Танихгүй зочин

Танихгүй зочин

Нар шингэсэн ч улбар шар туяа хорвоо дэлхийн өнгийг алтан шармалаар будаж, өдөржин тогтохгүй гүйж эзнээ зовоосон хонин сүрэг утааны үнэр авч гэрийн бараа харангуут нутгийн зүг гүйх горьдлого нь тасарсан мэт налайн бэлчинэ. Эзнээ тайтгаруулж, жаалхан амраад шөнийн сэрүүнд газар дөхье ч гэж байгааг хэн байг гэх вэ? Бор гэрүүдээс баруун тийш зайдуухан барьсан улаан халзтай том гэр, зургаан ханатай цагаан гэр хоёр л бараан өнгийн чулуунууд дундаас тодоос тод ялгаран харагдах өөхөн цагаан чулуу шиг содноос содон дурайна.

Том гэрийн ойролцоох уяан дээр аяншиж ядарсан цөөн морьд зарим нь үүрэглэн, зарим нь цангасан бололтой шилэмдэн амгай дуугарган хөлөө ээлжлэн сэлгэж зогсоно.

Гэрийн дотор хэнгэрэг цан нижигнэж, хонх дамар тачигнан лам нар бүдүүн нарийн хоолойгоор хөг нийлүүлэн аялгуулж ном унших дуун нэг өндөр, нэг намхан болох нь сэтгэлийг хөндөн гай цээрээс зайлуулан, нүглийг нимгэлэн, буяныг арвитгаж, тамын аюулаас зайлуулахыг сахиуснаасаа хүсэн бясалгана. Бурхны өмнө олон зул эгнүүлэн мандаасны зарим нь бадамлан дөлөө дээш өргөж, арц хүжний анхилам үнэр гэр дүүрэн сэнгэнэх нь сэтгэлд таатай. Энэ бүхэн гэрт цугларагсдын хойт насандаа очих дагшин орныг энэ яваа насаараа үзэж буй мэт.

Тав гэзэгтэй гэрийн эзэн хүрэн торгон дээлэн дээр луу хээтэй хар хантааз, отго жинстэй малгайгаа өмсөн зүүн хойд талын хивс олбог дэвссэн өндөр модон орон дээр бурхны зүг харан ихэд сүсэглэн алсын алсад бодол сэтгэлээ бэлчээн сууна. Түүний доохон талд хатан нь авдрынхаа өмнө сунан мөргөж энэ насны хүсэл хилэнцийг хөнгөлөн, хойт насны жаргалыг даатган байна. Гэрийн баруун талд лам, хар хэдэн хүн энэ бүхнийг үл анзааран дүнгэр дүнгэр ярьж сууна.

Гэрийн эзэн наминчилж  буй дүр үзүүлэвч  цаанаа  бод­логошронгуй гутарсан нь илт.

Толь гүн Дашцэрэн хилийн шугам алхаж хүний нутагт орж ирээд гай зовлонгоо арилгаж онгон шүтээнээ тахиж хийморь цог золбоогоо сэргээх гэж бурхандаа залбиран суугаа нь энэ. 

Алсад нохой гунигтайяа нэгэн жигд улина. Да гүн түүнийг залбирал үйлдэхийн ялдам чагнаснаа манай банхар байна. Миний хийморио сэргээх гэж суугаа, энэний байгаа хоёр ч мөн таарч дээ хөөрхий. Банхар маань тун соргог, улаан хөлтэй юмыг урдуураа гаргадаггүй хоточ нохой доо. Дансран тайжийнхаас би өөрөө авсан юм. Айлаас нохойн гөлөг аваад явахдаа хэргэм зэрэгт харш юм шиг санагдсан ч элдвийн ааш зантай хүнээр нохой авахуулбал яг л тэр хүн шигээ араншинтай нохой болдог гэж хуучцуулын ёсыг дагаж өөрөө авчирч сүү долоолгосон юм. Айлаа хүртэл би сонгосон. Энэ нохой заавал миний жасаагаа уншуулж, даллага авдаг өдөр ульж байдаг. Ямар зөн ёр татахаараа ингэдэг байна. Миний үйлс ч бүтэхгүй юм байна даа. Засаг төрд нэр нүүртэй явсан өдөр бий. Би болчимгүйтсэн юм уу? Нутаг усандаа байж  байгаад тайван нүд аньсан бол зүгээр байж дээ. Үгүй, болохгүй байлаа шүү дээ. Удам судраа хамгаалсан. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг. Өвөг дээдсийнхээ өмнө хувь тавилангаа харна. Хөрөнгө хураана, бурхан шүтээнийг минь үгүй хийнэ гэнэ. Үе дамжин шүтэж ирсэн шүтээн, уншиж ирсэн ном судрыг феодалын суртал гэж устгана гэнэ шүү. Тархи толгойд нь юу шүглэсэн амьтад ингэж монголоо алдаж явдаг байна. Улаантны ёс гэж ийм сүрхий байдаг байжээ. Удам судраа харц боолуудаар ингэж баллуулах гэж үү, яасан ч үгүй гэж бодогдоход өөрийн мэдэлгүй зүрх нь оволзсоноо сая мэдрэн юу болж байна даа. Галзуурах нь уу? Ингэж болохгүй гэж бодон аль болохоор тайвшрахыг оролдон нүдээ анин мэддэг хэдэн тарниа амандаа үглэн уншиж мөргөл үйлдэхэд арц хүжний анхилам үнэр сэнгэнэн сэтгэл санаа тайвшруулна. Гэрийн баруун талд суусан Жавзандорж, Аюурсэд, Дармаа гэлэн, Гэниндарам мээрэн нар хоорондоо хөөрөг дамжуулан тамхилж аминчлан ярьж сууна. Энэ өдрийн жасаанд хятад, монгол, лам, хар нэлээд хүнд заллага айлтгасан атугай ч хараахан хүрэлцэн ирээгүй байлаа. Төвд Лувсан, иргэн Цао овогт нар зүүн гэрт дайлуулан сууна. Тэд ядарч байна, тусдаа гэрт орж түр амаръя гэснийг ёсоор болгосон нь энэ билээ. Харийн гүрний хоёрт аминчлан зөвлөлдөх ажил нь бас л дуусаагүй байгаа бололтой.

Жавзандорж:

-Ирээрэй гэсэн хүмүүсээс тун цөөхөн хүн ирж дээ. Урьд аавыг маань эрх, ямбаа эдэлж байх цагт бол яагаа ч үгүй байхад мөлхөөд ч болсон ирсэн дээ. Дармаа:

-Дүү минь ирэх байлгүй дээ. Эрт ирээд яах вэ. Даллага авах үед ирье гэж байгаа биз! Аюурсэд:

-Муусайн махан мануухайнууд чинь зөн нь төөрсөн бух шиг дэмий тэнэж яваад хамаг ажил нураачих вий дээ гэж ярилцан суухад Толь гүн Да бурхандаа залбирах зуур тэдний яриаг сэм чих дэлсжээ. Бидний дагаж ирсэн энэ хүмүүсийг ширүүн догшин загнаж байж биенээсээ хөндийрүүлчихвэл бид үнсэнд хаясан шалз шиг болно. Аль болохоор хуурч шүүрч биендээ ойр дотно байлгах юмсан. Гэдсийг нь сайн цатгаад олж ирсэн юмыг нь өөрсдөд нь ахиухан өгч олзны амтанд оруулж, шуналын улаан галыг хөөрөгдөн дэвэргэж улаан гол нь тасрах гэж байхад, алт хараад нүд нь гөлийж, гар нь татаганаж байхаар болчихвол учир бий. Ардын намын халимагтангуудыг толгой дараалан хядаж овоолоод хүүрийг нь шатааж чандрууг нь салхинд хийсгэж газар дэлхийг цэвэрлэсэн байхад миний үе залгамжилсан удам угсаа цэвэршиж Толь гүний алдар цуу манданаа. Тэр цагт надтай тэрслэх амьтан гарвал хар хорхой гишгэж байгаа юм шиг л няцлаад өгнө. Гэтэл манай энэ хүү ухаан муутай болоод тэр үү? Юм үзэж нүд тайлаагүй болоод тэр үү, арай л ширүүдээд байх юм. Дайснаа нэг мөсөн дарахын тул тэднээс арга ухааныг нь сурч түүнээ өөрсдөд нь эргүүлэн хэрэглэж нэгийг нь нөгөөгөөр нь идүүлж байх ёстой юм. Тэгэхэд манай энэ мангарууд улаантан л үзвэл алахын дог шүглээд болдоггүй шүү. Харц ардыг мал адгууснаас дор үзнэ. Цаг нь болоогүй байхад ингэж болохгүй. Тэд хичнээн сэхэвч төрөлхийн заяа тавилан нь доор төрсөн болохоор тэнгэр язгууртанд хүртлээ зай ч бий, лай ч бий. Хятадуудын хөлд аятайхан сууж байгаад наанадаж ахиухан буу зэвсэг, цаашилбал хүн хүч олж байгаад улаантныг ниргүүлсэн цагт учир нь олдох ёстой. Хятад хүн дотор тамиртай холын бодолтой болохоор ухаантай юм хийнэ дээ. Сэтгэлд эс нийцэгсдийг өөдөөс нь харж инээж байгаад эргээд харахын нь хооронд амжаад нугасанд нь хутга шаачихаад эс мэдэгч байхаас сийхгүй. Бидэнтэй наалдаад байгаа энэ данжаад алсын ханилгаатай хүн биш бололтой. Яая гэх вэ? Цагийн байдалд зохицож ингэхээс өөр арга алга. Өдрийн буг улаан дээрэмчин ардын намынхны муу ёртонгуудыг хүйс тэмтэрч байвал хятад, төвд, хасаг, чантуу ер нь хамаа алга. Тэр Банчинбогдын их цэрэгтэй гэдэг ч худлаа. Ид шид ч юу байх вэ дээ. Миний өрөөсөн дугуй тэнэмэл бадарчин. Ганцхан түүний нэр хүндийг л ашиглаж хоттой хониноосоо цааш харах чадалгүй сүсэгтэн олон, лам хуврагыг нааш нь эргүүлбэл хамаг хэрэг бүтэх нь тэр. Хан тэнгэр, хатан дэлхий бурхан шүтээнээ өмнөө барьж байгаад олныг өөрийн талд татаад авбал зөрүүд зантай, санаа урвасан нэгийг нь мэсний хүчээр дарахад учиртай гэж бодож суутал даллага авах цаг болж гэр дүүрэн хүн цугларч суудал эзлэн сууцгааж, хүүхэд багачууд үүдэнд цугларан шавах нь Да гүнтэнд золбин ноход үхсэн малын сэгэн дээр цуглаж байгаа юм шиг санагдав.Эгдүү нь хүрч уур омог нь бадран гуйлгачингуудыг ташуурдаад хөөж гаргахаар санагдсан ч гүнтэн цагийн аяст нийцэхээс өөргүй болсон тул эс мэдэгчийн дүр үзүүлэн суудлаа засч бурхнаа ширтэн хурай! хэмээн даллага авч дуусгав.

Лам нар манз цав зооглон цугласан хүмүүст хувь түгээн яриа шуугиан, инээд наадам боллоо. Да гүн даамалдаа цугласан олонд болон айл аймгийнханд шүүс хувь аривхан өгөхийг урьдчилан даалгасан нь ёсоор болж, авгай хүүхдүүд баярлалдан хувиа аваад гэр гэр рүү явцгаалаа. Энэ нь гүнтний таалаад тун их нийцэж байлаа. Гүнтэнгийн өргөөнд ахас дээдэс голдуухан үлдэж сархадын үнэр ханхийж хүн болгон хатуухан гарсан нэрмэл тагш тагшаар зооглон ам халсан хүмүүсийн яриа хөөрөө чангарна. Гүнтэн ч бодлоо сарниулан сэтгэлээ засахын тулд хятад хар архи уусаар байлаа. Гүнтний жасааны хэнгэрэг цохисон банди цав манзаас идэж уун энэ тэрийг ярихыг сэмхэн чагнан сууна. Жасааны гол ламтан Балбар гавж шүүснээс нимгэн зүсч үмхэлнэ. Да гүн түүнийг хараад энэний байж байгааг өлөн чоно аятай. Балбар ч хэзээний нэг насаараа гороо сахиж өргөл барьцаар баяжиж цаддаг амьтан. Хүний чөлөөгөөр авгай эргүүлэхээс өөр юм мэддэггүй шуналын хар тулам даа. Энэ газар юу хийж ирсэн юм бол доо. Олз олох, баяжих л гэж ирээ биз дээ. Аягүй бол сэм дэр нийлүүлж, энгэр зөрүүлж явсан амьтдынх нь нэг энд ирээ биз дээ. Энэнийг л өндөр малгай өмсгөж байгаад сүсэгтэн олны толгой эргүүлэхийг бодвол зүгээр юм. Энэ чинь олон шавьтай. Аминдаа л олз олохын ухааныг яггүй сонгож авсан эр дээ. Эмийн тулам барина. Шоо хаяна. Гүрэм хийнэ. Олонд нэлээд алдаршсан амьтан юм биз дээ. Энэний өл халзан толгой, алаг марьяатай гарыг хар л даа. Юу барихаараа гар нь хүртэл алаг марьяа туссан юм бол доо гэж бодмогцоо дээгүүр харж мөнгөн аягатай архиа шимж эхэллээ.

Балбар гавж, хатан хоёрын харц мөргөлдсөнөө хүн мэдэх вий дээ гэснээс дальдарсныг хэнгэрэгийн банди Цэдэвцэрэнгээс өөр хэн ч мэдсэнгүй. Балбар, хөгшин зөнөг гүн хөрөнгөө хураалгалаа гэж уур, хорсол, хармын сэтгэлдээ шатаж галзуу нохой шиг яахаас ч буцахаа байсан амьтан. Олон жил эдний жасаа уншиж дээ. Бирд шиг амьтан. Амьтны гар тэнийлгэж үзээгүй хүн дээ. Өнөөдөр сүрхий өглөгч дүр үзүүлж байх юм. Худлаа даа. Цаанаа холын муу хорон санаа бий дээ. За тэр ч яах вэ. Эднийг дагаж байж ахиухан хатуу эдлэл, Долзод хоёрыг олоод авбал ёстой хандсан зүгтээ арилж эдний чихэнд дуулдаж, нүдэнд үзэгдэхгүй газар алга болоод өгнө. Бид хоёр эхний үед толгой хоргодох дөрвөн ханатай гэр, сольж өмсөх хувцас, унаа л байвал боллоо. Яваандаа ноён болохыг хэн байг гэх вэ гэж бодсоноо миний бодлыг хүн мэдчих вий дээ гэснээ хоолойгоо засч хамрын тамхиа бургиулан татлаа. Долзод төрсөн газар шороогоо хаяад ингэж ч явах гэж дээ. Эм хүний заяа гэдэг л ийм байдаг юм байж дээ. Энэ хөгшин ноёны бага хатан болж хүчээр ингэж суух гэж дээ, Хан тэнгэр минь. Ноёны хатан болоод сайн хоол идээд сайхан хувцас өмсч, хар бор, хатуу ширүүн ажил үзсэнгүй. Гэсэн ч энэ надад жаргал гэж санагдахгүй юм. Хар нүд аниагүй цагт дөрвөн мөчөө хөдөлгөж байвал жаргал тэр байдаг бололтой. Насны эцэст юу л үздэг бол доо. Зөнөг ноёныг төрөл арилжаад өгөхөөр эднийхний хэдэн хүүхэд ах, дүү нар намайг үнсэнд хаясан шалз шиг болгох нь гарцаагүй. Балбар ч яах вэ дээ, хоног төөрүүлж зугаа цэнгэл бодсон тийм л хүн шиг санагддаг. Балбартай суулаа гэхэд хэн нэг амьтан гулууз алт өгье, авгайгаа өгчих гэхэд үг дуугүй өгчихөж мэдэх хүн шиг байгаа юм. Цагаа тулахад яах ч хүн юм бүү мэд дээ. Лав л хуварга хүнтэй суулаа гэхэд нэг гэрт орж болохгүй нь мэдээж. Би энүүний юунд нь болж өврөө нээсэн юм бол. Хай бүү мэд. Эмийн шилэг гэгч л болсон юм байлгүй. Нутагтаа л очих юмсан. Холоос зэрэглээтэн дуниартах цэнхэр уулс, таван хошуу малын минь налайн бэлчих жаргалын орон болсон говь минь гэж бодоод санаа алдсанаа бусдыг мэдчих вий дээ гэсэн байртай гэр доторх бүх хүмүүсийг сэм харахад тэд түүнийг тоосон шинжгүй яриандаа халж ам өрсөн ярьцгаана. Да гүн, Балбар хоёр ч сэм хичээнгүйлэн ярилцана. Ганцхан хэнгэрэгний бор банди л хааяа нэг хултай айрагнаас шимэн энэ тэрийг ажиглан сууна. Хатныг санаа алдахад тэр андсангүй ажигласнаа хатныг хармагц эс мэдээчийн дүр үзүүлнэ. Долзод, энэ ер нь их сэргэлэн залуу юм даа. Аятайхан ч залуу юм. Хэний хүүхэд юм бол доо. Энэ лав Балбарыг л дагаж яваа юм байх даа. Ийм шавь байхгүй. Хэлтгий захтай дээл үүнд даанч зохисонгүй. Хайран залуу. Замаа алдах нь дээ. Ийм сайхан залууг дагавал хорвоо замбуулинг тойрсон ч хамаа алга. Хүний чөлөөнд ганц удаа ч гэсэн уулзах юмсан. Аз хүү байвал ёоз хүү дайрна гэсэн үгтэй юм гэж бодож сууснаа жасаан дээр ийм юм бодож суудаг амьдын хар нүгэл байгаа даа болъё хөө гэж бодсоноо аман дотроо маань уншсан ч түүний харц үе үе өөрийн эрхгүй хэнгэрэгний банди дээр тусаад байлаа. Тэр банди нас хорь шахаж яваа бололтой тос даасан бор залуу байлаа. Цэдэвцэрэн “Энэ хатан намайг байнга хараад байх юм. Сэжиглэж байгаа юм болов уу? Үгүй бололтой. Намайг таних учиргүй дээ. Балбар гавж, Да гүн хоёр ч ёстой л сайхан зөгнөл ярьж байна даа. Харин энэ Жавзандорж, Аюурсэд хоёр ч аюултай амьтад юм. Хүн толгойтой болгоныг хүйс тэмтрэх гэнэ. Муу багшийг минь сэжиглэдэг бололтой. Манай Содов багш шиг ухаантай хүн ховор доо. Даанч нас нь өндөр болсон юм даа. Багш минь:

-Чи хө, төрийн албыг чин сэтгэлээс сүсэглэн гүйцэтгэхээс өөр эрхэм буян байхгүй. Хүнд юм л сурвал эрдэм гэсэн юм. Номыг монгол төвд, манж гэж голж шилж ялгаж болохгүй. Над үр хүүхэд гэж байхгүй. Лам нэр зүүснээс хойш ганц шавьтай. Тэр нь чи. Би чамд монгол, манж хятад хэл бичиг заана. Тэртээ тэргүй миний өвийг идэх хүн чи. Багшид нь энэ муу гэр, хэдэн номноос өөр юу ч үгүйг чи мэднэ. Хүнд огт хэлж болохгүй гээд арваад жил ном заасан. Монгол, манж бичиг ч яах вэ. Тэр хятад хэл ярвигтай. Гэсэн ч би хятад хүний юу ярьж байгааг мэдээд байгаа болохоор болох нь тэр. Төвд ном ч яах вэ багшийн хүчинд болж л байна. Манай багш сонин хүн шүү. Намайг лам нарт манай энэ ном сурдаггүй мулгуу амьтан. Хоол хош хийж, мод төмөртэй л ноцолдож байвал болох амьтан гэж ярина. Өөрөө модоор юм сийлэх, төмөр гагнахыг хүртэл зааж өгсөн. Мөн ч уран хүн дээ. Ирсэн гийчнийг гарсан хойно, сурсан эрдмийг мийний /муур/ хумс мэт нуу гэсэн үгтэй юм. Гэхдээ хэрэгтэй үед нь хэрэглэхгүй бол бас болдоггүй эд дээ. Атаа жөтөөнөөс болгоомжилж яв. Хүний хомхой сэтгэл гэгч хэцүү. Түүнийг барьж байхгүй дураар нь тавивал юунд ч хүргэж мэднэ. Аливаа юманд няхуур нямбай хандаж сурвал дээр. Эр хүн гүдэс шулуун, үг хэл цөөнтэй шийдэмгий, зориг тэвчээртэй байх нь аминд өлзийтэй, ажилд тустай гэдэгсэн. Нэг өдөр намайг горооныхны зүүн талын гэрт оч! Тэнд нэг хүн бий. Түүнтэй уулзаад ир гэсэн. Би явсаар тэр айлд очсон чинь халимагтай махлаг хүн баруун хойд талын орон дээр хэвтэж байснаа намайг орж очингуут босч суун аман мэнд мэдэлцээд:

-Чи Содов гуайн шавь Цэдэвцэрэн үү?

-За тиймээ

-Чамайг Содов гуай явуулав уу?

-За тиймээ

-Чи монгол бичиг мэддэг. Сонин ном уншдаг гэсэн байх аа.

-Сонин, ном амьтан хүнээс нууж уншаад багшид юу бичсэнийг хэлж өгдөг. Заримдаа улс амьтан унтсан хойно багшид дуудаж өгдөг.

-За тийм байж. Чи тэгээд юу ойлгож авсан юм дээ.

-Ардын нам, засаг бидэнд эрх чөлөө олгож, эн тэгш жаргуулахын тул ядуу хоосон баян чинээлгийн ялгааг гаргах гэж байна. Гэтэл шар хар феодалууд ардын намыг эсэргүүцэж үймээн шуугиан дэгдээж хуучин ёсыг хэвээр байлгах гэж үхэн хатан тэмцэж байна.

-Чи яагаад хар болоогүй юм бэ?

-Би багшийг хараад л...

-Багш чинь чамайг битгий хар бол гэсэн үү?

-Үгүй. Цагийн аясыг жаахан харъя. Хэрээ дагаж галуу хөлөө хөлдөөнө гэгч болох вий. Цагаа ирэхэд чи байтугай би ч хар болно гэдэг юм.

-Чи Ардын намын үйл хэрэгт зүтгэх дуртай юу?

-Мэдэхгүй. Багш л мэднэ.

-Яагаад тэр вэ? Цэдэвцэрэн дуугарсангүй, газар ширтэн хуруугаараа орхимжныхоо үзүүрийг имрэн суулаа.

-Чи төрийн албан хаагч болох дуртай юу? Тухайлбал над шиг.

-Дуртай гэж нүд нь сэргэж ирснээ царай нь хувьсхийн уруу царайлан:

-Багш л мэднэ дээ.

-За яах вэ. Багштай чинь гурвуулаа хамтран ажиллана. Эх орноосоо урваж байгаа хар, шар феодалуудтай тэмцэнэ гэхэд миний баярласан, айсан, гайхсан сэтгэл төрж билээ.

Энэ тухай багшдаа айлтгахад,

-Хүнд элдэв юм ярьж болохгүй шүү. Наанадаж засгийн ажлыг унагана. Цаашилбал бөндгөрөөсөө сална. Тэр чинь төлөөлөгч Жамбал гэдэг хүн. Дараа учрыг яръя гэж билээ. Ингээд л багш, Жамбал гуай хоёр намайг Балбар гавжийн шавь болгосон юм даа гэж бодож суутал Балбар гавж:

-Цэдэвцэрээн! Чи салхинд гар. Нойр чинь хүрээд байвал зүүн айлуудад очоод унтаж байсан ч болно. Долзод:

-Ашгүй дээ. Би салхинд гармаар байсан юм. Айгаад байлаа. Балбар,

-Тэг тэг. Та хоёр гар! Шөнийн тэнгэрт түг түмэн одод түгэж салхигүй намуухан байлаа. Гэрээс гарахад эхүүн үнэр, гашуун утаанаас салж, цэнгэг агаар тэднийг угтаж хүлээс баглааснаас тавигдах шиг боллоо. Долзод:

-Хоёул жаалхан ийш нь явъя гэж баруун зүг хөтлөн явлаа.

 

* * *

 

Түвд Лувсан: 

-Ар халхын санаа урваж улаантан болж зургаан зүйлийн компанит ажил явуулж байгаа нь энэ гэж ихэс дээдсийг басамжлан доромжилж, үе улирсан хэргэм зэргийг устгаж, хөрөнгө зоорийг чинь хураан модоо барьсан гуйлгачингуудын нэгэн адил болголоо. Удам судраасаа үе дамжин аливаа хувь заяагаа даатган шүтэж ирсэн шүтээнийг чинь түйвээн сүйтгэж, лам хуваргын үндэс язгуурыг таслахын тул үе залгамжлах банди нарыг хар болгон сүм хийдээс хөөн зайлуулж байна. Төр минь, эцэг өвгөдийн үеэс уламжилж ирсэн ёс заншлыг ингэнэ гэж байх уу даа. Насан эцэслэхэд хонхон дуу сонсохгүй сүнс нь тамаар дүүрч тарчлах цаг болох нь. Ийм аюул гэж байдаг даа.

Банчинбогд шашин бурхныг аварч эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өвөрлөгч хошуунд залран ирээд улаан намынхныг хувилгаан чадал, зэвсгийн хүчээр даран сөнөөхөөр бэлтгэж байгаа юм. Түүнд Манзширын хувилгаан, Их наран улс цэрэг зэвсгийн хүчээр туслахаар зэхэж байна. Ингэхлээр ар монголынхны улаан намын суртал хараахан хүчтэй дэлгэрч чадаагүй байгаа захын хүрээ хийдүүдийг хүн ардынх нь хамт нааш нь нүүлгэж ирээд хүчээ сэлбэж аваад эргээд дайрвал эзэн тэнгэрийн ивээлээр хуучин засгаа дахин тогтоож жаргах цаг ирнэ.

Цао данжаад,

-Тийм ээ! Манай Дундад улс ч гэсэн ар халхын бурхан шашныг аврахын тул цэрэг зэвсгээ хилийн ойролцоо Номхон толгой, Цагаанцонж, Солбийн улаан даваанд шилжүүлэн ирүүлж өргөн олны хэзээнээс нааш эдэлж хэрэглэж ирсэн гурил, будаа, монгол гутал, даалинбуу, дүнсэн тамхиар гачигдуулан боогдуулахгүйн тул хилийн ойролцоо доншуур наймаанууд суулгаж байгааг та нар бэлхээн мэднэ. Хэзээнээс нааш эдэлж хэрэглэж сурсан эд бараанаас өргөн олон түмэн минь сална гэдэг даанч дээ хөөрхий гэж толгойгоо сэгсэрснээ санаа алдан тамхиа татлаа.

Лувсан,

-Баруун талаас Хар шаарт нутаглаж байгаа Чүлтэм да лам, өмнө талаас Банчин эрдэнэ, эндээс та нөхөд, зүүн талаас Наран улс нийлээд дайрах зорилготой юм. Тэгэхэд ар халх юу үлдэх вэ. Хэдэн лам, хүүхэд, хүүхэн, чавганц л үлдэнэ биз дээ. Шамбалын дайн эхэллээ гэсэн үг.

Балбар гавж орой дээрээ залбиран нүдээ аниад ном уншина. Тэдний үгийг чагнаж суусан Да гүн хэрвээ эдний ярьж байгаа нь биелдэг бол болох нь тэр. Ер юу л бол доо гэж бодлогошрон тамхиа татаж сууснаа,

-Хүчээ нэгтгэвэл учир бий. Түүнийг чинь хэн нэгтгэж хөдөлгөх юм бэ? Толгойлох хүнгүй бол талаар нэг цацсан тариа шиг л юм болно шүү дээ гэж Лувсан руу харахад,

-Банчинбогд л нэгтгэх мэргэн ухаан сийлнэ дээ.

Цао,

-Дайн тулаан ч хүүхдийн тоглоом биш дээ. Ар халхын цэргийн хүчийг урьдаар сайн тагнаж мэдэх хэрэгтэй. Улаан оросууд цаана нь байгааг мартаж болохгүй. Чийчаан тэрэг хичнээн байна. Тэр түргэн уналга гэдэг чинь үхэр тэргээр явахтай адилгүй. Монголын хилийн хамгаалалт нэмэгдээд байгаа сураг бий. Хүч чадлыг нь сайн мэдэх хэрэгтэй.

Жавзандорж,

-За хилийн харуул гэж сүйд болоод байх юм байхгүй. Энд тэнд хэдэн өлсгөлөн юм үүрэглээд байж байгаа. Тэд чинь хил манах нь бүү хэл гэдсээ яаж тэжээхээ мэдэхгүй нойроо дийлэхгүй байгаа мануухайнууд.

Харин тэднийг олж алаад хэдэн муу буугий нь сумтай нь л авах юм биз дээ гээд сүүмэлзэн асах өөхөн дэнгээс тамхиа асаан утаа савсуулна. Балбар:

-Муу ч гэсэн халуун зэвсэг барьсан дайсан, амь насанд аюултай. Тэгж доорд үзэж болохгүй. Сэм туршуул явуулж байдлыг нь сайн мэдэхийн зэрэгцээ Амарбуянт, Төгрөгийн хүрээний лам нарыг бурхан шүтээнийх нь хамт нүүлгээд авчихвал сүсэгтэн олон дагаад ирэх нь зайлшгүй шүү дээ.

Аюурсэд,

-Хэдэн гуулин бурхан, шалдан лам нарыг аваад ирлээ гэхэд олон түмэн дагаад ирэх нь юу л бол доо. Түүний оронд адуу, тэмээг нь цөлбөн авч агт унаагаа сэлбэхийг бодсон нь дээр байлгүй.

Балбар,

-Та төрийн тайж хүн байж бурхны олон шавь нарыг тэгж доорд үзэж болохгүй. Бид ингэж шуудайд хийсэн ямааны эвэр шиг байвал үйлс яаж бүтэх вэ дээ.

Да гүн,

-Хүний газар гүний нутагт ирээд эвээ хичээсэн нь дээр. Эвээ нэг, эврээ хоёр хий гэдэг биз дээ. Зах хязгаар нутгаар улааны суртал ч тийм хүчтэй биш байна. Хилийн харуулыг чангалж байна гэж би дуулсан. Хэдэн зарцаас өөр юмгүй бид ч яах вэ дээ. Дундад иргэн улсын ноёд ч биднийгээ энэрэн хайрлаж гар сунгах цаг болж дээ гэж хэлээд Цаогийн зүг харахад тэр дуулсан шинжгүй тамхиа татсан чигээр сууснаа жүнзтэй архи авч шимснээ:

-Дундад иргэн улсын эзэн та нарт туслах санаа их байна. Үнэнийг хэлэхэд тэнд үймээн самуунтай санаа нэггүй байна. Чантуу нар гэхэд л иргэн улсын эсрэг тэмцэл хийж байна. Ийм үед та бие хүчээ нэгтгэж биеэ басч, хүчээ чамлахгүй санаагаа нийлүүлэн хөдлөх л чухал.

Балбар,

-Чухмаа чухам гэхэд Да гүн энэ муу шуналын тулам бас энэ хятадыг долигнох нь шиг вэ дээ. Дүлий нохой дүйвээнээр, соотон халтар чимээнээр гэгч болж байх шиг вэ? Нэртэйгээрээ шаахайных нь өлмийг долоохгүй дээ гэж дургүй нь хүрснээ,

-Балбар гавж л эрдэм номтойгоороо нэг ухаан сийлнэ байгаа даа. Би ч хорвоогийн жамыг дагаж ухаан санаанд юм орохгүй мунгинаад байдаг боллоо. Та шавьтайгаа нутгаараа яваад битүү тандаад ирвэл яасан юм бэ дээ. Таныг хэн ч сэжиглэхгүй. Лам нар танай үгийг дагах нь дээр дээ гэхэд Гэниндарам, Дармаа хоёр ам өрсөн:

-Ёстой доо. Гавж гуайг хэн сэжиглэх вэ? Аль ч хийдээр заларч яваад ирсэн юм билээ хэн мэдэх вэ. Хар сэжиг байхгүй гэхэд энэ шалдан лам тэр хол газар морь унаад явбал юу үлддэг юм бол гэж Аюурсэд тайж бодсоноо тэсэлгүй инээж орхив. Цао, Балбар өөд харж хөөсөн мантуу аятай энэний байж байгааг. Ийм амьтан төрийн хэрэгт оролцох ч гэж дээ. Ядарсан цагийн юм бол доо гэж бодсоноо хүд хүд инээлээ.

Да гүн,

-Шамбалын дайнд чинь хар, шар, эр эмгүй хүчин зүтгэх ёстой гэдэг үгүй билүү. Балбар гавж бандиа дагуулаад явах нь зөв. Арга ухааныг нь Цао гуай зааж өгнө биз. Балбар Да гүн уруу ширвэн харснаа муу хөгшин зөнөг чи намайг чадах санаатай юу. Гайгүй чамайг авгайгаас чинь салгаад амаар чинь шороо үмхүүлнэ дээ. Би жаалхан хатуу эдлэл олмогцоо авгайгий чинь аваад газрын гаваар орсон юм шиг алга болоод өгөхлөөр ухна унаж үхсэн ухаанд чинь сэхээ орох байлгүй гэж бодсоноо хөөрөгтэй тамхинаасаа халбагадан хамарныхаа хоёр нүхээр чихэв. Балбар гавж дургүйгээ хүрэхлээр тамхиа ингэж хамаагүй их татаж сурсан байжээ.

Лувсан төвд,

-Балбар гуайг явуулж болно л доо. Төвд ном үзэж Хүрээнд суусан хүн төрийн хэрэг хөтөлж алба залгуулж явсан хоёр ийм үед өдөр шөнө шиг ялгаатай. Ажлын бүтэмжийг бодвол Аюурсэд тайжийг л явуулсан нь дээр. Арга ухаан ихтэй байлгүй яах вэ. Цао ноён:

-Бид дэмий маргаад яах вэ? Монголын хилийн хамгаалалт цэрэг зэвсгийг тагнах, хаагуур хил нэвтрэх боломжтойг Лувсан хариуцна. Ер нь ажилдаа л шалавхан оръё. Бие бие рүүгээ чихээд яах вэ. Хэд хэдэн бүлэг хүмүүсийг янз янзын чиглэлээр явуулбал хожоо гарна гэж бодож байна. Зарим нь хилийн орчмоор дээрэм хийж олз олон хүчээ сэлбэхийн ялдамд харуулуудыг устгах, нэг хэсэг нь сэм орж айл өрх, сүм хийдийг нүүлгэх, нөгөө хэсэг нь нутгийн гүнд нэвтэрч, ардуудтай уулзаж тэдний санаа сэтгэлийг тагнан бидэнд хандлагатай хүмүүсийг өөртөө татан авч хүчээ нэмэгдүүлэх, айлуудыг нааш нь нүүлгэх тухай таниулга хийх, үлдсэн хэсэг нь цэрэг зэвсгийг тагнан мэдэж нам, улсын албаны хүмүүсийг өөрийн талд татаж санааг нь урвуулах хэрэгцээтэй нэгийг баривчилж ирэх, бидэнд ашиггүй сагсуу улаатнуудыг нэг нэгээр нь түүж хүнд мэдэгдэхгүй устгах ажлыг зэрэгцүүлэн явуулбал ардын намынхны хүчин самгардан ялагдах нь амар. Сүүлд нь ийм ажлыг хилийн орчмоор тасралтгүй хийвэлдайсны хүч сулран туйлдаж эцэст нь бөөн хүчээр гэнэт цохиж Алтайн хязгаарыг эзлэн авч хүчээ зузаатган цааш нь давших бололцоог олж авна. Да гүн,

-Цао данжаадын хэлдэг зүйд нийцэж байна. Маргаашаас унаа хөсгөө бэлтгэн хүнээ хэд хуваагаад явах нь зүйтэй. Энэ ажлыг Жавзандорж, Аюурсэд хоёр шууд толгойлж ажилла. Олон толгой хэрэггүй, нэг л толгой хэрэгтэй. Яриаг чагнаж суусан Балбар эд түрүүлж би хоосон хоцрох нь дээ гэж бодож сууснаа:

-Ноёнтны айлддаг түмэн зөв. Би ч гэсэн маргааш шавиа дагуулаад Төгрөгийн хүрээ рүү явъя. Лувсан:

-Ай даа, гавж гуай тэр хавийнхны санаа бодлыг сайн мэдээд, чадвал Төгрөгийн хүрээ ойр орчныхонтой нь хамаад ирвэл ч гялайлаа. Амарбуянтын хийд хил дээр байгаа юм чинь бидний гарын доор гэсэн үг. Одоохондоо түүнийг оролдох хэрэггүй. Бидэнд чөлөөтэй орж гарч, хэрэгцээтэй үед нуугдах түшиц газар хэрэгтэй.

Цао данжаад,

-Лувсангийн хэлдэг түмэн зөв. Би маргааш монголын хил рүү явна. Номхон толгойн доншуур наймаан дээр байж байна. Ар халхынханд бараа таваар хямдхан, ахиухан худалдахыг бодно. Та нар нөгөөдөр хөдлөх нь зүйтэй. Да гүн,

-Ямааны мах халуун дээрээ гэдэг. Архины халуунд аагирхаж яриагүй. Ажлынхаа гол баримжааг тохирлоо. Нэгэнт шөнө орой болж унтаж амаръя. Жавзандорж чи маргааш хүнээ цуглуул! хоёр зуугаас доошгүй хүн явах нь зүйтэй шүү.

 

* * *

 

Зуны дэлгэр цаг нэгэнт ирж цэцэг ногоо жигдрэх цаг болсон ч хур бороо багатайгаас зуншиж хараахан чадаагүй байлаа. Аймгийн төвийн гэрүүд хүнгүй мэт анир чимээ багатай. Хааяа нэг айлын тооноор аргалын цэнхэр утаа бургина. Албаны зарим гэрийн үүдэнд улаан туг, заримын үүдэнд хадсан лоозонг чичигнүүлэх төдий ч салхигүй нам гүм байлаа. Алтай аймгийн төв энд суурьшаад хараахан жил хүрээгүй болохоор барилга байгууламж төдийлөн баригдаж чадаагүй байв. Үнэндээ аймгийн төвийн албан хаагчид энэ төвд суух завгүй морин дэл дээгүүр зургаан зүйлийн кампанит ажил, феодалын хөрөнгө хураах, дээрэмчдийн хорт үйл ажиллагааны тухай ухуулга суртлын ажлаар хөдөө хээр явж байлаа.

Саарал даавуун дээлэн дээр цүнх, гар буу зүүсэн саравчин малгайтай тавь орчим насны эр гэрээс гарч дадсан заншлаараа агаар тэнгэр, нар, газар орны байдлыг ээлжлэн ажиглаж хэсэг зогссоноо тэнгэрийн хаяа сааралтаж байна. Өнөөдөр бас л шороо манарсан халуун салхитай өдөр болох нь дээ. Манайхан өнөөдөр эрт цуглах ёстой гэж бодоод тэрүүхэн зүүн талд байгаа хоёр гэрийн зүг алхлаа. Энэ хоёр гэр үүдэндээ туг лоозонтой жирийн л гэрүүд байлаа.

Шинэхэн өмссөн савхин гутал гишгэх тоолон шар шур дуугаран хөлтэй зууралдах элсгүй учир явахад саадгүй ч мөр нь тодхон үлдсээр авай. Энэ бол Алтай аймгийн дотоодыг хамгаалах ангийн дарга Гүр сар гаруй хөдөө яваад аймгийн төвд үүрээр ирж хувцсаа тайлалгүй хэвтэж, дөнгөж нүднийхээ хор гаргаад нүүр гараа яаран  угааж, аяга цай уугаад албандаа эртлэн ирж байгаа нь энэ. Түүнийг ирэхэд төлөөлөгч Жамбал угтан уулзлаа. Хоёул мэндлээд зэрэгцэн явж албаны гэртээ орж гэрийн хоймор байгаа улаан цэмбэн бүтээлэгтэй ширээний ард очиж суунгуут малгайгаа авч тавилаа. Жамбал зүүн талын ногоон цэмбэн бүтээлэгтэй ширээний ард суув.

Жамбал олон хоног хөдөө явж аяншин халимаг үс нь ургасан ч залуугийн цог золбоо нь түүний нүднээ тодорхой. Залуу хүн болохоор хоол унд идэж уугаад л сэргэх юм даа. Манай хэдэн төлөөлөгч л борви бохисхийх завгүй богшиж шургачитлаа, гутлынхаа түрийг цоортол дээлийн хормойгоо сэмэртэл явж байна даа. Яая гэх вэ. Нэгэнт цаг ийм болсон хойно. Эх орноо хамгаал гэж эр цэргийн хүмүүс бидэнд олон түмэн минь итгэж даатгасан шүү дээ. Цаг тайвширвал амрах цаг олдоно гэж Гүр дарга бодож сууснаа:

-Явсан газраар сонин сайхан юу байна даа.

-Ногоо цагаа ч дэлгэрээгүй. Хүн ардын сэтгэл санаа тайвангүй. Муу ёрын ухуулга сүрхий газар авчээ. Толь гүний тушаалаар дээрмийн гурван бүлэг Жавзандорж, Аюурсэд, Лийждорж нараар толгойлуулан нааш нь гарах юм байна. Эд Тахийн Шар нуруу, Элст Мянганы Говь, Хонин усны чиглэлээр ирэх нь тодорхой боллоо. Харин хэний хэсэг хаагуур ирэх нь тодорхойгүй байна. Тэдний ихэнх нь япон винтов, бирдаан, цахиур буутай юм байна.

-Аа, тийм бий. Төвд мэдээ явуулъя. Намын хороонд танилцуулж арга хэмжээ авахуулъя. Хилийн харуулыг идэвхтэй ардуудаар хүч нэмэгдүүлэх санал тавъя. Бусад чинь ирсэн үү.

-Би сая ирлээ. Хүнтэй уулзсангүй.

-Одоо ирсэн байлгүй дээ. Өөр юу байна.

-Юмгүй дээ.

-Жамбал чи, өнөөдөр Төгрөгийн хүрээ рүү яв даа. Түүнийг дайсан тун их анхаарч байгаа юм. Буянт руу хүн явуулж байдлыг тодруулах нь чухал. Тун найдвартай хүн явуулах юм шүү. Дайсны байдлыг олон талаас нь харж тэдний үнэн царайг тодруулж дотор сэтгэлийг нь таних л бидний үүрэг шүү дээ Жамбал минь. Үнэн юм үнэнээрээ байх шиг сайхан юм байхгүй.

-Мэдлээ. Цэдэвцэрэн, Буянт хоёрыг Мичин ууланд байгаа Дандартай танилцуулж ажлыг нь холбохгүй бол болохгүй болж байх шиг байна. Нэмж хэд хэдэн хүн явуулбал яасан юм бэ?

-Олон хүн нэмж болохгүй. Бүтэлгүй тийш нь хандахын ёр. Цэдэвцэрэн, Буянт хоёр дээр хоёр хүн нэмж өгөөд Дандараар удирдуулъя. Цэдэвцэрэн ямар байна даа. Амьдралын дадал суугаагүй хүүхэд дээ. Эндэж осолдов.

-Цэдэвцэрэн залуу хүн гэхэд тун хашир авхаалжтай сайн залуу шүү. Содов гуай ч лам хүн байтлаа амьжиргааны нарийн ухаанаар хүмүүжүүлсэн хүн дээ.

-Содов гуай ч цагийн эрхээр хэлтгий захтай дээл өмссөнөөс биш ёстой л засаг төрийн үйл ажил, түүх шаштир сайн мэддэг их нарийн хурц ухаантай хүн юм шүү.

-Лам нарын дотор бас ч зөв санаа сэтгэлтэй ахуй амьдралаа бодсон хүн зөндөө байдаг бололтой юм. Түүнийг олж таних л бэрх. Тэд чинь шашны дайсан болж амь зуулганаасаа салж нартад явах хоногийн тоогоо гүйцээж мэднэ гэж айгаад тун ч үнэн үгээ хэлдэггүй хүмүүс байгаа юм.

-Газар орноо хамгаалж алтан амиа хайрлахгүй тэмцэж явсан өвөг дээдсийн минь удам судар ийм болох гэж дээ. Холын хорон муу санаат дайсны хар буруу санаа биелсний гай. Шашин л ийм болгодог юм байна. Аймтгай хулчгар гээч.

-Тэр аргагүй. Тэгээд иймэрхүү түгшүүртэй үед бүр ч нуугдсан шүү дээ. Нам засгийн хайр энэрлийг биеэрээ амсаад ирэхлээр өөр болох хүн олон бий. Хятадуудын доторх эвдрэл хагарал юу болж байгаа бол?

-Тариалангийн газрын талаар хятад, чантуу үндэстнүүд хоорондоо ширүүхэн тэмцэлдсээр байна. Хятадын ядуу, дунд ардууд өөрсдийн баяд ноёдын эсрэг тэмцсэн хэвээр байна. Хятадын ноёд эндээс оргож очсон хүмүүсийн санаа сэтгэлийг алдагдуулахгүйн тулд шаньюу Содовоор дамжуулан эд бараа, тариа будаа өгч, тухирч байгаа гэнэ.

Дандараас хэл ирэх тун ойртсон байх ёстой.

-Харин ээ. Дээрэмчдийн ирэх газар ч тодорхой боллоо. Өөр юу хийх гэж байгаа бол доо. Тэр л чухал байна гэж бодлогошрон “Стромонг” гэж хатуу хайрцагтай тамхи өврөөсөө авч нэгийг асаан татаж Жамбал руу харж суутал Бадгаа орж ирээд мэндэлснээ баруун талын ногоон цэмбэн бүтээлэгтэй ширээнээ суулаа. Гүр:

-Бадгаа сонин ихтэй юу? Хэзээ ирэв?

Би нарнаас өмнөхөн ирлээ. Муусайн дайснууд газар сайгүй нам, засгийн эсрэг цуурхал дэгдээж байна. Та нар харж байгаа биз. Өнөөдөр бидний хөрөнгийг хурааж байна. Маргааш та нарын бүх юмыг хурааж авна. Шүтэх шүтээн, унах морь, толгой хоргодох оронгүй болно. Олон түмэн минь эртхэн энэ байгаа дээрээ буянтай, бурхантай, будаатай газар очиж амь мэнд, гэдэс цатгалан, хөл дүүжлэх унаатай явсан дээр гэдэг гэнэ.

Гүр Бадгаагийн үгийг сонсохдоо түүнийг харж, хөөрхийдөө аяга цай ч уугаагүй яваа юм байна. Залуу хүн тулдаа л тэсч байгаа юм даа гэж бодсоноо:

-Энэ ярианы чинь эзэн хэн юм бэ? Биелэл нь юу болж байна даа?

-Лам толгойтой болгон эрхээ хасагдагсадтай хошуу холбон ам уралдуулан бурж байна. 

-Иш Бадгаа минь түүний чинь гол эзэн нь хэн юм бэ?

-Хэн байх вэ? Эрхээ хасагдсан феодалууд, лам нар цөмөөрөө. Бүгдийг нь барьж аваад устгаад Ардын засгийн хөгжлийн замыг цэвэрлэвэл таарна.

-Ингэж ерөнхий дүрэмдэж болохгүй. Цуурхал тараасан гол эзнийг олох хэрэгтэй. Хамгийн гол нь хөнөөлийг нь тогтоо. Чиний тэр цэвэрлэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би ухаарахгүй сууна.

-Яах вэ, хэгжүүн хэдрийг нь цааш нь харуулж, барагтай нэгийг нь шоронд хийж үхтэл нь ажил хийлгэвэл таарна.

-Тэгж дураараа загнаж болохгүй. Бидний ажил чинь барих хорихдоо биш. Учрыг нь ухамсар муутай нэгд нь ойлгуулах ёстой.

-Чамайг би аливаа юмны учрыг сайн олж буурьтай хандаж бай гэж хэлдэг шүү дээ. Үг дуулахгүй хүн юмаа даа.

-Дарга минь, энэ лам нар чинь тэр энэ гэх юмгүй цөмөөрөө цуурч байгаа юм чинь. Нүдэн дээр ил байна шүү дээ гэж учирлах байдалтай хэлтэл эсгий үүд сэв хийтэл сөхөгдөж, Намын хорооны зарлага шагайснаа:

-Орох уу гэж зөвшөөрөл аваад орж ирэв.

-Намын хороон дарга Гүр гуай таныг одоохон хүрээд ирэхгүй юу гэж байна гэхэд,

-За мэдлээ! Жамбал та хоёр дээрэмчдийг угтах гурван хэсэгт хэн хэн явахыг төлөвлөж бай гээд гарч явлаа.

Жамбал,

-Бадгаа, чи ч устгаж дийлэхгүй олон дайсантай болж дээ. Чиний харьяалсан суманд эсэргүү биш хүн байна уу?

-Чи битгий тоглоом хийгээд бай! Муусайн феодалууд та нарыг бүгдийг чинь элгэн хаданд нааж байгаад буудахлаар л ямар шүү амьтан болохыг мэднэ дээ. Та нар ер нь дайснаа дутуу үнэлж байгаа шүү дээ.

-Чиний гол дайсан чинь хэн юм бэ? гэж асуутал Сүрэн малгайгаа барьсаар орж ирээд мэндэлж тооно голлуулан тавьсан ширээнээ суумагц,

-Дарга ирээгүй юу? Хоёр хашир юу зөвшилдөв дөө. Бадгаа:

-Яахав дээ, дарга, Жамбал хоёр надыгаа л баалж байна шүү дээ.

-Баалуулах нь бүү хэл, банздуулах хэрэг хийсэн бол далайсан хуулийн өмнө бөхийсөн иргэн болоод л сууж байна шүү дээ.

-Дарга хайчсан бэ? Жамбал:

-Намын хороон дарга дээр очихоор явсан.

-Яах юм бол? Бадгаа

-Яах вэ, зургаан зүйлийн кампанит ажил, феодалуудыг бут цохих, дээрэмчдийг устгах л биз. Мэдэж цөхөх юу байх вэ. Жамбал,

-Манай Бадгаа мөн ч үлгэрийн юм шиг үзмэрчин хүн шүү. Далд байгаа юмыг шууд таагаад мэдчихсэн байна. Сүрэн:

-Ёстой л бэлэн айлдана даа. Хадуурах нь хэцүү. Бадгаа:

-Юу ярьж байна. Би хадуураад хаа очих вэ? Толь гүн Датай нийлчихэж үү, Шаньюу Содовын гар хөл болж уу. Аль эсвэл Чүлтэм Да ламын төлөөний хүн болж уу хэлээд аль. Жамбал:

-Түүний аль ч биш л дээ. Салхинд хийссэн хамхуул юунд ч тээглэж болдог шиг л юманд тээглэж сүйд болов оо.

-Ямар ч байсан би шар, хар феодалуудтай цусны эцсийн дуслаа хүртэл тэмцэлдэнэ дээ.

-Хар феодал гэдэг чинь хэн бэ?

-Та нар мэдэхгүй байна уу?

-Нөгөө сохор доголон, шүдгүй, бүлтгэр, тахир дутуу гэж эрхээ хасагдагсад уу гээд Сүрэн, Жамбал хоёр зэрэг инээхэд Бадгаа:

-Та нар битгий дамшиглаад бай. Тэр чинь ч завхрал. Та нар чинь энэ нутгийн тайж гүнгүүдийг мартчихаагүй байгаа. Аль эсвэл мэдэхээ болив уу? Толь гүн хэдэн тайжаа дагуулж ирээд толгойгий чинь тас цавчихаар л мэднэ дээ.

-Хил залгаа сум хариуцсанаар би ч яах вэ тэгдэг юм байжээ. Нутгийн гүнд байгаа чамайг хэн цавчих вэ?

-Муусайн лам нар байхгүй юу? Тэд чинь цөмөөрөө л бослого гаргаад байна шүү дээ. Жамбал 

-За тэр яах вэ. Дарга одоохон ирнэ. Дарга намайг Төгрөгийн хүрээ рүү яв гэсэн. Сүрэн чи Амарбуянтын чиглэлд яв. Ингэж шийдэв шив дээ. Даргыг ирэхээр танилцуулъя. 

Сүрэн:

-Тэгье, тэгье. Таньдаг зочин морилж ирдэг юм болов уу. Таньдаггүй зочид тааралддаг юм болов уу. Аз байвал Аюурсэд тайжтай золгох ч юм билүү. Хэн байг гэх вэ. Бадгаа

-Таньдаг ч бай, таньдаггүй ч бай. Тархийг нь хага буудаад байна даа. Тэд ч бидэнтэй хурц хутганы ирээр юм уу, хурдан бууны сумаар л уулзана. Мэндээ мэдэж, мал сүргээ асууж уулзахгүй нь лав.

Сүрэн:

-Манай Бадгаа чинь хэр зэрэг мэргэн бууддаг билээ.

Бадгаа:

-Толгойг нь онодоггүй юмаа гэхэд гүзээгий нь алдахгүй.

Жамбал:

Хээ Бадгаа минь босгосон бай онодоггүй шүү дээ. Миний гүзээг хүүлээд аль гэж ямар ч дайсан шулуухан гүйж ирээд өмнө чинь зогсохгүй шүү дээ. Нуугдаж байгаад л өрсөөд нудрахыг бодно гэдгийг мартав. Бадгаа:

-Тэр ч тийм шүү. Үнэнээ хэлэхэд давуухан хүчээр отолт хийж байгаад хүчтэйхэн гал нээж сүрдүүлэн самгардуулж байгаад амьдаар нь бариад авах юмсан. Лийждорж, Жавзандорж, Аюурсэд нар ч тийм гэнэн, элэг барих амьтад биш шүү. Сүрэн:

-Яг үнэн. Дээрэмчид ч Тахийн шар нуруу, Хонин ус, Элст Мянганаар л орж ирнэ гэдэг ч үнэн шүү. Ус дагахаас өөр арга байхгүй. Тэд газар нутгаа сайн мэднэ. Хэнийхээр орох вэ, хэнтэй уулзах вэ, хаагуур явах вэ? гэдгээ нарийн төлөвлөсөн байгаа.

Бадгаа,

-Эднийг тухираад байгаа Содов шаньюу, Цао данжаад хоёрыг шууд устгавал яасан юм бэ?

Жамбал,

-Бид тэгж дураар загнаж болохгүй, тэднийг устгалаа ч гэсэн оронд нь тэднээс чинь илүү хашир амьтад гараад ирнэ шүү дээ. Хамгийн гол нь тэдний гадаад, дотоод түших хүч, гар хөлийг нарийвчлан тогтоож цэвэрлэх хэрэгтэй юм. Сүрэн:

-Дамбийжааг устгадаг шиг Мичин ууланд байгаа Толь гүнийхнийг үгүй хийгээгүй цагт бид амар заяа харахгүй. Бадгаа:

-Мичин уул бидний эсрэг дандаа дайсан агуулж байдаг яачихсан ч газар ус гэгч вэ? Сүрэн:

-Бадгаа чи дайсныг минь дарж, дархан цолыг минь мандуулж хайрла гэж Мичин ууланд сан, сэржим өргүүлбэл яасан юм бэ? ха ха гэж инээхэд Жамбал ч дагаж инээлээ. Бадгаа,

-Уул овоонд сан сэржим өргөх ч гайгүй байна. Үлдсэн хэдэн гавжаа л алдчихгүй уяагий нь тааруулах юмсан. Өнөөдөр сайхан өдөр болох нь дээ гэснээр тэр гурвын хэн хэн нь цүнхтэй цаас бичгээ уудлан гаргаж, хана тойруулан тавьсан өөр өөрийн албаны төмөр бөгжтэй авдраа уудлан бичиг дансаа гарган ширээнээ дэлгэн тавьж хийсэн ажлынхаа тайланг бичиж эхэллээ. Нар ханын толгой руу бууж байв. Бадгаа,

-Хөөе! Гэдэс өлсөж байна. Галчаар цай чануулж уух уу. Жамбал,

-Чи хэлээд ирээч!

-За гээд гарч амжаагүйбайтал Гүр дарга орж ирлээ.

-Бадгаа чи хаачих нь вэ?

-Галчаар цай чануулъя.

-Хэрэггүй. Би хоол хийлгэж, цай чануулахаар хэлээд ирлээ. Тайлангаа бичив үү?

-Бараг дуусч байна гэж Жамбал, Сүрэн хоёр зэрэг хэллээ.

Гүр,

-Намын хорооны дарга биднийг одоохон хилийн харуулууд руу яв. Орон нутгийн ардуудаас хүч нэмэгдүүлэн хамгаалалтыг сайжруул гэлээ. Хэн хэнийг хааш нь явуулахаар төлөвлөв гэж асуунгуут Жамбалын хийсэн хуваарийг үзсэнээ:

-Зүйтэй. Намын хорооны дарга надтай хамт хэсэг хүмүүс аваад Тахийн шар нурууны чиглэлд явна. Аймгийн даргатай Бадгаа чи говь Хонин Усны чиглэлд яв! Сүрэн чи, Эвлэлийн хорооны даргатай Элст Мянганы чиглэлд яв. Жамбал,

-Бидний гол зорилго орон нутгийн ардуудыг хамгаалах, дайсанд хүчээр баригдаад явж байгаа хүмүүсийг салгаж авах, дайсны гол толгойлогчдыг барьж авах, эс болбол газар дээр нь устгах, дайсны тагнуулчдыг илрүүлэн баривчлахад оршино.

Тэгтэл үүд сөхөгдөн галч өвгөн домботой цай аяга авчирч орхиод гарснаа хонины чанасан мах модон тавганд хийж уур савсуулан авчирна. Сүрэн, Бадгаа, Жамбал гурав галч өвгөнийг харснаа дарга өөдөө харлаа. Тэдний харц дарга маань хэдийдээ амжиж хоол бэлтгүүлэв гэж гайхсан нь илэрхий.

Гүр,

-Махнаасаа сайн идэцгээ. Шөл уу. Шалавхан амжихгүй бол дарга нар явах гээд л дэвхцэнэ шүү.

Жамбал, Сүрэн, Бадгаа гурав дал, дөрвөн өндрийг даргадаа тавиад богтос, бугалга, шаант /шагайт/-аас идэж эхлэх нь олон хоног өлөн зэлмүүр явсны шинж илэрхий. Тэднийг Гүр ажигласнаа олон хоног яваад өлсөж дээ. Эд минь дахиад л хэд ч хоног явах юм билээ дээ. Цаг үеийн байдал эрээнтэй бараантай, байгууллагын гал голомт дөнгөж асаж эхэлж байгаа болохоор бидний хэн нь ч авгай хүүхдээ авчирч амжаагүйн харгайгаар аргагүй л зутруу байх юм даа. Эд минь залуу насны гал дөлөөр л алба залгуулж байна даа. Зовсны эцэст жаргах цаг заавал байх ёстой. Тэр цаг ч удахгүй гэж бодож суутал хар хэрээ тоонон дээгүүр нь гуагчин өнгөрөхөд хогийн муу хон хэрээ юу гэж хэл ам татаа юм бол гэж Жамбалыг хэлэхэд Гүр дүлий юм шиг цай ууж сууснаа,

-Энэ ер нь сайн ёр уу, муу ёр уу. Хай бүү мэд гэж бодлоо.

Бадгаа,

-Юу болох вэ дээ, хоол горьдоод л орилж байгаа биз. Харин Сүрэн юу ч бодсон шинжгүй хоолоо идэж сууна. Тэд ийнхүү хооллож дуусаад бичиг дансаа далд хийж унаа унашаа бэлтгэхээр гарлаа.

 

* * *

 

Хоёр хүн хол явж гундсан морьдын аясаар гэлдрүүлсээр Төгрөгийн хүрээний горооны захад ирлээ. Балбар хийдийн байдлыг ажиглахад сүмийн алтан ганжир нь нарны гэрэлд шаргалтан гялалзаж гадуур явах хүн амьтан ч үзэгдсэнгүй. Хөсрийтсөн дээлтэй ганц эмгэн л таягаа зөөж ядан гороо эргэж байлаа. Энд тэнд зодолдох золбин ноход л элбэг. Зоолсон нэг нь хамуутай ядуу нэгээ дайран унагаж хайр найргүй хэмхэнэ. Нохдын ноцолдохоос үргэсэн тагтаа дэрхийн нисэж сүмийн оройгоор сууна. Энэ хийдийн байгаа царайг хар л даа хуучин балгас шиг, хэдэн лам нь хурал хурахчаан болж байгаа юм байлгүй дээ гэж бодож явсаар морины уяан дээр ирж буугаад олмоо сулруулан морио уяад хийдийн горлом руу орлоо. Балбар, Цэдэвцэрэнд хандаж,

-Чи багшийндаа очно биз. Тэгж байгаад морио усалж идэштэйхэн газар тавиарай. Намайг эрсний хэрэггүй. Би хэрэг гарвал өөрөө очно гээд хийдийн цогчин гэсгүйнх рүү явлаа. Цэдэвцэрэн явсаар багшийнхаа гадаа ирж шороо тоосоо гүвж дээл хувцсаа засаад гэрт орлоо.

-Багштаны лагшин тунгалаг амархан сайн байна уу?

-Мэндээ. Сайн явж сууж байна уу?

-Сайн л явж байна.

-Хэзээ ирэв дээ.

-Сая ирлээ. Содов гуай нурмалсан цайгаа дарж үзсэнээ гараа шалавхан татаад

-Ашгүй халуун байна. Цай уу гээд авч өгснөө зүүн авдраа уудлан хэвийн хавсай хугачин тавган дээр тавьж өглөө. Цэдэвцэрэн ч гэртээ ирсэн хүний ёсоор өврөөсөө шар модон аягаа гарган хавсай хөшиглөн цай хийж ховдоглон ууж эхэллээ. 

Миний муу шавь хүний газар өлсөж цангаж л явж дээ хөөрхий. Амьд мэнд ирсэн нь л яамай даа. Балбар ч энийг өөд татах хүн биш дээ. Дахиад явуулахгүй байвал яасан юм бэ? Үгүй, энэ бол миний сайн дурын хэрэг биш. Төр түмний төлөө зүтгэж байгаа хэрэг болохоор болохгүй. Юу ч болсон Жамбал ирэг дээ гэж бодлоо.

Балбар цогчин гэсгүйнд дайлуулан сууна.

-Гэсгүйтэн цаг төрийн байдал ямар шүү байна даа?

-Яах вэ дээ. Хэцүүхэн л байна. Банди нар цөм хар болсон. Жасын жаал хөрөнгийг тэдэнд хуваагаад өгсөн. Улаан намынхан догшин л байна шүү. Саяхан манай энэ горооныхонд сүүдэр ший авч ирж гаргасан. Улаан гэрийнхэн ирж дуу хөгжим болж болж л явлаа. Манай энэ аймгийн сүм хийдийн багачуудын ихэнх нь хар болсон гэнэ билээ.

Балбар,

-Та нар ер нь Банчинбогдын төлөөний хүн Лувсангийн хичээнгүйлэн айлдсаныг муу биелүүлж байна шүү. Банчинбогд их цэргийн хүчээр ороод ирэхэд юу хэлэх улс вэ? Буу зэвсэг олсон уу. Лувсангийн эхнэр хаана байна?

-Лувсангийн эхнэрийг хамгаалахын төлөөлөгч барьж аваад аймаг руу явсан. Буу олдохгүй байна шүү дээ, гавж гуай минь. Бид ч чадлын хирээр л ажиллаад байна. Улааны засаг удахгүй устана. Зуугаас дээш малтай айлыг феодал гэж хөрөнгийг нь хураана. Лам болгоныг толгой дараалан хар болгоно. Цаашдаа та нарт идэх юм олдохгүй. Хомоон хамтралынхан хурааж авсан малаа идэж дуусгаад бүх айлын малыг хурааж иднэ гээд л ярихаараа нэг болж байна.

-Тэгээд үр дүн нь юу байна даа.

-Нэлээд айл урагш нүүж гараа биз дээ. Үүний чинь хариуд улаантны суртал хүчтэй явж байна. Муусайн гуйлгачингууд ер нь хөдлөх янзгүй.

-Танай хийдийнхэн юу гэж байна даа.

-Энд ч нэг их хөдлөх хүн ховордог оо.

-Танай тэндээс түрүү ирсэн хэдэн тэнэг юм Цогт сумын хоршоо хамтралыг идэж манай шүтээнийг минь хулгай хийж аваад Захуйн урьдах толгой дээр улаан цэрэгтэй дайралдаж сүйд болсон шүү дээ. Энэнээс хойш лам нар ер нь дүлий дүмбэ оргиод байх боллоо. Манай лам нар ч нэг санаатай биш. Санаа уравсан олон хүн бий дэг.

-Та хэнийг хэлж байна?

-Тухайлбал, Содов донгио царайлаад дуугарахгүй. Харцуул хороогоор их явна, хөдөө ч явна. Хөдөөлж байхдаа,

-Хүнд төрсөн нутаг шиг сайхан юм энэ насанд олдохгүй. Та минь бурхан тэнгэртээ залбирч өвгөд дээдсийнхээ оршсон газарт оршихоос илүү эрхэм ариун үйл байхгүй. Жаргалтай, жаргалтай гэвч харийн газарт хүний нутагт жаргана гэж байхгүй. Бариу гутал өмссөн хөл, харь хэлтний дунд байгаа хэл мэдэхгүй хүн хоёр адил байлгүй. Тийм нүгэл хийж сүнсээ хуйхлуулсны хэрэггүй. Хэрвээ тийм сайн сайхан амьдралтай юм бол түрүүчийн чинь дүрэвсэн хүмүүс тэндээ жаргаж суухгүй нойр хоолоо алдаж унаа малаа цуцааж бөгс хонгоо холгож эргэж дээрэм хийхийн учир юу билээ. Тэд чинь тэнд сайхан байна гэж худлаа хэлж байгаа юм. Тийм баян юм бол торго дурднаар биеэ хучаад ирэхгүй яасан юм. Эндээс өмсч явсан нооронхой хувцастайгаа нооройж ирдэг шүү дээ гээд л дөвчигнөж гарсан гэнэ билээ. Ийм бодолтой хуварга ч олон бий дээ.

-Энэ хийдийг Мичин уул руу нүүлгэх ёстой. Үлдэх нь үлдэнэ л биз.

-Хай мэдэхгүй. Явах хүн цөөхөн л байх даа. Харин завшаан боллоо гэж ханцуйдаа сэм залбираад авгай эргүүлээд алга болох хүн захаас эхлэн замаас авахуулаад дайралдах байлгүй.

-Тийм нэгийг нь сахил санваар бузарласан хэрэгт нь төрийн цаазаар авахгүй юу? Энэ муу Балбар цааз хууль дурссан юун сүрхий сэхүүн зантай болоов? Хэн үүнд ийм эрх олгосон юм гэж дургүй нь хүрснээ:

-Танай тэндхийн цааз номоор эндхийн хүнийг цаазалж болох уу? Хай мэдэхгүй.

Манай монголчууд ч уг нь хүн цөөн түүн дээр нь Ардын засгийг тэрсэллээ гэж ихэс дээдсийг улаан намынхан нэг хэсгийг нь цаазална. Эх нутгаасаа явсангүй гэж та нар нэг хэсгийг нь цаазална. Хай хөөрхий. Монгол хүн гэдэг амьтад хэд үлдэх билээ. Балбар хөөрөгтэй тамхинаасаа том халбагадан хамрын нүхээрээ чихсэнээ цогчин гэсгүйг хялайн

-Та ч үндэс угсаагаа бодоод эндээ үлдэхээр шийдээ юу?

-Над явъя ч гэж шийдсэн юм алга. Сууя ч гэж зүтгэх юм алга. Жавзандорж, Аюурсэд хоёрын харгис догшин араншин аллага хядлага ч олон түмний бишрэлийг төрүүлж баярлуулаагүй шүү дээ.

-Тэр бол төрийн хэрэг. Төр төмөр нүүртэй гэж мэдмээр юм.

-Үеэ өнгөрүүлсэн ноён, үсээ хусуулсан сангасваа хоёроос олон түмэн айдаг цаг ч өнгөрсөн бололтой.

-Улаан намынхан яаж галзуурч байгааг үзэж байна уу. Өдий төдий өртөө улааны аяыг даахгүй ард түмэн зүдэрч байна. Хуучин ном судар, бурхан тахилтай айлыг феодал гэж сөнөөнө гэнэ.

Сүм дуганаас чинь, жасын гэрээс чинь хүртэл татвар авч байна шүү дээ.

Япон Банчинбогдын цэрэгтэй хамтран Тамсагбулаг, Дариганга, Сулинхээрийг эзлээд авсан. Дайны хөлд газар чинь шатаж, хад асга чинь суманд сийчүүлэн нурж үнсэн товрог болсон цагт та нар эндээ жаргаж суух уу?

-Лам гурван эрдэнэ минь. Та чинь лам хүн байж яасан нүгэлтэй юм хэлнэ вэ? Гэм хоргүй тэр олон шавьж хорхой, ан амьтан, бут мод хүртэл егүүтнэ гэсэн хэрэг үү.

-Шамбалын дайн болоход нүгэл нүхэндээ орно. Хэмжээлшгүй буян үйлдсэн нь л амьд үлдэнэ гэхэд цогчин гэсгүй энэ муу Балбар чинь хувраг байтугай хүн төрхөө алдаж дээ. Яаж шүү энэ золигоос салъя даа гэж бодож суутал Балбар,

-За, би умзад Доржбалтай уулзъя гэж хэлээд босч сэвэлзтэл алхлан гарлаа.

 

* * *

 

Хийдээс зайдуухан буусан ганц бор гэрийн баруун хойд талд Жамбал, зүүн хойд талд Содов, түүний доод талд Цэдэвцэрэн нар сууна. Онгорхой хаалгаар тогтуухан бэлчиж байгаа цөөн тооны хурга, ишигний дэргэд сэгсгэр даахьтай жаал ямар нэг юм түүж тонголзоно. Түүнээс холгүй залуу эмэгтэй араг үүрч аргал түүнэ. Бүдүүн хар нохой хүүхдийн ойролцоо ийш тийш харж зогссоноо залхуутайяа хэвтэнэ. Энэ бүхнийг харж суусан Жамбал нийтээрээ ийм тайван амьдралд шилжвэл зүгээрсэн гэж бодсоноо,

-Зарим хүн яахаараа хүн алж, хүрээ талахын дон шүглэдэг билээ гэж зөөлөн дуугаар алгуурхан хэллээ. Бусад нь түүнийг сонссон ч дор бүрдээ юм бодсон шинжтэй дуугүй сууна. Содов,

-Мунхаг миний бодоход юмаа хураалгаж эрхээ хасагдсан ихэс дээдэс, эрх ямбаа алдсандаа хорсол уур хилэн нь бадарч байж сууж чадахгүй ёстой л өдрийн бодол шөнийн зүүд болж суутал хөрөнгө хураахад хатуухан гараар үзэж хүний сэтгэл санаа хямарлаа.

Тэгтэл зургаан зүйлийн кампанит ажил гарч ирж шашин бурхныг шууд устгах гэж дайрснаас сүсэгтэн олны дургүй хүрч хилэгнэн эсэргүүцэх шинжтэй болохоор гайхаж суусан ихэс дээдсийн ёстой л загатнасан газар нь маажих шиг болж эсэргүүцлийн галын дөлөн дээр тос асгаж түймэр шатаалаа шүү дээ. Энэ түймэр тавихад ойрын бодолтой эрдэм ном гэх юмгүй хөөргөн сүржин улс бүр ч дайран дээр нь давс үрлээ шүү дээ гэж тухайлан хэнд ч хэлээгүй мөртлөө сэтгэл оюундаа бясалгаж явснаа чөлөөтэй хэллээ.

Жамбал, Содов гуай ч гүехэн ухаантай сэргэлэн хүн шүү. Голыг нь олж гүндүүгүй хэллээ дээ гэж бодож суутал хэнз хар ишиг давхин ирж үүднээ зогсож толгойгоо цогнойлгон гэр доторхыг ажиглан та нар юун улс ирээд ямар юм яриад байна гэсэн юм шиг харж зогстол Цэдэвцэрэн түүнийг өхөөрдөн харж сууснаа өөдөөс нь дөхсөөр гараа тосоход тэр гарыг нь үнэрлэн үзсэнээ пярхийтэл тургин гэр тойрон давхиснаа дахин үүдэнд ирж зогтуссанаа эргэн давхилаа.

Жамбал

-Цэдэвцэрэн ээ, Балбар хэний хэнийхээр орно гэсэн бэ?

-Над юм хэлээгүй. Цогчин гэсгүйнд л очно гэсэн.

-Чиний бичсэн зүйлийг уншиж үзсэн. Даргад танилцуулсан. Чи заалгасан зүйлээ мартаагүй биз?

-Мартаагүй дадлага хийж л байна. Содов,

-Би ер нь харьж байя. Над одоо яриад байх юу байх вэ? Балбар гавж хэний хэнийхээр явж байгааг болбол сэм сураг гаргая. Жамбал,

-Тэг дээ. Таних, танихгүй зочин нэмж ирэх нь үү? Сэм тандаарай. Содов нас жар гарсан ч гэсэн арван наймт шиг сэвхийтэл босч хувцсаа засаад гэрээс гарлаа. Гэрийн эзэгтэй арагтай аргалаа үүрэн хүүхдээ дагуулсаар ирж явлаа. Содовын хөлийн чимээнээр гэрийн сүүдэрт хэвтэж байсан хэнз ишиг үргэн боссоноо эхийгээ дуудах мэт майллаа. Жамбал, Цэдэвцэрэнгийн зүг хандаж,

-Дээрэмчдийн орж ирсэн чиглэлүүдийг тодорхой мэдлээ. Балбар гавжийн зорилгыг ч мэдлээ. Долзодын санааг ч мэдлээ.

-Танай тэнд Дандар гэж нэг хүн байна уу?

-Намхан хөх үү?

-Тийм.

-Тэр Дандар ч дээ барагтайхан эд дээ. Түүний чинь Цао данжаад Лувсан төвд, Толь гүн Дашцэрэн, шанью Содовоос бусад нь хүн гэж үздэг юм гэж үү. Биеэ тоосон дээгүүр зантай наймаа панзанд дуртай ёстой өөдгүй амьтан. Хүн ал гэвэл алах л хүн дээ. Намайг нэг удаа томчуудын яриа чагналаа гэж эргэж ширгэтэл загнасан. Юм болгоныг мэдэх гэж ухаж төнхөж байдаг. Тэгэхдээ ямар муу санаатай хандана гээч. Ёстой дотуур тамиртай амьтан даа. Тэр ер нь Банчинбогдын л гарын хүн байхаа даа.

-Үүнээс хойш чи түүний зааснаар ажиллана. Тэр чинь манай хувьсгалын анхны улаан партизан, бидний энэ ажлыг анх үүсгэсэн хүн. Олон дайсныг даралцахад авхаалж самбаагаа сорьж дандаа азтай яваа хүн дээ.

-Үгүй бас сонин юм аа гэж Цэдэвцэрэн эргэлзсэн, гайхсан байдалтай хэлснээ энэ ер нь юу л болж байна даа гэсэн байдалтай Жамбал руу харлаа. Жамбал,

-Итгэж болно. Ажиллаад ирэхээрээ аяндаа мэднэ. Хоёул орой товлосон газраа уулзъя. Гэрийн эзэд ч ирлээ гэж хэлээд бослоо.

 

* * *

 

Бадгаа жолоо таталгүй давхисаар ганц гэрийн гадаа ирж мориноосоо бууж тушаад гэрт орлоо. Гэрийн эзэн шавар зуухны зүүн хойд талд дан цэнхэр даалимбуун цамцтай модон аягатай хүйтэн цай ууж суулаа.

Бадгааг орж ирэхэд гэрийн эзэн.

-Амархан сайн байна уу? Та дээшээ суу.

Суух зав алга. Эсэргүү нар хаагуур хаа хүрэхээр явсан бэ?

-Мэдэхгүй.

-Аа тийм үү чи? Чи бас тэдэнд хань бараа болж унаа залгуулж өгчихөөд гэмгүй царайлж сууна гэнээ. Чи шалав хэлнэ үү, үгүй юу? Чамтай тооцоотой.

-Иш, дарга минь би юугаа мэдэх билээ дээ.

-Аа тийм бий. Чи тэднийг газарчилж явсан чинь худлаа юу? Муу эсэргүү.

-Утсан чинээ улаан амиа аварч яваа нь тэр шүү дээ. Амь насаа золиосонд өгчихвөл муу сэгсгэр авгай, гурван нялх үр минь яаж амь тэжээх вэ? Энэ хавьд насаа элээж байгаа намайг газар мэдэхгүй гэвэл хэн үнэмших вэ дээ. Тэдэнд би санаатай унаа залгуулаагүй. Тэдний хөлөөс зайдуухан ууланд гаргасан хэдэн адсага өөрсдөө гүйж ирээд л тэдний хоол боллоо. Ямар сайндаа би унах унаагүй ингээд сууж байх вэ дээ.

-Чи битгий баашлаад бай! Би бүгдийг мэдэж байна. Одоо яая гэх вэ? Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг биз. Аймгийн шүүхэд очиж байж учраа олно доо. Төр түмэн нүдтэй болохоор чиний нүгэл буяныг ялгаад өгнөө гайгүй. Хувцасла!

-Эхнэр, хэдэн хүүхэдтэйгээ ус руу явсан юмсан. Уулзаад явбал зүгээрсэн. Гадаа хөл хөндийлөх юм алга байна шүү дээ.

-Муу эсэргүү чи дэмий юм битгий чалчаад бай. Нохой шиг буудчихна шүү.

-Дарга минь үнэн мөнийг нь олж үзээч дээ. Та ч гэсэн авгай хүүхэдтэй шүү дээ. Хэдэн хүүхдийг минь өөрийнхөө үртэй зүйрлэж үзээч дээ гээд енгэнэтэл уйллаа.

-Улаан эсэргүү минь битгий баашлаад бай. Бос гэж зандарлаа. Гаднаас авгай нь хүүхдүүд ээ дагуулаад орж ирснээ Бадгааг харж амархан сайн байна уу гэж мэндлэхэд хариу дуугарсангүй.

Хар хүн нь,

-Энэ дарга намайг баартагчингуудтай нийлсэн. Унаа залгуулсан гээд аваад явах гэнээ гэхэд авгай нь,

-Еэ ванданлхам минь. Ноёнтон минь ядарсан биднийгээ өршөөж хайрла. Ямар юмных нь баартагчинтай нийлэх вэ дээ. Хөл унаагүй болоод сүйрч байна шүү дээ. Хэдэн муу гурвуу алга болчихоод уулын хярд дүрвэж чадаагүй байтал баартагчингууд ирээд буу шийдэм тулгаж байгаад туугаад явсан шүү дээ гэж нус нулимстайгаа холилдон мэгшихэд аль ч учрыг олохгүй гайхан зогсож байсан хүүхдүүд нь эхийгээ даган орь дуу тавин тал хөндийг цочоох мэт бархирлаа. Гэрийн эзний нулимс цувсаар Бадгаа

-За, за бахиралдаад яах вэ? Явъя. Хуулийн газар үнэн мөнийг чинь олоод өгнө. Түргэл! Авгай:

-Төрийн сүлд минь! Эрхэм ноёнтон минь биднийгээ энэрч хайрла. Үнэн нь тэр юм шүү. Ус авчирсан энэ муу атаараа явж хэдэн тэмээгээ олж ирээд хойд уул руу нүүх гэсэн юмсан. Бид хэд энд үлдвэл дахиад баартагчин ирж, наанадаж хоттой хэдийг минь хоггүй тууж амин зуулганаасаа нэг мөсөн сална, цаанадвал бид амьд үлдэхгүй гэсэн үг. Өршөөж хайрла эзэн дээдэс минь, Бадгаа,

-Би тэр чиний шүтдэг хар шар феодал чинь биш. Би хувьсгалт улаан цэргийн дарга. Та нар ер нь феодалын үзэл нэвт шингэсэн амьтад байна шүү. Бос нөхөөр гэж хар хүний зүг зандран буугаа гаргалаа.

Хүүхдүүд чарлалдан авгай эхэр татан уйлж газар уналаа. Гэрийн гадна хэн нэгэн хүн,

-Нохой хорио! гэж хэлэхэд хэн ч хариу өгсөнгүй. Зөвхөн хүүхэд багачуудын чарлалдах дуу сонсогдоно. Ойр зуур нохой ч харагдсангүй. Гэрт байсан хүмүүсийн хэн нь ч үүнийг дуулах сөгөө байсангүй. Бадгаа ч гэсэн гурван хүүхэд, авгайн орилох, хар хүний байгаа царайг хараад зүрх шимшрэн, ямар нэг юм хоолой дээр нь тээглэх шиг болж дотроо уйлж зогссон боловч нэгэнт төрийн хэрэг би ингэх ёстой. Үүрэгт ажлаа л хийж байна гэж бодож зогслоо. Гэрийн эзэн тос даг болсон хуучин даалимбуун тэрлэгээ авч ханцуйлтал,

-Амархан сайн байцгаана уу? гэх эршүүдхэн дуу гарлаа. Бадгаа гэрийн эзэн хоёр тэр зүг харвал Жамбал байлаа. Бадгаа буугаа далд хийж, Жамбалын ирсэн нь хоёр заяа ялгах чухал ажил болсонд хязааргүй баярлаж,

-Сайн явж байна уу? Ашгүй та хүрээд ирдэг нь яамай даа гэж хэлснээ өөрөө ч мэдсэнгүй.

Авгай өндийж ирсэн зочныг харж нулимсаа арчлаа. Гурван хүүхэд ашгүй өршөөлт буянтан ирэв үү гэсэн шиг нулимстай нүдээрээЖамбал өөд гайхшран харлаа.

Жамбал баруун хойд талын орон дээр суугаад

-Бадгаа чи суугаач! Юу болоод байна?

-Яах вэ эсэргүү дээрэмчдэд унаа залгуулж, газарчилж явсан энэ этгээдийг аваад явах гэсэн чинь орлион бахираан болоод л байна.

Жамбал,

-Чамайг энд ирснийг мэдсэнгүй. Бадгаа

-Нааш нь явсан дээрэмчдийн хойноос явсаар байгаад энд хүрээд ирчихлээ. Жамбал,

-Чиний энд байдаг тун сайн хэрэг. Алив та минь цайгаа чанахгүй юу, хэдүүлээ сайхан ярилцъя. Авгай баярлан босч нүүр гараа угаан хүүхдүүд ээ! аргал оруул! Хүн ирж байхад усан нүдлээд сууж байдаг амьдын хар нүгэл байгаа даа гэж үсээ нойтон гараараа хойш нь илээд гараа бүснийхээ үзүүрт арчаад галаа асааж тогоон дээрээ ус хийлээ.

Хүүхдүүд ч аргал оруулж ирлээ. Авгай:

-Миний хүүхдүүд цийдэм залгилцгаа. Явж аргал түүцгээ гэв.

Хүүхдүүд тавиур дээр байсан домботой цийдэмнээс модон тагшинд хийж залгилцгаагаад гаднаас ирсэн хоёр зочныг ээлжлэн харсаар гарч явлаа.

Авгай хар хүндээ хандаж,

-Та мах эвдэхгүй юу? Хэдүүлээ хоол идье гэж хэлэх нь энэ хоёрт хоол хийгээд өгвөл хар хүнийг минь орхих болов уу гэж горьдож байгаа юм шиг Бадгаад санагдлаа. Бадгаа хоол унд муутай явсан болохоор мах гэж сонсонгуут арааны шүлс асгаж ходоод нь хоржигнож юу ч болсон сайн хоол идээд авья. Үүнийг яахыг аа Жамбал мэднэ биз. Надад хамаагүй гэж бодлоо. Авгай,

-Та минь хувцсаа тайлж сэрүүц. Цай ууцгаа гэж аль хэдийнэ даргилж байгаа шаргал цайгаа гуулин данханд уудалж таглаад тогоон дээрээ ус хийлээ. Хар хүн ч тавиур доор боодолтой байсан махаа гарган ирж задлан хаа, сээр, өвчүү тэргүүтнийг эвдэн тогоондоо хийлээ. Авгай данхаа гялалзтал арчиж авдраа уудлан хоёр шинэ шар тагш гарган ирж шинэхэн даавуугаар арчаад цай аягалан зочдод барилаа. Жамбал,

-Би ч жаалхан сэрүүцье гэж дээлээ тайллаа.

-Бадгаа чи дээлээ тайлахгүй юу гэж хэлэхэд тэр:

-За гэж хувцсаа тайллаа. Тэд цай ууж мах идлээ. Гэрийн эзэд ч цайгаа ууж хоолноосоо идлээ. Тэд ийнхүү хооллож гүйцээд цай ууж суулаа. Гэрийн эзний сэтгэл гэгэлзсээр байлаа. Юу ч болсон үнэн учраа хэлье гэж шийдээд, тэднийг хооллож дууссаны дараа гэрийн эзэн баартагчингуудад адуугаа хөрөнгөөр нь дээрэмдүүлж өөрөө хүчинд тулгагдан газарчилж явснаа бүгдийг яриад хамгийн сүүлд олигтойхон унаа олж унаад ирье гэж хэлээд салж ирлээ. Нүүж ууланд гарах гэтэл тэмээгээ алдсанаас яаж ч чадаагүй байгаа учраа ярилаа.

Тэгтэл нохой хуцлаа. Авгай гэрээс гарч харснаа,

-Хөөе яадаг билээ. Өнөө эрлэгүүд чинь ирлээ. Гэрийн эзэн,

-Тэд чинь намайг авах гэж яваа нь тэр. Одоо яанаа. Хэдэн хүн ирж байна.

Гурван хүн байна.

-Муусайн яргачинтай нэгээ үзнээ.Үхсэн ч би өсч өндийсөн нутагтаа утаа уугиулсан голомтоо дэрлэж нүд аних минь гэж яаравчлан бүсээ авч чанга гэгч нь бүсэллээ. Жамбал түүнийг харж суулаа. Хутгаа авч түрийлээд орныхоо араас тэнзэн ташуураа авч гарах гэтэл Жамбал,

-Та тайван сууж бай. Ирэх зочид юу айлдах нь вэ? Уулзъя, ярилцъя.

-Тэд чинь хүний үнэргүй монголоо алдсан яргачид байгаа юм. Намайг шууд ална. Амжвал хоёрыг эс амжвал нэгтэй нь амиа солино гэж шүд зуун заналаа. Жамбал,

-Та тайван бай. Тэд ч гурав. Бид ч гурав. Хүн тэнцүү юм биш үү?

Авгай,

-Лам гончигсүм минь, хэдэн хүүхэд чинь гээд гарах гэтэл хар хүн нь,

-Хүүхдүүд хол явж байг. Чи битгий гар гэлээ. Нохой тэднийг ээрэн хоргоосоор... Гэнэт буу тасхийн нохой ган хийгээд чимээгүй боллоо.

Авгай,

-Ээ ванданлхам минь гэж нүд нь бүлтэгнэн хоолой нь чичрэн тэр хоёроос аврал гуйх мэт байж суух газраа олохгүй тэвдлээ.

Жамбал өмдний хармаанаас буугаа авч сумаллаа. Бадгаа ч буугаа сумаллаа. Тэр хоёр дээлээ ханцуйлан буутай гараа далд хийгээд суулаа.

Жамбал авгайг суу гэж дохиход тэр өвгөнийхөө арын орон дээр лагхийтэл суулаа.

Гэрийн эзний царай зэвхийн шанааных нь судас гүрэлзэн хязуур тас зууж нүд нь гурвалжлан түрий дэх хутгаа дутуу сугаллаа.

Жамбал түүний хөдөлгөөн бүрийг нүднийхээ булангаар ажиглана. Түүний уур хорслын хилэн бадарч ёстой л улаандаа тулаад байгаа нь тодорхой. Хэрвээ галтай зүйрлэвэл салхитай өдөр задгай авалцсан гал шиг л болоод байлаа. Тэднийд ирсэн гурван хүн мориноосоо бууж буугаа барьсаар үүдээр чихцэлдэн орж ирлээ.

Дэгжин маягийн залуу хархүү гэрийн эзнийг заналтай харж,

-Чи өнөө унаа солиод ирнэ гэсэн чинь яалаа. Чи бас тэнгэр язгуурт Толь гүний элчийг мэхэлж зарлигийг ч зөрчих санаатай юу? Банчинбогдын хайрласан халуун үрэл нэгийг үмхээд шамбалын оронд төрсөн чинь дээр болж дээ. Тайжийн зарлигаар чамайг цаазлахаар бид ирлээ. Та нар бас юун амьтад вэ? Бас л Банчинбогдын үрэл залгихаар ирээ юу. Эсвэл Толь гүний дуулгавартай зарц болох уу? Эрхмүүд минь. Эртхэн шийд! Бос та гурав. Жамбал,

-Тогтож хайрла! Яасан догшин дүртэй элч нар вэ? Ярихыг чинь харвал монгол хүн шиг. Нохой буудахыг чинь үзвэл харийн дайсан шиг. Байж байгааг чинь бодохоор ёстой л өнөө эрлэгийн элч гэгч нь амилаад ирэв үү гэмээр. Орж ирсэн залуу:

-Дуу. Муусайн нохойг баривчил. Гэтэл Бадгаа уураа барьж чадалгүй:

-Хуц гэж хашгираад босон харайж, хий буудан,

-Буугаа хая гэж зандарлаа. Гэрийн эзэн ухасхийн босч залуугийн бууг цохилоо. Тэр ч буугаа алдлаа. Жамбал ч тэдэнд буу тулгалаа. Нөгөө хоёр нь буугаа хаялаа. Авгай:

-Ванданлхам минь гэж орон дээрээ чарлан ойчиж толгой дээрээ дээл хувцас овоолон енгэнэтэл уйллаа. Хар хүн нь очиж,

-Зүгээр, зүгээр. Бос бос гэж татаж босголоо. Жамбал,

-Бадгаа эдний бууг хураа! Нэгж!

-За мэдлээ гэж очоод

-Гараа өргөөд эргэж хар! гэлээ. Гэрийн эзэн ч ташуур барьсаар хойноос нь гарлаа. Тэд гараа өргөн эргэж харсаар гарлаа.

Бадгаа,

-Наашаа хар! Зайтайхан зэрэгцээд зогс!

Тэд эргэж хараад уруу царайлан зогслоо. Бадгаа гурван бууны хоолойноос сумыг нь аваад зайдуухан тавилаа. Гэрийн эзний нүд хорслын хилэнгээр очтон гэрэлтэж яахаас ч буцахгүй болсон мэт тэр гурвыг харж байснаа түрүүчийн залууг зааж,

-Энэ чинь өнөө хилийн харуулуудыг бууддаг сүрхий яргачин байгаа юм.

Жамбал,

-Тиймээ. Эд танайхыг хүйс тэмтрэхээр нааш нь гарсан юм. Би ч урьдаж ирэх гэж мөн ч мэрийлээ. Ёстой л ачтай хүний авралаар морины сайнаар л урьдлаа. Төгрөгийн хүрээний наана байгаа айлын эзэн,

-Та тийм түргэн явах шаардлагатай юм бол миний морийг унаад яв! Унаашраагүй, шивхэнэчсэн морь. Давхиад бай! Айх юм байхгүй гэж өгсөн юм. Буянтны буянаар санасан хэргээ бүтээлээ гэж сэтгэл хангалуун хэлээд гэрийн эзэн, авгай хоёрыг харахад авгай:

-Иш төрийн минь сүлд! Төр түмний буянаар хэдэн амь мэнд үлдлээ. Амьд яваа цагт амь зууж болно. Гадаа байгаа хэдэн үхэр, хонио туугаад явъя. Хойд уул руу гаръя. Алтай, Хангайнхаа аль нэг сархиаганд нуугдъя. Бид хэдийгээ ивээлдээ аваад үлдэх байлгүй.

Жамбал,

-Одоо дээрэмчид ирэхгүй байлгүй дээ.

Авгай,

-Ойр хавь хүн мал байхгүй эл хуль оргиод санаа сэтгэл ч тогтохоо болилоо. Ер нь яршиг. Үгүй дээ л нутаг сэлгэж шинэ сэргэг нутагт очвол сэтгэл сэргэхсэн байгаа даа. Хүн, мал хоёр бие биенээ бараадан сэтгэл өег байдаг юм болохоор эзэнгүй ээрэм тал хэцүү байна. Баартагчин ирдэггүй юмаа гэхэд чоно нохой амраахгүй. 

Энэ бүгдийг сонсож суусан Бадгаа би бас л алдчихлаа. Энэнийг чинь баартагчингуудтай нийлж яваад гэртээ ирээд байна гэхлээр барьж аваад сүрхий дайсан илрүүлчихье гэсэн чинь бас л нүдний булай боллоо. Жамбал, тун хашир, сэргэлэн эр шүү. Энэ хүнээс л их зүйл сурч болмоор хүн дээ. Гэвч яаж дандаа асууж байх юм бэ? Нэрэнд муухай шүү дээ. Одоо ч даргаас баахан жавтий хүртэнэ гэсэн үг. Жамбал юу гэдэг бол гэж баригдсан хэдийг нүдний булангаар сэм сэм харж хөлсөө арчсаар тэдний урдуур нөмгөн чигтээ алхана. Жамбал хувцсаа өмсч буугаа зүүгээд гэрээс гарч ирээд,

-Та гурав доороо сөхрөөд суу! гэхэд тэд үг дуугүй газар ширтэн сөхөрч суулаа. Жамбал,

-Гэрийн чинь бүрээсийг цоолчихлоо. Аа бас тусгүй юм боллоо.

Гэрийн эзэн:

-Энэ муусайнуудыг барьснаас хойш тэр яах вэ? Авгай,

-Харин ч төрийн хүчтэй зэвсэг дуугарч дарь хүхэр үнэртсэн нь сайн хэрэг. Муу юм шүглэсэн бол зайлна. Нэг ёсны тун азтай хэрэг. Бид хэд байсан бол яана аа. Би доор нь нөхчихнө. Гэрэлт нартай гэгээн цагаан өдөр айлын гэрт эзнийг нь хөнөөхөөр халуун зэвсэгтэй орж ирж байгаа амьтад ч мэдэхгүй, бурхны шавь байлаа гэж үү?

-Бадгаа чи хувцсаа өмс гэхэд Бадгаа гэрт орж хувцсаа өмслөө.

Жамбал

-Бадгаа хоёул эднийг Төгрөгийн хүрээ рүү аваад явна. Та гэр орондоо үлд дээ. Юмыг яаж мэдэхэв. Танд нэг буу хэдэн сумтай өгье. Биеэ хамгаалж бай! Цаг тайвширсан хойно Хамгаалахад аваачиж өгөөрэй.

Гэрийн эзэн,

-Гялайлаа! Би эднийг хойд уул руу гаргаж айл амьтны бараа харуулчихаад та нарын хойноос очъё. Муусайн яргачинг устгахад гар бие оролцохгүй байж болохгүй. Би ташууртайгаа байхад алзахгүй. Та нар байгаагүй бол энэ гурав өдийд цус нь садраад тэр өмнө хэвтэж байх байсан юм. Ганган залууг зааж,

-Үүнийг цааш харуулсан байхад нөгөө хоёр нь миний гарын дор гэсэн үг. Жамбал,

-Өөрөө л мэд дээ.

Юу байх вэ? Энэ муу атанд гэрээ овоолж аваад нүүнэ. Өглөө Төгрөгийн хүрээн дээр хүрээд очъё. Над бас ярих ч юм байна. Хамгийн түрүүн орж ирдэг залууг алдав даа. Цаадахь чинь баартагчингийн нэг ахлагч Жавзандорж тайжийн баруун гар. Урьд Амарбуянтын хүрээний нэг муу хулгайч банди байсан юм. Тун зальтай шүү. Яггүй мэргэн бууддаг лүд шүү. Халуун зэвсэг гарт нь өгвөл сүйд хийнэ. Хөөрхий гэх нинжин сэтгэл даанч байхгүй. Сая нэг хүнийг хувьсгалч гэж барьж аваад өрлөж алахдаа яаж тавлаж хөхөрч байсан гээ. Тэгээд л би эднээс холдохын түүс болсон. Даанч над зэвсэг байгаагүй юм. Хэрвээ би буутай байсан бол үүнийг чинь тэр дор нь тархийг нь хага буудах байсан. Та нар байгаад болсонгүй, түүнээс би үүний тархийг хага цохих байсан юм. Хорвоод ийм амьтан хоол хороож хумхийн тоос хөдөлгөж байж болохгүй. Жамбал,

-Мэдлээ. Би ч зах сэжүүрийг нь мэднэ. Бадгаа, чи эдний гарыг ард нь хүл! Гэрийн эзэн,

-Алив би хүлье гэж гэр дээрээс бурантаг авч тэр гурвын гарыг ард нь янгинатал хүллээ. Үүний дараа Бадгаа тэднийг моринд нь мордуулан холбож хөтлөн хөдөллөө. Тэдний хөтөлж явсан нэг морийг гэрийн эзэнд өглөө. Тэр Жамбалд хандан,

-Танай энэ нөхөр ч ширүүн хайрхан билээ дээ. Хүний дургүй хүргэж цааш нь түлхэнэ үү гэхээс хүний хайрыг татах хүн биш санагдсан. Залуу хүн алдаж байгаа биз дээ гэлээ. Жамбал

-Энэ албанд шинэхэн тохогдоод байгаа хүн. Би бүгдийг мэдсэн.

Бид ярилцана. Гэрийн эзэн,

-Над хохирсон юм байхгүй. Сайндаа л хамгаалахад очоод ирэх байсан юм. Жамбал,

-Үг олдож үхэр холдох нь байна. Би явъя даа гээд мориндоо мордож жолоогоо алгуурхан эргүүлж товолзтол алхуулахад гэрийн эзэн, авгай гурван хүүхдийнхээ хамт гэрийн гадаа зогсож төрөл саднаа холын аянд явуулж байгаа юм шиг хойноос нь харсаар хоцорлоо. Жамбал, хотын захад гараад дөрөөн дээрээ өндийхөд амаа булаалдаж явсан морь ергөж эхэллээ. Бадгааг гүйцэж ирэхэд тэр эргэж харснаа мориндоо ташуур зөөлөн өгч ергүүллээ. Тэдний араас дагаж явахад морин туурайгаар шидэгдсэн хайрга чулуу Жамбалын хацрыг шив шивхийн цохиход мориныхоо амыг бага зэрэг татаж холхон дагалаа.

Бадгаа эмээл дээрээ хагас өндийн цээжээ хөндөлдүүлэхэд түүний унасан морь хатиргаа сайтай учир нэгэн хэмээр довтолголоо. Түүний хөтөлсөн гурван морьдын хоёр нь нохой цогиогоор цогиулж эхэллээ.

Баригдсан гурав морины явдалд эмээл дээрээ нүдүүлнэ. 

Нэлээд явсны дараа Жамбал,

-Чи жаахан хойгуур яв. Хүний морь өгөөд явна гэхэд Бадгаа жолоогоо заллаа. Төгрөгийн хүрээний зүүн дэнжид байгаа ганц гэрт ойртож ирэхэд Жамбал,

-Бадгаа чи зөөлөн явж бай. Би морио солиод ирье гээд айлд очихоор ергүүлэхэд Бадгаа мориныхоо амыг татаж алхууллаа. Морьд амьсгаадан хөлсөө дуслуулан алхана. Баригдсан гурав хэлгүй мэт явлаа. Гэнэт баригдсан залуу:

-Бууж шээе гэхэд Бадгаа

-Манай хүнийг ирсэн хойно болоорой. Түрүү хэлэхгүй яасан юм бэ? Тэдний хэн нь ч хариу өгсөнгүй. Жамбал айлын гадна ирж мориноосоо буухад гэрийн эзэн угтан гарч ирлээ. Жамбал,

-Сайн морины хүчинд ажил ч сайхан бүтлээ дээ гэж хэлээд эмээлээ хэд сэвээд авч өөрийнхөө морийг эмээллээ. Гэрийн эзэн,

-Та гэрт орж цай уухгүй юу?

-Би яарч байна. Сүүлд завтай болохоор танайд тухтай ирье гэж талархлаа илэрхийлээд мориндоо мордлоо. Өөрийнх нь морь нэлээд амарсан бололтой гүйн хар алхана. Жамбал, Бадгааг гүйцэж ирлээ.

-Энэ нэг этгээд шээе гээд байна гэхэд Жамбал,

-Хэн бэ? Бууж шээ л дээ гэхэд тэр үг дуугарсангүй. Бадгаа

-Би, чамайг харцаар чинь мэдсэн юм. Тэгнэ байхаа гэж зэвүүхэн хэлэхэд тэдний хэн нь ч хариу дуугарсангүй. Бадгаа сурсан заншлаар морио зөөлөн гуядаж өргүүллээ. Тэд нэгэн жигд явсаар удсан ч үгүй Төгрөгийн хүрээний борчуудын хороололд ирж мориноосоо бууцгаан, чөдөрлөөд Жамбал явж нэгэн гэрт орсноо удалгүй гарч ирээд хажуу дахь жижиг бор гэрийг заан,

-Бадгаа цаад гурвыгаа аваад ир гэлээ. Бадгаа тэр гурвын тууж тэр гэрт орууллаа. Энэ нь ханхай гэр байлаа. Дэвсгэр ч гэх юм байсангүй. Жамбал,

-Бадгаа чи тэднийг харж бай! Залуу чи нааш ир гэж дагуулан нөгөө гэрт орлоо.

Жамбал гарын хүлгийг тайллаа. Тэр хоёр бугуйгаа үрсээр зогсоно.

-Чи суу гэхэд тэр гэрийн зүүн талын адсаган дээр сөхрөн суулаа.

Жамбал,

-Нэр хэн бэ?

-Бадрах

-Танайхан одоо хаана байна?

-Мэдэхгүй

-Та урьд нь юу хийж байсан бэ?

-Юм юм л хийж явсан.

-Дээрэмчид одоо хаана нутаглаж байна?

-Мэдэхгүй

-Чи хурдан буу хаанахын хэнээс авсан бэ?

-Хөдөөнөөс олсон. Энэ ч миний асуултанд хариулахгүй юм байна гэж бодоод,

-Та явж бай даа. Сүүлд яръя гээд дагуулан гарч гэрт нь хүргэж өгөөд ахимаг насны нэгэн хүнийг дагуулан нөгөө гэрт ороод,

-Та суу гэхэд баруун хөлөө сөхрөн зүүн хөлөө жийж бодлогоширсон байдалтай суулаа.

-Таны нэр хэн бэ?

-Санжид

-Баартагчингууд одоо хаана байна?

-Тэд хил давсан.

-Ямар зорилгоор ирсэн юм бэ, Толгойлогч нь хэн бэ?

-Баахан мал л аваад явах зорилготой явсан. Надтай хамт баригдсан энэ Дорж толгойлогч нь юм. Хамт ирсэн хүмүүсээр мал туулгаж хил давуулаад бид хоёрыг дагуулж нааш явж Даржааг гэр оронгоор нь хүйс тэмтрээд буцна гэж ирсэн юм.

Энэ залууг чинь Бадрах гэсэн байх аа. Ямар учраас Даржааг устгах болсон юм?

-Үүний нэрийг Дорж гэдэг юмаа. Даржаа, Дорж хоёр уг нь эв түнжин муутай бололтой. Сайн мэдэхгүй юм даа. Дорж занаж заавал адууг нь олж хөөнө. Тэгэхлээр тэр муу юугаараа хөл залгуулах вэ? Түүгээр нь далимдуулаад бодийг нь хөтөлнө гэж ярьж байсныг сонссон.

-Баартагчингууд буцаад хэдийд ирнэ гэж байна. Яагаад тэд эх нутгаасаа явах болсон юм.

-За мэдсэн дуулсан юмгүй. Толь гүнийг дагаад л гарсан юм даа. Зургаан зүйлийн кампани ч тун ч халгаатай байсан л даа. Хайчин замын цаад талд очиход амьдрал гэгч ёстой бялхана гэхлээр тийм юм болов уу гэж бодоод нүүсэн юм. Тэнд очоод хэдэн адуу тэмээгээ алдаад дууссан. Нохой нүцгэн гахай явган гэгч л боллоо. Би эдэнтэй нааш явбал хөл залгах унаа олдож юу магад вэ л гэж горьдсон хэрэг.

-Чи Даржаагийнхныг хүйс тэмтрэхийг мэдсээр байгаад Доржийг дагаж ирдэг нь юу билээ?

-Доржтой би сөргөлцөөд дийлэхгүй шүү дээ. Бяраар ч залиар ч тэр. Цаадхийн чинь бууны гох мултрахад л би энэ замбуулингаас тонилно гэсэн үг. Хүн утсан чинээ аминдаа хайртай байдаг болохоор дагахаас өөр арга байгаагүй.

-Чи хэдэн удаа баартагчинтай хамт ирсэн бэ? Юу юу дээрэмдсэн бэ?

-Хорь дахь удаагаа явж байна. Над дээрэмдсэн юм байхгүй. Анхныхаа явалтаар тайжид бараа бологчоор явж морь муу усаллаа гэж Жавзандорж тайжаар нэг сайн зодуулсан даа.

-Чи цаашдаа яая гэж бодож байна.

-Гэр орноо авч нутагтаа буцаж ирье гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан юм. Эв нь таараагүй байсаар ийм боллоо. Баартагчин дагахгүй бол аминд халтай. Тэднийг дагасаар төрд харштай юм болоод байна дарга минь гэж уртаар санаа алдан газар ширтэн суухад нүднийх нь нулимс дээлийнх нь урьд хормой дээр под подхийн дусаж байлаа. Жамбал түүнийг харж байснаа,

-Чамтай хамт яваа нөгөө хүн чинь хэн гэдэг юм бэ? Ямар шүү хүн бэ дээ?

-Дангаа гэдэг юм. Олз омгонд дуртай онгироо л хүн дээ. Түүнд мэдэх юм ч байхгүй. Бодох юм ч байхгүй. Ганц бие хүн. Ёстой л салхины аясаар хийсдэг хамхуул гэсэн үг. Тэгэхдээ муу золиг харуул устгахад оролцсон юм. Харуулын хүмүүсийг алахыг үзээд хоол ч идэж чадахгүй, унтаж ч чадахгүй бархираад босоод байсан. Дарга минь баартагчингууд дотор хүчинд автсан, хуурамч үгэнд гэнэн сэтгэлийн улмаас эндсэн, сүсэгтэн, онгироо хөөрүү, сувдаг шунахай, Ардын засгийг мах яснаасаа үзэн ядсан янз янзын хүн байх юм байна шүү дээ.

-Лам хүн олон бий юу? Хэн хэн гэдэг хүн байна?

-Лам хүн нэлээд бий. Сайн танихаас Балбар гавж бий. Тэр төвд Лувсангийн сүүдэр л гэсэн үг. Нууцгайхан Төгрөгийн хүрээнд ирсэн байх.

-Зорилго нь юу юм бол?

-За даа хэдэн ламтай л уулзах биз дээ. Болбол Төгрөгийн хүрээг аваад гарах санаатай юм гэнэ билээ. Балбарыг дэмжих дэгдэх хүн ч хоёр, гурваас хэтрэхгүй биз. Энд Дамба гэлэн гэж олон жил хүний нутаг гүний газар мөргөл хийж зовлонгоо эдэлсэн номтой ч, ухаантай ч хүн бий. Тэр хүн:

-Та нар энэ яваа насанд чинь унасан газар угаасан уснаас хэрэгтэй юм байхгүй шүү. Би хүний нутагт баян цатгалан жаргаж явсан ч өдөр бий. Аль ч үед арван гурван Алтайн минь ноён сарьдаг, мал сүрэг, ан амьтан сүрэглэн бэлчиж зэрэглээ гүйсэн цэлгэр уудам говь нутаг минь нүднээ үзэгдэж, ингэ ботгоны буйлаан, хонь, ямааны майлаан чихэнд хангинаж байсан. Арван цагаан буяны хурал ном хурж хэнгэрэг цан нижигнэж байхад том бүрээний дуугарахыг бух урамдаж байна гэж бодож суусан удаатай шүү гээд л баахан лам нарт ярьсан юм билээ. Тэр ч ихэнх хүний зүрхэнд шингэсэн дэг шүү. Дамба гэлэнгийн эрдэм ном, ярих хэлэх ч Балбар гавжийг дагуулахгүй шүү дээ. Балбар гавж номын үсгийг харахдаа алт, мөнгөн эдлэл болгож харахаас буцахгүй хүн дээ.

-Танд өөр хэлэх юм байна уу?

-Дарга минь утсан чинээ улаан амийг минь өршөөж хайрла. 

-Танд хийсэн хэрэг байхгүй юм бол амь насанд халгаа болох юм баймааргүйсэн.

-Би нэгэнт нутаг уснаасаа дүрвэж гараад халуун зэвсэг агсаж ирсэн болохоор...

-Таны буруу зөрүүг төрийн хууль ялгаж өгнө. Та айлтгүй.

-Ашгүй дээ. Төрийн минь сүлд гэж залбирлаа.

Жамбал, Санжидийг гаргаж гэрт нь оруулаад Дангааг оруулж ирж суулгаад,

-Нэр хэн бэ?

-Дангаа

-Та ямар хэргээр энд ирээд байна гэж бодож байна?

-Мэдэхгүй. Авчирснаараа та өөрөө мэдэж байгаа биз.

-Чи ямар хэрэг хийснээ мэдэж байна уу?

-Би ямар ч хэрэг хийгээгүй.

-Хилийн харуул устгаж дээрэм тонуул хийсэн чинь тоглоом тохууны ажил уу?

-Би, би хүн алаагүй гэж хоолой нь зангиран гар нь салганан хөлс нь дааварлалаа.

-Та тэгээд юу хийж явсан юм бэ? Хилийн харуулыг хэн алсан юм бэ?

-Зүгээр, би эдэнтэй хамт явсан. Хилийн харуулыг энэ Дорж, Жавзандорж нар алсан.

-Тэднийг чухам яаж алсан юм бэ?

-Лав л нэг хүнийг нүцгэлээд Дорж хутга бариад очиж байсан. Тэр хүн учиргүй орилсон. Тэгээд би нүдээ тас аньж, чихээ бөглөөд буруу хараад суучихсан. Нэлээд удсан хойно миний нуруун дундуур хүчтэй юм бууж намайг онхолдуулсан. Эргээд харсан чинь энэ Дорж намайг ташуураар цохисон байлаа.

-Муухай аймхай гөлөг минь шалав босохгүй бол дор чинь засч хаяад явна шүү гэсэн. Би айхдаа шалавхан босч морийг нь ойртуулж өгсөн. Дорж,

-Чи үүнээс хойш миний дэргэдээс огт салахгүй шүү. Хэрэв жаалхан л хөндийрвөл дор чинь бодийг чинь хөтөлнө гэсэн. Түүнээс хойш айгаад дагаж явдаг юм даа.

-Баартагчингууд одоо хаа байна?

-Хил даваад явсан

-Ямар зорилготой ирсэн юм бэ?

-Адуу тэмээ авах айл тааралдвал өөдтэй өнгөтэйг нь авна гэж ирсэн. Харин Даржаагийнхаас өөр айл тааралдаагүй. Тэднийхээс юу авах вэ дээ. Даржааг дагуулаад явсан.

-Та нар Даржааг яах гэж алах гэсэн юм бэ?

-Дорж л хонзонтой гэсэн. Чухам юун тухай болохыг мэдээгүй.

-Дорж ер нь юу хийж явсан юм бэ?

-Дорж уг нь Амарбуянтын хийдэд нэг муу зодоончин асман банди л байсан юм. Энэ хөл үймээний үеэр л их овойж гарсан хүн дээ. Уг нь ядуу л айлын хүүхэд дээ.

-Танай баартагчингууд дотор лам нар олон бий юу?

-Лувсан төвдийн хажуунаас салдаггүй хэдэн лам байсан. Тэдний дотор Балбар гавж л гэж нэг дээгүүр мэдэлтэй сүрхий амьтан байдаг юм. Сая харин тэр шавь бандиа дагуулаад нааш нь явсан. Хаа очсоныг мэдэхгүй? Бидэнтэй л лав яваагүй.

-Танд өөр ярих юм байна уу?

-Алга даа. Дарга минь би хүний аминд хүрээгүй шүү. Амийг минь аварч хайрла.

-Та юу ярьж байна. Таныг хэрхэхийг төрийн хууль цааз л мэднэ шүү дээ гээд Жамбал босч хэрэгтнийг дагуулан гэрт нь орууллаа. Бадгаа гэрийн үүдэнд сууж байснаа босч,

-Одоо эднийг яах вэ?

-Юу ч болсон чи эднийг харж бай. Би гэрт орж хүйтэн цай ууя. Цоож түлхүүр байвал олж ирье гээд явлаа. Удсан ч үгүй Жамбал цоож түлхүүр авч ирэн хаалгыг нь цоожиллоо.

Бадгаа, Жамбал хоёр нөгөө гэрийн сүүдэрт очиж ширдэг дэвсэн хувцсаа тайчин суулаа. Гэрийн эзэгтэй ч ирлээ.

-Та нар цай цүй үгүй сүйд боллоо. Би цай чаная гэж гэрт орлоо. Нар нэгэнт түргэндээ орсон байлаа. Удалгүй гэрийн тооноор шингэн цэнхэр утаа бургин тулган дотор гал дүрэлзэн асаж удсан ч үгүй цай буцаллаа. Жамбал,

-Баруун гэрт гурван хүн бий дээ. Гэрийн эзэгтэй:

-Цай нэмж чаная. Тэдэнд өгье гэж хэлээд гэртээ орж тавагтай ааруул, өрөм, ээзгий авч ирж тавилаа. Бадгаа тавагтай өрөмнөөс аягандаа хийж ээзгий идэж суухад Жамбал тавагтай өрөмнөөс ааруулаар хутган идлээ. Тэднийг ийнхүү цай ууж суухад тэнгэрийн зүүн хаяанаа бөөн цагаан үүлс толгойлон босч, нарны улаан шаргал туяанд улам ч сүртэй харагдана. Сайн ажиглавал аймшигт том хад цохионууд нурах гэж байгаа юм шиг зарим нь янз бүрийн араатан амьтан мэт. Түүнийг ажиглан суусан Жамбал мөндөр орж ч магадгүй. Ширүүн бороо л орох нь дээ. Шөнө яваад ч бүтэхгүй байх даа. Маргааш өглөө л эрт явъя гэж бодсоноо Бадгааг харж:

-Чи эндээ байж бай. Би нэг яваад ирье. Эднийгээ сайн харж байгаарай. Анхааралтай байна шүү. Юмыг яаж мэдэх вэ?

-Тэгье тэгье. Та хэр удах вэ?

-Мэдэхгүй.

-Таныг оройтвол би энэ гэрийн үүдэнд очиж сууна.

-Тэгээрэй гэж хэлээд босох гэтэл Содов гэлэн хүрч ирлээ.

Жамбал,

-Аа! Содов гуай ирлээ. Сонин юу байна?

-Юм үгүй шив дээ. Гэрийн эзэгтэй Содов гуайд цай аягалж өгөөд явлаа. Тэр цай уунгуут:

-Гавж гуайн явдал ч олигтой юм болоогүй бололтой. Доржбал унзад тэргүүнтэй хэдэн гавжтай уулзаж Банчинбогдод мөргөнө гэж жаал зугаа хатуу юм л авснаас өөр юм хийж чадсангүй. Чадах ч үгүй л дээ. Цаг зэвүүн болжээ. Хилийн хайч сэм давж ирсэн амьтад олны дунд элдэв шалдавын мэдэх мэдэхгүй юм ярьж үймүүлэх боллоо. Эндэхийн лам нарын ихэнх нь дэмий ярихаас цаашгүй л байна. Эв нь таарч олны үймээнд хөөрвөл хөдлөх гэж оролдох санаатай хүмүүс бий дэг шүү. Амжиргааны ухаан суугаагүй, хатуу ширүүн юм үзээгүй омголон банди нар дэггүйтэж мэднээ. Зүүн хойд талын хэдэн аймагт бослого тэмцэл гарлаа гэж ярих юм. Аа мэдэхгүй.

Жамбал,

-Та яаж дуулав 

-Улаан гэрийнхэн ярьсан. Сонинд ч бичээстэй байна билээ. Лам нарын зарим нь одоо л шамбалын дайн болох нь гэж шуугиад байгаа. Шамбалын дайн гэдэг нь эр эм, хар, балчир багачууд, өвгөд өтгөс, хорхой шавьж хүртэл орно гэсэн үг. Эдний дотор монгол бичигтэй хүн олон бий гэснээр тэдний хэн нь ч дуугарсангүй, нэгийг бодон цай ууж суулаа. 

Энэ бүгдийг сонсож суусан Бадгаа хүн яахаараа бие биенээ алж хядахаас буцдаггүй дайсагнаж байдаг юм бол? Шамбалын дайн гэдэг чинь бүхнийг хамарна гэсэн үг юм байж. Хэн ч гэсэн аминдаа хайртай байтлаа бусдыгаа хайрлахгүй. Хэрэв тийм их хөл үймээн болбол Норжин минь яана? Норжин минь юу хийж байгаа бол? Бодвол унгасаа савж гүйцээ биз. Удахгүй эсгийгээ хийнэ дээ. Ойрдоо очиж чадсангүй. Бид хоёр хэр олон хүүхэдтэй болдог юм бол? Ямар шүү амьдрах бол? Хүүгээ уралдааны морь унуулж сургана. Хүүхдүүд минь тусад орвол хөл жийн жаргаж сууна даа. Тэргэл сар бүхнийг гийгүүлж хээрийн салхин илбэн таалсан тэр шөнө дээлээ захлан нөмрөөд толгой нийлүүлэн хэвтэхдээ саалинд зөөлөрсөн бор гараараа хацрыг минь илбэн,

-Чи надад хайртай юу гэж шивнэн асуухад

-Энэ хорвоод ганцхан чи минь л миний гэрэлт наран шүү дээ. Хүүгээ дундаа хөтлөөд алхаж явах цаг ч бий дээ. Норжин,

-Охин байвал яах вэ?

-Би үүрээд л явна гэхэд нүүрээ цээжинд минь наагаад тэврэн авч үнсэхэд би Норжингоо чанга тэврэн нүүр нүдгүй үнсэж билээ. Орчлон хорвоо амгалан, хотонд хонь яраглах, зэлэн дээр үхэр хивэхээс өөр чимээгүй. Гэрт унтсан хүмүүс цөм дуг нойронд дарагдан анир чимээгүй байж билээ. Тоост хорвоод хүн болсны хамгийн жаргалтай шөнө тэр байсан юм уу даа, хайрласан сэтгэл гэдэг юугаар ч солихын аргагүй хувирашгүй эд юм даа гэж бодож суухад бүрий болох шахаж байлаа. Жамбал,

-Содов гуай хоёулаа явах уу даа.

-За тэгье гээд бослоо.

 

* * *

 

Үдшийн бүрийгээр горооныхны гэрийн дундуур эсгий малгай өмссөн тарган хүн ийш тийш нь юм харуулдсаар гэтэж байгаа юм шиг сэм сэм алхалсаар нэгэн гэрт орлоо. Дэнгийн гэрэлд ямар нэг юм хийж суусан хүн орж ирсэн хүнийг зүүн гараараа дэнгийн гэрлийг халхлан харснаа

-Үгүй та чинь гавж гуай юу. Шөнө орой болсон хойно дүрээ хувилгаад яаж яваа чинь энэ вэ?

-Дорж, Санжид, Дангаа гурав баригдаад энэ хийдийн төвд хар гэрт хоригдож байна. Маргааш өглөө аймаг руу аваад явах юм байна. Тэднийг салгаж авахгүй юм бол чиний түмэн булчирхай, найман найлжуурхайг чинь тоолж наанадаж шоронгийн хадаас, цаашилбал амь насанд аюул учрах нь байна шүү дээ, төрд тэрсэлсэн хэрэг чиг тийм амар өнгөрөхгүй.

-Лам гурван эрдэнэ минь! Тэр одоо хаана байгаа юм бол?

-Танай горооныхны хамгийн зүүн урьд талын гэрт байгаа.

-Барьсан хүн нь?

-Хамгаалахын хоёр төлөөлөгч.

-Төлөөлөгч гэдэг чинь яггүй байна даа. Шөнө очоод янзалчих уу?

-Болохгүй. Бид цөмөөрөө сүйрнэ гэсэн үг.

-Тэднийг аваад яваг л дээ. Юу шальдаг юм. Тэд өөрсдөө толгойгоо өгнө биз?

-Нөгөө хоёр нь яах вэ? Гарзтай юм биш. Дорж бидэнд хэрэгтэй хүн. Зориг зүрхтэй. Бид тийм хүнээ алдаад байвал хорвоод амьдрах хоногийн тоо маань цөөрөөд байна гэсэн үг. Хайчин зам даваад явчихсан байхад юу шалих вэ дээ. Улаантан биднийг олж барьдаг ч зэрэглээ биелж, цуурай амилсантай адил юм биш үү.

-Нас бие гүйцсэн хүн байж нялх хүүхэд шиг юм ярьж битгий тэнэглэ. Чи чинь харуул устгаж хамтрал хомоон сүйтгэхэд голлож оролцсон хүний нэг. Хаа ч явсан сум зүрхэнд чинь, балиус хоолойг чинь хэрчихэд бэлэн гэж мэдээрэй. Чиний энэ явдлыг Доржоос өөр хэн ч мэдэхгүй. Түүнийг салгаж авах нь чухал.

-Яаж?

-Замд нь. Аль болох бартаатай, хүн амьтангүй газрыг өөрөө сонго!

-Эндээс аймаг явахад чинь хаагуур явдаг билээ? Аа тийм!

-Ойрхон бол тусгүй шүү, алсхан. Би чамайг олигтойхон бодно гэхэд өөрийнх нь нэр төртэй холбоотой болохоор гар татахгүй биз. Дорж ч хоосон байхгүй. Явдаг хэргээ гэж бодсоноо,

-Алсхан хийнэ. Өвгөн чинь насаараа ойр холоос адуу мал хөөж аянчин жинчин тосож сурсны хэрэг юу билээ. Болох л байлгүй. Илбэ шидийн юм шиг хийчихээд газрын гаваар орсон юм шиг алга болоод өгнө. Би шөнө хагаслаад мордъя.

Балбар түүний үгийг олз шаан миний хүсэл ингээд л биелдэг жамтай гэж бодсоноо,

-За тэгж үз. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдгийг мартав даа. Би явъя гэрэл гэгээтэй, удаан байвал хүн амьтан сэжиглэнэ гээд босож үүд рүү алхлаа.

Шөнийн тэнгэрт түг түмэн од энгүй талд цацсан сувд адил гялтганан харагдана. Хүрээнээс зүүн тийш зайдуухан газар Жамбал, Цэдэвцэрэн хоёр сууна.

-Балбар гавж хэзээ явна гэж байна.

-Шөнийн сэрүүнд газар дөхье. Шөнө хагаслаад явна гэсэн.

-Хаашаа явах юм бол?

-Шууд буцна гэсэн. Энэ тухай Содов багшид битгий хэлээрэй гэсэн.

-Аа тийм үү? Яагаад яарах болов? Тэр ямар ажил бүтээсэн юм бол?

-Мэдэхгүй

-За, чи болгоомжтой байна шүү. Очоод Дандартай уулзаарай. Юу мэдсэнээ Дандарт хэлж байгаарай.

-Хичээе. Гавж гуай горооныхон руу орой нар шингэсэн хойно явж байсан. Хэнийд очсоныг мэдээгүй. 

-Тэр чинь сонин л хэрэг байна. Хэнийд очдогийг яваандаа мэднэ шүү.

-Орой болчихлоо. Хоёулаа явъя даа. Удахгүй манайхан очно. Дандар чамд хэлэх байлгүй дээ гэснээр тэр хоёр босож нэлээд явснаа Жамбал,

-Дүү минь сайн яваарай. Дандарын үгнээс гарч болохгүй шүү. Цаадахь чинь чамайг аврагч хашир хүн гэдгийг битгий мартаарай гээд Цэдэвцэрэнгээс салж Бадгаагийн байгаа айлд ирлээ. Бадгаа гурван хүн хорьсон гэрийн үүдэнд сууж байлаа. Жамбал,

-Өө чи энд байгаа юм уу? Цаадуул чинь юу ярьж байна?

-Хэлгүй юм шиг л байна.

-Хоёул жаахан ийшлэе гэж зайдуухан очоод

-Чи энэ гурвыг аваад өглөө эртхэн явна уу даа. Даржааг ирвэл хойноос чинь явуулна.

-Тэр ч мэдэхгүй. Унаа унашгүй гэж гоншигноод байсан. Юу л бол доо. Та өөрөө хаачих нь вэ?

-Над энд бас ажил байна. Энэ хийдийхний зарим нь гадагш нь явж магадгүй байна. Бас ч сэжигтэй байна. Түүнийг шалгая. Би жаахан харзная. Балбар өнөө шөнө хагаслаад буцах юм байна.

-Түүнийг чинь бариад авбал яасан юм. Муу дайсныг дураар нь дургиулж дунд чөмгөөр нь жиргүүлж байх ямар шаардлагатай байна?

-Цаг нь болоогүй. Яарвал даарна гэж нэг үг бий. Цаана нь хэн хэн байгааг сайн лавлая. Дайсагнасан ажлыг нь нүдэнд харагдаж гарт баригдтал болгож байгаад лавхан атгана. Яах ийхийн туханд хүрэлгүй олон хүн баривал түмэн олны дургүй улам л хүрч даарин дээр нь давс үрнэ гэгчээр зугтах дүрвэх нь нэмэгдэнэ. Юу ч гэх вэ дээ. Цаг нь болоогүй байхад хэтэрхий хувьсгалчдын бодлогогүй хийсэн зургаан зүйлийн кампанит ажил гэдэг сүржин ажлаас л хамаг хэрэг үүслээ.

Зарим сагсуу нь хэтэрхий дүрэмдэж айлгалаа. Хорон санаатан нам засгаас ард олныг салгах гэж бүр дүвчигнэн чангарууллаа. Энэнээс л болж байгаа юм.

-Ер нь хувьсгалыг шуурхайлахгүй бол энэ феодалууд чинь улам л хойш сууж доош чангаана гэсэн үг биз дээ. Бут мод юм бол үндэс нь улам л газрын гүнд шигдэж бүдүүрэхтэй адил юм биш үү.

-Тийм нь тийм. Тэгэхдээ их ухаантай ялгавартай хандаж алгуурхан олон түмэнд ойлгуулж тэднийг айван тайван байлгахаар хийх байсан юм даа. Хувьсгалаа хөгжтөл заримтай нь зам нийлэх байсан юм шиг санагддаг.

-Энэ үймээн самуун хэдийд дарагдаж амар тайван цаг ирдэг юм бол доо? Өөрийг чинь орхиод явна гэхэд над хэцүү байна.

-Санаа зоволтгүй. Эднийг түргэн хүргэлгүй болохгүй. Энд удвал ажилд саад болно. Хань хамсаатан нь энэ хавьд байгаа ч юм билүү бүү мэд. Хэрэв тэд мэдвэл бид хоёрт юу тохиолдохыг хэн байг гэх вэ? Дайсан завшина. Энэ Дорж дайсны тун чухал гар хөл бололтой. Ёстой л шийдсэн дээрэмчин гэхээс өөр аргагүй юм билээ. Нөгөө хоёр нь ч мэдэхгүй. Шийддэг газар нь шийднэ биз. Чи айлтгүй. Даржааг хойноос чинь явуулна. Тэр чинь үнэн цагаан жирийн л нэг ард. Чи түүнд дүүрэн итгэж болно. Тэр заавал ирнэ. Маргааш өглөө Даржааг жаалхан хүлээх үү?

-Бид газар дөхөж л байя. Уургын улаагаар л явуулаад байна биз дээ?

-Морио эцсэн газраас уургын улаа хэрэглээрэй. Аль болохоор уургын улаа хэрэглэхгүй явбал сайн сан.

-Хичээе

Чи явж нүдний хор гарга даа. Би эднийг харж байя. Сум хүрэлцээтэй юу?

-Бий бий. Хэрэгцээ тохиолдвол залгадаг гар л мэднэ гэснээр Бадгаа нүдний хороо гаргахаар гэрт орж Жамбал нөхрийнхөө хойноос харж толгой сэгсрэн инээмсэглэн явж илүү гэрийн үүдэнд араг сандайлан гэрээс хөндийхөн суулаа.

 

* * *

 

Төгрөгийн хүрээнээс гарсан дөрвөн морьтон бараг өртөө илүү газар яваад байлаа. Тэдний гурав нь түрүүлэн нэг нь араас нь явна. Морьд нэгэн жигдээр шогшино. Ертөнцийн нэгэн өдөр эхэлж алтан шар нар тэнгэрийн зүүн хаяанаас алгуурхан мандаж дэлхийг улаан шаргал туяагаар будаж эхлэхэд амьтай болгон хөдөлж биеийн чилээсийг гаргана. 

Тэдний хойноос нэгэн морьтон мөрийг нь бараачлан ергүүлсээр жалга нугачаа бүхий толгодын дунд орж ирлээ. Даржаагийн унасан морь чихээ сортолзуулан анир авсан бололтой яваа чигийг харснаа баруун тийш нь сортосхийн эргэн харахад Даржаа тэр зүг харвал жалганд нэгэн эмээлтэй морь зогсож байлаа. Энэ чинь юу билээ гэж бодон мориныхоо амыг татаж зогслоо. Гэтэл буун дуу хадаж амгалан хорвоог цочоолоо. Даржаа морио тушиж орхиод үүрч явсан буугаа сумлан өмнөө барин суваг даган бөхийн гүйсээр урьдах гүвээг өнгийтөл нэг эмээлтэй морь гөлөм дэрвүүлэн цаад гүвээг давж байлаа. Нэг хүн мориноосоо үсрэн бууж хар хурдаараа гүйж ирэн газарт хэвтэх нэгэн хүний урт бууг авч хажуу тийш нь тавиад дээр нь тонгойж байгаад өндийхдөө ширэн гэртэй гар буу авч байгаа нь Дорж мөн байлаа.

Даржаа:

-Тэгнэ байхаа. Чи муу яргачин. Хоёр муу морины өртөг өгсөнгүй гэж ахыг минь алсан. Чиний энэ хэргийг би суманд мэдүүлсэн. Тэглээ гэж над өширхсөн. Би ахыгаа алуулчихаад зүгээр байх байсан юм уу? Үгүй. Засаг чамтай тооцоо бодож амжаагүй байтал өнөөдөр би өөрөө чамтай тооцоо бодох цаг иржээ. Чи бид хоёрын нэг нь нартад үлдэж нэг нь тонилох цаг болсон байлгүй. Эр цэргийн алба хаасны хэрэг одоо л гарах нь дээ. Энэ ч овоо л тусгалтай буу байна билээ. Түмэнд буруу санаж төрд тэрсэлсэн чи л хорвоогоос тонилох ёстой гэж амандаа үглэн овоо хараагаа таарууллаа.

Дорж,

-Хоёр муу илжигний ус уух хоногийн тоо чинь гүйцэх нь энэ дээ. Мориноосоо бууцгаа гэж хашгирав. Санжид, Дангаа хоёр мориноосоо буулаа. Даржаагийн бууны гох мултран газар дэлхийг донсолгосон хахир дуу хадаж Дорж эргэн харснаа гараа алдлан алгуурхан хөсөр уналаа.

Даржаа бууныхаа овоо харааг үлдсэн хоёрын нэг дээр таарууллаа. Байз хөө. Дорж энэ хоёрыг ална гэж байсан шүү дээ. Бас л миний өрөөсөнгүүд байх гэж бодон түр азналаа.

Дангаа морио орхиод гүйж очин түүний гарт байсан бууг шүүрэн авлаа. Санжид ч Дангаатай бараг зэрэг очиж урт бууг авлаа. Даржаа энэ гурав л лав тууж явсан хүнээ алаагүй юм байна. Энэ хоёр бас бие биенээ алах юм болов уу гэж бодон тэдний хэрхэхийг ажиглан хэвтлээ. Баруун талаас буу дуугаран Дангаа, Санжид хоёрын дунд шороо манаргав. Санжид хэвтээд тэр зүг буудлаа. Манайд очдог хоёрын ахимаг нь байна. Бас л яггүй эр байх нь, онох нь ямар бол доо гэж бодож хэвтлээ. Дангаа хэвтсэнээ буугаа оролдсоор. Тэр үнэндээ гар буу ажиллуулж сураагүй байжээ. Тэд харилцан буудалцсаар. Даржаа алагдсан хүнийг ажиглавал Бадгаа мөн байлаа. Өчигдөрхөн амьд мэнд эрүүл саруул төрийнхөө төлөө яахаас ч буцахгүй гялалзаж явсан хүн ингэх гэж дээ. Ай хөөрхий. Ямар эхийн гол нь харлах юм бол доо. Өнөөдөр энэ хүнд ямар ч буруу байгаагүй шүү дээ. Ингэнэ гэж хэн санах вэ! Урьд сэдэв авсан бол алуулаа ч уу? үгүй үү. Ямар ч байсан Бадгааг алсан этгээдийг устгаж байж нөгөө хоёртой нь тооцоо бодъё гэж бодоод газрын өндрийг шилэхээр хөдөлтөл дэргэд нь сум туслаа. Даржаа мэргэн бууддаг золиг байх нь гэж бодоод нэгэн судагт орж, хөдлөлгүй буугаа шагайж хэвтлээ. Гэтэл тэр Даржааг үхсэн гэж бодсон бололтой. Өндийн харлаа. Даржаа овоо хараагаа нийлүүлэн гохоо мулталлаа. Тэр муухай орилоод өндөс гэснээ ойчлоо. Даржаа ч хөдөлсөнгүй. Дангаа, Санжид хоёрыг харсаар. Тэр хоёр ч Даржааг харсаар хэсэг чимээгүй хэвтэцгээлээ. Хорвоо дэлхий юу ч болоогүй юм шиг чив чимээгүй. Морьд нь жолоо цулбуураа чирсээр өвс бут иднэ. Даржаа энэ хоёр ч өчигдөрхөн намайг алахаар ирсэн хоёр шүү дээ. Мэдэхгүй. Энэ хоёроос өрсөх л хэрэгтэй гэж дахин бодсоор. Тэр хоёр ч байрнаасаа хөдөлбөл хорвоогоос тонилоход бэлхэн байгаа юм шиг хэвтсээр. Гэвч тэр хоёр Даржаагийн нүдэнд илхэн байлаа.

Даржаа,

-Хөөе! Та хоёр буугаа дороо орхи! Тэр баруун талд алагдсан хүнийг үзээд ир!

 Нөгөө хоёр хэсэг чимээгүй байснаа буугаа орхиж босож тэр зүг явлаа.

-Болгоомжтой яваарай! Үхээгүй байж мэднэ. Тэр хоёр зэрэгцэн явсаар алагдсан хүн дээр очиж бууг нь авч үүрсээр Даржаагийн зүг алхлаа. Даржаа тэр хоёрыг харсаар байлаа. Санжид,

-Бид ямар ч гэмгүй улс. Та босохгүй юу? Даржаа босож тэр хоёрыг тосож очлоо. Тэр гурав уулзаж чимээгүй тамхи татаж хэсэг сууснаа Даржаа,

-Та хоёр түүнийг таних юм уу?

-Хар Палам л байна. Даржаа,

-Юу? Ээ бурхан минь манай эхнэрийн хорвоо дээр төрсөн ганц ах нь шүү дээ. Би одоо яанаа! Санжид,

-Чи зоволтгүй. Тэр чинь санаа нь урваж гүйсэн хүн. Дээрэмчдийн бараг нэг толгойлогч. Амьд үлдсэн бол чамайг алах л хүний нэг. Чиний ахыг тэр л алсан шүү дээ. Хилийн цаана наана дураараа явдаг хүн байсан юм. Гол нь энд тагнуулаар ирдэг юм. Энэ хэзээ ирсэн юм бол! Биднээс үлдсэн юмсан.

Даржаа,

-Еэ лха таван тэнгэр минь. Ийм ч юм болж байх гэж дээ. Мал ч гэсэн ижил төрлөө мэддэг байтал хүн ингэж төрөл саднаа мэдэхээ байх гэж дээ.

Дангаа,

-Дорж чамайг алж чадахгүйд хүрвэл хар Паламыг алаарай гэж хэлж байхыг би энэ хоёр чихээрээ сонссон. 

-Тийм гэж үү?

-Чамайг хэдэн хүүхэдтэй чинь хядах л байсан байх. Харин төрсөн дүүгээ яах байсныг бүү мэд. Санжид,

-Төрсөн үрийг минь алах даалгавар авсан хүн дүүгээ мөн алах л байсан байлгүй. Ёстой усан тэнэг амьтан. Дээрэлхүү зан, шунал хоёроосоо болсон хүн дээ.

Даржаа бодол болон уруу царайлж сууснаа:

-Ан гөрөөс алж явснаас хүн алж яваагүй. Хүн алах тухай бодол ч байгаагүй. Ямар юм шүглэхээрээ ингэж нүгэл хийдэг байнаа.

Санжид,

-Чи цэргийн хүн. Унасан газар угаасан усаа хамгаалнаа гэдэг чинь зэвсэглэсэн дайсан ирвэл ална л гэсэн үг шүү дээ. Тангараг чинь ч тийм биз дээ. Энэ нүгэл буян хоёрын аль нь вэ? гэдгийг энэ насанд төрийн сүлд хойд насанд эрлэгийн газар шүүнэ. Санаа зоволтгүй. Нүгэл хилэнц бодоод байвал мэддэг маань мэгзмээ л тоолохгүй юу! Дангаа,

-Дайсан устгасан болохоос гэмгүй номхон түмнийг хөнөөсөн биш. Одоо яая гэх вэ? Төр төмөр нүүртэй гэдэг энэ. Эднийг чи алсан биш, хар буруу нүгэлтэн учраас бурхан тэнгэр, төрийн цааз гэсгээж байгаа юм. Чи Доржийг цааш нь харуулаагүй бол бид хоёр ч гэсэн төлөөлөгчийн дэргэд хувилгаан дүр үзүүлээд хэвтэж байх байсан. Хар Палам, Дорж хоёр маргааш гэхэд та нарыг бас л хүйгээр чинь диваажинд явуулах байсан юм. Даржаа хэсэг дуугүй бодол болон суусаар,

-Ямар ч юм болсон дүүрчээ.

-Талийгаач бологсдоо нутаглуулъя даа гэж босоход тэр хоёр ч бослоо. Гурвуулаа явсаар Бадгаа, Дорж хоёрын ойролцоо очиж, буунуудаа цуглуулан нэг дор тавиад Даржаа, Санжид хоёр Бадгаагийн хувцсын тайлж бичиг баримтыг нь авлаа. Дангаа,

-Нэгэнт өнгөрсөн хүний юмаар яах вэ дээ. Санжид,

-Болохгүй байхаа дүү минь. Бичиг баримтыг нь цуглуулан аваачиж албаны хүнд нэг нэгэнгүй тушаахгүй бол хойтын өдөр бидэнд оногдох ял хүнд. Даржаа:

-Тийм дээ. Хаахна нутаглуулах вэ? Санжид:

-Тэр хойд энгэрт ямар вэ?

-Тэгье дээ гэж Даржаа хэлээд гурвуул шарилыг өргөн явсаар тэр энгэрийн нэгэн хонхорт аваачиж толгойг хойш харуулан гутлыг нь дэрлүүлэн баруун тийш нь харуулан дээлийг нь нөмөргөж нутаглууллаа.

Доржийг авч явсаар Хар Паламын хамт нэгэн хонхорт орхилоо. Дангаа,

-Эдний хувцсыг тайлахгүй юм уу? Даржаа,

-Төрд тэрсэлсэн болохоор энэ чигтээ байг уу даа. Санжид:

-Гар хүрэлгүй орхимоор байсан юм. Ёсоо бодож нэг санаатныг цуглуулж орхилоо. Даржаа,

-Иш! Ах минь ингэх ч гэж дээ. Мэддэг бүх буянаа чиний хойноос хийе дээ. Санжид,

-Лам хар нь мэдэгдэхгүй, энд тэнд тэнэж тонуул дээрэм хийж Төгрөгийн хүрээний гороо сахисаар насыг барваа хөөрхий. Хэдэн малдаа ховоо ус хийж өгөөд шимийг нь хүртэж суусан бол юунд ингэх вэ дээ. Дангаа,

-Бид ч гэсэн мөн буруу замаар орсон улс даа. Биднийг ийм боллоо гээд очиход төрийн төлөөлөгч алсан хүнд яланд унах юм биш байгаа даа. 

Даржаа,

-Тэгээд яая гэж. Гадагшаа гаръя гэж үү?

Санжид,

-Ээ, тэр болохгүй. Харин хүн алж зэвсэглээд оргосон хэрэгт хүнд унана. Даржаа,

-Санжидын хэлдэг түмэн зөв. Энэ морьдыг нь зэвсэгтэй нь аваад явъя. Жамбал төлөөлөгчид өгье. Тэгж байж л чигээ харъя. Бид ингээд явдаг юмаа гэхэд нэг насны сэтгэлийн там эдэлнэ шүү дээ. Тэгснээс хэдэн жилийн ял эдлээд сэтгэл тэнүүн явбал жаргал биш үү? Дангаа,

-За мэдэхгүй. Бид гурав гурвуулаа баартагчинд явсан. Итгэх болов уу даа? Даржаа,

-Шалгах л байх. Шалгаг л даа. Үнэн юм үнэнээр л байхаас сайхан юм байхгүй. Харин гурвуулаа очдог юм уу? Санжид,

-Даржаагийн хэлдэг зөв. Тэгэлгүй яах вэ гэснээр тэр гурав тарсан морьдыг цуглуулан барьж дөрөөг нь эмээл дээр нь шуугаад Төгрөгийн хүрээний зүг явсаар хүрч ирлээ. Даржаа Жамбалтай уулзаж болсон явдлыг нэгд нэгэнгүй тоочин ярилаа. Жамбал,

-Тэдний явсныг хэн мэдээлэв? гэж өөртөө хэлээд энэ явдлыг зохион байгуулсан хүн нь Балбар байжээ.

Хэн үүнийг Балбарт хэлэв гэж бодсоноо мөн муухай алдлаа даа. Алдана, алдана гэхэд ингэж балрах гэж байх уу. Миний мулгуугаас болж нөхрөө сүйтгэлээ. Мөн тоогүй юм боллоо.

-Та гурвын хоёр нь надтай яв! Газар дээр нь очиж үзнэ. Нэг нь морьдоо маллаад байж бай! Даржаа та морьдынхоо аль сайнаас гурвыг эмээллэ. Даржаа,

-Тэгье даргаа! Дангааг үлдээе. Буунуудаа яах вэ?

-Буунуудаа хоцорсон хүн нь авч байг! Санжид та хоёр нэг нэг буутай хангалттай сумтай яв!

Санжид,

-Даргаа! Ер нь аймаг руу цөмөөрөө явах юм болохоор нэгмөсөн явбал яасан юм? Жамбал хэсэг бодсоноо:

-Ингэж шийдье. Та нар морьдоо услаад гороон зүүн урд талын гэрт байж бай. Би яваад ирье гээд хийдийн зүг явлаа. Жамбал явсаар унзад Доржбалтай уулзлаа. Тэд мэнд усаа мэдэлцсэний дараа Жамбал,

-Унзад гуай би тантай нэг уулзмаар байна. Намайг хамгаалахын төлөөлөгч Жамбал гэдэг. Унзад сандарч тэвдсэн ч түүнийгээ мэдэгдэхгүйг хичээж,

-Тэгье тэгье. Манайд очих уу?

-Тэгье л дээ гэснээр тэр хоёр унзадын гэрт орлоо. Шавь бололтой хоёр банди байлаа.

Жамбал,

-Та хоёр түр гарч байхгүй юу. Бид хоёрт ярих юм байна. Унзад,

-Та цай

-Зүгээр зүгээр. Би яарч байна. Хоёулаа яриандаа орьё гэснээр хоёр банди гарч явлаа. Жамбал,

-Балбар гавж хэдийд явсан бэ?

-Балбар ирсэн юм уу, Мэдэхгүй

-Та тэгж цаг барсны хэрэггүй. Манай төлөөлөгч гурван дээрэмчин аваад аймаг руу өнөө өглөө явсан юм. Гэтэл замдаа амь үрэгдсэн байна. Энэ явдал тантай холбоотой. Унзад,

-Бурхан гурван эрдэнэ минь! Та яасан нүгэлтэй юм ярина вэ? Би чинь амьтны амь нас хороолцох нь бүү хэл санаж хилэнц хураах ёсгүй хувраг хүн шүү дээ.

-Тиймээ. Та шавь нараа гороогоор явуулж тэнд хэн ирж юу болж байгааг тандуулан мэддэг. Биднийг энд ирснийг танай шавь нар мэдэж танд хэлсэн. Та дайсны тагнуул эх орноосоо урвагч Балбар гавжид хэлсэн. Та шавь нартаа хэзээ явахыг мэд гэсэн. Бидний яриаг танай шавь нар чинь гэр чагнаж байж мэдээд танд хэлсэн. Та Балбарт хэлсэн. Балбар хар Паламыг явуулж энэ хэргийг үйлдүүлсэн. Хар Палам энэ хавиас юу сонсож, юу үзсэнээ Содов шанью, Цао данжаадад зөөдөг хүн байсан. Ингээд та гадаадын дайсны гар болоо биз дээ. Унзад орох гарах газраа олохгүй дэмий л тэвдэн хөлсөө арчсаар сууснаа,

-Та яасан нүгэлтэй юм хэлнэ вэ? Тэр хоёрыг би ч явуулаагүй. Балбар л явуулсан байх. Даанч манайхаар хэдгэнэ шиг эргүүлдээд байсан юм. Ийм аюул гэж байдаг аа. Би чинь бурхны ариун шавь шүү дээ. Тэр гадаадынханд чинь хэлүүлсэн юм над ер байхгүй.

-Өнгөн талаас чинь харахад та бурхны ариун шавь байсан чинь үнэн. Үнэн дүр чинь гэвэл та бурхны номонд чинь сэтгэлээс боловсроогүй, авах идэхийн явцуухан хүрээнд эргэлдэж байснаас ийм хэрэгт оржээ. Одоо надтай хамт аймаг орно. Тэнд тантай үнэн мөнийг төрийн хууль ялгаж өгнө. Та өдөр тутмын хэрэгцээтэй юмаа ав даа. Хоёулаа явъя гэснээр Доржбал унзад авч явах юмаа богцонд хийж бариад,

-Даргаа! Надад унаа байхгүй шүү дээ. Жамбал,

-Надад унаа бий. Эмээл ч бий, санаа зоволтгүй гэснээр дагуулан Даржаа, Санжид, Дангаа гурав дээр ирлээ. Жамбал,

-Морьдоо усалсан уу?

-Усалсан.

-За явцгаая гэснээр таван морьтон аймаг орох замаар ергүүлнэ. Даржаа, Санжид нар нэг нэг буу үүрчээ. Бусад зэвсгээ моринд ачиж явлаа. Тэр өдөр бөөн бөөн үүл нүүсэн хааяа нэг бороо дусалсан сэрүүн өдөр байлаа. Доржбал унзад ойрд унаалаагүй дээ их л ядарч байгаа бололтой. Тэгэвч түүнийг мэдрэх ухаан байсангүй. Бодол санаа нь үймэрч гүйцжээ.

Миний ус уух хоногийн тоо гүйцэж дээ. Балбарын үгэнд орсноос л ийм юм боллоо. Муу хүнийг дагавал могойн хорлол гэгч энэ юм байжээ. Одоо нэгэнт оройтсон. Энэ даргын хэлдэг үнэн шүү. Би нэг насаараа хийдэд шавилан суусан хүн гэхэд номын ухаанд боловсорсонгүй. Гүрэм ном уншиж өргөл барьц авах шуналын ухаанд идэгджээ. Бас жаал хатуу юмаа Балбар гуйлгачинд өгч ая тал зассаныг минь яана. За яах вэ. Ингээд төрөл арилждаг байжээ. Их зовоолгүй шалавхан буудаасай даа. Хойт төрөлдөө сайн хүн болох юмсан. Энэ дарга хүний мөс сайнтай хүн бололтой юм. Амийг минь аврах тухай ярих болов уу.

-Та банзалтай морин дээр хол явж болохгүй. Өмд өмсөөрэй гэж өмдийг минь өмсүүлсэн. Улаан намынханд сайн хүмүүс ч байдаг юм байна. Ямар ч байсан лам гурван эрдэнэдээ залбирч бага ч гэсэн буян үйлдье гэж номоо унших гэсэн чинь ээж аав нь нүдний нь өмнө биелэн харагдаж тараг, сүү аяганд хийгээд өгч миний хүү даарна. Дулаан хувцас өмс гэж өмсгөж байсан нь, гар нь даарав уу гэж дулаацуулж байсан аав нь айлын эмнэг унаж хөлсөнд нь охин төлөг, шүдлэн дүүрч ирээд,

-Энэ хэдийн аз байвал мал болог доо гэж хэлж байсан нь том хүүгээ лам болгоё гэдэс цатгалан яваг. Хэдэн дүүгээ хийдийн буянаар тэжээг гэж байсан нь санаанд орно. Үнэндээ Доржбал эцэг эхээ, хэдэн дүүгээ эргэж харсан нь бага. Ганц охин дүү нь олон хүүхэдтэй голомтоо сахиж даржиндуухан амь зууцгааж байхад тэднийгээ эргэж очсон нь бараг үгүй. Зун хөдөөлөвч арай л баян чинээлэг айраг цагаа элбэгтэйд нь очдогсон. Хүний ёс хорвоогийн жамыг дагаж сахил санваараа мартан хүний сиймхийгээр энгэр зөрүүлэх эм хүнтэй айлд алдалгүй очсон доо. Аавын бодсон ээжийн мөрөөдсөнийг даанч биелүүлсэнгүй дээ. Ингэж явах одонд төрсөн амьтан юм байлгүй дээ. Төрсөн төөрөг ямар л түүгээрээ болог гэж бодож явтал хамт явсан хүмүүс мориноосоо бууцгаалаа. Жамбал,

-Унзад та мориноосоо буугаад амарч бай. Дангаа чи эндээ байж бай. Бид явлаа гэж морио тушаад явцгаалаа. Даржаа, Санжид хоёр Жамбалыг дагуулан явж гараараа юм зааж үүгээр түүгээр нэлээд явлаа. Тэд удаж удаж унзад, Дангаа хоёр дээр буцаж ирлээ. Тамхи татаж хэсэг чимээгүй сууснаа Жамбал,

-Даржаа гуай та харина уу даа. Бид дөрөв аймаг оръё. Даржаа,

-Юмыг яаж мэдэх вэ? Таныг түрүүчийн хүний замаар оруулахыг хэн байг гэх вэ? Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг юм. Үхсэн ч, сэхсэн ч хамт явж учраа олноо. Аймаг ороод ирэхэд юухан байх вэ. Хамт явдаг хэрэг гэж бодсоноо, 

-Хамт явнаа. Надад ч аймаг орох хэрэг байна гэснээр тэд мориндоо мордож явлаа.

 

* * *

 

Шөнө дөл болсон ч Гүр, Сүрэн, Жамбал нар албанаа сууна. Гүр

-Жамбал чи шалгалт сайн хийжээ. Талийгаачийн тухай гэр оронд нь мэдэгдэлгүй болохгүй. Жамбал,

-Яаж хэлнэ дээ. Бас цаана нь хэлэх нэг хүн бий гээд санаа алдлаа. Гүр тамхиа асааж хэсэг сууснаа,

-Дандараас мэдээ иржээ. Дээрэмчдийн дараачийн дайралт удахгүй эхлэх гэнэ. Хүчээ бэлтгэж байгаа юм байх. Одооных нь гурван зуун хүнтэй Элст мянганы чиглэлээр ирэх гэнэ. Намын Хорооны дарга түр цэрэг татаж олигтойхон хүчээр хилийнхэнтэй хамтран тогтооё гэж байна. Аймгийн төвийн бүх буу сумыг отрядынхонд өг гэсэн. Талийгаачийн ар гэрт нэг нь биеэрээ очиж хэлбэл зүгээрсэн дээ. Тэгтэл байдал ийм байдаг. Жамбал,

-Энэ удаа захидлаар мэдэгдээд цаг түвширвэл би биеэрээ очиж хэлье. Жамбал,

-Бид хоёулаа очсон ч яах вэ. Хэцүү байна шүү.

Гүр хэсэг бодол болон сууснаа,

-Сүрэн чи гэрт нь нэг захиа бичээд маргааш өртөөгөөр явуул.

-Мэдлээ.

Жамбал,

-Буянтын мэдээгээр бол хил орчмын доншуур наймааныханд очиж наймаа хийх хүн ховор гэнэ. Бараа нь гүйлгээгүй байсныг Цао данжаад үзээд хагартлаа уурлаж арай л үхээгүй юм байх. Данжаадын ажил газар авч чадсангүй их санасан газар гурван хоног хоосон хонов гэгч л болж байна гэж бичсэн байна. Сүрэн.

-Лувсан төвдийн амласан Банчинбогдын нийлүүлэх буу зэвсэг ч байдаггүй. Жамбал,

-Чиний өнөө нийлүүлэх зэвсэг чинь хаана байна. Бидэнд одоо л хэрэгтэй байна. Чи өгвөл одоо л өг. Хоосон ам хонгиолдог бөгс гэгч чинь чамд болж байх шиг вэ дээ. Чи хүний хөлс цусаар баяжих санаатай юу? Гайгүй байлгүй. Бидэнд ийм худлаа цэцэрхэж биеэ өргөмжлөгчид хэрэггүй. Хошуу нэмэхээс хуруу нэмэх хүн хэрэгтэй гэснээс хоёул муудаж Лувсан төвд айгаад амь завсарлан зугтжээ. Гүр,

-Дайсан санаа нэггүй, хүч суларч байгаа нь сайн хэрэг. Манай Дандарын хийж байгаа ажил байлгүй дээ.

Дангаа, Санжид, Даржаа нарыг яаж шийдэх вэ? Сүрэн,

-Би аминдаа сайн л байцаасан. Санжид бол төөрсөн хүн. Харин одоо л толгойных нь эргээ бүрэн гарсан бололтой. Гэр орноо яаж авч ирье дээ л гэж бодохоос хоол ч орохгүй, нойр нь ч хүрэхээ болсон хүн юм билээ. Дангаа бол ямар ч зорилгогүй явснаа хилийн харуул устгахыг хараад баартагчингаас салахын түүс болсон хүн. Итгэл нь сулран суларсаар, Дорж, Бадгаагийн бууг аваад буудах гэхэд л Да гүнийхэнд бүр итгэхээ байж санаа шулуудсан юм байна. Ардын засгийн төрийн сүлд л миний амийг аварсан. Одоо ч Ардын засгийн төлөө амиа өгөхөөс буцахгүй. Тэр ч бүү хэл,

-Та нар над олон үсэрдэг буу буудах аргаа сайн заагаад аль. Би явж Жавзандорж тайж, Балбар гавж хоёрыг устгаад ирье гэдэг юм байна. Жамбал,

-Яасан ч амархан юм билээ дээ. Сүрэн,

-Нэлээд хөнгөн хүн шиг байгаа юм. Гэхдээ хийсэн хор гэм байхгүй. Даржаа гэмгүй хүн.

-Баартагчинг үндсээр нь хүйс тэмтэрчихвэл санаа амар байхсан. Тэнд нь очоод устгачихвал болдоггүй юм уу? гэж байна билээ.

Гүр тэдний үгийг чагнаж бодол болон сууснаа,

-Доржбал унзад ч дайсанд туслах нь тусалсан. Цаад хор аюулыг нь мэдээгүй зөвхөн ая тал алдахгүйг бодсон хүн. Өөрөө хийсэн хэрэг байхгүй. Ардын засгийг устгана л гэж ихэс дээдэстэйгээ нийлээд ярьж байсан. Их гэмшиж байгаа хүн дээ.

Жамбал,

-Тун их гэмшиж байгаа хүн. Би ч анх болсон үйл явдлыг сүртэйхэн шиг нэмүүхэн хэлээд тулгачихсан юм. Юу ч хэлж чадахгүй. Миний түмэн буруу л гээд байсан. Сүрэн,

-Номтой хүн ухаантай байлгүй яах вэ? Залилж байгаа юм биш бол? Бидний түрүүчийн тавиад явуулсан лам, ноёд ихэнх нь оргоод алга болсон шүү дээ. Жамбал,

-Тэд чинь өөрөө өөрийгөө шийтгэсэн улс. Гүр

-Доржбал унзадыг ч явуулна байгаа даа. Энэ цаашаа явах эрхгүй хүн. Ер нь тийм боломж ч алга болно. Төгрөгийн хүрээг сайн харж байх нэг дурантай болъё. Сүрэн,

-Тэнд чинь дурандаад байх юм байгаа юм уу даа. Баартагчингууд сөнөвөл болоо юм биш үү. Харин энэ унзадаар энд ажил хийлгэвэл яасан юм бэ? Гүр

-Тэр болохгүй. Ямар хэрэг хийсэн гэж ажил хийлгэх вэ? Шүүх зөвшөөрөхгүй. Сүрэн,

-Цалин мөнгөө өгөөд ажил хийлгэхгүй юу. Гүр,

-Завхрал дээр завхрал. Буцаах нь илүү ашигтай. Засаг төрийн нэр хүндийг ард түмний дунд лам нарын дунд өргөж өгөхөд хэрэгтэй юм даа. Ялих шалихгүй хэргээр хүнийг шийтгэснээс учрыг нь сайн хэлж өгөөд явуулбал илүү ашигтай. Жамбал,

-Даргын хэлдэг зөв өө. Сүрэн мушилзан инээж,

-Нэг балай амьтан ший тоглож байгаа нь энэ гэж олны өмнө эмэгтэй хүнийг ингэ, үнээ, гүү болгож эрэгтэй хүнийг азарга, бух, буур болгож олон түмний уур хилэнг хүргэсэн байх юм. Жамбал,

-Үгүй, мөн тоглох юмаа олов оо. Хэн түүнийг харах вэ дээ. Гүр,

-Намын хороо арга хэмжээ авч олон түмэнд таниулга хийсэн гэнэ билээ. Ухаан нь олон түмний инээд хүргэх гэсэн юм гэнэ гэж ярилцан суутал үүд нээгдэн нэг хүн орж ирэх нь өөхөн дэнгийн гэрэлд сайн танигдсангүй.

Нэлээд ажиглан хартал намын хорооны дарга байлаа. Тэр гурав зэрэг босож Гүр,

-Дарга дээшээ суу, муу дэн сүүмэлзээд сайн таньсангүй гэж учирлан сандал тавьж өглөө.

Дарга заасан сандал дээр очиж суугаад,

-Та нар чинь яасан орой болтол суух юм бэ? Хоол унд идэж уусан юм уу даа. Сайн амарч байхгүй бол ядарна шүү дээ гэж хэлэх дууны өнгө, өөхөн дэнгийн гэрэлд гэрэлтэх тэр хүний царайд ядарсан нь ил байлаа.

-Бидний ажил амжихгүй мунгинасаар орой л болж байна. Та цай чануулж уух уу?

-Үгүй дээ. Би ч хоол цайгаа идэж уусан. Авчирсан хэдэн хүнээ яая гэж шийдэж байна. Гүр,

-Гурвыг нь хил хамгаалах отрядад, Доржбал унзадыг хийдэд нь буцаая гэж бодож байна.

-Тэр гурвыг отрядад явуулах нь зөв. Харин тэр унзад гээд чимээгүй бодлогошрон суулаа. Гүр,

-Унзадыг явуулах нь зүйтэй гэж бид шийдэж байна. Байдал тийм сайнгүй байгаа Төгрөгийн хүрээнийхэнд амьд ухуулга болог гэж бодож байна. Дарга,

-Бодоод байхад зөв юм байх даа. Цаадахад чинь буу үүрүүлээд явуулалтай биш. Тэгэхдээ тэнд байгаа эргэлзсэн төөрөлдсөн улсад намын бодлогыг таниул гэж хэлье. Гүр дарга унзадаа далайсан газар далд орж, далласан газар ил гарч ирж байхаар болгох юм байгаа биз дээ гэж инээмсэглэхэд, Гүр

-Намын хүний үг үсгээр ярьдаггүй юмаа гэхэд ямар ч байсан учрыг ойлгуулж болно байх гэж бодож байна. Дарга,

-Зүйтэй.Та хоёр юу гэж бодож байна. Жамбал,

-Бид ингэж тохироод байгаа юм. Таныг ирэхэд энэ тухай л ярьж байсан. Дарга,

-Бидний санал нэг шив дээ. Алдвал том алдаж, хожвол сайн хожно. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг биз дээ. Та нарт сонсгох сонин мэдээ байна. Хотоос баартагчинг дарах отряд нааш нь машинтай гарсан гэнэ. Та нарыг эндээ байж бай. Элст мянганаас цааш явах унаа хөсөг бэлтгэж бай гэжээ. Ингээд бид баартагчингаас салж хязгаар нутаг түвшрэн хэвийн амьдралдаа орох цаг болж дээ. Тэр цагт бид мориныхоо эмээлийг авч дээлээ тайлж тавтайхан хооллоод унтана. Бас дуутай хууртай наадам наргиантай болно. Хөөрхий тэр Бадгаа л тусгүй юм боллоо. Эр цэргийн хүн эх орныхоо төлөө алтан амиа өргөлөө дөө. Бид ийм улсыг мартах ёсгүй. Даржаа ч ёстой шударга иргэн юмаа. Цаг түвширсэн хойно түүний гавьяа зүтгэлийг үнэлнэ. Ингээд хэдүүлээ амарвал яасан юм. Үүр цайх ойртлоо шүү. Гүр,

-Тэгье, даргаа! гэснээр гэр гэрийн зүг явлаа. Сүрэн, Жамбал хоёр нэг гэрт суудаг болохоор хамт явлаа. Шөнийн сэрүүн агаар нүүрийг илбэн таалж сэтгэлд таатай ч гэрийн доторх эзэнгүй орыг харахаас сэтгэл шимширнэ.

 

* * *

 

Да гүн нэлээд догшин дүртэй гэрийн зүүн хойд талд сууна. Балбар гэрийн баруун хойно гэм хийж зэмлүүлсэн хүүхэд шиг уравгардуу сууна.

Тэр эдний явдал надад ер хамаагүй. Харин ч Доржийг хоёр хүний хамт суллуулсан. Тэд хэзээ мөдгүй ирнэ. Би эрдэм номтой эр чадалтай лам гэдгээ магтуулна. Жавзандорж тайж намайг хөхүүлэн шагнах ёстой. Түүний өмнөө барьдаг ганц нь баларч байхад аварсан юм чинь намайг харж үзэхгүй хаашаа гарах вэ. Тэднийг ирсэн хойно би хэлдгээ хэлнэ. Гайгүй, тэр цагт онгироо тайж чиний омог чинь дарагдах байлгүй. Яасхийж байгаад Долзодыг аваад явъя даа байз. Тэр цагт энэ муу Цэдэвцэрэнгийн хэрэг юу байх вэ. Энд нь төөрүүлээд орхино. Үгүй аваад явбал ч дээр юм уу? Тэжээх, хувцаслах гэж хар тээр болно. Яая даа байз гэж бодож суулаа. Жавзандорж,

-Энэ муусайн новш хэрэг алга. Юу ч олж чаддаггүй. Үнсэн царайлаад хүүрээ чирч ирж дээ. Энэ муу Балбар худлаа хуцаж ирэв үү. Чамайг худлаа хэлсэн байвал гайгүй. Тооцоо бодож болно. Жаал мөнгө эдлэл олж ирсэн шиг вэ дээ гэж бодож суухад Лийждорж, Аюурсэд нар тус тусдаа бодолд дарагдан чимээгүй суух нь амьсгал хураасан мэт. Гэрийн доторх нам гүмийг эвдэж Да гүн,

-Та нарын өнөө хошуу, хошуугаар нь хөөгөөд ирэх олон түмэн, мал хөрөнгө чинь хаа байна. Алах хядахаас өөр юм мэдэхгүй. Аргадаж хуураад аваад ирэхийг мэддэггүй. Балбар гавжийн нүүлгээд ирэх хийд хаана байна. Нэг муу шалдан дээрэмчнийг суллах гэж гай тарьж байдаг. Тэр муу Дорж чинь тэртэй тэргүй харц язгуурт боол шүү дээ. Боол, боолынхоо суманд үхэж л байг. Ямар гарзтай юм биш. Сагсуу хар гуйлгачин байгаа юм. Хувиа их хичээж хэрцгий зангаа дарахгүй бол тэгдэг юм. Энд чинь миний дагуулж ирсэн хэд л байна. Та нар дээрэм тонуул хийнэ гэж дагуулж явсаар алагдах нь алагдаж, оргох нь оргож гүйцлээ. Эцсийн эцэст чи бид хэд энэ хүнгүй цөлд байдгаа бараад амаараа шороо үмхэх нь л дутаж дээ гээд таг дуугүй боллоо. Тэгснээ энд ч ингээд удаан байж болохгүй. Урагшаа даамайхан нүүдэг юм билүү дээ. Энд байхлаар энэ хэд ийм дэмий юм бодож хүч хөрөнгө үрэхээс өөр юмгүй. Хэдэн мал нь нутаг гүйгээд амраадаггүй. Бүр танихгүй газар очно гэдэг ч хэцүү. Харь элэгтний дунд дээрэм тонуулаас эхлээд юу эс мундах вэ? Дэмий юм анхнаасаа хийж дээ. Ардын засгийг дагаад л гэмгүй царайлаад салгалж явсан бол яах ч байсан юм. Одоо ямар эргээд очилтой биш. Өршөөнө гэж байхгүй. Энэ чигтээ л дүүрч дээ гэж бодож суулаа.

Аюурсэд,

-Би ч ганзага хоосон ирээгүйг та болгооно уу гээд туламтай юм өмнө нь асгалаа. Үзвээс алтан мөнгөн эдлэл, шүр, сувд тэргүүтэн байлаа. Да гүн нүдээ бүлтийтэл ширтсэнээ Аюурсэд рүү хорсолтойгоор харж,

-Араатнаас дор амьтад та нар. Эзнийг нь алаад эдлэлийг нь авч ирсэн үү? Бузар амьтад. Нутаг хошуундаа ганц удаа заяасан Га дархны хийцээс цорын ганц үлдээд байсан арван хоёр жил сийлсэн аягыг хэмхэлнэ гэнээ. Та нарыг тэнгэр ниргэнэ. Наадахь чинь өвгөд дээдсийн минь бахархаж, нүд хужирлаж явсан эд. Энэ чинь Га дархны удмаас үлдсэн ганц бие өвгөн байсан юм. Эх нутгаа хаяж дүрэвсэн ч өвөг дээдсийн мэргэн ухаанаа зарж нүдээ ширгээж гараа чилээж бүтээсэн ямар ч эрдэнээс давуу эд агуурсаа хайрлах ухаан та нарт байсангүй юу. Энэ тухай би та нарт эрүүгээ чилтэл чихийг чинь дөжиртөл хичнээн хэлэв. Усан тэнэг толгойтой адгууснаас дор амьтад гэж хашгирлаа. Жавзандорж,

-Та тайвшир л даа. Мөнгийг нь хайлаад шинэ модонд л хийчихнэ биз. Дандаа дэмий юманд бухимдаж байх юм.

-Дуу чи! Тэгдэг юм уу гэж зандран амьсгаадсанаа

-Чи миний өөдөөс үг хэлж яаж чадаж байна. Муу ч гэсэн би чиний эцэг. Санаснаа та нарт... гээд дуугүй болон алгуурхан хажуулдлаа. Гэрт байсан хүмүүс сандран босч толгойг нь түшиж орон дээр нь хэвтүүллээ. Тэр нэгэнт хорвоогоос халин одсон болохоор хэнд ч юу ч хэлсэнгүй. Түүний хүү, ах дүү хэдэн тайж дураараа дургихад саад хийх хүнгүй болжээ. Гүнтнийг хөдөөлүүлсний орой хэдэн тайж нар цугларч эцгийн таалал төгссөн явдал улаантны гай. Тэгэхлээр бид эцгийн өшөөг тэднээс авах ёстой. Эр сүвтэй бүхэн цэрэглэн мордож Элст мянганаар хил даван хүн толгойтой болгоныг алж сумын захиргаадыг үнсэн товрог болгохоор шийджээ.

Балбар гавжийн суллуулсан Дорж өнөө болтол ирээгүйд тэд баахан сэжиглэж Жавзандорж тайж ам нээн,

-Гавж гуай! Танай өнөө сулласан хүн чинь хаа очсон билээ. Та андуу дэгс ярив уу? Тэр хүн чинь урвав уу гэж цаанаа ёжтой мөртлөө яахаас ч буцахгүй маягтай хүйтэн царайлан асуухад Балбар энэ муу нохойн гөлөг чинь яахаас ч буцахгүй улаандаа тулсан амьтан даа гэж бодсоноо,

-Би л суллуулах нь суллуулсан. Яасныг би яаж мэдэх вэ дээ.

-Та мэдэж л таарна даа. Гавж гуай улааныханд биднийгээ ганц нэгээр нь ховлон тоншуулж байгаа юм биш биз. Доржийг та сэмхэн учрыг олчихсон юм болов уу гэж бодогдоод байна.

-Ээ, бурхан гончигсүм минь яасан нүгэлтэй юм бэ?

-Нүгэл нүхэндээ орсон цаг. Дорж бол бидний үнэнч, зориг зүрхтэй сайн эрийн нэг байсан юм. Та ер нь яваад юу бүтээв? Төгрөгийн хүрээг бүхэл бүтнээр нь аваад ирнэ гэсэн биз дээ?

-Иш, би Доржийн амь насыг авруулахаар нэгэнт хүн явуулсан болохоор тэнд чинь удаан байж болохгүй байлаа шүү дээ.

-Тэртэй тэргүй тэнд чинь таны үгэнд орох хүн цөөн байсан байх даа. Балбар энэ муусайнаар ингэж басамжлуулж бах тавыг нь хангаж байх гэж дээ. Яая даа байз. Болдогсон бол новшнуудыг хүйс тэмтэрч орхиод Долзодыг аваад арилж өгөх юмсан. Яаж шүү Долзодыг аваад явъя даа. Муу гичий чинь намайг дагадаг болов уу? Яая даа байз. Аль эсвэл хаяад хар толгойгоо боддог юм билүү. Энэ бандийг яах вэ. Хүний газар яахын ч аргагүй хэцүүддэг юм болов уу? Энэ над ашиг өгөх хүн бишээ гэж бодон тамхиа татаж суулаа. Жавзандорж, Аюурсэд, Лийждорж гурав хэн хэн нь хичнээн хүн захирч явах Элст мянганаас аль аль чиглэлд салж явахаа тохирч Цао данжаадын таван угсааг нэгтгэх зорилгыг биелүүлэхэд бүхнийг хийнэ гэж үгээр цатгаж, бидний гараар могой барин завсраас нь завших гэсэн хуурамч үг хорон муу санаа байжээ гэж үзээд түүнийг хаа байгаа газраас нь эрж олоод тонилгохоор тогтжээ.

Жавзандорж: Бидэнтэй санаа сэтгэл нэгдэн нийлсний хэрэг юу билээ. Цао данжаадыг Балбар гавж гуай та тонилгож буян үйлдэнэ байгаа даа. Балбар,

-Еэ бурхан минь! Би чинь хувраг хүн шүү дээ. Хүн хөнөөх нь байтугай хорхой шавьж хороох ёсгүйг та бүхэн мэдэж байгаа шүү дээ.

-Шамбалын дайнд чинь шар харгүй оролцох ёстой биш билүү? Хөвсгөл, Архангайд лам харгүй буу үүрээд явж байна шүү дээ.

-Энэ чинь шамбалын дайн биш. Би чинь гавж хүн шүү дээ.

-Мөөн тэгвэл та юу хийх вэ? Сан сэржим уншиж гай зовлон арилгалаа гэж олон түмний дөрвөн хөл зовлогоо зовоож олсон юмыг л зүгээр хүртэж, авгай хүүхэн эзгүйчилж л суух хэрэг үү?

Балбар гавжийн уур хүрч тэснэ тэснэ гэхэд ёстой л тэсэхээ байж тамхинаасаа нэг том халбагадан хамартаа чихэн гар нь салганан:

-Чи аядаж татаарай. Би муу ч бурхны шавь юм шүү. Хийх нь бүү хэл, хэлсэн энэ нүглээ чи хойт насандаа гэтэлж давахгүй байх шүү. Та ухаантай л хүмүүн төрөлхтний нэг юм бол ингэж сүнсээ түймэрдэх хэрэггүй байх аа. Би та нарын энэ болон хойт төрлийг даая гэж буян бодож явдаг. Гэтэл та нар хүн алж хүрээ талахаас өөр юу хийж байна, эцсийн эцэст эцгийнхээ толгойг залгилаа шүү дээ. Иймдээ тулаад байна уу?

-Уухайс даа балга тагш юм үгүй агсан тавих ч сайнгүй дээ.

-Чи ер нь надаар яах гээд байгаа юм. Аядаж татаарай. Чи ч усан нүдтэй цусан бие махбодид төрсөн. Би ч усан нүдтэй цусан махбодинд төрсөн. Чи тэнгэрээс бууж, би газраас төрөөгүй. Хоёулаа монгол эхийн умайнаас төрсөн сүнстэй сүүдэртэй улс шүү. Чи намайг айлгаж дээрэлхэх санаатай юу? Чамд галт сум, төмөр балиус байдаг бол бурхны шавийн тоонд орсон над тарнийн шид гэж байдаг юм шүү. Та нарыг дээрэлхээд байвал голомтоор чинь төрөл үндэс угсаагаар чинь хийсгээд би өөрийнхөө хойтохыг аваад гаръя гэж хашгирахад Жавзандорж тайж энэ чинь ийм айхавтар амьтан байсан юм уу. Бурхан гончигсүм минь. Нээрээ ганц үлээгээд егүүтгэчих юм билүү? Ум базар вааний хум пад. Амаа татъя гэж бодоод чимээгүй тамхиа татлаа. Аюурсэд,

-Гавж гуай та болгоо л доо. Ажил бүтэхгүй ахарчлахыг хэлэх үү. Ах маань талийчихаад сэтгэл санаа тогтохгүй байна шүү дээ. Манай энэний амандаа даваагүй гэдэг нь. Та ухаантай хүн. Уур ундуугаа барилгүй болохгүй. Цөм нэг санаатай энд ирээд зорьсондоо ч хүрэлгүй бие биендээ дайсагналцаад яах вэ? Гавж гуайгаар хүн хороолгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Жавзандорж,

-Доржийн алга болчихсоныг хэлэх үү. Лувсан түвдийн оргосон, Цаогийн зэвсэг тусламж алга болсон. Содов нутаг усаараа боож биднийг боолын боол, босгоныхоо зарц болгох гээд байхлаар ойрхон бодолдоо автагдан тусгүй юм боллоо. Балбар,

-Ажил бүтэхгүй  ядаж байхад элдэв муу үг дуулаад тэсч чадсангүй тоогүй юм боллоо. Хэдүүл муудахаа больж ажлаа бодъё. Лувсан түвд эдэнтэй орооцолдоод байвал толгойгүй ч болж мэдэх нь байна. Эхнэр хүүхэд ч яамай, амиа бодъё гээд түвд рүүгээ арилж өгсөн гэнэ билээ.

Жавзандорж,

-Муусайн юм, хүний гараар могой бариулж завсраас нь хожих гээд тэр нь бүтэхгүй болохоор тонилж байгаа нь энэ. Гавж гуай та явах хүмүүст сан тавьж өгөөд эндээ үлдсэн улсыг Дандартай хоёул захирамжилж байхгүй юу гэхэд Балбар ёстой л аян шалтаг болж загатнасан газар нь маажих шиг болж,

-За тэгье, тэгье. Тэр муу асман түвдтэй түвдгүй болох л байлгүй. Үгүй явсан ч болно шүү гэж манж зан гаргалаа. Жавзандорж,

-Хэрэггүй дээ. Биднийг сахиусандаа болгоож суу даа. Хувраг хүн тийм юманд улаан цайм оролцоод ч яах вэ.

 

* * *

 

Шөнө улс амьтан унтаж гүйцсэн хойно хэдэн гэрээс зайдуухан Дандар, Цэдэвцэрэн хоёр сууна. Дандар,

-Тайж нар хүмүүсээ аваад явах нь ч явчихлаа. Хэд нь эргэж ирдэг юм бол? Тэднээс хүн эргэж ирлээ гэхэд хүч сэлбэх юмгүй болгох хэрэгтэй болоод байна. Балбар юу гэж байна. Цэдэвцэрэн,

-Балбар маргааш өглөө эрт явна гэж байна. Долзодыг аваад урагшаа явах юм байна.

-Чамайг юу гэж байна.

-Хамт явна. Энд биднийг хориглох хэн ч байхгүй. Банчин эрдэнийн үрэл зооглох хүн байвал ирнэ биз гэж байна билээ.

Дандар,

-Үгүй мөн том үг хэлэв ээ. Өөрт нь ахдаж байгаа юм биш байгаа даа. Маргааш энэ айлуудыг нүүлгэнэ. Манай хэдэн хүн үүрээр эргэж ирнэ. Бид баруун хойш зам буруулан явж байгаад нутгийн зүг эргэнэ. Энэ талаар хэнд ч үнэр авахуулж болохгүй. Харин чи Балбарыг алдаж болохгүй. Хожим хойтын өдөр хэнтэй ч нийлж, юу ч хийж магадгүй хүн байгаа юм. Болбол Банчинбогдтой нийлэх санаатай байж мэднэ. Цэдэвцэрэн,

-Ингэж яршиг төвөг удаж байснаас түүнийг бариад авбал яасан юм бэ?

-Болохгүй. Түүнийг барихыг энэ хүмүүс мэдвэл дургүйцнэ. Эдний нүдэн дээр тийм юм хийж болохгүй. Тэр чинь энэ хавийханд дөвчигнөсөөр байгаад яггүй нэр хүнд олсон шүү дээ. Чи хамт явснаараа яв. Эднээс холдуулаад баривчил. Цэдэвцэрэн,

-Долзод яадаг юм бол доо. Дандар,

-Тэр яах ч үгүй. Нутаг орондоо буцна гэхээс нойр хоолгүй болж байгаа хүн дээ. Юмыг яаж мэдэх вэ? Хашир хянуур хөдөлнө шүү. Цао данжаад алга болоод байгаа. Тэр тийм хол явахгүй л баймаар юм. Цэдэвцэрэн,

-Доншуур наймаануудаараа хэсч яваа биз. Дандар,

-Байхгүй. Тэд бидний ажлыг сэдэв аваад л нуугдчихлаа. Болбол Долзодыг аваад арилж өгье гэж бодож байгаа даа. Тэр Долзодод санаатай. Цаадах нь нэг нүдээр үздэггүй юм.

Хорвоо гэдэг гачлантай шүү. Долзод өөр хүнд сайн байдаг. За тэр ч яах вэ. Учир нь олдох байлгүй. Чи Балбарыг алдав аа. Цаадахь чинь чамайг хуурч орхичихоод алга болж мэднэ шүү. Цэдэвцэрэн,

-Долзод хамт явбал намайг орхихгүй. Чамгүй би хаашаа ч явахгүй. Энэ газарт ганцхан чи л надад хэрэгтэй боллоо. Чи намайг өнчин янзага шиг хаяхгүй юм байгаа биз дээ гэдэг юм. Би ямар ч байсан багшийгаа орхиж болохгүй гэдэг юм.

Хүн хүндээ үнэнч байна гэдэг сайхан хэрэг. Танай багш ч тийм сайн хүн биш дээ. Дүү хүүгээс гуйхад муу эгчийгээ нутгийн бараа харуулаад орхичихвол энэ яваа насандаа ачийг чинь мартахгүй. Хойт насандаа шамбалын үүдэнд уулзах ерөөл тавина гэж байна билээ. Дандар,

-Чи газраа мэдэхгүй биш. Холдуулахын хэрэггүй баривчилж аваад өдөрт нь нуугдвал зүгээр. Шөнө яваад хилийн зурваст хүрэхийг бод. Өдөр явбал цохилтоос бултаж гарсан юмс явж байж аюул учруулж магадгүй. Цаадахь чинь буутай шүү. Юмыг яаж мэдэх вэ? Яггүй бууддаг гэсэн сонсгол бий. Цэдэвцэрэн,

-Гавж хүн байж юу болж байна даа. Гавж гуай...! Дандар,

-Чөтгөр бурхны хувилгаан дүрд хувилах явдал бас байдаг шүү дээ. Долзод та хоёр гавжаа алдав даа.

 

* * *

 

Гурван морьтон өмнө зүг чиглэн морины сүүл хөдөлгөн явна. Балбар, Долзод хоёр түрүүлж Цэдэвцэрэн сүүлдэсхийн явна.

Үүнийг чинь яасхийж барья даа байз! Шууд буу тулгах уу? Ташуурдуулчих болов уу? Үүний тэнзэн ташуур барьдаг ч учиртай даа. Бууж бие засах үед нь баривал зүгээр юм шиг вэ дээ. Юу ч болсон жаахан явъя. Бартаатай газар ойртъё. Энэ ер нь юу ганзагалсан юм бол гэж бодож явлаа. 

Тэд оргодлын суурингаас гараад дөрөв таван саахалтын газар яваад байлаа. Тэднийг явахад айл амьтан нүүх гэж бөөн бужигнаан болж гэр бараагаа буулган хаачих гэж байгааг мэдэхгүй авгай, хүүхдүүд үг дуугүй царай даран тэмээ хомнож ингэ ботго буйлалдан, хонь ямаа майлалдан хэн нь юу хийж байгааг мэдэх сөгөө байсангүй. Ноогдсон ноогдсоноо шаламгайлан хийнэ. Нэг авгай,

-Аль насандаа хийсэн лай ланчиг вэ? Яасан ч барагддаггүй зовлон бэ? Буу зэвсэг агссан эрчүүдийн боол болж гүйцээ шиг вэ, дээ хөөрхий гэхэд хэн ч дуугарсангүй. Харин тэр гурвыг сэмхэн явахыг Дандар л мэдэж байлаа. Цэдэвцэрэн Дандарын дэргэдүүр явахад тэр нүдээ ирмэн дохио өгөөд сайн явахыг ерөөж байгаа бололтой байв. Хүн малын шуугиан холдон холдсоор нэгэнт дуулдахаа больсон байлаа. Гэнэт морин туурай пижигнэн нэгэн морьтон давхиж ирсэн нь Цао данжаад байлаа. Цэдэвцэрэн буугаа сэмхэн авч ханцуй дотроо буудахад бэлэн болголоо. Цао

-Хай, гавж гуай та хаа очих нь вэ? Танайхан санд мэнд нүүж байдаг. Та бусдыгаа хүлээхгүй яасан...? Балбар,

-Унаанд муу болохоор түрүүлээд газар дөхөж байя юу л гээд явж байгаа ухаантай. Цао ха ха инээгээд,

-Та авгай дагуулдаг нь ч юу билээ дээ. Би Долзодыг байна уу? Үгүй юу гэж очсон чиньбайдаггүй. Тэгсэн чинь гавж гуай аваад явж байдаг. Ачаа хөсөг чинь чиний хойноос ирэхгүй байхаа даа. Монгол руу дээрэм хийхээр явсан танай үхрүүд диваажин, шорон хоёрт очих гэж байдаг. Тэгэхэд гавж гуай төөрөөд явж байх гэж дээ. Та ч төөрчихөөргүй ухаантай хүн юмсан. Ханан гэрт сууж ханцуйтай дээл өмсөхгүй тангарагтай бурхан багшийн шавь хамаг юмаа мартчихаад авгай дагуулаад оргож байх гэж дээ. Хэд хоногийн өмнө гэзэг тавьчихгүй дээ. Балбар,

-Данжаад гуай ядарсан гавжаар битгий тоглоорой. Та өдий зэргийн насалсан тохитой томоотой болсон хүн. Тоглоом чинь тоотой нь дээр дээ. Хувраг хүн эхнэр авч болохгүй гэдэг чинь танай хятадуудын монголчуудыг устгах гэсэн зориудын зохиомол заль биш байгаа даа. Та бурхан буддагийн номыг олигтой үзээд сургаалиа айлдвал зүгээр биш үү гээд Цаогийн зүг мориныхоо амыг заллаа. Цао,

-Муу үхэр минь битгий тэнэглээд байгаарай. Зөн нь төөрсөн хөгшин бух минь битгий мөөрөөд байгаарай. Чам шиг шалдан банди надад заах болоогүй. Балбар,

-Хар илжиг минь дэрсэн шаахайгаа өмсөөд анжсаа чирээд салгалж байхгүй битгий хүний ажилд саад хийгээд байгаарай. Яасан их хуцдаг илжиг вэ? гээд бүснээсээ буугаа сугалтал Цао урьтан дараагаар хоёр буудлаа. Балбар мориноосоо ойчлоо. Морьд ч үргэж эхэллээ. Долзод,

-Бурхан минь гэж хашгираад үргэсэн мориноосоо ойчлоо. Цао Цэдэвцэрэнгийн зүг эргэтэл Цэдэвцэрэн урьтан дараагаар гурав буудлаа. Тэрнийг морины баруун тал руу хазайхад морь нь үргэн туйлж чирээд алга боллоо. Балбарын морь хар хурдаараа гүвээ давахад Долзодын морь ганзаглаагаа гэдсэндээ авч туйлсаар алга боллоо. Цэдэвцэрэн морио тогтоогоод бууж, Балбар, Цао хоёрын бууг авч түрийлээд Долзод дээр очлоо. Тэр айсандаа царай нь зэвхий цайж дуугарах ч чадалгүй, хөдлөх ч чадалгүй хэвтлээ.

Цэдэвцэрэн, Долзодыг өргөж өвөр дээрээ хэвтүүлэн энгэрийг нь задгайлан сэвж,

-Зүгээр, зүгээр битгий ай. Хэрвээ би амжаагүй бол өдийд гурвуулаа Цаогийн суманд өртөөд энд хэвтэж байх байсан юм. Бие чинь яаж байна. Долзод,

-Мэдэхгүй гэснээ эхэр татан уйллаа. Цэдэвцэрэн нулимсыг нь арчиж тэврэн цээж рүү нь үлээж сэвсээр арай нэг тайвшрууллаа. Цэдэвцэрэн 

-Морьдоо олж авъя. Бос доо гэж Долзодыг өргөж босгоод толгойтой үсийг нь засч малгайг нь өмсгөөд,

-Чи морь барьж бай! Би тэр хоёрыг үзээд ирье гэхэд тэр юу ч хэлсэнгүй зогссоор.

Балбар, Цао нар аль хэдийнэ талийгаач болжээ. Тэдэнд ямар ч бичиг баримт байсангүй. Долзод дээр ирж,

-Морио унаад явахгүй юу? Би хөтлөөд явъя.

-Үгүй гэхэд Цэдэвцэрэн Долзодыг сугадан морио хөтлөөд мориных нь хойноос явлаа.

Ганзагалаанаас элдэв торго, чисчүү хадаг хэв гарсныг тэр хоёрын хэн нь ч хараагүй юм шиг явсаар нэгэн гүвээн дээр гартал морь нь ногоо идсээр байснаа тэр хоёрыг хараад үргэсэн ч үгүй.

Түүнийг Цэдэвцэрэн өөрийнхөө эмээлээр эмээллээд унаж өөрийнхөө морийг Долзодод унууллаа. Долзодын морь нэгэнт жигшсэн болохоор татагнан үсчих гээд явж өгөхгүй байлаа. Уг нь Цэдэвцэрэн моринд муугүй учир айсан ч үгүй.

-Цэдэвцэрэн, Балбарын морины хойноос явах гэтэл Долзод,

-Яах юм бэ? орхи. Хоёулаа эндээс шалав холдъё. Энэ ганзагалааг хая! Цэдэвцэрэн,

-Бусдыг нь хаячихъя. Үүнийг болохгүй шүү. Одоо хаашаа явах вэ? 

-Хаашаа ч хамаагүй.

-Тэгэхгүй шүү. Унасан газар угаасан усаа бараадахыг бодно. Энэ баруун хойно нэг худаг бий. Очиж морио усалъя гэж явсаар худаг дээр очиж морио услан худгийн хүйтэн уснаас ууж нүүр гараа угаалаа. Тэр хоёр хэсэг сууснаа Цэдэвцэрэн,

-Хоёул энд байгаад ч дэмий дээ. Баруун ууланд гаръя. Бид хоёр нуугдахгүй бол юу ч болж мэднэ. Долзод,

-Айлууд хаашаа нүүгээ бол? Хоёулаа очвол яасан юм бэ?

-Болохгүй. Балбарыг амьдаар нь барих байсан юм. Муу Цаогоос боллоо.

-Араатан араатнаа барих нь тэр. Харин чиний л учир олдохгүй байна даа.

-Ямар ч байсан чамайг аврах ёстой. Амьд мэнд ах дүү амраг саданд чинь тушаах нь миний үүрэг. Балбарын ганзагалааг олох юмсан.

-Яах нь вэ? Баяжих гэж үү?

-Үгүй засагт тушаах учиртай юм.

Морь нь ижлээ эрээд ирэлтэй л билээ. Харин эмээлтэй ирэх үү үгүй юу л гэдэг эргэлзээтэй байна. Үг олдож үхэр холдох нь явъя даа гээд тэр хоёр мордож явсаар нэгэн жалганд орлоо. Мориноосоо бууж чөдөрлөн тавилаа.

Тэр хоёр нэг судагт орж чимээгүй хэвтлээ.

Цэдэвцэрэн хорвоо замбуулин гэж хачин юм даа. Хэдхэн сарын өмнө Төгрөгийн хүрээний шавь гэж номын үсэг шагайж суусан хүн өнөөдөр гэхэд халуун зэвсэг агсаж хүн алчихаад ноёны хатан дагуулаад эзэнгүй газар уулын жалганд хэвтэж байх гэж дээ. Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд хийж байгаа ажил гэж үү? Хүн аминдаа хайртай байдгаас л Жамбал гуайг буу буудуулахад мэрийж сурсан хэрэг. Бас эмнэг догшин морь унаж барилцаж авсан хүнийг унагаах мэх сурсан хэрэг байх даа. Энэ чинь тэгээд төрийн ажил болж байна уу? Аа мэдэхгүй. Багш маань чи тэр ажлаа дуусаад хар болсон нь дээр дээ. Залуу хүн цаашдаа амьдрах ухаанаа бодно оо. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдэг юм. Багш нь ядрахаараа чамайг бараадна. Өөр хэнийг бараадах вэ? Чи төр түмэнд хэрэгтэй ажил хий. Засаг чамайг хонь ал! гэвэл алах л хэрэгтэй. Харин уншлагаа мартав гэсэнсэн. Шөнө л явдаг хэрэг байх даа. Айлууд өдийд хаана яваа бол? Жамбал гуай намайг юу гэх бол? Лав л Балбарыг алуулсан явдлыг өршөөхгүй байх даа. Дандар ч гэсэн чамайг Балбарыг бариад ир гэсэн болохоос дайсанд алуул гэсэн юм уу гэх байх. Эцсийн ял зэмлэл юу л болдог бол доо. Энэ хүүхэн лав өлсөж байгаа байлгүй, хөөрхийдөө ядарсан эм хүн. Дарь эх Хандмаа ч бай, шулам чөтгөр бай, би энэ хүнийг аврах ёстой гэж бодож хэвтэхэд Долзод лам хувцастай мөртлөө буу шийдэмтэй, моринд яггүй сайн юм байна. Жигшсэн бүдүүн морь тийм амаргүй шүү дээ. Туйлахад нь тогтож байхыг нь бодвол адуучин хүн баймаар. Буу зэвсэгтэйг нь бодохлоор цэргийн хүн баймаар. Хай мэдэхгүй, тэгээд би сэтгэлтэй болоод байдаг. Залуу хүн надад хань болохгүй. Анх харахад л нэг сонин санагдаад байсан юм. Энэ цаашдаа яах санаатай юм бол доо. Ёстой таагдашгүй оньсого гэдэг чинь энэ байна даа. За яасан ч дүүрч дээ. Ямар ч байсан би түүний эрхшээлд шүү дээ. Намайг ноёны хатан харгис этгээд гэж алахгүй л юм байна. Нутаг орон ах дүүгийнхээ барааг хардаг болов уу? Тэдэнтэйгээ уулзсангүй удлаа даа гэж санаа алдсанаа нүднийх нь нулимс аяндаа урслаа. Цэдэвцэрэн өндийн ирж нулимсыг нь арчсанаа,

-Битгий уйл! Хоёулаа аюулаас бараг аврагдчихаад байна шүү дээ. Амьд мэнд нутгийнхаа хилийг алхаад авбал учир бий. Шөнийн сэрүүнд явчихна. Юм идэх үү? Долзод толгой сэгсрэн Цэдэвцэрэнгийн цээжинд нүүрээ наалаа. Цэдэвцэрэн өвөр дээрээ толгойг нь тавин хэвтүүллээ. Тэр санаа алдан хэвтэснээ унтаж орхилоо. Цэдэвцэрэн нүүрийг нь сүүдэрлэн суулаа. Нилээд суутал алсад морь янцгаалаа. Тэр хоёрын морь чих тавин сонссоноо хариу янцгаалаа. Морины янцгаалт ойртсоор...

Цэдэвцэрэн,

-Морь янцгаагаад байна. Хоёулаа нуугдъя гэхэд Долзод сэрснээ давхийн бослоо. Тэр хоёр нэг хадны цаана нуугдлаа. Цэдэвцэрэн буугаа гарган морь янцгаах зүг харж хэвтэхдээ,

-Хэрвээ буудалцах хэрэг гарвал ил гарч болохгүй шүү гэв. Тэгтэл Балбарын морь тэдний морин дээр ирж зогслоо.

Эмээл ганзагалаа нь хэвээрээ байлаа. Цэдэвцэрэн түүнийг барьж чөдөрлөн тавилаа. Жолоо цулбуураа тасалсан байлаа. Цэдэвцэрэн өөрийн ганзагалаагаа ухаж идэж уух юм гарган,

-Юм ид гэж Долзодод дөхүүлэн өөрөө юм идлээ. Долзод дуртай дургүй авч ганц нэг хазаж Цэдэвцэрэнг харснаа нэг муу инээмсэглэн идэж ууж эхэллээ. Тэд мах, боорцог идэж цадсанаа үлдмэрийг боож далд хийлээ. Цэдэвцэрэн,

-Энэ чинь бид хоёрт хэрэг болноо гэсэн нь Долзодыг үүгээр юу хийх вэ гэж бодож байгаа байх хэмээн хариулт болгожээ. Долзод үнэндээ тэгж бодсонгүй. Нээрэн бид хоёрт хэрэг болно доо. Хэд ч хоног хээр байх юм билээ, бүү мэд гэж бодож суужээ. Долзод нэг үеийг бодвол тайвширч Цэдэвцэрэнгийн хашир хэрсүү нь түүнд таалагдан ийм залуутай явахад юунаас ч айх вэ дээ гэж бодож суулаа.

Нар шингэж байлаа. Цэдэвцэрэн,

-Явъя гээд босоход Долзод даган босч хоёул морьдоо барьж унаад явлаа. Харуй бүрий болоход уул толгодын захаас гарч энгүй их говьд орж ирлээ. Цэдэвцэрэн морин ачаа хөтөлж шогшино. Алхаж шогшсоор нилээд явлаа. Саргүй ч гэсэн нам гүм байлаа. Тэд явсаар шөнө дунд нэгэнт болжээ. Цэдэвцэрэн мориныхоо амыг татаж,

-Морио нэг амраагаад явах уу даа гэж мориноосоо буулаа. Долзод ч мориноосоо буулаа. Цэдэвцэрэн,

-Одоо хаашаа явж байна?

-Ай мэдэхгүй баруун тийш нь яваад байх шиг. Юу ч гэсэн өдрийн аюул болсон газраас нилээд холдов бололтой. Тэр хоёр морьдоо бариад хэсэг зэрэгцэн суулаа. Морьд нь үүргэлэн байгаа бололтой. Цэдэвцэрэн,

-Нойр чинь хүрч байна уу?

-Айх ч үгүй л байна гээд ойртон суухад нь

Цэдэвцэрэн,

-Айх юмгүй гэж тэврэн суулаа. Долзод ч Цэдэвцэрэнд улам шигдэн наалдлаа. Долзодын зүрх түг түг цохилох нь Цэдэвцэрэнд мэдэгдэж байлаа. Цэдэвцэрэн аргагүй дээ хөөрхий, зүв зүгээр явтал нь ийм сүрхий алаан хядаан болсон юм чинь. Үүний зөвөө. Миний нүдэнд ч ил харагдаад байна гэж бодсоноо Долзодын халуун амьсгал хацрыг шүргэн өнгөрөхөд Цэдэвцэрэн хацраа нийлүүлэн хэсэг сууснаа,

-Хоёулаа явъя даа. Аюул өнгөрөх болоогүй. Одоо ийш нь бут багатай газар бий, ширүүхэн шиг явна. Нарнаас өмнө аюул багатай газар хүрэлгүй болохгүй гээд мориндоо мордож ергүүллээ. Морьд усан хулгана болтлоо хөлөрч амьсгаадан Цэдэвцэрэн, Долзод нар ч нилээд ядарчээ. Үүр тэмдэгрэхийн үед тэд мориноос буулаа. Цэдэвцэрэн морьдынхоо эмээлийг авч чөдөрлөн тавилаа.

-Одоо айх юм байхгүй. Морьдоо жаалхан амаръя. Энд хэсэг ногоотой газар байгаа юм. Өөрийнхөө ганзагалааг уудлан жодгор гаргаж барилаа. Цэдэвцэрэн аргал түлш түүж галлан аяны тогоонд цай чанаж уугаад амрахаар хэвтэцгээв.

Нар гарахад хонь мал хойт зүг рүү бэлчиж хүмүүс ч бослоо. Түрүүчийн боссон авгай,

-Еэ, Арван гурван Алтай минь. Бид нутагтаа ирж шүү дээ. Та минь босоцгоогооч! гэж дуун алдан хашгирлаа. Тэр дуунаар сэрсэн авгай хүүхнүүд энд тэндээс сэрвийлцэн босож харснаа,

-Бурхны аврал минь. Төрийн минь сүлд амьд мэнд нутгийн бараа хардаг байна аа гэж баяр хөөр болон шуугилдав. Гагцхүү Дандар хэсэг ачааны дунд нойргүй хоносныг хэн ч ажигласангүй.

Ядарсан царайтай нэгэн морьтон гэлдэрсээр... Түүний очих гэсэн айл амьтан бүгд байхгүй хар нутаг үлдэж эзэнгүй хээр болсон байлаа. Элст мянганы тулгаралтаас морины сайнаар зугатаж гарсан тайжтан амьд яваагаа ч мэдрэх ухаангүй яах ч учраа олохгүй сэтгэл санаандаа Балбар гавжийг зүхэн хараахад тархинд нь сум зоогоогүйд харамсан гэлдэрнэ.

 

Г.Дүйнхэржав

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417