонгийн хэлсэн үг бодогдов. Тэр одоо, ажил албагүй мэт үүгээр түүгээр хэсэн явдаг Цамбыг муу хүн байжээ гэж ойлголоо.

 

*      *      *

Цамбыг гаднаа ирж дөрөө мултлахад тэднийхээс галч авгай гарч гэр өөдөө оров.
Гэрт дулаан сайхан байлаа. Зууханд гал түлж дээр нь домботой цай, жижиг цагаан савтай юм тавьжээ. Цамба нар, салхи, бороо шороонд гандаж өнгөө алдсан саравчтай хар малгайгаа авч орон дээрээ тавиад шар чисчүү урт бүсээ тайлан шалны өрний дэргэдэх модон сандалд суув. Шалны өрнөө аяга, халбага, хутга бэлтгэн тавьжээ.
Энэ нь галч авгайн хийсэн ажил байлаа. Өнгөрсөн жилийн хавар түүнийг энэ нутагт ажлаар томилогдон ирэхэд анх уулзаж танилцсан хүн нь зарлага өвгөнийг эс тооцвол бараг энэ авгай байжээ. Сумын бүх дарга нар ажил албаар багуудад гараад хараахан буцаж ирээгүй байлаа. Тэр авгай энэ гэрт дагуулан ороод
-Хүүгийн нэрийг хэн гэдэг вэ гэхэд
-Цамба гэвэл
-Уг нь энэ нутгийн бол юунаа алзах вэ?
Дарга нар явахдаа хүн ирэхэд энд оруулж, намайг хоол ундыг нь хийж өгч бай гэсэн юм. Эгч нь хоол унд хийхдээ барагтай. Гэвч болно байгаа гэжээ.
Ингээд л энэхүү их таван ханатай гэрт хүнээр хоол ундаа бэлтгүүлэн ажиллаж, амьдарсаар нэгэн жил гаруйг тойрчээ. Гэтэл өнгөрсөн нэг жилд өчнөөн хүнтэй танилцаж, олон ч юм үзсэн байв.
Тэрээр босож домботой цайнаасаа ууж, савтай хоолноосоо идэж тухлав.
Тэгснээ гэр доторхоо гүйлгэн харлаа. Баруун хаяанд тавьсан эмээл, түүнээс дээхэн бичгийн ширээ, ширээн дээр том мөнгөн цөгцтэй өөхөн дэн, гэрийн хоймор голлон цэмцийтэл хураасан төмөр ор, орны хөлд цоож лацтай төмөр авдар, түүний доод хэсэгт хоолны жижиг шүүгээ байна.
Хаалга болгоомжтой онгойлгон галч авгай орж ирэв. Тэрээр Цамбыг нэг сүрхий хараад “Хүүгийн маань явсан ажил бүтсэн бололтой. Сэтгэл санаа нь тайван байна. Явсан хэрэг бүтэлгүй бол хувцас хунартайгаа орон дээрээ хэвтчихдэг хүн” гэж бодсоноо зуухан дээр байгаа цай, хоол өөрийн нь тавьсан янзаар байгааг үзээд
-Цай, хоолоо идэж уухгүй яагаа вэ, хүү минь. Одоо хөрчихлөө дөө гэхэд Цамба
-Эгч минь санаа зоволтгүй. Таныхаа хийсэн сайхан цай, хоолыг халуунаар нь хүртчихсэн.
Ундаасаж өлссөн юм байлгүй. Хоол, цай цөмөөрөө л ходоодонд багтлаа гээд хөхрөв.
Авгайн санаа амарсан бололтой. Тэр сая санасан янзтай өврөө уудалснаа битүүмжилсэн нэгэн бичиг гаргаж
-Хэн ч билээ, олон ч удаа харж, олон ч удаа нэрийг нь сонссон юмсан. Тосоор гоож, мартаж орхилоо. Өдөр хоногоор улам л уймраа болж гүйцлээ. За, за чамтай хамт гөрөөнд явдаг нэг хүн өглөө орхиод явсан юм. Харин ирсэн даруйд нь хурдан өгөөрэй гэснийг нь би мунгинаад энэ гээд өгөн буцахдаа  аяга, халбага, хоолны сав, домбыг хоёр гартаа барин гарав. Бичгийн нүүрэн дээр “Төлөөлөгч Цамба танаа” гэж уйгаржин монгол үсгээр таталган бичсэн бичгийг хараад Цамба, Түндэвийн бичиг шив дээ.
Ямар сонин зүйл дуулгах нь вэ? Чухал л зүйл юм байх даа гэж бодоод бичгийг задаллаа... Уншлаа.
-Царай нь барайна. Дахин уншлаа. Намдаг өөрийгөө алжээ. Цамба бодлогоширов. “Өөрөө өөрийгөө ална” гэдэг чинь юу гэсэн үг бэ? Тэр тусмаа Намдаг шүү!
Амьд явахаас уйдсан баймааргүй юм даа. Алгын чинээ дүүгээ бодсонгүй гэж үү. Ядахдаа миний байхгүй араар шүү. Эсвэл муу хүмүүст хорлогдов уу. Тийм гэх аргагүй ээ. Сайн ч, хэрэгтэй ч хүн байсан юмсан. Айлд ч орох завгүй. Ажил ундраад л байдаг. Сүүлийн үед барьц алдах хэрэг гарах нь уу даа. Үгүй ээ, би ингэж ер бодож болохгүй. Ажиллах л хэрэгтэй. Энэ нутгийн энгийн ардын энх амгаланг хамгаалах үүргийг эх орон надад даалгасан юм.
Юу ч болсон газар дээр нь очиж байдлыг үзье. Аймаг руу хэл хүргүүлье. Жаахан оройтох нь дээ. Гэвч цаг алдаж болохгүй.
Бид л сайн ажиллаж байж айх эмээх юмгүй амгалан цагийг авчрах ёстой.
Гадаа дөрөө харших чимээ гарав. Цамба хэн ирдэг билээ гэж бодлоо. Төдөлгүй хаалга болгоомжтой онгойж, мориных нь эмээлийг дааж ядан барьсаар галч авгай орж ирэв.
Гадны хүн биш, галч авгай нь түүнд бас л тус болох гэж ядаж явжээ.
-Эгчээ, та яах нь вэ дээ.
-Чамд л амар гэж бодсон юм. Ядарсан биз, эртхэн хэвтэж амар.
-Баярлалаа. Би нөгөөдөр ирнэ.
-Буцах хэрэг үү. Морийг чинь тавьсан юмсан.
-Санаа зоволтгүй ээ. Та харьж амар...
-Ажил гараа юу?
-Тэглээ.
Галч авгай Цамбыг сайтар ажлаа. Ирэхийн царай биш байлаа.
Тэгээд “Саяны гайтай бичгээс боллоо. Амарч хэвтсэн бол аштай юу. Мартсан бодоод маргааш л өгдөг байж. Миний аль мунгинахыг тэр гэх вэ? За гэвэл ёогүй хүү болохоор явж л таарлаа” гэж боджээ.

 

*      *      *

Цамба зэргэлдээ сумын төвд ирээд шөнө дундыг өнгөртөл энэ тэр элдвийн ажлыг хийж суух үе төвөөс зайдуу нэгэн айлд хэдэн хүн түүний тухай хэлэлцэж байлаа.
-Цамба иржээ дээ?
-За, яаж байна.
-Захиргааны үүдэнд бараа нь харагдах шиг...
-Мэдээжээр тэгээ л биз.
-Чухам аа, улаа үзсэн газар шувуу үзэгддэг хойно.
-Хэнийх нь улыг шагайх гэж яваа бол доо.
-Залгаа сумын Намдаг гэдэг урд гэлэн нэртэй явсан хүн энүүхэн зүүнтээ үхжээ гэж улс амьтан ярьсан.
-Очиж очиж энд нь ч юу билээ.
-Ёстой гэм. Ёр удсан хог!
-Төрөхөд үхэх газрынх нь шороо хаа нэгтэй пурхийдэг юм гэнэ лээ.
-Тэгвэл Намдагийнх энд пурхийсэн юм байлгүй.
-Хүн хороочихсон хэрэг үү.
-Асууж чадаагүй. Лавладаг юм уу гэж бодсоноо муу юманд хөл ороогдож магад гээд сонсоогүй хүн боллоо.
-Асуулаа гээд яана гэж?
-Юмыг тэр гэх аргагүй.
-Чи мөн балчир байна даа. Санчигныхаа үсийг бууралттал иймхэн юмын учрыг асуугаад байдаг. Мөн цайрсан бодолтой хүн ээ.
-Моньд чинь ингэж яваад яах л бол доо.
-Хэлээд яах вэ? Нэг юм болох нь ч болноо.
Түүнийгээ харин өөрөө мэддэг, үгүй нь.
-Юу гэсэн үг вэ?
-Намдаг шиг л болохгүй юу. Амьсгаатай бол юутай орооцолдож явдгаа мэднэ гэсэн хэрэг дээ.
-Үе үе л ирсэн үзэгдэх юм байна.
-Чухам аа, юу хийдэг байна даа.
-Хавийн сумдыг хариуцсан хамгаалахын төлөөлөгч ухаантай юм. Тэгэхлээр мэдээж ямар өөдтэй ажил хийв гэж. Жил болохдоо юу хийлээ?!
-Хамгаалахын төлөөлөгч өө?!
-Тийм ээ.
-Тэрийг чинь Дотоод Яам гэж нэрлээд нилээд удаж байх шив дээ.
-Аа тэгсэн үү. Юу ч гэдэг болсон, надад ямар пад байх биш.
-Хир хүн сайтай эр вэ? Би сайн мэдэхгүй юм. Хүмүүсийн хэлэлцэхийг ч сонсоогүй.
-Тэгвэл одоо мэдэж ав. Ёстой ёозгүй эр!
Сайндаа л саяхан миний танил долоон нөхдийг барьчихсан дуулдах вэ? Олон удаа орж гарсан хүмүүс юмсан. Гэнэдсэн бололтой. Хэдэн ангийн үс өгч явуулсан юм. Тэр байдаггүй.
-Яагаад?!
-Миний гарт зүсээ хувилган ирэхээсээ өмнө Цамбын гарт хураагдчихгүй юу.
-Чухам аа, чухам. Намайг бас чадсан юм.
-Ардын нам, улааны талыг барьж мах цусаараа хамгаалж, бурхны олон шавь нартай тэмцдэг тэр гайхал хил хэвтэрч хүний нутагт санаа амар жаргах байсан манайхны замд ирсэн даруйдаа бул болж, хориг тавьсан гол хүн байгаа юм. Түүнээсээ болж би хэдэн сар асуугдаж байцаагдаж, хоригдож үйл тамаа үзсэн юм.
-Тэгээд гайгүй гараа юу?
-Яахав, энд сууж л байна. Ярьж мэдүүлэхэд их учир байдаг байна.
-Аа тийм бий вий. Холуур явж байвал таарах чөтгөр байх нь ээ...
Эднийг ингэж ярьж байхад Цамба өөхөн дэнгийн гэрэлд бодол болон сууна. Намдаг өөрийгөө боомложээ. Хэд хэдэн хүнтэй уулзсан боловч хэрэгтэй үг сонссонгүй. Газар дээр нь үзлэг сайн хийсэн боловч ханзарч унасан ганц товчноос өөр юм олсонгүй аж. Намдагийн өмссөн дээлийн товч бүрэн байлаа. Урд нь байсан юм уу гэхэд ханзарч хоцорсон товчны байдал нэг л биш. Гадны ямар нэгэн нилээн хүчтэй нөхцөлд дээлнээсээ ханзарсан бололтой тэр товчийг харахад ханзарсан аяархи шилбэний утас шинээрээ. Зангидсан товчтой хэсэг, шилбэтэй талыгаа бодоход арай гандсан нь бага. Ингээд бодохоор суганы товч бололтой. Лав энгэр, хоолой, ташааных биш гэдэг илэрхий. Үлдэж хоцорсныг нь санавал шилбэний нүх товчоо торгоох төдий уужуу байжээ гэмээр. Юу ч болсон энэ товч түүнд их зүйлийг хэлж өгөх ёстой гэдгийг Цамба ойлгожээ. Тэгээд ч тэр үү, өмнөө байсан хэнийхий нь мэдэхгүй ганц товчийг авч цаасанд нямбайлан боолоо.
Энэ бодлоосоо салж өөр зүйлийг санан толгойгоо түр амраах гэж бодсон боловч эргээд Намдаг, гайхалтай товч хоёр бодлоос нь холдсонгүй.
...Шөнө дундаас хойш төлөөлөгч Цамбын бэлчээрт тавьсан чөдөртэй морийг хурц мэстэй нэгэн хүн манасаар үүр цайлгажээ.

 

*      *      *

Гэрээсээ гарч ирсэн Даш жаргаж байгаа нарны тэндэх доод үзүүрээр далд орох хүнийг харж, таниад уян дээрх морь лугаа явав.
Дашийн таньсан хүн Цамба байлаа.
Тэр Цамбатай зэрэгцэн ирээд шууд л 
-Онц юмгүй, ойрдоо Ловонгоо алдсан. Надад баригдах юм биш. Хамбын дэргэдээс холдохоо байлаа гэж хэлснээ Цамбыг толгой дохиход.
-Та дуулаа биз дээ. Үнэн болов уу? !
-Үнээн! Ажвал Даш хачин эвгүй болов.
Тэгснээ Даш санаа алдан
-Би айх ч шиг болох юм гэхэд Цамба үг цохиж 
-Юунд? ! гэлээ.
-Та сонсох уу? Ийм юм болсон юм. Яагаад ч юм бэ. Бид хоёр уулзаагүй нилээн удаж, уулзахдаа бас санаандгүй тааралдсаны нь яана. Тэр талийгаач бид хоёр Богинод тэр тусмаа үхдэг өдрийнх нь үдэд дайралдаж Залгаагийн хөндийн салаа зам хүртэл цуг яваад хоёр тийш салсан юм. Одоо бодохноо нэг л хачин байсан шүү. Би ямар бодол санаатай явдгийг нь сонирхсон.
Засаг төрийнхээ талд бүрэн эргэсэн юм шиг байсан. Урдын байдлаа эргэж санахад ч дургүй байна билээ. Ердөө энэ.
-Үүнд чинь айхаар юм байна гэж үү?
-Байлгүй яахав. Хамгийн гол нь хамт явж байсанд байгаа юм. Хөөрхий минь их л хачин байсан. Санаа сэтгэлээр лав тайван байгаагүй. Би л өдөж байж нилээд юм ярилцсан Ай хөөрхий!
-Та хоёр чинь багын андууд биз дээ.
-Ямар яриа байх вэ? Аймаар юм. Хүн сонсвол юу гэх вэ? Аягүй бол намайг алчихаж гэхгүй байгаа.
-Та санаа зоволтгүй ээ. Бид танд одоо ч итгэж байна. Намдаг өөрийгөө хороосон бололтой юм. Яахав. Харсан хүнд ингэж бодогдохоор. Гэвч цаанаа нарийн учир бий байх. Хэзээ юм, лавтай учир нь олдоно.
-Тэр цагт чинь миний санаа бүрмөсөн амарна.
Би түрүүхэнд муу дүүгий нь эргэж очлоо. Намайг сайн мэднэ л дээ. Баахан уйллаа. Юм ч хэлэхгүй юм.
-Би бас уулзсан. Танд юм хэлээгүй болохоор надад ч хир байгаа.
-Харин надад Дамдин сонин юм хэлсэн шүү.
-Дамдин гэдэг чинь хэн билээ. Аа тийм тэдний саахалт уу.
-Үнэн, үнэн.
-Хэний тухай юу гэх юм.
-Уржигдрын цаад өдрийн үүрээр, тэр их усан борооноор тэднийд Ловон сандруу буугаад мордсон гэнэ.
-Хэнийд тэр вэ?
-Одоо Амарынд л тэр. Түүнээс хойш Амар нэг л ондоо болчихлоо гэх юм.
-Аа тэгсэн үү. Ноцтой хэрэг байна.
-Амарын хачин болсон нь надад ч юм мэдэгдсэнгүй. Байдгаараа байсан.
-Та Ловонгоо сайн харж яваарай. Энэ хэрэг лав нэг тийш болно. Тэр болтол саяны яриаг та, бид хоёроос өөр хүн мэдэх учиргүй шүү. Тэр цагт Амар хүү нөхөр, дайсан хоёроо таних болно гэв.
Цамба цааш явахдаа олныг бодлоо. Усан борооноор Намдагийнд Ловонгийн очсон гайхалтай биш гэхнээ түүнээс хойш арав гаруйхан насны багахан хүү хачин болсон нь сонин байлаа. Ловон гэж хэн вэ? Жирийн нэг лам хүн. Гэвч тэрээр Цамбын анхаарлыг татлаа.
Сумын хуучин төв дэх сүм хийдийн лам нар нэг л янзтай болжээ. Чухам тэднийг яах гээд байгаагийг нь Цамба сайн мэдэж чадаагүй яваа юм. Сайн мэдэхийн тулд түүнд сайн нөхөр хэрэгтэй байлаа. Итгэлтэй сайн нь гээд хуруу дарвал Түндэв гээд зогсчихно. Даш яахав, хуучин лам явсан боловч одоо лам нэрнээс цаашгүй. Тэдэндээ нэр хүндээр улам муудлаа.
Уг нь ч ийм байгаагүй юм. Миний муугаас болж байгаа юм. Одоо ойртуулаад ойртуулаад юу л бол. Тэрэнд орвол Ловонгоо алдчихгүй хараад байвал хэрэгтэй байж магадгүй” хэмээн бодож явлаа.

 

*      *      *

Гадаа хүн ирж буух чимээ гарав. Төдөлгүй Цамбын гэрийн хаалга дуугарах сонсогдов.
Галч авгай Цамбыг ирлээ гэж бодон галдаа аргал нэмлээ.
Аймгаас ирсэн төлөөлөгчийг Цамбынд ороход хүн алга. Байдлыг ажихад хүн байгаа шинжгүй боловч гал хөс түлсэн байлаа.
Ганц эр байдаг гэхэд гэр орны юмс цэвэр цэмцгэр ажээ. Тэрээр малгайгаа авч дэрэн дээр тавиад бүхлээрээ хажуулав. Зүг чиггүй, зөвхөн мөр төдий балархай хэргийн учир энд ирснээ санав. Аймаг дахь ангийн дарга нь түүнийг дуудаж,
-Хэсгийн төлөөлөгч Цамбаас хэл иржээ.
Хүн үхсэн байна. Ер нь тэндхийн байдал түвэгтэй болж байгаа сурагтай. Иймд та тийшээ очиж доод тал нь сар ажиллах хэрэгтэй байна. Та энд тэнд явж их юм үзсэн манайдаа хуруу дарах туршлагатай хашир хүн. Тэгэхээр яаж ажиллахаа надаар хэлүүлэлт юу байх вэ? Юу ч болсон сарынхаа цалинг авч яваарай! Өнөөдөртөө багтаж гарна шүү гэжээ. Ингээд л зорьсон газраа ирж замын алжаалаа гаргаж хажуулж байгаа нь энэ билээ. Хүн үхсэн! Өөр мэдэх юмгүй.
Цамба алга. Мань эр лав үхдэлийн тийшээ явсан байж таарна. Уг нь шаггүй залуу даа. Хамт ажиллахад ч урамтай шүү гэж бодож байтал нэг хэсэг зүүрмэглэв.
Галч авгай хоол, цай барьсаар хаалга онгойлгон сэмхэн орж ирэв. Тэр хойд орон дээр бүхлээрээ буруу харж хэвтсэн хүнийг хальт харан
-Хүүгийн явсан хэрэг лав бүтсэнгүй дээ гэж амандаа бувтнан хоол, цайг гал дээр тавихдаа ялимгүй чимээ гаргалаа.
Аймгаас ирсэн төлөөлөгчийг цочин өндийхөд сая тэр өөр хүн болохыг мэдээд гайхлаа. Зүс ер үзээгүй санагдлаа. Түүнтэй зэрэгцэн юу ч билээ гэсэн бодол давхцав.
-Та амархан сайн уу?
-Сайн шүү, хүү минь. Ингэхэд чи чинь хэн билээ? !
-Намайг Сүрэн гэдэг. Та танихгүй байх аа!
-Тэгж таарлаа.
Мөн ёжтой хөгшнөө гэж бодсоноо Сүрэн
-Цамба хаачсан бэ?
-Би, ...би ч юу байх бэ, хүн нэг бичиг...
За бүр болилоо. Худал юм хэлж хүүхэд мунгинуулах нь, тосоор гоож. Оройхон мордоод явсан. Хоёр хонолоо. Алга шүү. Хэлснээрээ бол өнөөдөр ирэх байх.
-Аа тийм үү. Би танай энд ажиллахаар аймгаас яваа хүн.
-Юун сайн юм бэ? Та хоёр тэгээд хамт ажиллах хэрэг үү.
-Тэгнээ эгч ээ.
-За сайн байна. Муу хүү минь тэгвэл ажил хөнгөрч амрах байгаа. Гэр орноороо бүр ирнэ биз дээ.
-Энэ гэрт хамт байж нэг сар ажиллана.
-Буцах юм уу?
-Юу боловч сар болно. Ажил дуусвал тэгээд буцна дээ. Ард бас ажил байгаа.
-Тосоор гоож гэж. Нэг сар ч гэсэн санаа бодлоо хуваалцах хүнтэй болдог аштай юу.
Би чинь чамайг Цамбыг л гэж бодлоо. Би хүүдээ хоол ундыг нь бэлтгэж өгдөг ажилтай хүн дээ. За хүү минь цайгаа ууж, хоолоо ид.
Цамба чинь одоохон ирэх байгаа гээд гарав.
Тэгснээ буцан орж ирээд
-Хэлээгүй юу, Цамба ирж байна. Би дахиад хоол унд хийе. Миний хоёр хүү болж бүтэхээрээ наад жаахныгаа хуваагаад идэж уугаарай.
Би тун удахгүй гэсээр гарав.
Авгайн ааш зан түүний сэтгэлд нийцжээ.
Ийм хүнтэй байхад ажиллаад байхаас өөр юм бодогдсонгүй. Тэр ихэд урамтай байлаа.
Чухам энэ үед ирсэн хэргээ нэг хэсэгтээ ор тас мартсан байлаа.
Сүрэнгийн танил хүн хаалгаар харагдав.
Сүрэн Цамбатай мэнд амраа мэдэлцээд ажил төрлийг нь асууж, гарсан хэргийг лавласны дараа олон зүйлийг мэдэж авлаа. Цамбын яриа ихэд сонин санагджээ.
Байдал төлөв Намдаг өөрийгөө боомложээ гэмээр. Гэвч модноос уясан уяа нь зөвхөн оромдож. Ийм нөхцөлд яаж өөрөө өөрийгөө хорлох билээ. Гэтэл ганц товчноос өөр мөр улбаа байдаггүй. Дээлний товчны тухайд түүний бодол Цамбынхтай нэг адил байлаа.
Эцсийн эцэст энэхүү товчны эзнийг олж тогтоох эрэлд орохоор тэр хоёр санаа нийлэн тохиролцов. Энэ нь тийм ч авсаар амар ажил бишийг хэн хэн нь ойлгож байв.

 

*      *      *

Ашгүй та байна уу? гэсээр Цамбыг орж ирэхэд Сүрэн гайхан юу болсныг асуулаа.
-Гайтай товчны хойноос эрсээр яваад гайхалтай юм мэдэж авлаа.
-Хэнээс тэр вэ?
-Түндэвээс. Юу гэхэв, ёстой сайн эр юм даа.
-Түндэв гэдэг чинь чиний яриад байдаг нөгөө аягач лам биз дээ?
-Хэлээд яахав. Та энэ бичгийг уншаач гээд 
Цамба бичгийг Сүрэнд өгөн өөрөө хажууд нь суув. Сүрэн бичгийг задлан амандаа уншив.
“Таныг хамба нэрээр Богд ламын шашинд өргөмжлөн ард олны нүдний чимэг болгож уул даалгасан үүргийг үүрүүлэн хүлээлгэсэн болой.
Та бол бурхан шашныг барих, арвижуулах тэргүүнтэй амьтны тусын тулд ажлыг үлэмж ихээр хянаж, бие сэтгэлээр хүчин зүтгэж байгаа нь ууланд арван тавны сар туссан мэт байна. Таны бие хувраг хүний ёсыг барьж тэр зүгийнхээ амьтанд итгэгдэж явах хэрэгтэйг таны сэтгэлд нууцлан тавьж захья. Миний өгсөн тагнуулын даалгаврыг сайн гүйцэтгэхийн төлөө чармай! Ванчин гэснийг Сүрэн дахин шунан уншлаа.
Тэгснээ урдаасаа инээмсэглэн харж суугаа залууг үнэхээрийн талархсан янзтай харав.
-Миний сайных юу байх вэ? Түндэвийн зүрхтэйнх. 
Хамбыг морь харах хойгуур хөеөгий нь ухсан юм гэнэ. Удалгүй буцааж байранд нь хийлгэлгүй болохгүй. Сэжиг авч, үнэр таньж магад.
-Уулын мод урттай богинотой гэдэг. Хичнээн үнэн үг вэ. Бидэнд түүн шиг үнэнч улс чухал юм даа. Бидний ажил тэднээс, биднээс шалтгаална. Цаадахдаа болгоомжтой хянуур бай гэж захиарай. Уулзах бүрдээ захиж бай.
Сэдэв авахуулбал түүний аминд ч, бидний ажилд ч аюултай гэж мэд! Чи бидний бодож байгаа зөв бол Намдагийн явдлаас сургамж авах хэрэгтэй. Чамд би номчирхоод яахав. Гэвч зарчмын юм шүү дээ. Тэгэхлээр чи энэ бичгээс сүм хийдийнхээ лам нарын юу хийх гээд байгааг мэдэв үү.
-Хаширдаггүй байх нь ээ.
-Чи тэднийг нэг л сонин боллоо гээд байл уу.
Ичнэ гэдэг чинь эдний хувьд “унтана” гэсэн үг биш байна. Хөөрүүлэх сүүний гал нь удахаар дээрээ бус ёроолдоо даргидаг юм.
-Гашуун туршлагаа давтаж таарлаа.
-Мэдээж боллоо. Намдаг эдэнтэй ямар холбоотой байсан бэ?
-Ер нь хөндий байсан. Сүүлдээ бүр тангараг тасарсан гэмээр.
-Тиймээ, би Даштай уулзаж сонссон. Түүний талаар чиний ярьсныг ярьж байна билээ гэснээ Сүрэн цаас гарган түүн дээр харандаагаар оосор бүчгүй орд өргөө зурав.
-Энэ юу бэ?
-Гэр л байна.
-Гэр нь ч гэрээ. Энэ бол Хамбынх.
-Яндан алгаа даа?
-Тийм байна.
-Яндантай болохоор зуух байх зайлшгүй. Зуухтай байхаар тогоотой байж таарна. Тогоо байгаа болохоор дотроо юмтай байх нь мэдээж. Энэ бүхнээ ярих явцдаа өнөөх цааснаа дүрслэн зурах нь Цамбад их сонин бодол төрүүлнэ.
-Тогоон дотор харин юу хийсэн байж болох вэ?
-Сүү.
-Яг үнэн. Миний түрүүнд чамд ярьдаг.
-Сүү хийсэн болохоор би ч, чи ч гайхахгүй. Мөн ч учиртай болж байгаа биз.
-Тэглээ шүү.
-Үүнийг хувьсгал ялсны дараах хэдэн жилийн хамбынх гэж саная. Сүмд хийд лам хувраг цөм ийм байлаа. 
Нэгэнт тогоондоо сүү хийсэн болохоор зорилго тодорхой. Хөөрүүлэх гэсэн хэрэг. Хөөрүүлэхийн тулд зууханд гал хэн түлэх вэ? Лам хуврагууд цөм эхнэргүй. Өөрсдөө түлэх хэрэгтэй. Гэвч хамба хүн гал түлсэн удаагүй.
Сүрэнг юу хэлэх гээд байгааг Цамба таахын аргагүй боллоо. Гэсэн хэдий түүний яриа улам сонирхолтой болж байлаа.
-Гал түлэхэд учир бий. Тэр тусмаа сүү хөөрүүлэх гал асаах амаргүй. Их өрдөхөд нэг хэцүү. Бага бол бас хэцүү.
Гэтэл хувьсгалт засаг төрд дайсагнасан тэд дайснууд энэ галыг эсвэл ихдүүлж, эсвэл багадуулж, тогоон дахь сүүгээ хөөрүүлж асгаж, зарим нь дуншуулж юу ч биш болгожээ. Үүний нь энэ хамба харсан шүү дээ. Тэгээд сүү хөөрүүлэхэд түлэх галаа тааруулах хэрэгтэй гэж нут боджээ.
Тэр үед галд хийх аргал түлшийг хаанаас ч авчирч болдог байлаа. Одоо бол гарч болохгүй болсон байна. Нөөцний жаахан түлээгээрээ сүүгээ хөөрүүлэх гэж хамбынх оролджээ.
Гэвч галаар тасарлаа. Гаръя гарч болдоггүй. Больё сүү нь хөөрхий. Хөөрүүлэхгүй гэхэд хүсэл ханахгүй. Түмэн зовлон, мянган бодол. Сайхан гэж үү. Хамбын хувьд юуны сайхан байх билээ. Үүнийг хамба гуайтны одоогийн байдал гэж саная. Ингэж бодохлоор юу эс бодогдох билээ.
Энэ хоёрыг ажваас үлгэр ярьж өгч байгаа хөгшин, түүнийг нь чагнасан хүүхэд хоёр шиг байлаа.
-Хүсэл ханаагүй хамбад сүүгээ хөөрүүлэх гэсэн нэгэн бодол өдрийн бодол шөнийн зүүд болж алдхан биеийг нь амраахгүй зовоодог боллоо. Хаяандаа түлшгүй. Хэн нэгийгээ явуулж болдоггүй. Ийм цаг болсонд харамсан суулаа.
Гэтэл энэ үед хамбын толгойд түлш авчруулж галаа түлүүлчих ганц хүн харван орлоо. Энэ хэн бэ? Энэ бол Намдаг!
Сүрэнгийн юу гэх гээд байгааг сая ойлгосон Цамба
-Ёстой гайхалтай үлгэр хэмээн дуу алдав.
-Чиний хэлдгээр энэ бол ёстой үлгэр.
Намдагийг эд алсан гэх мөр ч алга. Тэр бүү хэл өөрөө өөрийгөө юу, хүн түүнийг үү гэдгийг мэдээгүй байна. Гэвч үлгэрт үнэн байж болноо. Хэн хэн нь сайн бодъё. Санаа оноогоо солилцъё. Бид хоёр ч бодол нэгтэй ажиллах хэрэгтэй боллоо.
-Тиймээ байдал үүнийг шаардаж байгааг би ойлгож байна. Та сая гайхалтай тэгсэн мөртлөө үнэн юм шиг юм ярьчихлаа. 
-Үүнд бүү итгэ! Ийм бодолтой ажиллавал алдаж ч болно.
Сүрэн дэмий ч юм ярьчихав уу даа гэж бодож суув. Тэрээр цаасан дээр гэрийн дүрс зурснаа санаж байлаа. Тэгж ярина гэдгээ бодоо ч үгүй байжээ. Санаандгүй байтал санаандаа орсноо ярьсан хэрэг. Бодох бүр ярьсандаа итгэмээр ч болж ирэв. “Би яагаад ингэж ярьчихав аа” Хариулах үг алга. Тэгснээ “Боль, боль, Сүрэн минь. Энэ чинь үлгэр шиг юм шүү дээ? гэж хүчлэн бодлоо.

 

*      *      *

Хамбынд Ловонг орохыг Түндэв харав.
Түндэв хараад өнгөрөөхийг бодсонгүй. Тэрээр сүүлийн үед Ловонгийн талаар ихэд сонирхох болж барааг нь алдахгүйг хичээн гүйдлийг нь танадах болжээ. Сүм хийдийнхэн битүүхэндээ ямар нэгэн юманд бэлтгээд байх шиг түүнд санагдсан юм. Харин санаагаа баталж чадсангүй яваа ажээ. Аягач лам болохоор албан хэрэгт оролцох эргүй. Бүх л юм түүний оролцоогүй бүтсэн дуулддаг байв.
Ловонг орсноос хойш яавал хамбын дээрээс нь орчих вэ гэж Түндэв бодож байлаа. Үүнээс өөр бодол түүнд байсангүй. Бодсоны эцэст нэгэн аятай арга оллоо. Гэвч тэрээр давын түрүүнд оръё гэж яарсангүй...
Ловонг ороход хамба зузаан олбог дээрээ морилж байжээ. Хамба тэргүүнээ алгуур өргөн Ловонд харц тогтоон инээмсэглэх аядсанаа гэрийн зүүн тийш гараараа заан
-Суу, суу гэв.
-Амар танд юу гэсэн билээ?
-Жа би айлтгая. Би түүний толгойг эргүүлж бүрэн чадсан юм. Хэрэгтэй цаг ирэхэд яахыг би түүнд хэлэх ёстой. Тэр надад туслахаа андгайлсан.
-Нээрэн тийм л дээ. Чи надад ингэж хэлсэн. Хэлснээ мартаагүй биз.
-Жа, яалаа гэж мартах билээ.
-Тэгвэл чамд Амарын туслах цаг болж, чи хэлж дээ. Ахынх нь дургүйлхсэн ажлыг дүүгээр нь хийлгэхээр шийдлээ. Энэ бол ахынхаа хойдохын төлөө хийх Амарын буян болог. Балчир тусмаа хүн сэжиглэх нь бага байгаа.
Жа, мэдлээ. Боддог бодол.
-За ийм байна. Би бас Амартай уулзана.
-Тэгэлгүй яахав.
-Чи тэр товчныхоо учрыг олсон уу?
-Ер олоогүй.
-Ёр шүглэсэн байна гэж шоонд буусан гэнэ билээ. Одоохон тэр дээлээ шатааж үгүй хий.
-Жа.
-Чи айсан хэвээрээ юу.
-Одоохон жаахан гайгүй.
-Би чамайг иймхэн эр гэж бодоогүй явжээ.
Хамбын өргөөний үүдэнд ирсэн Түндэвт
“...эр гэж бодоогүй явжээ” гэж хамбын хэлэх нь хаалган завсраар сонсогдоход Түндэв хаалга сэмхэн онгойлгон яваад орчихов.
-Энэ хэрэг чамаас... гэснээ хамба Түндэвийг хараад дуугаа хураав.
-Хамбад нэг айлтгалтай явна гэхэд хамба
-Дараа бол гээд гараа инчдэв.
Түндэвийг гарсан даруйд хамба үгээ үргэлжлүүлж 
-Тийм болохоор айх хэрэггүй. Аймгаас бас нэг лүд ирсэн гэнэ. Цамба, тэр хоёр чамайг биш Дашийг хардаж, Даштай хөөцөлдөх ёстой юм...
Энэ яриаг Түндэв сонсож чадсангүй. Нэг хэсэг яриа чагнах гэсэн боловч бүтсэнгүй. Тэр өөрөө сандран гарахдаа хаалгыг сайн хаасан байлаа. Хамба юу гэнэ вэ? Энэ хэрэг чамаас тойрно гэнээ. Тэр “...эр гэж бодоогүй явжээ” гэсэн чинь юу гэсэн үг вэ. Би бас болчимгүй юм хийв ээ. Үүнийгээ хамбын босгыг давуут ойлгодог байна шүү. “За айлтга, айлтга” гэвэл би юу хэлэх байсан вэ! Хамбын нэг юмыг дуусгаж байж нөгөөг сонсдог зантайд найдсанаас өөр юмгүй. Ийм арга олох гэж. Ёстой бурхны авралаар мултрах шиг боллоо гэж бодлоо.
Ловон хамбынхаас гаруут гэр өөдөө шууд алхлаа. Гэртээ ороод хүрэн тэрмэн дээлээ орон дээрээсээ авч харав. Ёр шүглэсэн түүний дээл энэ ажээ. Яахаараа энэ дээлэнд ёр шүглэсэн байдаг байна аа? !
Ловонгийн харц дээлний суганы товчны орон дээр тогтлоо. Тэгснээ “Энэ муу юу болоо аж. Тасрах дөхсөн, санжсан юм байсан юм. Хайран дээлийг юу боллоо гэж шатаах билээ” гэж бодон өнөөх дээлээ эвхэн модон орныхоо хөл дэх бараан дор хураан өлөн хир суусан хөх даалимбан бүтээлгээр бүтээв. Харам сэтгэл түүнийг бэрд адил болгожээ.
Энэ дээлийг шатаалаа гэхэд цаанаа түүнд мөрөндөө өлгөх дээл арав шахам байлаа.

 

*      *      *

Хамбынд өнөөдөр хол ойроос хичнээн элч зарлага ирснийг тэр бүртгэн суух зав гарсангүй. Хар үүрээр шахам өдөрчийн хэр газар байдаг дуганаас хүн ирж, өдтэй бичиг хүргэж яваа юм шиг хаалгачийг сандарган хамбад морилжээ.
Тэр эрийг арагшаа лав эргэн эргэн харж иржээ гэж хамба одоо бодно. Хамбад бодох юм их байлаа.
“Өнөөдөр юу болов оо. Ойр хавийн хийд, сүм дуганаас хэлэлцээтэй юм шиг хүн цувах чинь. Гэсэн ч үүнд тээршаах юм бишээ. Бослогонд бэлтгэж арван гурван сэлмийг нярав даамал нараас авч манз хийдэг байшиндаа хадгалуулсан гэнэ. Босох үед арван гурван хүн зэвсэгтэй боллоо гэсэн үг. Бороохой шийдэм барьдаг хорин хоёр он аль эрт өнгөрсөн шүү дээ. Зааврын дагуу тус тусын хийдийн орчмын ардуудын дотор хувьсгалт засгийн эсрэг хурц ухуулга хийж санал сэтгэлийг нь үймүүлж байгаа гэнэ.
Сайн үймүүлж чадвал санасан хэрэгт хичнээн их тустай вэ?
Ардын засаг бий болсон цагаасаа эхлэн эдүгээ хүртэл бидний монголчуудын аль сайн лам нарыг алж яргалан дуусав. Иймийн тулд Ардын засгаас явуулж байгаа энэхүү ямар нэгэн хэрэгт тусламж үзүүлэх буюу түүнийг биелүүлэхийн төлөө зүтгэн ажиллагч нар нь бурхан шашныг баллахад шууд тусалж байгаа хэрэг болно.
Бид ингэж ухуулж ятгах ёстой. Үүгээрээ хувьсгалт засагт татагдсан хуучин сүсэгтнүүдийг эргүүлж чадна.
Ванчин эрдэний бие төлөөлөгч ирэх болоогүй юм байх даа. Лхас явж мөргөл хийх Зүүн хүрээний ламаас ч сураггүй.
Ванчин эрдэнийг ирэхэд зориулж Дүнчүүр маань хуруулах нэрээр сүм дуганаас зохион байгуулж, сүсэгтэн олноос цуглуулсан хөрөнгө мөнгөнийхээ тухай дуулгаж “...бурхнаа түвд ёсоор тахиулах уу, эсвэл монгол ёсоор тахиулах уу, хэрхэх талаар зөвлөгөө шууд дуулах бичиг явуулъя”
Хамба ийнхүү бодоод бийр янтайгаа бэлтгэн муутуу цаасан дээр хичээнгүйлэн ингэж бичиж эхлэв.
“Оройн дээд Ванчин гэгээн танаа
Таван лангийн ембүүг хадгийн хамтаар хүндэтгэн таны ариун мутарт барьж, мандал өргүүлэхийн зэрэгцээ толилуулах нь:
Хил хязгаарын цэрэг, дарга их болж чангарах төлөвтэй боллоо. Та заларч морилбол бидэнд тун сайнсан. Уналга хөсөг тэргүүтнээр туслахад бид бэлэн байна. Бидний зүгээс зорьсон хэргээ цааш туйлд нь хүргэхийг зорьж байна” гэж бичээд зогсов. Залгаж бичих гэсэн боловч үг орж ирсэнгүй.
Захидал бичгэнд хүртэл бусдыг зарж сурсан түүний гор гарах нь энэ байлаа.

 

*      *      *

Цамба тэмдэгт газраа ирэв. Нарны баримжааг харахад Түндэвийн ирэх цаг хэдийнээ болсон байлаа. Гэвч ирчихсэн Цамбыг харин хүлээсэн байдаг байв. Цамба Түндэвийг нилээд хүлээгээд “Одоо ч ирэхээсээ өнгөрөв бололтой. Түндэвт маань нэг ажил гарч дээ. Түүнээс биш өдий болоход ирэх учиртай. Энд цаг алдаад яахав. Ажил зөндөө байдаг. Дараа уулздаг хэрэг” гэж бодсоноо Түндэв гэдэг тэр нэгэн хүнтэй анх танилцсанаа саналаа.
Цамба шинэ ажлаа аваад төдий их удаагүй байлаа. Нутаг орноосоо гараад хэдэн жил болоод ирснийг хэлэх үү, үеийн хүмүүсээс таних мэдэх хүн ховор болсон байжээ.
Сургууль номыг нь дүүргээд басхүү аймгийн төвд хоёр гурван жил ажилласан болохоор шинэ тутам ажил төрөл хүлээн авч байгаа ч гэсэн албан үүргээ яаж гүйцэтгэнэ гэж айх юмгүй ирсэн хэрэг. Сайн ажиллах нэг хэрэг, сайн ажиллахын тулд дотно итгэлтэй нөхөртэй болно гэдэг өөр хэрэг.
Түүнийг энэ нутагт баяр хөөртэй ирэхэд нутгийн хүмүүс нэг л цэрэвсхийн угтжээ. Таних мэдэх улс ч тойрч сэрэмжлэх, сэтгэлийнхээ үгийг гаргаж өгөхгүй шинжтэй. Ийм байдалд итгэлтэй нөхдөөр өөрийгөө хүрээлүүлж чадна гэдэг хэцүү санагдаж байлаа. Гэвч тэр ажиллах л хэрэгтэй байлаа.
Өөрийнхөө ажлын хир бүтэмжтэй болохыг өргөн олонтой тогтоосон бат холбооноос шалтгаална гэдгийг Цамба сайтар ойлгож авсан юм. Нэг өдөр хүрээний аягач лам Түндэвтэй уулзжээ. Өмнө нь түүнийг зүс мэдэж, нэрийг сонссоноос цаашгүй явжээ.
Тэгээд ч Түндэвийг сайн нөхрөө эрж, зөв замд орохын мөрөөс болж явсныг Цамба мэдсэн юм.
Тэрээр Цамбатай уулзуут
-Би нэг муу лам ухаантай юмаа. Угаасаа өнчин өрөөсөн. Сурсан юм бага. Чадал тэнхээ ч барагтай. Тийм болохоороо энэ хийдийг сахиж амь зогоож явдаг хүн. Лам хуврагууд Ардын засгийг устгах гэж ам мэдэн бурж, буу зэвсэг цуглуулж байсан тэр үед би яах учраа олохгүй лам багшийнхаа үгийг бурхны зарлиг шиг дагаж явлаа. Лам хуврагууд хар болж байлаа. Тэгтэл хар болоогүй лам нарын толгойг бүгдийг авах юм гэнэ. Хар болбол цэрэгт явуулж Ванчин богдын эсрэг дайтуулах гэнэ гэсэн яриа дэгдэж аль учир нь олдохгүй байлаа.
Тэр үед хамба маань буу сэлэм цуглуулж хийдийнхээ хашаан дотор булуулсан. Би ч бас түүнийг нь булалцаж явлаа гээд анхны бөгөөд ноцтой мэдээг яриад цааш зөндөө юм өгүүлснээ,
-Яагаад ч юм, хар болохоор шийдсэн. Айсандаа биш л дээ. Түүнээс хойш хэдэн жил өнгөрлөө. Яриад байсан нь үнэн бол хар болоогүй лам хуврагууд цөмөөрөө толгойгүй болох байсан юм гэхэд Цамба
-Та тэгээд хар болохоор бүрмөсөн шийдээ юу гэж асуухад Түндэв бодсон ч юмгүй.
-Над шиг ядуу хүн хар болж, хүрээ хийд сахихын оронд хэдэн мал дагавал аштай юу гэхэд Цамба баярлан
-Таны бодол түмэн зөв. Та бүгдийн энэ бодлыг манай засаг төр дэмжиж байгаа юм шүү дээ. Үүгээрээ та ч гэсэн Ардынхаа засгийн бодлого шийдвэрийг дэмжиж байгаа сайн хэрэг. Ардын засаг төрдөө хүчин зүтгэх дуртай биз дээ гэсэнд Түндэв
-Ямар яриа байх вэ? Та бүгдийг юу хий гэвэл зүтгэхэд би бэлэн. Гэхдээ Ардын засгийн төлөө шүү! Түүний энэ үг үнэн санааны үг байлаа.
-За тэгвэл, би танд нэг юм зөвлөе. Та хар болох гэж яарах хэрэггүй. Энэ өдрөөс эхлэн өөрийгээ хар болж ардын төрдөө зүтгэх боллоо гэж сэтгэлдээ чанадлан бодож яв!
-Юу гэсэн үг вэ? Болохгүй хүү минь!
-Түндэв гуай, учир нь ийм юмаа.
-За сонсон байж болъё.
-Та хар болсон. Гэхдээ шарынхаа дотор ажиллана. Бид төрийнхээ ажлыг тэдний дунд хийнэ. Тэгэхээр би танд тусална. Сүм хийдэд бугшиж байгаа дайсныг ялган танихад надад тан шиг сэтгэлтэй, итгэлтэй хүн чухал байна.
-Хүү минь, ахаараа битгий тогло! Би өнөөдрөөс эхлэн хар болоод хийдээс зайллаа. Харин хар боллоо гэж хаана хэнд очиж хэлдэг юм бэ? Би Ардын засгийн төлөө л ажиллана.
-Ах гуай, би таны янзыг үзээгүй. Би Ардын засгийн бие төлөөний хүн. Ардын засгаас даалгасан ажлаа л хийж явна. Тэгэхлээр та сайн сонс. Саяны миний хэлсэн ажил Ардын засаг төрд маань чухал шаардлагатай алба байгаа юм. Сүм хийдийн дотор хийх тэр ажлыг энэ нутагт би хийж яваа юм. Та юу хий гэвэл зүтгэхэд бэлэн гэсэн шүү дээ. Хэдэн мал хөөхөөс чухал ажил даа. За ингэж шийдэх үү? Гэхдээ таны дур мэдэх хэрэг.
Түндэв нилээн бодож байгаад
-Ийм байна хүүхээ. Чиний саяны хэлсэн “Таны дур мэдэх хэрэг” гэдэг чинь ямар сайхан үг вэ? Би яавал яана л гэсэн үг шүү дээ. Хар болохгүй байя ч гэсэн болох юм байна. Гэвч би шийдлээ. Чамд тусалъя, засаг төрдөө зүтгэе гэж шуудхан хэлэхэд нь Цамба,
-Танд их баярлалаа. Та хар боллоо. Өнөөдрөөс эхлэн Ардын засгийнхаа төлөөнөө хуучин газраа ажиллана. Та бид хоёр дандаа холбоотой байна.
-Намайг ардын төрдөө зүтгэх болсныг хүү чи л мэдэх нь шив дээ.
-Та санаа зоволтгүй. Одоохондоо би мэднэ. Лам хуврагууд бол бүр ч мэдэх ёсгүй. Энэ бол та бид хоёрын ажлын гол зарчим юм шүү. Таныг ардын төрдөө зүтгэж явааг тун удахгүй нам, засаг, хүн ард мэдэх болно.
Цамба энэ бүхнийг эргэн санав. Тэгээд ч “Түндэв гуайд маань ямар нэгэн ажил гарчээ” гэж дахин баттай бодлоо.

 

*      *      *

Түндэвт үнэхээрийн ажил гарчээ. Тэрээр нойр хоолгүй хоёр шөнө, нэг өдөр насан өндөр болсон ахыгаа, хөдөөх гэрт нь очиж сахив.
Хоёр дахь өдрийн өглөө ах нь тэссэнгүй амьсгал хураав. Ахынхаа захиасаар  амьсгал хураах үед тэрээр цээжилж тогтоосон хэдэн мааниа толгой дээр нь уншиж, том мөнгөн цөгцөнд нь зул хийж өргөлөө.
Орчлонд өөр санаж сарвайх ах дүү үгүй боллоо гэж бодохоос Түндэвт хэцүү санагдана. Түүний ах Түндэвийн адил багаасаа сүм хийдэд шавилан сууж энэ хир гэр бараалаагүй ганцаар хөдөө нутаг бараадан амьтан ах, дүү нараас зайдуу насаараа шамдсан номоо үзсээр явжээ.
Нутгийн ах дүүсэд зожиг хэмээгдсэн ч нэр хүндээр сайн байлаа. Тэгээд ч түүнийг хөдөөлүүлж, гэр барааг нь янзлахад хүмүүс Түндэвт туслан хойдох ажил нь санаснаас аятайхан өнгөрөв.
Түндэв ахынхаа бүрэн сайн бүрээстэй дөрвөн ханатай гэрийг хэрхэх билээ гэж бодлоо. Би энүүгээр яахав, гэр бараатай болоод л байна гэж санахад түүний санаанд ахыг нь нутаглуулахад хирдээ чадлынхаа хирээр зүтгэсэн Долгор чавганц оров. Хөөрхий тэрээр ганц хүүтэй, хүү нь цэргийн албанд мордсон юмсанж. Тэр хоёрын хир зэрэг амьдралтай, ямар орон гэртэйг ч бас мэдэх юм. Тэгснээ “Буянтанд буян болог. Хүү нь ч ажилтай юм, засаж янзлаад авна биз. Намайг бодвол хэд гурван маани уншиж, хаа нэг зул өргөж юун магад.
Манай гадаа хэвтэж байснаас, голомтноос нь утаа гарч байх байгаа” гэж бодон дөрвөн ханатай гэрийг жаал жуул тавилгатай нь Долгор чавганцын гадаа авчирч барьж өгөн бодсоноо хэлэхэд авгай ихэд баярлан
-Муу хүү минь, цэргээс ирээд орох оронтой боллоо гэж билэгшээв...
Түүнд ийм ажил явдал гарсан ч ардаа нилээн зовж явлаа. Хамгийн гол нь “төрийн алба” тасалдуулсандаа гэмшиж байлаа. Тэрээр Цамбын хэлснийг “төрийн алба” гэж бодон биелүүлэхийг төлөө аль болохоор зүтгэдэг болжээ. Тэгээд ч тэр биз дээ.
Ахын бие муудаагүй бол цаг алдалгүй хамба лам, Ловон хоёрын ярьж байсан учир битүү үгийг Цамбад хэлсэн бол аштай юу хэмээн бодно.
Басхүү түр гомбооны /Чөлөө гэсэн төвд үг. Их төлөв шашны хэрэгт хэрэглэгддэг. Г.Б/ хугацаа дууссанд санаа хоёрдон ардаа зовон яарсаар дөрөв дэх өдрөө Долгор эмгэний гаднаас ганц баадантай юм аван мордохдоо,
-Ахын минь гал голомтыг сэргээж яваарай гэв. Долгор чавганц түүнийг ганц хүүгийнхээ адил санан хөл хөөрцөг болон үдэж хоцров.
Түндэвийг явсны дараа ойр хавийн зарим нэгэн хүмүүс янз янзаар ярилцжээ.
Нэг нь “Түндэв ч мөн цамаан байх чинь. Ахынхаа юмнаас нэг ч юм авалгүй, Долгор авгайнд өгсөн гэнэ. Долгор, Долгорын хүү хоёр ч овоо юмтай болсон байх аа. Ахыг нь нутаглуулахад хирээ мэдэхгүй тусалсан юм даг, тэгэх ч байх гэж бодсон юм уу. Түүнээс биш гаднаа ганц ишиггүй, ган гэх нохойгүй айл юу боллоо гэж бага сага юмаа барьж, зөөж гүйх билээ. Хүү нь гэж хүний царай харахааргүй сайн яваа юм гэх шиг ярьдаг шүү дээ.
Цэрэгт явсан биш овоо дуулдсан. Дайн тулалдаанд явж одон тэмдэг зүүсэн гэсэн” гэхэд нөгөө нэг нь “Түндэв тэнэг золиг уу даа. Муу ахынхаа хамаг юмыг үрэн таран хийгээд өөрөө лам нэртэй мөртөө бүх юмыг нь шатааж устгаад явлаа. Лав эрүүл ухаантай яваагүй байх. Солиотой улсыг аль тэр гэхэв.
Түндэвийг бодвол ах нь лам шиг лам байхгүй юу. Олон жил хүрээ сахисан юм. Юм сураагүй байлгүй. Түүнээс биш одоогийнхоосоо овоо дээгүүр явалгүй яав” гэж ярилцаж байлаа.
Эдний энэ яриа Долгор авгайн чихэнд хүрчээ. Гэвч Долгорт гомдох юм байсангүй. “Хүн юу гэнэ вэ хамаатай юу. Хүний хэлснээр болох биш. Уй гашууд дарагдаж, яахаа мэдэхгүй болсон ганц бие хүнд туслахгүй яахав. Олдсоноо олонтойгоо хуваадаг л хүн би. Ахынхаа гэрийг надад өгөөрэй. Чамд ямар хэрэг байх юм биш гэж би ер хэлээгүй. Хөөрхий минь, муу ахдаа буян санаж, ядарсан надад өгье гэж бодсон юм чинь. Шал дэмий юм ярьцгаах гэж. Харин тэр ахынхаа хамаг номыг шатаасан гэдэг юу бол. Итгэх юм биш. Нүдээр хараагүй юманд юу бодох вэ” гэж боджээ.

 

*      *      *

Шөнө оройхон болж байлаа. Цамба, Сүрэн хоёрт хийх ажил их байсан учир хэн хэн нь унтаж амрах гэж яарсангүй. Сүрэнг
-Чиний сонссон дуулснаар бол энэ хийдийн лам нар хэнтэй холбоотой, яах гээд байгаа нь илхэн болж байна гэхэд Цамба
-Тэр нь ч тийм ээ. Ард олны санал сэтгэлийг бас л төөрөгдүүлж, бослого үймээн дэгдээх янзтай болоод байна. Ард олон, лам хуврагуудын дунд нөлөө бүхий өнөөх гайхал Ванчин богдтой холбоо тогтоожээ. Тэр бүү хэл хоорондоо бичиг захидал хийж мөргөлөөр яваа хүмүүст дайдаг болсон байна.
Бас Ванчин богдын бие хүн ч ирдэг бололтой.
-Бид үүнд итгэх үү!
-Итгэлгүй яахав. Итгэж байж ажиллах хэрэгтэй.
-Тэгэхдээ, энэ бүгдийг тал бүрээс баталж нотлох учиртай. Энэ хэрэг явдлыг одоогоор чимхээд тавьсан буузтай зүйрлэж болно. Түүнийг идэхийн тулд чанах хэрэгтэй. Түүний дараа амт чанар нь мэдэгдэж адаглаад хоол болно шүү дээ. Намдаг алагдаад олон хонолоо. Гэтэл бид хоёр хэн алсны нь мэдээгүй явна. Ажил маань ийм байна даа.
-Миний хувьд бол таны дэмэнд ажил овоо гэж бодож байна шүү.
-Тийм биш, Цамба минь. Нэг мэдэхэд сарын хугацаа өнгөрөөд би явах болчихсон байна.
-Ямар ч байсан, эхэлсэн юмыг дуусгаж байж явуулна даа.
-Үүнийг би ч мэдэхгүй, чи ч мэдэхгүй.
-Тэгэхдээ цаанаа хүнтэй юм байна. Таныг хараад болохгүй бол өөрөө саналаа бичээд өгүүлчихдэг байгаа. Хэд хоногийн дараа тэр бичгийн хариуд “Сүрэнгийн томилолтыг дахин нэг сараар сунгаж цалин хэрэглэлээр ханга” гэсэн байвал яахав гээд хөхрөхөд Сүрэн муухан инээмсэглэв.
Хаалга сэмхэн онгойход тэр хоёр чимээгүй болов. Сүрэн орж ирэх хүнийг хараад хөгжилтэйгөөр
-Таныг орж ирэхийг Цамба битгий хэл, би сайн мэддэг болоод байна. За ямар хоол унд авчрав гэхэд галч авгай санаа зовсон янзтай
-Тосоор гоож, хүүхдүүдийнхээ ажил амралтанд саад болчих бий гэж болгоомжлох юм гэснээ
-Унтаж амрах чинь болоогүй бол эгч нь унд хоолны ая бодох уу гэхэд Сүрэн
-Эгч минь тоглосон юм. Идсэн уусан маань энэ дээр байна гээд хоолойгоо заав.
-Та унтаагүй хэрэг үү?
-Нойр хүрч өгдөггүй.
-Тэгвэл бид хоёрт сонин юм ярьж өгөөч.
-Тосоор гоож, би ярьж, та хоёр сонсох ямар яриа байх билээ гээд гарах гэснээ эргэж
-Эгч нь ийм л болоод байна даа. Ирсэн хэргээ мартаад явах нь. Цамбаа хүү минь чамтай нэг хүн уулзах юм гэнэ.
-Оруулчих л даа. Энэ орой болсон хойно хэн байдаг билээ?
-Ор гэж ядлаа. Чи гарч уулз. Танихад л таних хүн. Нэр ор алга.
Галч авгайг гарсны дараа Сүрэн Цамбад
-Хэн гэж бодоод чи гарах гэж байна. Болгоомжтой байгаарай. Юмыг яаж мэдэх вэ гэхэд Цамба инээмсэглэн толгой дохино. Сүрэн дахиад л
-Би гэрлээ унтраая. Дараа нь чи гараарай гээд гэрлээ унтраахад Цамба гадагш гарав. Сүрэн гэрийн тотгоор харна. Цамба шууд урагшаа явлаа. Холгүй бөөн нэвсгэр хар юм байна. Түүн дээр Цамба очлоо. Уулзах хүн тэр байжээ.
-За төлөөлөгч минь сайн байна уу. Би Түндэв байна гэх дууг Сүрэн сонсоод сая санаа амран эргэж дэнгээ асаав.
Түндэвийг таньсан Цамба гайхан
-Та чинь шөнө орой юу гэж явна гэхэд Түндэв
-Төрийн ажил хэцүүдэж байгаа байх гэж санаад ирлээ. Хүн амьтны хөл татрахыг нилээд харлаа. Тэгээд явж байгаа минь энэ.
Ашгүй гэрэлтэй болохоор чинь санаа амарлаа.
Сэмхэн яваад орчих гэсэн чинь хүнтэй яриад байх шиг болохоор нь ажилтай байгаа юм байх гэж бодоод дуудууллаа шүү дээ.
-За тэгээд ямар сонинтой явна?
-Би уул нь эрт хэлэх гэсэн юм. Чадсангүй. Хэд хоногийн өмнө хамбынд Ловон орсон юм. Би яах учраа ололгүй нилээд удчихаад арай гэж дээрээс нь орох арга олоод орсон чинь хамба “Энэ хэрэг чамаас зайлна” гэснээ намайг хараад чимээгүй болсон. Хамбынд орохын өмнө хаалган завсраар хамбын “...эр гэж бодоогүй явжээ” гэх бас сонсогдсон. Ердөө л энэ.
-Таныг ороход Ловонгоос өөр хүн хамбынд байсан юм биш биз.
-Ловонгоос өөр хүн байгаагүй.
-Гарахдаа та үүдэнд нь зогсоод цааш юу ярихыг нь сонсоогүй юм уу.
-Би л муудаа тэр. Буцаж гарахдаа хаалга дутуу хаах ухаанаа олсонгүй.
-Ловон хамбынд их удсан уу?
-Түүнээс хойш нэг их удаагүй.
-Энэ явдал хэд хоногийн өмнө болсон хэрэг вэ?
-Тав хоногийн өмнө. Та бид хоёрын уулзах ёстой өдөр.
-Та тэгэхэд яагаад ирсэнгүй вэ?
-Надад бас гачигдал гараад, хөдөө байдаг ахын бие муудсан хэл дуулаад тантай уулзаж ч чадалгүй, хамбад гомбоо айлтгаад санд мэнд явсан.
-Тэгээд ах чинь яаж байна?
-Таалал төгссөн. Ажил явдлыг нь дуусгачихаад ирлээ.
-Тун тоогүй юм болж дээ. Би таныг хүлээж байгаад ажил гарснаас зайлахгүй гэж бодсон шүү.
-Би танд юм авчирлаа. Ахынхаа гэр барааг буян санаж хүнд өгөөд бага сага бурхны ном байсныг нь цөмийг нь шатаагаад, энэ хэдэн номы нь ялгаж авсан юм. Та үүнийг авч хадгал. Ах маань нас залуудаа амьтан хүнд буян бодож эм тан барьдаг хүн байлаа. Тэгээд ч эмийн ургамалтай ном судар цуглуулж явсан юм.
Тэр нь энэ гээд барьж явсан баадантай юмаа өгөв. Цамба тэгэхээс тэгэх гэж
-Та наадахаа бас шатаахгүй яагаав. Би тэр бичиг үсгийг нь мэдэхгүй шүү дээ гэвэл Түндэв
-Ахаас авах юм энэ байсан юм. Танд биш гэхнээ өөр бусдад хожим хойно хэрэг болж юун гэж санасан юм. Надад байгаад нэмэргүй.
-Түндэв гуай, та ухаантай хүн юм.
-Үүнд ухаансаад байх юу байв гэж.
-Яалаа гэж тэгж болдог юм. Таны бодсон туйлын үнэн. Би сайн хадгалж чадна. Би уншиж мэдэхгүй ч гэсэн мэдэх хүн гарч сурч болно.
Тийм болохоор танд их баярлалаа. Өөр юутай вэ?
-Өөр юмгүй. Ялихгүй юманд явдал удчихлаа. Би явах минь.
-Энэ удаа харанхуй, хүн амьтны хөл татарсан юм байна. Хойшид ингэж явж болохгүй шүү. Хамбынхан шиншилчихвэл муу юм болно. Ямар чухал хэрэг гарсан ч үүнийг хичээ. За баяртай. Маргааш уулзъя. Ажил тодорхой болно. 
Түндэв толгой дохин эргэж алхав.
Цамба баадантай ном барьсаар гэртээ орлоо.
Барьж яваа юм нь Сүрэнгийн анхаарлыг татав. Сүрэн гайхан
-За манай хүн юун бэлэгтэй ирэв гэхэд Цамба
-Би эм хайрладаг оточ боллоо гэвэл Сүрэн ихэд сонирхон
-Юун ч амархан юм билээ. Наадах чинь юу бэ?
-Ном
-Ямар ном? !
-Эмийн ургамлын тухай түвд ном юм байх.
-Яах нь вэ? !
-Хадгална.
Тэрээр Түндэвийн ярьсан бүхнийг үг гээлгүй Сүрэнд хэлэв. Тэр хоёр хамба Ловон нарын ярьсан зүйлийн учрыг олох гэж хэн хэн нь нилээн бодлоо. Бүр сүүлдээ сурсан сурсан зангаараа, Цамба орон дээрээ дээш харан бүхлээр хэвтэж, Сүрэн цаас  харандаагаа гарган Түндэвээс Цамбад хэлсэн учир битүү үгийг урд хойно нь үг оруулан нөхөж бичихээр зай орхин томоор онцгойлон бичиж бодоцгоов.
Нэг харахад Цамба тэр чигээрээ унтсан байлаа. Хамбын Ловонд хэлсэн “...эр гэж бодоогүй явжээ” гэсэн үгийн өмнө байж болмоор санаанд орсон үгүүдээ бичин түүндээ улааран суугаа Сүрэн нь нэг л болж өгсөнгүйд шанаа тулан дахин бодлогоширч эцэст нь энэ үгийг хэнд хэлсэн байх билээ гэдэгт тогтон хэсэг бодоод “Тэгэхэд хамбынд Ловонгоос өөр хэн ч байгаагүй шүү дээ” гэж амандаа шивнэв. Үүнд чинь их цаг зарж удаан суух хэрэггүй байж хэмээн бодоод өнөөх цаасныхаа ард “Би чамайг ийм эр гэж бодоогүй явжээ” гэж бичлээ. Тэгснээ “Чамайг гэдэг чинь Ловон гэсэн үг шүү дээ. Мөн сонин хэрэг ээ. Ловонг яагаад хамба ингэж бодох болов оо. Мэдээжээр Ловон хамбынхаа санаанд нэг л сайн хүрсэнгүй дээ эсвэл санаж сэдэж, хэлсэн зүйлийг нь Ловон яг гүйцэтгэсэн хэрэг. Ингэвэл өөр болно шүү. Хамба түүнийг ойшоодоггүй байснаа тэгэхэд магтсан байж болно. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Түндэвийг ороход Ловонд хандан “Энэ хэрэг чамаас зайлна” гэсэн үг юу гэсэн үг бол. Ловонгоос зайлах тэр хэрэг ямар ч хэрэг байж болно шүү дээ. Яагаад хамба энэ үгээ Ловонд хэлэх болов.
Бас сонин хэрэг шүү. Ловонгийн сэтгэл санаа тавгүй байгааг хамба ажиглаж дээ. Ингэхэд Ловон тэр гэж хэлэхийн аргагүй хэрэг тарьсан хүн байж таарлаа. Тийм хэрэг юу байж болох билээ.
Бидэнд мэдэгдэж байгаа нэг хэрэг бий. Арай Намдагийг алсан юм биш байгаа. Ловонгийн санаа сэтгэлийн байдал одоо ч гэсэн ямар яваа бол. Хүн алсан бол лав тавгүй яваа. Үүнийг мэдэх хэрэгтэй. Үүний дараа Ловонгийн гэрт “нэгжлэг” хийлгэж өмсөж явдаг бүх дээл хувцсыг нь шалгах хэрэгтэй.
Өнөөх үлгэр юу билээ дээ. Түүнийгээ одоо үргэлжлүүлж болохоор боллоо. Цамба маань их сонирхсон юмсан. Гэтэл энэ үед хамбын толгойд түлш авчруулж галаа түлүүлчих ганц хүн харван орлоо. Энэ хэн бэ? Энэ бол Намдаг! Үлгэр ингээд төгссөн. Үүнийгээ үргэлжлүүлж үзье!
Хамба Намдагтай уулзлаа. Хамбын бодлоор Намдаг болсонгүй. Тэгээд түүнийг хороохоор шийджээ. Хамба өөрөө яаж хороох билээ. Өөр хүн хэрэгтэй. Тэр хүндээ Ловонг сонгожээ.
Хамба санасандаа хүрэв. Түүнээс хойш Ловон айж ичдэг болжээ. Энэ байдал нь Ловон ийм эр байжээ хэмээн бодогдуулжээ. Тэгээд ч сэтгэл санааг нь засахын тулд энэ хэрэг чамаас зайлна гэжээ гээд Сүрэнгийн зохиох үлгэр дууслаа. Тэрээр өөр юм бодоогүй аваас үлгэр нь үргэлжилж ч болох юм уу, хэн мэдэх вэ?
Тэр ингэж боджээ. “Энэ хэрэг Ловонгоос яагаад зайлах болов? !” Үүнд хариу олох гэж бас нилээд хугацаа зарлаа. Нэг бол санаа сэтгэлийг нь дэмжих гэсэндээ, эсвэл түүнээс зайлуулах ямар нэгэн арга хийжээ. Энэ хоёрын аль нь вэ гэхээс, энэ хоёроос өөр гарах юм үгүй гэж Сүрэн бодлоо. Тэгснээ Цамбааг сэргээж
-Түндэвийн хийх ажлыг би олсон шүү гэв.
Сүрэн энэ шөнөжин хийсэн “ажлаа” Цамбад ярив. Цамба түүний ярианд гайхалгүй өнгөрч чадсангүй. Тэрээр одоо Сүрэнг аугаа их ид шидээр далдыг хардаг хүн мэт бодох болов.
-За, чи тэр хоёр ажлыг Түндэвт даалгана шүү. Гэнэдэж осолдов, сануулна шүү гэхэд
-Мэдлээ, миний орноос та их ядарч байх шиг байна даа гэж Цамба үнэн сэтгэлээсээ хэлэв. Тэгснээ Цамба шөнө юу бодож хэвтэж байгаад нойронд дийлдсэнээ эргэн санаад
-Та бид хоёр ажлаа хуваарилж авсан юм шиг ондоо ондоо зүйл бодож байжээ.  Би Түндэвийг Ванчин богд руу явуулъя гэж боджээ.
-Боддог бодол! Унтаж харласныг чинь уучилж болохоор бодол санж, хамба зөвшөөрөх болов уу?
-Ах минь амьддаа аминчилж гэрээслэсэн юм гэж хэлүүлэхгүй юу?
Үүнийг дараа нь болъё.
Нэг мэдэхэд үүр цайсан байлаа. Зүүн гэрт галч авгайн тогоо шанага дуугарах чимээ сонсогдлоо.

 

*      *      *

Сумын төвийн нам, эвлэлийн гишүүд, өнөө орой баруун жалганд гал тахих гэнэ гэдэг яриа чих дэлсэн ам дамжсаар хамбын сонорт хүрэв.
Хамба “Та нар тэгж л бай. Энэ чинь нэг талаар надад сайн хэрэг боллоо. Яах учраа мэдэхгүй яваа сүсэгтэн олон, лам хуврагуудын сэтгэлд байгаа шархыг үүгээр чинь сэдрээдэг хэрэг” гэсэн бодолтой хурдан шөнө болоосой гэж хүсэн хүлээж суулаа.
Яг энэ үед Түндэвт бас нэг өөр бодол төржээ. Тэрээр “Ловонгийн байдлыг ажиглалаа. Сэмхэн дуудахад хүртэл давхийлээ. Урдын Ловон биш болжээ. Үүнд нэг л учир байна даа. Сүүлийн үед “Төрийн алба” түүнд чиглэдэг болчихлоо.
Лам хуврагууд өнөөдөр юу болов оо. Ганц хоёроороо шивэр авир гэлцэнэ. Донир түрүүнд орж ирээд “Ардын намынхан өнөө орой сор залах юм гэнэ” гэсэн. Тэр тухай эд ярилцаж байгаа биз. Нутгийн хүмүүст “Өнөө орой баруун жалганд юу болохыг хараарай” гэж сэм дуулгаж байгаа бололтой. Эд ч бас түүнийг харна гэдэг мэдээж.
Ловонгийнд ороход аятайхан юм боллоо.
Харанхуй тусмаа сайн хэрэг. Ямар өнгө зүсийг нь харах юм биш. Цаг хугацаа ч их орохгүй. Оруут л бараан доторхи хэдэн дээлийнх нь сугыг тэмтэрчихье” гэж бодож байлаа. Тэгээд л “төрийн албаа” удаашруулахгүйн тулд хамбынхаа нэгэн адил шөнө болохыг хүлээж суулаа.
Шөнө боллоо. Гэгээ тасрахын өмнөхнөөс хамбынд цугласан лам хуврагууд ганц нэгээрээ гарч орохдоо зөвхөн баруун зүг рүү харна.
Удсан ч үгүй тэнгэрийн баруун хаяа туяарч эхлэв. Лам нар бүгд цуглажээ. Хамба өргөөнөөсөө гарч ирэн мөнөөхөн баруун зүг хараад хурсан олны дэргэд очлоо.
-За харцгаа, харцгаа. Сайн хар. Бид одоо улам сайн үнэмших хэрэгтэй гэж хамбыг хэлэхэд лам хуврагууд наминчлан дахин тэр зүгт харцгаалаа.
Түндэв тэдний ард зогсоно. Хамба хоолой засан
-За! Бид бүхэн тэр туяаг харлаа шүү дээ.
Энэ бол Намдагийн хийсэн ажил! Энэ нь Түндэвт тод сонсогдов. Хамбын цааш хэлэх нь:
-Тэр лүд, тун болгоомжтой гэтэн очиж, бидний лам хуврагуудын тотгоор шөнө дөллөн ёрлон шагайж явдаг байсан юм шүү дээ.
Хэнийх нь бурхан шүтээнээ нууцгай тахиж, ном судраа уншиж суугааг танадаж явсан нь тэр. Тэгээд тэр яав даа. Үүний мөрөөр ардын төрийн чинь хийж байгаа ажил энэ!
Та биднээс хураан авсан бурхан шүтээн, ном судрыг буруу номтнууд устгаж байна.
Тэгэхэд энэ устгагдаж байгаа зүйл олон жил бүтээгдэж олон үе дамжсан эд. Хажууд нь ардын төр тогтоод хориод жил болж байна.
Нялхаараа ч гэсэн аюултай, гайтай болохоороо “настнаа” хүртэл ингэж залгиж байгаа юм.
Хамба их л зуунгитай ярьж байлаа.
Хамбыг нэг хэсэг чимээгүй болоход лам хуврагууд ам амандаа маань мэгзэм дүнгэнүүлэн уншиж наминчлан залбирна.
Түндэв цаг алдахаас болгоомжлон хойш ухарсаар тэднээс холдов. Хэн нь ч түүнийг анзаарсангүй. Анзаарсан ч юм санахгүйг Түндэв сайн мэдэж байлаа. Хэн нэгэн хүн өнөөдрийн энэ ажилдаа түүнийг ирээрэй гэж “урьсангүй”.
Тэгээд ч өөрийгөө эдний дунд ямар хүн болохыг сайтар ойлгосоор явлаа. Ажил санасныг бодвол амархан бүтсэнд Түндэв баяртай буцаж ирэв.


*      *      *

Цамба, Сүрэн хоёрт одоо бүх юм тодорхой болж цааш ажиллах урам зоригийг нэмэв. Үлгэр үнэн болох тийшээгээ хандлаа. Даш ч бас ноцтой зүйл мэдсэн байлаа. Дашийн хэлснээр бол хамба бодож санаснаа туйлд нь хүргэх гэж яарч байгаа. Хэрхэх тухай лавлах бичиг захидлаа хүргүүлэх хүнийг харж, Ванчин богдын бие төлөөлөгчийн ирэхийг хүлээж суугаа ажээ. Ийнхүү тэд бослого үймээн дэгдээхэд шуурхай бэлтгэн, бас ч улс төрийн шинжтэй хорлон сүйтгэх ажил явуулж, аллага үйлдсэн нь гарцаагүй боллоо.
Энэ хэргийг одоо яах вэ? гэдэг эцсийн асуултанд тэр хоёр тулж ирэв.
Өөрөө өөрийгөө боомлосон Намдагийн хэрэг сүүлдээ шал өөрөөр эргэж ийм аюултай хэрэг болдог байжээ. Сүрэн буцах бэлтгэлээ хийлээ. Төвтэйгээ ярьж шийдэх олон төрлийн ажил гарснаас тэр түр явахаар шийджээ. Тэгээд ч Цамбад иртлээ юу хийх тухай тодорхой заавар өглөө. Сүрэн явав. Цамба түүнийг ирэхэд Ловонгийн дутуу товчтой дээлийг авсан байх, Түндэвийг Ванчин богдод очуулах талаар хамбад хэлүүлж явахад нь бэлтгэх хоёр зүйл үүрэг хүлээн хоцров.
Тэр Түндэвтэй уулзахаар гэрээсээ гарлаа.
Нар жаргах арайхан болоогүй байлаа.
Тэрээр наран өөд эгцлэн хараад “Гэрэлт наран жаргавч гэгээн өглөө ирнэ” гэж бодлоо.


*      *      *

Хамбад нөр ажлын хажуугаар бага боловч чөлөө гарсан бололтой. Тэр Түндэвийг хэзээ өмнө нэгэн хэргээр /айлтгал/ орж ирснийг гэнэт санаад түүнийг дуудуулав.
Түндэв хамбатай уулзъя гэж бодож явлаа.
Гэтэл азаар тэр өөрөө дуудуулжээ. Түндэв хамбын гэрт оров. Хамба түүний хөлөөс толгой хүртэл ажаад
-Чи нэг айлтгалтай орж ирээд хэд хоногийн өмнө буцсан байх аа гэв.
-Жа тийм ээ гэж Түндэв өөрийн мэдэлгүй дуугарснаа “Юу сан билээ” хэмээн бодоод “Аа тийм, хамба, Ловон хоёрын яриаг сонсох гэсэн арга шүү дээ. Тэгэхээр яадаг билээ? Түүнийгээ  одоо айлтга гэвэл юу гэх вэ? Цамба гуайн хэл гэсэн үгийг хэлээд үзэх үү. Тэгэхэд ах чинь амар мэнд явсан шүү дээ гэхгүй байгаа” гэж саналаа. Тэгтэл ч хамба түүний санаснаар
-Түүнийгээ одоо хэл, хэл! гэв.
Түндэвт “Яах билээ” хэмээн  дахин бодох зав гарсангүй. Удвал хар авч магадгүй гэж бодоод
-Жа тэгье. Бүрлээч ах минь амьсгал хураахдаа аминчилж нэгийг захисан юмаа. Хойтохоо Ванчин эрдэнэд биеэрээ очиж даатгаарай гэж мутарт нь өргөх жаахан юм өгсөн юмсан.
-Биеэрээ очиж гэнэ ээ? 
-Жа, тийм ээ.
-Чиний хэрэг энд их л байна. Юу боловч бодъё гээд хамба гараа инчдэв. Түүний энэ дохио “гарч болно” гэсэн үг байлаа. Түндэв үүнийг нь сайн мэднэ.
Тэр ухарсаар хамбынхаас гарч сая цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж сэтгэл уужирлаа.
Түндэвийг гарсны дараа хамбад бодох юм нилээд болов. Хамба бодов.
“Хөөрхий минь нутаг усандаа нэртэй сайн лам байсан юм. Түүний ингэж боддог нь зүйн хэрэг. Аятайхан юм болох нь дээ. Ер нь ч тэгээд Түндэвийг Ванчин богд руу явуулъя! Очоод уулзаад эргэхээр бодож богино хугацааны чөлөө өгье, байз. Хэд хоног өөр хүний гар харна л биз. Зүүн хийдийн ламыг хичнээн харав. Хэзээ явна гэж хүлээх билээ.
Бидэнд алгуурлах байх нөхцөл алга аа. Тэгээд ч явуулын, зан сайн мэдэхгүй хүнээр бичиг захидал өгүүлснээс таньж мэдэхээр нь Түндэвээ явуулъя.
Ванчин эрдэнэтэй ч уулзаг, яахав. Ингэснээр Түндэв ч надад талархаж явах нь лавтай. Бие төлөөлөгч нь хэдийд бас ирэх юм билээ. Бурхнаа тахиулах шийдээ сонсъё”
Түндэвийн Ванчин эрдэнэд очиж мөргөн ахынхаа хойдохыг даатгуулах хэрэг ийнхүү амархан бүтлээ. Хамбад Түндэвтэй дахин уулзан хэлж ярьж, захиж заах зүйл их болжээ.


*      *      *

Хоёр хоноод төв явсан Сүрэн ирэв.
Сүрэнг ирэхэд Цамба толгой өндийх завгүй ажилтай суулаа. Галч авгайн бэлтгэсэн хоол унд аль хэдийн хөрч царцсан байлаа.
Сүрэн болгоомжтой алхсаар Цамбын өмнөх сул сандалд суухад сая Цамба толгой өндийлгэн
-Та сайн явав уу гэв.
-Сайн явлаа, сайн сууж, ажлыг ч бүтээгээ биз дээ.
-Тааруу нэг.
Түүнийг ирлээ гэж нэг их сүйд бололгүй, асуултанд сэтгэл дундуур хариу өгсөнд Сүрэн гайхлаа. Сүрэн дээлээ тайлан эвхэж Цамбын орон дээр тавин малгайгаа авав.
Цамба хэсэг бодлогоширч сууснаа ширээгээ түлхэн босож ирээд өмнөө байсан цай хоолтой савыг дарж үзэн толгой сэгсрээд,
-Энэ халуунд ядарсан хөгшинд дахиад ажил удах бололтой гэж үглэснээ байдал төрх нь шал өөр болон хөгжилтэйгээр
-Танд баярлалаа. Та ажиллаж ч сурсан, бодож ч сурсан хүн байж. Гайхалтай үлгэр чинь гайгүй сайн онолоо. Надад хэлье гэвч хэлэх сайхан үг санаанд орохгүй байна гэсээр Сүрэнгийн дэргэд ирж хоёулаа орон дээрээ суув.
-Замдаа ядрав уу?
-Үгүй шүү.
-Ардаа яарав уу?
-Чамайг байгаа болохоор яарсангүй.
-Танайхан сайн байж уу.
-Сайн байна.
-Төвийн сонин?
-Хөдөөний чамд бол сонин юм байсан л биз. Надад ч янзаараа шив дээ гээд инээмсэглэн
-Миний явсан хэргийг асуухгүй юм биз дээ гэлээ.
-Дараа асуунаа.
-Эндэх ажил яаж байна?
-Санаа зоволтгүй. Бүх юм ёсоороо болсон
Та ч үүрэг өгсөн шиг өгч, би ч биелүүлсэн шиг биелүүлсэн дээ. Явсан хэрэг юу болов.
-Бас бүтсэн.
-Бид хоёрын саналыг...
-Бүрэн дэмжсэн. Хүн хүч авна уу гэсэн. Би юу хийхэв дээ гэлээ.
-Зүйтэй. Одоо ч сүүлийг нь мушгиж эхэлж дээ.
-Чи бид хоёрыг зоригтой ажилла гэсэн шүү.
-Тэр мэдээж, айж цэнэвэл ажил бүтэхгүй.
-Айхгүй гэвэл алдаж болно. Сайхан тааруулна даа. Чамайг магтаж байна билээ.
-Тэр яахав, таны хийсэн ажил.
-Түндэвийн явах “бэлтгэл” юу болж байна.
-Тэр замдаа яваа.
-Юу? 
-“Бэлтгэл” дуусаад Ванчин Эрдэнэ рүүгээ явсан.
-Хэзээ тэр вэ?
-Өчигдөр.
-Юун хурдан юм билээ.
-Хамба надаас өмнө “удирдчихлаа”. Таныг хүлээх цаг гаргасангүй.
-Хамба мөн их яарчээ.
-Тэгсэн байжээ. Бурхнаа тахиулах шийд сонсох гэж яарчээ.
-Юун бурхан? 
-Энэ тухайд мэдэх юм алга. Түндэвээр Ванчинд илгээсэн хамбын захидлын хувь хуулга энэ!
-Сайн хэрэг. Дараа тухтай үзье. Аа, Ловонгийн дээл?
-Мөн л надад байгаа. Ханзарч хаягдсан товч дээлээ олсон.
-Үлгэр маань үнэн боллоо шүү.
-Харин тийм ээ. Та ултай бөгөөд гайхалтай ярьсан шүү. Би юмыг тэгэж их сонирхож байгаагүй.
-Ултайгаа алд! Ердөө ямар ч бодлогогүй ярьсан хэрэг.
-Арай ч дээ.
-Яг үнэн, би тэгж ярьсандаа одоо хүртэл гайхдаг юм.
-Одоо яадаг билээ?
-Түргэн нэг тийшээ болгоё.
Тэр хоёр хоол ундаа тавтай идэж ууж амраад цааших ажилдаа орлоо.


*      *      *

Ловонгийн айдас улам их хүрчээ. Хамба ламын хэлсэнчлэн ёр шүглэсэн түүний дээл амь орсон мэт бараан доороос нь гэнэт алга болжээ. Тэр тогтож сууж байх аргагүй боллоо. Хааяа нэгэн хий үзэгдэл сэтгэлд урган, чихэнд элдвийн юм шивнээд байх аятай болно. Тэгснээ тэсэж ядан гадагш гарч хийдээс зүүн урдах гэрийг чиглэн түргэн түргэн алхав.
Түүнийг тэр гэрт шууд явсаар ороход мэрэгч сууж байлаа.
-Хэн минь, тус бол гэсээр өврөөсөө даш хадаг гарган амьсгаадан зогсоход, мэрэгч эр
-За Ловон ламтан юун цухалдуу яваа юм билээ гэж сонирхов.
-Та үзэж өгөөч! Миний нэг муу дээл бараан дотроос алга болжээ.
-Ирсэн хэрэг ердөө энэ үү.
-Тийм ээ.
-Тусалъя, тусалъя.
Ловон түүний гарыг алдалгүй ширтэнэ.
Мэрэгч мэргэлж дуусаад жаал бодол болов.
Тэгснээ дахин үзэв. Толгой сэгсэрлээ. Тэгээд,
-Дээл чинь эзэндээ очоод, бат савандаа оржээ.
-Эзэндээ очоод оо?
-Тэгжээ. Тэр дээлийн чухал хэрэгтэй нэг хүн холгүй байгаа юм байна. Түүнд очиж дээ. Уг нь үгүй хийх ёстой байж.
-Яагаад тэр вэ? Би ердөө ойлгохоо байлаа.
Миний мөрөнд олон жил өлгүүлсэн миний л дээл яах аргагүй мөн юмсан.
-Тэр дээлэнд нэгд гэхэд хөөрхий нэгний амь хургасан, хоёрт гэхэд таны өөрийн шунал шингэсэн гэж төлгөнд бууж байна. Ловон өөрийн эрхгүй биеэ барьж чадалгүй.
-Худлаа гэж хашгирав.
-Ловон минь, чимээгээ аяд! Учраа олъё. Чи мэргэлүүлэх гэж ирсэн. Би мэргэлсэн. Мэргэнд тэгж л буулаа.
-Миний дээлэнд хүний амь шингэсэн байна гэж үү?
-Ээ дээ, яг үнэн. Танд ямар ч гэм хийгээгүй хайран хүний амь шингэжээ.
-Бүр худал.
-Чин үнэн. Тэр хүний чинь нэр нь хүртэл бууж байна. Та тун муухай юм хийжээ.
-Хэн гэж байна, хэлээдэх чи гээд босож ирэхэд
-Намдаг гэж байна! Одоо болов уу?
-Ловон ламтан минь, та намайг танихгүй байнаа даа. Би хадаг авч мэргэлдэг хүн биш.
Ловон сая л түүнийг сайн хараад хэн болохыг мэдэв бололтой.
-Чи өнөөх... өнөө Цамба уу? !
-Тийм ээ, та одоо таних шиг боллоо.
Би таныг наашаа ирэх ч болов уу гэж нилээд хүлээлээ. Бидний хэрэг ингээд л ёсоороо бүтдэг юм даа.
Гаднаас зорьж ирсэн мэргэч лам нь орж ирэхэд тэр хоёрын харц мөргөлдөв. Ловон биеэ бас л барьж чадалгүй, газар нулиман
-Аа муу нохой! Ёстой амилсан буг. Чи ийм юмсан уу, муу хар урвагч гээд чимээгүй боллоо.
-Ловон их юм бодох бололтой. Тэрээр ингэж боджээ.
“Зүгээр сууж байгаад ингээд дуусдаг байжээ. Ардын засгийнхан чинь олоогүй юмыг олж, хараагүй юмыг харж, санаагүй юмыг санадаг юм байна. Энэ муу Даш мэтийн лам ухааны юмыг хүртэл ардын засгийнханд зүтгэж явааг бодоход бид чинь хэндээ итгэх болж байна даа. Магадгүй хамба өөрөө ч цагаа болохоор мөрөө бодож эдэнтэй хуйвалдах юм бил үү”


*      *      *

Ловон баригджээ. Хэсгийн төлөөлөгч сумын удирдлагуудад хэлж өртөөнөөс гаднаа гэр бариулж, тэнд Ловонг хорьж харуул хамгаалалт гаргажээ.
Үүнийг хэн хүнгүй мэдэв. Хамба Ловонг баригдсаныг сонсоод “Тэгнээ тэр! Тэр муу дээлний товчноос боллоо. Одоо яана гэх вэ. Ямар нэгэн арга алга” хэмээн бодоод дэргэдээ байсан үнэнч нэгэн шавьдаа аминчлан сэтгэлийнхээ үгийг ярина.
-Шавь минь. Хэрэг биш боллоо шүү. Түргэлэх хэрэгтэй боллоо. Аюул гадаа ирлээ. Чи бид ч лайтай амьтад юм байна. Хориод жил болоход сэтгэл амар нэг өдөр байсангүй. Гэвч бидний тухайд горьдлого бүү хэл найдлага бий юм шүү. Бидний горьдлого Ловонгоос шалтгаална. Тэгэхлээр Ловонд ямар нэгэн аргаар чи л нэг хэл хүргэ. Энэ бол ганц миний төлөө биш юм. Чи өөрийнхээ тусын тулд хийх чухал ажил. Цаашлаад бурхан шашиндаа ч асар их тус болно гэсэн хэрэг.
Очоод ингэж хэлээрэй. Бурхныхаа ном шиг тогтоож ав! За би хэлүүлэх үгийг эхэлье. Сайн сонс! “Бүх хэргийг биедээ тохоож, бурхны өмнөөс, Ванчин эрдэнээ бодож, биднийгээ хаацайлан төлөвлөж байгаа их үйлсийг сэтгэлийнхээ чанд нууц Намдагийн бодийг хөтөлсөн хэргээ дан биеэрээ хүлээ. Урт сүүдэртэй мөнх тавилантай бурхан шашиндаа хумхийн төдий хир, сүүдэр бүү хүргэ.
Өчүүхэн чинээ толбо хүргэвээс алдас болж хойд насандаа гэтэлж баршгүй гамшигт ойчин бие сэтгэлийн түмэн зовлон эдэлж мянгантаа дордоно”.
За хэлэх үг энэ. Үг гээлгүй цаадахдаа хэл. Шавь минь хичээ, явж үз гэлээ.


*      *      *

Ловон хоёрхон хоног хоригдох төдийд царай нь хачин их цонхийжээ. Сүрэн хоёр дохь удаагийн байцаалтанд Ловонг оруулж ирэв.
Ловон сандал дээр суулаа. Сүрэн нэг хэсэг түүнийг ажлаа. Тэгээд,
-Та өчигдөр хэргээ хүлээсэн биз дээ?
-Тэгсээн, тэр Намдагийг алсан үнэн.
-Тэр товч таны дээлний товч мөн биз дээ.
-Мөөн!
-Та Намдагийг ямар санаатай алсан бэ?
-Ямар ч санаагүй.
-Үнэнээр нь хэлээрэй!
-Үнэн, үнэн, надад ямар нэг санаа байгаагүй.
-Миний санахад та худал мэдүүлж байна?
Таныг хүн зорилгогүй алсан гэдэгт бид итгэхгүй байна.
-Одоо тэгвэл яахав дээ.
-Өчигдөрхөн та “Үнэнээ хэлнэ. Юуг ч нуухгүй. Алах хэрэгтэй байсан юм” гэж хэлээгүй бил үү?
-Би байдаг үнэнээ хэлсэн. Харин “Намдагийг алах хэрэгтэй байсан юм” гэж хэлсэн үгүйг сайн санахгүй байна.
-Санаж болно оо. Та тэгвэл тэгж хэлсэн мэдүүлгээ үзнэ үү? Та цөмийг нь сонсоод бичсэн зүйл мэдүүлсэнтэй тохирч байна гээд гарын үсгээ зурсан шүү дээ.
-Таныг уншихад би сонсоогүй өөр юм бодож байсан юм.
-Та яагаад тийм хайнга байсан хэрэг вэ? Сайн сонс! гэж танд сануулаагүй гэж үү.
-Хэлж л байсан. Хэн ингэж мушгина гэж бодох вэ
-Та надад биш гэхнээ түүнийгээ хэлэх л болно доо. Таны энэ гүжир үг манай хууль ёсонд ер таарахгүй.
-Намдаг та хоёрын хооронд хувийн ямар нэгэн өс хонзон байсан уу?
-Үгүй шив дээ. Би хүнд буян санасан уу гэхээс хар бодож яваагүй.
-Таны хүн алсан хэрэг чинь бурхан шашныхаа номонд тохирч байна уу?
-Тохирч байгаа.
-Юу гэж ойлгох вэ?
-Өөрөө мэд.
-Тэгвэл би, бурхан шашныхаа төлөө Намдагийг алжээ гэж ойлголоо. Энэ үнэн үү?
-Би ингэж хэлээгүй шүү дээ.
-Тийм ээ, та хэлээгүй. Гэвч миний бодол зөрөөгүй. Би өөрийнхөө бодолд итгэж байна.
Намдагийг алах бодол танд ер байгаагүй шүү дээ?
-Чухам үнэн.
-Тэгээд яагаад алах болов?
-Мэдэхгүй.
-Мэдэж л таарна. Би ганцхан үүнийг сонирхож байна. Намдаг танд ямар гэм хийсэн бэ?
-Ямар ч гэмгүй.
-Тэгвэл та нарт? !
-Бүр мэдэхгүй.
Тэр хоёр хэсэг чимээгүй болов.
Энэ хооронд Сүрэнг “Ловон гэдэг чинь харах царайны гайгүй чөтгөр юм даа. Өчигдрийн хэлсэн үгнээсээ буцдаг байна шүү. Өнөөдөр юу болчихов. Яахав чи тэгж л бай. Чамд үнэнээ хэлэх цаг ирнэ” гэж бодож байхад Ловон
“Хамбын захиасаар хамаг хэргийг өөртөө хүлээе. Өчигдөр юу ч гээгүй юм шиг мэлзээд байя. Эндээс гараад ханхай гэртээ очоод тухтай бодож нэг арга хайя. Хайх юу байх вэ. Намдагтай би хувийн аар саар хонзонтой болсон байя” гэж бодно.
Байцаалт үргэлжиллээ.
-Хамбын сэдсэн ажлын талаар та мэдэх бүхнээ ярьж өгнө үү?
-Сэдсэн ажил гэвэл худал хэлэх юм алга. Харин сүм хийдийн өдөр тутмын ажлыг надаар хэлүүлэлтгүй та өөрөө сайн мэднэ шүү дээ. Хурал номоо хурдгаараа хурж, хонх дамраа цохидгоороо цохиж, сүсэгтэн олныг өргөл барьц авчирвал авч л байгаа.
-Аа тийм үү? Та адраад байя гэж шийдээ шив дээ. Үүнийг таны хувьд нэг их таатай зүйл биш гэдгийг дахин сануулъя.
-Адарсан хүн алга даа.
-Та бурхан шашиндаа үнэнч юм бол түүнийхээ төлөө үйлдсэн бузар хэргийнхээ санаа зорилгыг үнэнээр өчиж үйл ланчгаа нимгэлэх юм биш үү?
-Үгүй ээ би  нимгэлэхийг хүсэхгүй. Тэртэй тэргүй бурхан өөрөө мэдэж байгаа.
-Тэгээд танд Намдагийг алах далд зорилго байсан хэрэг үү?
-Би ядарч орхилоо. Та намайг амруулна уу? Би дараа яг үнэнийг нь хэлье.
-Өнөөдрийнх шигээ мэлзэхгүй биз?
-Үгүй.
-За яахав, энэ асуудлыг ингээд түр орхиё.
Та өнөөдөр аймгийн төвд хүргэгдэнэ. Тэгэхлээр тэнд очоод яг үнэнээ хэлээрэй. Та байраа өөр хүнд “хүлээлгэж өгөх” хэрэг гарч байна.
-За, за. Бид хоёр бие биенээсээ салж санаа амрах юм байна.
-Таны санаа амрах болоогүй. Та бид хоёр тэнд дахиад уулзана. Тэгэхдээ бүр тухтай тохитой уулзана.
-Аа тийм үү? Сайхан хэрэг байна. Би байраа хэнд шилжүүлэх юм бэ? Сонирхож болох уу?
-Илүү ажил. Хэнд шилжүүлснээ та дараа мэдэх болно. Эцэст нь ганц зүйлийг тодруулах хэрэг байна.
-Амарыг та яах ёстой байсан бэ?
-Алахгүй нь лав. Би энд болохоор та Амарт зоволтгүй. Тэр байдгаараа байгаа гэв.
Энэ удаагийн байцаалт дууслаа. Сүрэн, Цамбын бичсэн зүйлийг тогтуухан уншиж өгөөд
-Хэрэгтэн Ловон таны ярьсан зүйл бичсэнтэй тохирч байна уу?
-Тохирч байна.
-Тэгвэл та гарын үсгээ зур даа!
-Дахиад л түвд үсгээрээ бичих үү.
-Тэр бол таны хэрэг...


*      *      *

Ванчинд морилсон Түндэв яваад хэд хоносон боловч хэл сураг ер гарсангүй. Хамбад түүний талаар мэдэх юм гэвэл юм бичээгүй цаас шиг байлаа. Адаглаад хил нэвтэрч гарч чадсан үгүйг ч мэдээгүй сууна. Хамба бодлогоширов.
“Ай, юу л болох бол доо. Доод зовхи татаж ёр дуудаад байдаг боллоо. Ингэж ингэж ардын засгийнханд яаж ч чадалгүй суусаар баригдвал яадаг хэрэг вэ? Тэгвэл ч зовохгүйг бодно шүү. Ванчин эрдэнээс хайрласан долоох төдийд төрөл арилжих юм бий дээ.
Ловонд шавь маань захисан үгийг дамжуулсан гэсэн. Үнэн л байгаа даа. Сүүлийн үед өөрөө өөртөө ч итгэхэд бэрх боллоо. Гэвч яах вэ зовж байж жаргах цагаа дахин харах ёстой юм. Хэд хоногтоо чандага шиг цагаанаа биш гэхнээ хэрээ шиг хар санаалахаа больж, шаазгай шиг алагтай явья.
Тэгж байтал Ванчин ирж цэрэг зэвсэг, шидийнхээ хүчийг хайрлан босох шийд өгвөл бид эндээсээ зэвсэглэн босож, зүүн, баруун сүм дуганыхантай нийлж нэгдээд энэ ардын засгийнхныг мартагнан зүүдлээ ч үгүй байхад нь эхлээд сумын захиргаагийг нь иднэ шүү дээ.
Бидний үйлс ингэж эхлэх учиртай”
Хамбад бараалхах хүн иржээ. Хаалгач хамбын өргөөнд орж ирэн наманчлан сөхрөөд
-Хамба танд морилох хүн үүдэнд ирчихээд байна гэхэд хамба гайхан ямар хүн юун тухай яваа юм бол? гэвэл
-Хэрэг зоригоо бүү хэл, хэн болохоо хэлэхгүй юм байна шүү дээ.
-Тэгээд өөр юу гэх юм бэ?
-Намайг битгий саатуул, хамбатай хурдан уулзуул гэж уурлах шинжтэй дэг ээ.
-Аа тэгвэл өөр хэрэг. Тэр хүнээ түргэн оруул.
Та ёстой юм ёсоороо байх ёстойг ойлгуулж жаахан эвгүй юм болж, саатуулсандаа түүнээс уучлал гуй!
-Жа, мэдлээ...
Удалгүй нэгэн эр орж ирэн үүдэнд сөхрөв.
Харвал холоос яваа бололтой аяншиж ядарсан шинж ил ажээ. Тэр эр сөхрөнгөө
-Хамба таны түмэн амгаланг айлтгая гэвэл хамба талархсан шинжтэй
-Та амархан сайн морилж байна уу? Би сайн.
-Би урд газраас хурдан унаагаар хөл залган хил орчим ирээд энэ хүрч яваа далд даалгавартай хүн.
Хамба учрыг ойлгоогүй дүр үзүүлээд
-Таны хэлэхийг би ер ойлгохгүй байна гэхэд өнөөх хүн “Чи болж ойлгохгүй байгаа бий” гэж бодон
-Хамба та намайг уучлаарай!
Би битүү ярьсан бол ойлгохгүй нь аргагүй.
Ванчин богд тань руу намайг зараалаар явуулсан юм.
-Аа! Тийм байлгүй дээ. Ванчин эрдэнийн бие төлөөлөгчийн сураг дуулдаад байсан юм.
-Тэр чинь би юм.
-Тийм байна.
-Түндэв гэдэг хүн Ванчин богдын дэргэд үлдсэн. Би очингуут нь наашаа гарлаа.
-Түндэв сайн хүрч үү?
-Сайн, саадгүй хүрчээ.
-Та тэгээд ямар хэл авчрав?
-Ванчин намайг дуудаад “Би удахгүй дөхөж очно. Нөгөөдөр хөдөлнө. Бурхнаа түвд ёсоор уу, эсвэл монгол ёсоор уу гэдгээ өөрөө шийдээд тахь” гэж амаар хэл гэсэн юм гэхэд хамба малилзан “Ванчин эрдэнэ нөгөөдрөөс наашаа гарах юм байна. За одоо  үзээд алддаг хэрэг. Шийд ирлээ. Бурхан тахихдаа биш. Гагцхүү энэ бол Ардын засгийн эсрэг биднээс босох цагийн дохио юм шүү дээ. Ванчингийн хэлүүлсэн үг нь биднийг харалгүй, хөдөл! гэсэн үг байна гэж бодоод ирсэн хүн өөд эгцлэн харж
-Ванчин эрдэнээс өөр юм алга уу гэвэл, бие төлөөлөгч болох сайхь эр яаран
-Аар саар зүйл бий. Танд энэ бичгийг бас бариарай гэсэн юмсан гээд битүүмжлээгүй дугтуйтай бичиг гарган хамбад барив.
Энэ бяцхан үйл хөдлөл хамбыг гайхалд оруулав.
Хамба дугтуйг задлан гүйлгэн харснаа тэрхүү хуудас цаасыг даагаагүй мэт унагалаа.
Энэ бол хамбыг улс төрийн ялт хэрэгт нь тулган ардын төрөөс барих бүрэн эрхийн баталгаат бичиг байлаа. Хамбад яах ч арга байсангүй. Одоо хөдөлбөл аюултай гэдгийг хамба сайн ойлгоно.
-Хамба та уншиж танилцсан бол хувцсаа өмс! гэх Сүрэнгийн эрдүүхэн дуугарах сонсогдлоо.
Ийм ширүүлэх үгийг хамба амьдралдаа анх удаа сонслоо. Энэ үгийг дуулуут хамбын хамаг л хар хортой бодлууд зургийн хальсыг гэрэл  цохих адил алга болсон боловч тэр бүх бодол заналын ор бүгдээр айн түгших аймшигт бодлууд дүүрч авлаа.
Энэхүү бодолдоо хамба хэзээ ч хөдлөх аргагүйгээр өөрөө өөрийгээ хүлсэн байлаа.

 

Г.Батаа

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417