Тэр жил /өгүүллэг/

Тэр жил /өгүүллэг/

Толгойтын зүүн давчуухан амны өнчин суваргын хавьд утаанд харласан нэгэн майхан үүрийн өмнөх алиа салхинд хөвхөлзөн дэрвэнэ. Түүний гадаа дөрвөн дугуйт нэгэн морин тэргэн дээр шинэхэн өвс дэвсэж, нимгэхэн хучилганаа толгой шургасан нэг хүн унтаж байгаа бараа үзэгдэнэ. Майхнаас холгүй хадсан өвсний хэдэн мөр сарны туяанд зурайж наахна нь чөдөртэй хоёр морь тургилан идээшилнэ. Дорж шөнө дөл өнгөртөл ер нүд эс хамхиснаа үүр цайхын өмнөхөн бөх гэгчээр унтжээ. Гэнэт цочин сэрвэл хоромхон зуур хаа унтсан, юунаас болж сэрснээ олж мэдэхгүй нойрмоглон эрэгцүүлтэл учрыг сая ухаарав. Доржийн дэвссэн өвснөөс нь өмхөлөн тургиж байгаа морийг “газрын ногоо мундав уу, миний нүүр дээр ирж тургидаг нь юу вэ” гэж нойр харамсан үргээгээд зүүн хажуу талаар эргэж дахин унтъя гэтэл элдэв юм санаанд нь орж, нойр нь хулжаад нэгэнт сэрчихэв.

Бас ч шүүдэр унаж хүйтэн сэрүүн болсон тул босч майханд шилжмээр санагдав. Зүүн хяр дээр үүрийн цолмон цухуйж, баруун хяр дээр намрын дунд сарын хорьдын зэрэмдэг сар хэлтгий тавьсан шаазан адил тонгойжээ. Майхны дотроос өдрийн хүнд ажилд ядарсан хадланч нарын чанга хурхирах сонсдоно. Тийнхүү Дорж орноос босч тэргэн дээрээ хөлөө санжуулан суугаад түрийнээс гансаа сугалж, янлиутай дүнс нэрж утаа баагиулж их л бодлого тавин сууж байтал морь төвөргөх чимээ гэнэт гарсныг эргэж харвал нэгэн морьтой хүн үүрийн будан дотроос давхин айсуй! Морио унасан байдал ба хувцас тэргүүтнийг ажиглавал монгол хүн лавтайяа мөн бололтой тул Доржийн сэтгэл төвшрөв. Морьтой хүн бууж, морио цулбуураар нь тушаад, тэргэн дээр суугаа Доржийг үүрийн бүдэг бадагт анзааралгүй шууд майхны зүг алхтал, Дорж: - Хүүш, Түдэв! нааш ир гэж аяархан дуудав.

- Аа цус! Сохор юм шиг таныг үзээгүй байна шүү-гэж тэр хүн өөрөө өөрийгөө зэмлээд, харилцан мэндлэв.

- За чи харанхуй шөнө үүр цүүрээр юу хийж хэсүүчилж яваа юм бэ. Миний мэдэхэд энэ аманд залуу хүүхнүүд байтугай ганц ч айл үгүй билээ. Чоно, үнэг хөөхөөр яваа юм уу гэтэл буу зэвсэггүй байх чинь юу билээ гэж ил шууд ярилцах хүнтэйгээ учирсанд баярлаж, инээмсэглэн асуув. Хар тэвэг гэзэгтэй ягаан чисчүү дээлтэй, боровтор царайт хорь шахам насны тэр хүү, жигд цагаан шүд гялалзуулан

- Хүүхэн эргүүлэх, хөх чоныг хөөхийг урьтал болгох явдалгүй харин хөх чандруунуудыг... гэж дуугаа чангатган хэлтэл, Дорж:

- Ш. Ш...! аяар чи – майхан дахь улсыг сэрээчихэнэ, гэж түүний дууг хорьж, аядуулав.

- Энэ майханд ямар улс байгаа юм бэ? гэж Түдэв баахан зовсхийн асуув.

- Зовох юмгүй, хадлан хадаж байгаа энэ орчмын ажлын хүмүүс, чи таних ч байх. Би энэ зуны турш

эндэхийн уул хөндийгөөр хоргодож явахдаа эд нартай дотно сайхан ижилссэн юм. Цөм аятайхан ааш зантай улсаа. Чи намайг энд гэж яаж мэдэв?

- Таныг чухам энд гэж би мэдсэнгүй, зүгээр энэ орчмоор байдаг юм гэдгийг Намжил гуай хойш буцах замдаа манайхнаар дайрч хэлсэн юм. Аав танд айраг хоол авчирч өгөх гэж байтал хэдэн гэмин ирээд манайхны эрчүүлийг хэсэг шар үхрийн хамт дайчилж уулнаас мод ачихаар хөөлөө- гэж Түдэвийн ярьтал Дорж түүнийг зогсоож:

- За чи үүнийг л надад хэлэхээр ирээгүй нь магад. Хоол яамай, би олны буянгаар өлсөж ядраагүй явна.

За тэгээд юу болов, хэн чамайг нааш явуулав? Гэж асуув. Өнгөрсөн орой Хараагаас манай Бургалтайд

элч довтолгон ирэв. Хиагтаас нааш гурван элч бие биеийг халж морины хар хурдаар яаралтай мэдээ ирүүлэв.

- Аль нааш нь гэж Дорж яаран гар сарвайхад, Түдэв,

- Бичиг биш! ам мэдээ. Хиагт Хүрээ хоёрын хооронд гэмингууд өдий төдийгөөрөө сэлгүүцэн байгаа учир бичиг авч явахыг болгоомжилж, найдвартай хүнийг элч болгож ам мэдээ ирүүлснээс гадна Хүрээний нөхдөд бага сага бэлэг илгээжээ гэж Түдэв өрөөсөн нүдээ аньсхийж гараараа бууны дүрс үзүүлэн хэлэв. - Аа ямар сайн юм бэ? бид жаал зугаа “бэлэг” ирүүлнэ үү гэж нөхдөд захисан юм. Ашгүй ирж л дээ. Харин одоо түүнийг яаж хүрээ оруулдаг билээ-гэж Дорж магнай үрчийлгэн бодож хэлэв. Түдэв:

- Аа оруулахад санаа зоволтгүй. Аав бид хоёр ачсан модныхоо нэгд нь нууц хонгил ухаж түүнд хийгээд сайтар битүүмжилсэн. Гэмингийн тэнэг ноход огтхон ч мэдэхгүй, харин Хүрээ орсон хойноо эздэд нь яаж өгдөг юм билээ гэхэд Дорж:

- Түүнийг би даана. За тэгээд, юу гэж хэлүүлэв. Алдаагүй хэл гэв.

- “Бидний зорисон хэрэг бүтэмжтэй сайн болж байна. Та нар бат итгэлийг бүү алдагтун. Та нарын хүссэн зүйлийг олж илгээв. Болгоомжлогтун. Бидний зүгээс тусгай зааваргүй хэрэг явдал түүгээр бүү үүсгэ, байгаа хүчээ хэмнэж хамгаалахаас гадна найдвартай сайн шинэ хүмүүсийг өөртөө тат. Чих сонор, зориг чанга байх чухал бэлхэн байж хүлээцгээ”-ингэж хэлүүлсэн байна гэж Түдэв үг хаяхгүйг хичээн уламжлав. Дорж тэр үгийг дахиж нэг давтаад,

- За би даруй явъя-гэтэл Түдэв хэлрүүн:

- Дорж гуай, би танд хэлэх юмаа бараагүй шүү. Өөрт чинь мэдэгдэх нэг чухал зүйл байна гээд- гэнэт түгдэрч яаж ямар янзтай хэлье дээ гэж байтал нь Дорж ам угтуулж:

-За би мэдлээ. Чи Долгорын тухай ярих гэв үү?

- Тийм, тйим. Та дуулсан юм уу?-гэж Түдэв хүнд албанаас чөлөөлөгдсөн шиг сэтгэл амсхийсэн байдлаар асуув.

- Аа би үүнийг өчигдөр орой мөн л хүрээнээс зугатаж яваа нөхрөөс сонсоод байж сууж чадахыг болиод байна. Би энэ хоёр хэргийг хавсаргаж даруй мордох ёстой боллоо-гэж Дорж хэлсэнд,

- Одоо манай эцэг саахалтынхаа хоёр харцуултай гэмингийн яамны мод ачсан тавиад үхэр тэрэгтэй Толгойтын давааны өвөрт хоноод түрүүхэнд хөдөлсөн. Та тэр хоёр харцуулын нэгний оронд хөсөг дагаж хот ор. Би тэр хүнтэй цуг хойшоо буцъя. Аав бид хоёр зуур уулзаад ингэж ярилцсан юм- гэж Түдэв хэлэв.

- Зөв, би Хүрээ бас гэмингийн сайдын үүрээр орох ноцтой шалтгаантай боллоо гэж, Дорж бүсээ бүслэх

зуураа шүдээ зуун хэлэв. Үүр нэгэнт цайж саруулхн болов. Майхны дотроос толгойгоо цагаан алчуураар боосон буриад бүсгүй эвшээлгэсээр гармагц гал түлж цай чанахаар зэхнэ. Түдэв Доржийн морийг барьж эмээллэх зуур, Дорж тэр бүсгүйд ойртон очоод:

- За Дэжидмаа, та нар сайн сууж байгаарай! Дамба, Дэндэв нар энүүгээр ирвэл намайг Хүрээ орсон гэж хэлээрэй гээд мордохоор завдахад нь, Дэжидмаа:

- Та цай уугаад мордохгүй юу гэв.

- Би яарч байна. Хангай дэлхийд дээжээ өргөж миний хойноос залбираарай гэв.

Хоёр морьтой хүн салхи мэт давхиж голын манан дундуур далд оров. Толгойтын хамрын хөтлийг давмагц дүнз мод ачсан олон тэрэг тэртээ дор зурайж харагдав. Түүнд ойртож хүрвэл, сүүлийн тэргэнд том хонх зүүсэн нь модон тэрэгний дугуйн янз бүрийн хяхнаан дундуур хонгиноно. Түдэвийн эцэг хүүгээ мориор нь таниад хөсгөө зогсоов. Товчхон мэндэлгээний дараа Дорж тэрэгний нэг ажилчны дээл малгайг сольж өмсөөд цаашид явахад бэлэн болов. Түдэвийн эцэг Дэмбэрэл жар шахам настай, чийрэг сайн биетэй хүн. Тэр амнаасаа бүдүүн цагаан соруултай гаансыг салгаж, Доржийн зүг:

- Та тэрэг хөтлөгч хөдөөний хар хүн болж дээ гэж учрыг бүрэн мэдсэн байдалтай инээмсэглэн хэлээд, хүүгийн зүг хандаж:

- За хүү минь, Лувсан та хоёр буц даа. Бид ч тэнгэр өршөөвөл сайн яваад эргэцгээнэ биз гэв.

Тийн өвгөн, түүчээ (түрүү) шарыг хөтөлж цааш хөдлөв. Нэг цаг хяраатай яваад манай аянчин Хүрээ орох замд нь эцсийн даваа болох Маанитын хөтөл дээр гарч ирэв. Нар нилээд дээр хөөрчээ. Хөтлийн овооны дэргэд түр зогсож, овоонд юм өргөж тамхи татах зуур, Дорж сэтгэл төвдөнгүйгээр өмнөх өндөрлөх толгой дээр гарч харвал хүрээ тэртээ доор дэлхэц цэнхэр униар татуулсан үзэгдэнэ. Наад этгээдэд нь Жанрайсагийн өндөр сүм, бусад сүм дацангийн ногоон паалан алтан дээвэр, ганжуур нь өглөөний наранд гялалзана. Алсад Богд-уул сүндэрлэн, оройд нь үүл манан бүрхжээ. Туул, Сэлбэ голын ус гялбалзаад зах дэнжээр нь олон гэр цацсан будаа шиг үзэгдэнэ. Дорж энэ бүгдийг үзээд сэтгэл нь тэсгэлгүй хөдөлж, гүнээ шүүрс алдаад “юутай сайхан орон билээ. Энэ сайхан орон, энэ нандин шүтээнийг энэ муу сайн чандруунууд эзлэн, бузарлаж дур зоргоороо гишгэж байна. Түүгээр ч үл барам манай амраг садан, гэр бүлийн ариун гал голомтонд халдаж байна. Олон үе өргөмжлөн шүтэж ирсэн Богд гэгээнийг маань хүртэл доромжилж байна. Гайгүй дээ, цаг ирнэ!”-гэж дотроо бодож, гараа зангидан шүдээ зууна. Доороос Шар хүрээ, гандангийн зүгээс өглөөний бүрээ сонсдож ойр хавь цуурай татуулна. Тэндээс хөсгөө хөдөлгөж захын харуул дээр хүрч ирвэл гэмин түшмэл, өөрсдийн мод мөнийг мэдээд саадгүй өнгөрөөв. Дорж, тэндээс хөдөлмөгц хөсөгнөөс түр салж, Гандангийн ар дахь Нархажидын сувраганы тэнд давхин очиж гурав сунаж мөргөөд зорьсон хэргийг минь бүтээж аль гэж залбираад эргэж тэргээ гүйцэв. Дорж ямар нэг чухал хэрэг тохиолдвол энэ сувраганд мөргөдөг заншилтайсан бөгөөд түүнийг ивгээл үзүүлэгч шүтээн гэж санаж явдаг билээ.

Одоо ийм түгшүүртэй цаг амьд гарах эсэхийг мэдэхгүй явахдаа энэ суврагыг дайрахгүй өнгөрч чадахгүй байлаа. Манай аянчин дамнуурчны өргөн чөлөөгөөр уруудаж явахад хятад пүүс дэлгүүр сая нээгдэж байгаа бололтой. Пүүсийнхэн үүд хаалганыхаа орчноо хулсан шүүрээр шороо хамж тоос манаргана. Морь малын зах дээр лам хар олон үймэлдэж үнэ дуудалцаж, чангаацалдан шуугина. Ногоо зарж яваа худалдаачин нэрий нь дуудаж хашгиралдана. Дорж, нөхдийн хамт тээж авчирсан нойтон дүнзнүүдийг сэлбийн зүүн талын хуучин гяндангийн тэнд гадаа буулгаж, Дэмбэрэл өвгөн Дорж хоёр мөнөөхөн нуусан юмаа сэмхэн гаргаж аваад, тэндээс хөдөлж урд гол дээр буудаллан шар үхрийн хоолойвч чөрхийг мултлав. Дорж, нөгөө хоёр нөхөд майхнаа шааж хоол хийснийг яаран байж идээд маргааш уулзахаар болзсоны дараа харанхуйхан болмогц өнөө “бэлгийн” юмаа богцонд хийж ганзгалаад Даригангын хороо орохоор чиглэн одов. Таньдаг хашааг олж хаалгыг нилээд удаан тогштол уяан дахь нохой хуцахаас биш ер хүний чимээ гарсангүй. Хамар хашааны айл лүйжин уншуулж байгаа бололтой хэдэн эмэгтэй лүйжинчийн аялгуулан унших ба том дамар жигдхэн дуугарах сонсдоно. Дорж балбаж цөхөөд Лувсангийн эхийн нэрээр “Хүүш, Ханд гуай, хаалгаа” гэж дуудсанд нь сая гэрийн хаалга нээгдэж нохой хорих чимээ сонсогдов.

- Хэн бэ гэж асуух хөгшин хүний дуу гарахад,

- Ханд гуай би байна гэж Дорж аль болохуйц зөөлөн намуун хариулсанд түгжээс тайлж хаалга нээгдэн ихэл эмээсэн байдалтай чавганцын үрчгэр нүүр үзэгдэв.

- Лувсан бий юу? Ханд гуай гэж Дорж асуувал хөгшин гараас нь атгаж дотогш оруулаад дув дуугүйхэн дагуулж гэртээ оров. Хөгшин зулын гэрэлд Доржийг харж сая таниад гэнэт нүднээсээ нулимс асгаруулж хүүгий маань өнгөрсөн 15-ны шөнө хэдэн эмин барьж аваад явчихсан, бичиг цаас бага сага юмыг нь мөн тийзлээд аваад явсан. Гэгээ минь юу болох нь энэ бэ. Би ч цай хоолноос гараад амьдын төдий байна. Чи сураг чимээ сонсов уу? хүү минь амьд л байгаасаа даа, Гончигсүм минь! Чи ч гэсэн бас л хөөрхий. Өнөө муу Долгорыг чинь гэмингийн сайдын гэрт хар хүчээр аваачсаныг дуулсан уу? гэв. Дорж уйлан хайлан байгаа хөгшнийг өрөвдөн, түүнийг дуулсан харин Лувсангийн тухай санаанд орсонгүй. За эгч минь, зүгээр зүгээр сэтгэл их бүү зов, Лувсан гэмт муу хэрэг хийсэн биш удахгүй суларч ирнэ гэх зэргээр ятгаж тайтгаруулаад хэдэн нөхдийн тухай хөгшнөөс асууж тэднийхээс яаран гарав. Тэндээс Дорж үдэш оройн цаг гудамжаар явах хориотой учир бушуухан амжиж хэдэн нөхөдтэй уулзъя гэж яаран явах зуур эргүүлээс зовж хүн дайралдах бий гэж харанхуй гудамж барьсхийн явсаар Түвдийн хороо ороод нэг мэддэг хаалгыг тогшвол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч хаалга нээв. Эрэгтэйгий нь түүний амандаа зуусан янжуурын галын улалзаанд үзвэл Балдан мэт ажээ. Гэрт нилээд хүн бий бололтой ярилцах чимээн дундуур хөг сайн нийлээгүй хуучир шанз дуугарч нэг эмэгтэй дуу аялна-танайд юуны наргиан болж байгаа юм бэ? гэж Доржийн асуухад гэрийн эзэн түүнийг таньж өгүүлрүүн:

 - Аа, даллага авахуулаад найрлаж байна. Чи дуугүй л яваад ор гэв. Гэрт орвол зүүн хойморт Балдангийн эхнэр, охин дүү хоёр сууна. Баруун хойморт хоёр эрцүүл суугаагийн нэг нь мүрий захтай дээл өмссөн хурц хар нүдтэй гучаад насны лам бололтой хүн ажээ. Нөгөө хүн Доржийн хэдийнээ танил Шагдар бөгөөд Доржийг төдхөн таньж босон харайн мэндлээд:

- Бидний даллага авхуулсны бодитой үр үзэгдэж эхэлхэн шив гэж бэлэгшээн баярлаж инээв. Дорж бүгд лүгээ мэндлээд зүүн хойморт гарч эстаних ламын зүг ганц хоёр хараад төлөвтэйгээ эс мэндлэхийн учир гаансандаа тамхи нэрж суухад нь Балдан дэргэд нь очиж суугаад:

- Бүү зов. Энэ бидний нэг нөхөр Хас гэгч ганданд суудаг юм. Өнөөдөр манайд даллага уншигч болж бид хэдүүл бага сага юм ажил хэргээ нилээд ярилцаж байтал завшаанаар чи минь орж ирлээ. За чи сайн явна уу даа. Чи ичээнд орсон баавгай шиг ууланд хэвтнүү дээ?-гэж тоглонгуй асуув.

- Намайг баавгайтай зүүрлэх нь зөв. Харин халуун намраар ичээнд орох баавгай гэж хаана байх билээ. Самар жимс идэж саахалт хөршөөрөө хэсүүчилж явдаг юм бишүү?-гэж Дорж хүчээр инээмсэглэн хэлэв. Шагдар ойртож: - За Доржоо! Сонин юу байна? хөдөө гадаагуур сонсдох чимээ үзэгдэх бараа юу байна? Хэмээсэнд Доржийн хариулах завгүй Балдан эхнэрийнхээ зүг хандаж:

- Чи цай идээ сэлбэж тавиач Дулмаа та хоёр хөгжимөө сайтар дар, бүү тасалд гэв. Дөрвөн эрцүүл дэвсгэр дээр хийцэлдэн хошуу холбож Балдангийн эхнэр, дүү хоёрын хөгжимдөх чимээний дундуур болгоомжтой ярилцана. Хэсэг ярилцсаны дараа Доржийн авчирсан богцтой юмыг задлаж тос гялалзсан нагнууд гаргаж үзэцгээнэ. Хааяа хааяа дуу аялж, зориуд чанга чанга инээлдэнэ.

- За, би ч нэг хэргээ бүтээв бололтой. Одоо нөгөө хэргээ яах билээ гэж Дорж шүүрс алдан хэлсэнд бусад нөхөд түүнийг цэх харахыг зовж түр дуугүй байцгаатал, лам Хас:

- Би санавал Дорж та өнөөх хөсөгнийхөнтэйгөө маргааш модоо тушааж өгөх далимаар гэмингийн аманд хүрч очоод сэм ажиглаж хүүхнийхээ хоригдож байгаа газрыг урьдаар лавлаж үз. Таныг ийм хувцастай өчнөөн үс сахал болсон хөдөөний ажлын хар хүн шиг явахад тэнд хэн таних билээ. Чингэж урьдаар янз байдлыг үзээд дараа нэг арга хайвал зүгээр юм биш үү гэв.

- Зүйтэй, маргааш Манзширын сүмийн цам болно, гэмингийн ноёд тэр цамд очиж юу магад. Хэрэв тийм бол хайж магадлах хялбар байж болзошгүй гэж Балдан хэлэв. Бусад нөхөд цөм зөвшөөрч хэлэлцсэнээр шийдэв. Цаг нилээд орой болсон тул Хас, Шагдар хоёр гарч хашааг даваад хойт хамар хашааны айлд унтахаар явав. Дорж, Балдан ба түүний гэр бүлс хоол идэж хүрээний сониныг ярилцаж тайван нойрсов.

Сэлбэ голын зүүн эрэгт урьд манжийн үед Сандава амбаны бариулсан босоо битүү хашаанд хэд хэдэн байшин байгаагийн нэгэнд одоо гэмингийн яамны генерал Шүй-шү-жангийн штаб байралжээ. Нэгд нь Шүй-шү-жан өөрөө сууна. Уул хашааны зүүн хойт буланд хэдэн бургас хайлаас хиймэл цөөрмийн дэргэд нэгэн давхарлаг модон байшин онцгоорон үзэгдэнэ. Тэр байшингийн дээд давхарын цонхны сараалжин жаазыг дэлгэж, түүндээ алаг торон асар татаж найргүй шар намрын хурц нарнаас хамгаалжээ. Энэхүү давхарлагын дотоод тасалгаанаа зөөлөн вандан дээр хар торгон бачуухан хувцас өмссөн нэгэн залуу хятад эмэгтэй өрөөсөн хөлөө жийж, өрөөсөн хөлөө эвхрэн зүйрмэглэж байгаа бололтой хэвтэх нь сүүдэрт амарч байгаа өлгөчин хар ирвэс мэт. Тэр бүхэлдээ сувдаар чимсэн хар хилэн шаахай өмсчээ.

Уншихаар барьсан нэг англи сэтгүүлийг зүүрмэглэснээс болж гараасаа алдах шахам байна. Энэхүү эмэгтэйн толгойд нь нэг цэвэрхэн царайтай монгол хүүхэн сууж тэмээн хяруулын өдөн дэвүүрээр хятад авхайн нүүр сэвж сэрүүцүүлэн байжээ. Энэ хүүхний өмссөн хувцасыг ажиглавал хятад маягийн ягаан дурдан бошинз бөгөөд толгойдоо цагаан алчуур зангидаж цагаан хормогч өмссөнийг бодвол гэрийн зарц бүсгүй гэдгийг таахад хялбар. Царайг нь ажиглавал туйлын их уйтгарлан гунисан шинж тодорч байгаа зэрэг хөөж хавдсан сайхан хар нүднээсээ мэлтрэн халих нулимсаа авхайн зүүрмэглэн унтаж байгааг далимлан байн байн арчихын зуур арын цонхоор алсын юмыг эргэн эргэн ширтэнэ. Учир битүү нэгэн зүйлд түүний зүрх догдлон бухимдаж гашуудах хязгаарлашгүй тул нэг мэдсэн дэвүүрээ алдах шахаж дэвүүрийн ирмэг унтаж байгаа хятад эмэгтэйн нүүрт хүрсэнд тэр цочиж сэрж юу болсныг мэдээд уур нь хүрч өөрийн хэлээр хэдэн үг чанга чанга хэлээд гартаа барьсан сэтгүүлээр монгол хүүхний нүүр руу цохих гэтэл түүний нулимстай хар нүдэнд заналын оч бүрхэг шөнийн цахилгаан мэт гялбасхийхийг үзээд “Энэ бухимдаж хорссон зэрлэг муур урдаас асч юу магад, ялангуяа өнөөдөр ойр хавь хүн цөөн биш үү” гэж болгоомжилон сэтгүүлийн хуудсыг уншихаар сөхөв.

Тэглээ ч уншсан юм огтгүй элдэв юм бодохын дотроос Шүй-шү-жан санаанд нь орж сүүлийн өдрүүдэд түүнтэй эв тасарсанаа санав. Энэ хэнз төрсөн гахай, нүд муут Шүй Ань-фу намын баячуудын тоглоомын генерал болоод бууны дуу, дарины утаа гаргалгүй халхад ирээд баруун хойд хязгаарыг төвшитгөв гэж хэтэрхий дүрэмдэн их зан гаргана бус уу?! тэр жил Тянь-жинд нусгай офицер байхдаа тэндэхийн шияанзын дууч миний хувцсаа өмсдөг тасалгаанд орж ирээд, миний шаахайн улыг үнсэж байснаа мартав уу?! Хятад хүүхэн вандан дээрээсээ үсрэн босч, ширээн дээр байсан хатма янжуур авч асаагаад цонхонд ойртон хашилгатай сандал дээр сууж Богд уулын хаяанаасаа бага зэрэг шарлаж байгаа модыг ширтэнэ.”Энэ оготор Шүй Монголд ирээд надаар дуучин эмэгтэй юүгээ хийж худал хуурмагаар энэхэн тэрхэн гэж байж, эсгий овоохойгоор дүүрсэн сууринг “да хүрээ да хүрээ” гэж бараг Бээжин, Шанхайгаас дутуугүй гэж хэлж байж авчирсан бишүү?!” гэх зэргээр их л бодлого болон сууна. Үүнд цухас тэмдэглэхэд Шүй-шү-жан хятад газартаа байхдаа Бээжин, Шанхай, Нанжин зэрэг хотоор хэсүүчлэн шийчин дуучин хүүхнүүд хөөцөлдөж заншсан хүн болох учраас гадаад Монголд ирээд хэдэн сар “мацаг” барьж их л бухимдсан тул Тянь-жингээс энэхүү сайн дуучин гэгдсэн хүүхнийг бусад дагалдагч жүжигчдийн хамт пүнлү шагнал болоод элдэвийг элбэгээр амлаж захиалан ирүүлсэн билээ.

Гэтэл энэ жүжигчин “гэмингийн яам” амласнаа бүрэн олгох байтугай харин ший дуулж оруулсан орлого хийгээд баян пүүсний данжаад нараас өгсөн бэлгэ сэлтийг шууд хаман авч генералын сан хөмрөгөнд завшин оруулдаг байжээ. Бас ч бяцхан Шүй энэхүү “Тянь-жингийн одон” мисс Ван гэж нэршсэн хүүхнийг нэгэнт гарт минь орсон гөрөөс гэж үзэж үе үе түүнд дайран халдавч, ялангуяа сүүлийн өдрүүдэд тун ч амжилтгүй болжээ. Өчигдөр шөнө шийний дараа Шүй-шү-жан мисс Вангийн гэрт нилээд ааш муутай орж ирээд том хундагаар архи миглүү гурав дөрвөн удаа хийж уугаад хүчээр инээмсэглэх дүр үзүүлэн:

- Хонгор та өнөө орой юутай сайхан дуулав. Тайзан дээр дуулж байх үед чинь энэ хүрээний хэдэн данжаад болоод монгол ноёд чамайг шагширан гайхаж мэдрэл алдах дөхсөн байлаа. Нээрээ шүү, тэр ч байтугай би ч гэсэн суудлаасаа үе үе босч тайзан дэр үсрэн гармаар санагдаж байлаа гэж элэгсэг бялдуу үг хэлтэл:

- Аа, тийм бололтой билээ. Би таны ийм хөгжилтэй байгааг анхаарч л байсан. Харин та өчигдөр ший дээр байгаад ямар цахилгаан мэдээ хүлээж авав. Онцын нууц биш бол өчүүхэн надад сонирхуулахгүй юу хэмээн мисс Ван генералын царайг ажиглан их л ёжтой асуув. Энэ асуудал Шүй-шү-жангийн сэтгэлд их л тааламжгүй зүйлийн нэг бөгөөд энэхэн тэрхнээр дүүвүүлж мартагнуулах гэтэл дахиж сануулсан учир түүний хуурамч инээмсэглэл салхинд хийсч явчихсан мэт алга болж:

- Тэр цахилгаан мэдээ таны мэтийн сайхан жүжигчин авхайд сонирхолтой юм биш. Манай цэргийн хэрэгт холбогдсон мэдээ юм гэжээ.

- Аа тийм үү, тэр цахилгаан мэдээг уншаад таны зүс царай хачин хувирч гар чинь чичрэн байхыг хараад манай мэтийн дорд эмсд ч болхнээ сонирхолтой мэдээ дотор газраас ирсэн болов уу гэж мунхаг санаанаасаа горьдсон билээ. Уучлаарай, хэрвээ та хэлэхгүй бол өөр замаар сонсож болно гэж жүжигчин хүүхэн хуурмагаар гомдох байдлыг үзүүлэн хэлэв. Шүй–шү-жан салгалсан гараараа бууныхаа оосрыг дэмий л базлан сууж энэ шөнө сэтгэл нь түвширч, хөгжил нь сэргэж нэгэнт чадахгүй болсныг мэдээд уур нь хүрч энэ муу янхан эм бас бусдын хэрэгт хошуу дүрэх гэж тэмүүлнүү гэж бодоод гүжирмэгээр гараас нь барьж унтах өрөөрүү чирэх гэтэл мисс Ван барьж байсан хулсан дэвүүрээр генералын хацрыг жанчиж орхив. Шүй-шү-жан эвгүй ширүүн хөдөлж ширээн дээр байсан шил унагаж шар ногоон дарсаар өмдөө будаж уур омог улам шатаж түүний цагаан нүүр час улаан болж бяцхан хоёр нүдээ хялааж сүр далайлгах гэж тэртээ доор чирэгдэж яваа сэлэмээ шүүрхийг завдан бөхийх хооронд жүжигчин хүүхэн өврөөсөө агшин зуур бяцхан гар буу гаргаж генералын толгойруу чиглүүлж ажиггүйхэн инээмсэглэн;

- Аяа, эрэлхэг баатар генерал гуай та чинь Монголд ирээд хамгаалалт түшиггүй эхнэр хүүхдийн толгой чавчихдаа дадамгай болжээ. Харин энэ удаа та бага зэрэг эндүүрвүү. Би буу сайн барьж чаддаггүй учраас осолдож үсэргээд наадах муу толгойг чинь хаг буудчихаж мэднэ шүү ха ха гэж өрөөсөн гараараа ташаагаа тулж инээв. Шүй-шү-жан энэ удаа ялагдсанаа мэдээд уруулаа цус гартал хазаж дутуу сугаласан сэлэмээ хуйлаад, үүнээс хэтэрвэл улам ичгүүрт орж болзошгүй тэгэхлээр ухархаас өөр замгүй гэж дотроо бодоод, өрөөсөн өсгий дээрээ эргэн гарч оджээ. Сандарсандаа малгайгаа мартаж гарсанд жүжигчин авхай саяны нэг ёсны шийг дуугүй л харж тэртээ буланд суусан өнөө монгол хүүхэнд: - Малгайг нь гаргаж өг гэв. Тэр хүүхэн генералын малгайг авч гараад түүнийг шатан дээр гүйцэж өгөхөд генерал сая зарц хүүхнийг анзаарч байз! гэж зогсоогоод энэ хүүхэн миний саяын явдлыг бусдад яриузай. Бас ч энэ хүүхэнтэй оролдоход хэрэг гэж бодоод халааснаасаа цаасан мөнгө гаргаж сарвайсанд монгол хүүхэн түүнийг хараагүй юм шиг болж бушуухан зайлан байшинд эргэж оров. Чингээд маргааш нь болоход энэ өдөр Манзширийн хийдийн цам болох чимээтэй тул, цамаар далимдуулж монгол лам ноёд уулзаж хоорондоо сүлбээдэж юу магад гэж Шүй-шү-жан хар санахаас гадна Манзшир лам хийдийн олонд нөлөө бүхий бөгөөд урьд Шүй-шү- жангийн зарласан лам ноёдын хуралдаанд ирээгүй зэргийг бодож, болвол манзшир хутагтыг ямар нэгэн аргаар өөрийн талд оруулсугай гэж штабынхаа хэдэн офицер, нэг салаа цэргийг дагуулан Манзширын хийд орохоор эртлэн мордов. Бас нэг талаар Ванг зориуд хохироож авалгүй орхин явжээ. Ван үүнд асар хохирсон юмгүй одоо янжуур татаж алсыг ширтэн тавтай чөлөөтэй өөрийн төлөвлөгөөг эргэцүүлэн бодож сууна. Энэ хүүхэн бол уул нь баян хүний үр бөгөөд Парис, Лондон явж сургууль хийсэн, Англи Франц хэлийг хятад хэлнээсээ дутуугүй мэдэх ажээ. Хятадаас ирэхдээ бас ч зөвхөн ший дуулахаар ирээгүй, Ань-фу намын эсрэг бүлгийнхэнтэй сүлбээтэй болоход Шүй-шү-жанг тагнах даалгавартай ирсэн байж ч юу магад. Саяхан Бээжингээс ирсэн пүүсний хүнээр уламжилсан захидлыг энэ хүүхэн авч үзвэл Ань-фу намын суурь дэвсгэр муудсан, түүний ялагдах, устах нь өнөө маргааш хэрэг. Иймд бяцхан Шүйг хойшид татах нь лав биз гэжээ. Мөнөөхөн өчигдөр Ший-янзанд Шүй-ши-жангийн хүлээн авч, түүний зүс царайг хувиргасан тэр цахилгаан мэдээ байх юу магад гэж тийнхүү сонирхон асуусан байжээ. Мисс Ван одоо Шүй-шү-жантай өчигдөр хэрэлдсэнээ санаж “энэ муу атигар, өглөө мөнөө татагдахаа мэдэхгүй намайг бас хохироох санаатай шүү. Ер нь биеэ тоох нь хэтэрхий юм. Би түүний талд орсны дараа хэд хэдэн ший дуулж баахан орлого янчаан хуралдуулж, аль дуртай пүүсний чийчаанд суугаад Жан-чахүү орно доо” гэж бодно. Бас тэр өдөр Шүй-шү-жан ирээд “энэ Монголын хэдэн лам ноёдод миний бие олон улсын төрийн байдал ба бас түүх зэргийг тайлбарлаж хэлэхэд илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, тос хийсэн ч сэгсэрнэ гэдгээр юуч ойлгохгүй, юу ч ярихгүй, дэмий л зочлолын цай будаа идэж уухаас өөргүй юм”-гэж ярьж байсныг санаад, “тэнэг амьтан, Монголын тэр лам ноёд хэдий бүдүүлэг, хэдий зусар бялдууч боловч чиний цэцэрхэн шулганасаны хариуд юм дуугарахгүй сууцгаадаг нь харин цэцэн явдал бий шүү” гэж бодно. Чингэж энэхэн тэрхэнийг бодож суутал ам нь цангах тул, монгол хүүхнийг доод давхараас цай авчир гэж явуулав. Энэхүү монгол хүүхэн хэн болохыг уншигч авгай нар хэдийнээ таньж мэдсэн биз. Энэ бол мөнөөхөн Доржийн амраг Долгор билээ. Шүй-шү- жан тэр жүжгийн хүүхэнд үйлчлэх бүсгүй хэрэгтэй болоход хятад хэлээр нарийн яриаг ойлгохгүй гэвч ойр зуурыг төсөөлдөг бие цэвэр тийм нэгэн хүүхнийг Хүрээний монгол бүсгүйчүүдийн дотроос шилж авчир тугай гэж хүн зарсанд, хятад нарын заншил ба хэлийг бага сага тухайлдаг Наймаа хотоос тэр Долгорыг олж хүчээр авч ирсэн юм. Долгор анхандаа намайг Доржтой амрагийн холбоотой, түүгээр уламжлан ардын намынхантай сүлбээтэй байх гэж эрүүдэж, мөшгиж, цаазаар вчих нь юмуу гэж их л бачимдан айсан боловч юу ч болог, Доржийнхоо тухай, түүний нөхдийн тухай ганц үг цухуйлгахгүй гэж сэтгэл шулуудсан билээ. Гэтэл, Долгорыг гэмингийн яаманд авчираад, шорон гянданд хорьсонгүй, харин халуун усанд оруулж хувцас хунарыг нь сольж өмсгөсөн ажээ. Энэ ямар жиг вэ гэж учрыг олж мэдэхгүй байтлаа гэнэт муу юм бодогдож намайг сая байгуулсан янхан эмсийн газар өгөх нь бололтой. Тэгвэл эрүүдэгдэх цаазлагдхаас улам ч бэрх зовлонд орох нь гэж айн жигшиж, яаж амиа хорлож үхье гэж их л цухалдан байтал мөнөөхөн жүжигчин хятад хүүхэн дээр авчирч гэрийн зарц болгох бололтой үг дохио хоёрыг хольж ухуулав. Тэгсэнээс нь хойш Долгорын дотор түр онгойж амсхийсэн боловч, аюул огт арилаагүй, хэзээ хэзээгүй Долгорын жинхэнэ байдал илэрч болох ажээ. Бас ч, хэрэв Доржид дуулдвал тэр цухалдан хорсохдоо болгоомжийг алдаж, эрт орой ямар нэгэн цагт балмадуудын гарт өртүүзэй гэж бодохоос сэтгэл төвдөхгүй, нойр хоолноос гарчээ. Бас үүний хажуугаар генералаас эхлээд штабын офицерууд хүртэл хүчээр халдаж доромжлох юу магад “Анийсан муу сармагчин, Мисс Ванд хөөгдөөд малгайгаа мартаж гарах зуур бас ичгүүргүй шүдээ ярзайлгаж, цаас сарвайж байсан шүү. Чиний бузар гараас үхсэн ч юм авахгүй” гэж Долгор өчигдөр оройн явдлыг санаж бодно. Хааяа заримдаа Долгорын дотор өшөө занал тэсгэлгүй бадарч “энэ муу өвсөөр тэжээлгэсэн өлбийсөн царайт эмийн нарийн хүзүүг тас базчихаад цугатаж арилахсан” гэж бодно. Гэтэл эд нарын байгаа байшинд оройхон харшийн зүүн хойд өндөрлөг дээр байнга манаад зогсохыг бодвол түүнд мөн намайг хагалзах үүрэг бий биз гэхээс гадна их хаалган дээр хоёр манаа үргэлж зогсоно. Бас штабын байшингийн хавьд зэр зэвсэг бүхий цэрэг офицерууд өдий төдийгөөр сэлгүүцэж явдаг байжээ. Харин энэ гэдгэр Шүй-шү-жан Манзширийн сүм орохоор мордсон учир гэмингийн яамны хашаанд хөл цөөн, нам гүм ажээ. Тийн Долгор арга буюу харийн эмэгтэйд боолчлогдож, түүний тушаасан ёсоор цай авчирхаар доод давхарт бууж ирэв.

Маргааш нь босоод Дорж гол дээрх аянчины майханд хүрч очвол өвгөн Дэмбэрэл майхны гадаа цай чанаж, аргалын утаа суунаглуулан байна. Нөгөө тэргэний хүн шар үхрээ эргүүлэхээр явсан байжээ. Дорж, өвгөнд гэмингийн яаманд орж Долгорын байгаа газрыг сэм тагнах гэсэн шийдвэрийг товчхон хэлснийг өвгөн дуртайяа туслалцана гэв. Цай буцалгаж уумагц, нөгөө хөтөчийг орхиод, хоёул гэмингийн яамны зүг мордов. Гэмингийн яамны хаалганд очтол, манааны гэмин холоос хашгирч манай хоёрыг мориноос буулгав. Хоёул морио зэл уяанаас сойгоод, хаалганы харуулын дэргэд явган хүрч, өвгөн Дэмбэрэл гэмингийн яамны тамгатай модны бичгийг гаргаж үзүүлснээр тэд нарыг дотогш нэвтрүүлэхэд. Дэмбэрэл Дорж хоёр урьд хэлэлцсэн ёсоор орох газраа мэдэхгүй хөдөөний хүний мунгинуу байдал гарган, хоёр салж тэр байшингийн олон хаалгыг татаж шагайн явав. Тэгж байснаа өвгөн Дэмбэрэл мөнөөхөн давхар модон байшингийн зүг явж байтал, нэгэн монгол царайтай залуу хүүхэн шатруу бууж явахыг үзээд, юу ч болсон монголоор юм асуугаад үзье гэж шийдэн:

- Ай, хүүхээ, эндэхийн яам тамга нь хаана байдаг юм бэ? гэхэд тэр хүүхэн сайхан монгол хэлээр мэндэлж зам зааж өгөв. Өвгөн гайхаж тэр хүүхний нэрийг шууд асуувал аль хэр сэжиг үүсэх бол гэж тээнгэлзтэл зүүн хойд өндөрлөгийн манаа монгол хүмүүсийн яриаг сонсоод муухай хашгирч шулганан юм хэлэхэд нь хаалганы харуулын хоёр гэмин гүйлдэн ирж өвгөнийг бууны бөгсөөр нүүр нүдгүй жанчив. Энэ чимээгээр Дорж ирж өөрөө зодуулахыг эс хайхран хөсөр ойчсон Дэмбэрэл өвгөнийг өргөж босгон, яамны байшингийн зүг хөтөлж явах гэтэл өвгөн:

- Зүүн тийшээ хар мөн үү? гэхэд нь Дорж өвгөний ойчсон малгайг өргөгч болоод тэр зүгрүү харснаа А-! Гончигсум минь! үнэхээр Долгор мөн гэж арай л хашгирсангүй. Тэр хүүхэн, гартаа барьсан бяцхан шаазан гүцийг бяц атгах дөхөж, зүс нь цав цагаан болж, чанга жимийсэн уруулаа өрөөсөн гараараа халхлан хайс түшин зогсжээ. Дорж өөрийн эрхгүй Долгорын зүг ухасхийсан боловч уг зорьсон хэргийг баллахад хүрнэ гэж биеэ барив. Өвгөн бас урьдаас сэргийлсэн бололтой Доржийн чигчий хурууг өвдтөл сэмхэн чимхэнэ. Тийн хоёул хоёр гэминд туугдсаар жинхэнэ яамны нь байгаа байшин руу очих замдаа Долгорт зориуд дохио өгөх гэж:

 - Өвгөн гуай та буруу газар луу явжээ. Өнөө манай ажил эс бүтвэл эрт орой ямар нэгэн цагт ирж модоо хүлээлгэж өгье. Өдөр эс амжвал шөнө ч бол тушаая, гэж өвгөн Дэмбэрэлийг чих хатуутай юм шиг байдал үзүүлэн чанга чангаар хашгиран хэлэв. Тэндээс Дэмбэрэл, Дорж хоёр гэмингийн яаманд орж эрэг явдлынхаа тухай хэлмэрчээр нэвтрүүлбэл нэг хятад бичээч тэднийг дагуулан гарч тэдний буулгасан модыг хүлээн авав. Дорж өвгөнийг үдэж нөхөдтэйгөө дахин уулзаж ямар аргаар Долгорыг суллаж авах тодорхой төлөвлөгөө хийв.

Шөнийн 2-3 цагийн үед бороо цутгана. Тэнгэр дуугарч, цахилгаан цахина. Баруун хорооны дундаас гурван морьтой, цув өмссөн хүмүүс хөдөлж, хотын урд захыг барьсхийн зүүнээ явж байтал тэд нарын сул морь хөтөлсний нэг нь Дүнжингаравын сүмийн тэнд хүрээд бусдаас салж хойш чиглэн одов. Нөгөө хоёр нь зүүн тийшээгээ явж Сэлбийг гатлав. Сайн ажиглавал эдгээрийн нэг нь цувныхаа хормой доороос нумны үзүүр цухуйлгажээ. Энэ хоёр нь гэмингийн яамны урдуур холуурхан өнгөрч зүүн талаар нь тойрохдоо зэрэгцэн явахыг больж нэг нь сүүл барив. Түрүүнд нь явагч нь манааны шовгорыг дөнгөж өнгөрмөгц мориноос бууж эмээлийн оломыг чангалах бололтой. Өндөрлөг дээрээс харуулын гэмин түүнийг үзэж:

- Зууваа! зууваа! гэж хашгирна. Энэ завсар хашаанд шахаж сэмхэн ойртож ирсэн нөгөө хүний гарт нум бэлэн дэлээстэй ажээ. Хоромхон зуур хурц зэвтэй сум исгэрч манаач гэмингийн гүрээг шувт сүлбэв. “Ай манай сайн эр Шагдар мэргэн нэрээ энэ удаа ч хугалсангүй. Нэг хэрэг чимээ аниргүй бүтэв” гэж Дорж нөхрөө дотроо магтаад өвөр дахь наганаа гаргаж бүсэндээ хавчуулан агшин зуур өнөөх нь давхар мондон байшингийн ар тушаа морио хашаанд шахуулж зогсоон эмээл дээрээ босч харшийн оройд гараад улмаар дээд давхарын хайсан дээр гарав. Түүний зүрх түг түг цохилж амьсгал нь баахан давхцана. Чагнавал хашаан дотор нохой хуцахаас өөр чимээгүй. “Юу ч болвол болог” гэж шийдээд нэг цонхны хааврыг сөхтөл тэрхэн зуур цахилгаан гялсхийсэн нь аз тохиолдож чих чагнан нойргүй сууж байсан Долгор үзэгджээ. Долгор айн цочсондоо царай зэвгэр, нүд бүлтийлгэн хоёр санчигаа дарж амаа хагас нээсэн байв. Дорж гаднаас гараараа даллаж ядаад цонхны шилийг бага зэрэг тогшивч Долгор ойртож ирсэнгүй. Тэр харанхуйд үл танигдах хүнээс сэжиглэсэн юмуу, айж бахардсанаас мэдрэл алдсан ч юмуу ер гарч ирэх төлөвгүй. Одоо яадаг билээ? Нэг хором ч гэсэн үнэтэй. Дорж гайхшаа барахдаа шилтэй жаазыг хүчтэй түлхтэл шил хагарах чимээ гараад жааз нь мултран ойчив. Дорж агшин зуур цонхны онгорхойгоор ухаан алдсан Долгорыг шүүрч аваад хайсан дээрээс харшийн нуруун дээр алхаж гартал өнөө хятад хүүхэн сэрсэн бололтой эмэгтэй хүн чанга хашгирхын зэргэцээ буу дуугарсан нь Доржийн дал мөрөөр шөвөг хатгах шиг болов. Гэвч Дорж Долгорыг бөх тэвэрч өргөөд дороо тосч байсан Шагдарт шилжүүлж өгмөгц морин дээрээ үсрэн бууж хоёулаа хар хурдаар давхив. Тэдний хойноос буу тачигнаж энүүгээр тэрүүгээр сум шун шун исгэрч, Доржийн морь суманд дайралдаж ойчив. Дорж арга буюу хэдэн алхам явган гүйтэл өнөө түрүүний хөтөлгөө морьтой хүн урдаас нь тосон ирэв. Дорж сул моринд мордож цааш давхив. Нөгөө хүн зориуд зам мөр баллаж өөр чигт гүйлгэн одов. Зүүн хүрээний шүтээний аймагт нэг айлын хашаанд уулзахаар болзсон учир тэнд давхиж хүрэв. Шагдар Долгорыг нэгэнт авч ирээд түүнд ус шүршин мэдрэл оруулж байх ажээ. Дорж баруун мөрөө ихэд өвдөхийг сая анзаарч барьж үзэвэл гар нь улаан цус болов. Мөнөөхөн хятад эмийн буудахад шархтсан юм байж. Долгор төдөлгүй сэргэв. Түүнд урьдаас бэлтгэсэн эрэгтэй хүний хувцас өмсүүлэв. Дорж шархаа боомогц Долгортой нижгээд морь унаж Дамнуургагны хойгуур Чингэлтэйн уулыг чиглэн давхиж одов. Энэ хоёрын дотор ямар их баяр баясгалантай явааг өгүүлэх юун.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417