Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн долоон дүүрэгт энэ сарын 4-6-нд зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдаж, цэрэг татлагатай холбоотой цаг үеийн асуудал, бэлтгэл ажил зэргийг хэлэлцлээ.
Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажилд бэлтгэл ажил бүрэн хангагдсан, цэргийн зарлан дуудах мэдэгдэл 94.6 хувьтай тараагдсан байгаа талаар албаны хүн хэлж байна. НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, Дэд хурандаа Т.Мөнхбаяр нийслэлийн хэмжээнд цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн “Эрүүл мэнд- Цахим бүртгэл” хөтөлбөр зохион байгуулж байгаа талаар энэ үеэр танилцуулсан бөгөөд тус мэдээллийн сангаар дамжуулан цэргийн насны иргэдийн өвчний бүртгэл, эмчийн бүртгэл, цэрэг татлагын бүртгэл, Хувийн мэдээлэл өөрлөх зэрэг өөрчлөн засварлаж, нэгдсэн бүртгэлтэй болох юм байна.